Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/01085

 

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/01085

          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч:  Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: LIU QISHISAN /Ли овогт Чы Ши Сан/,

 

         Хариуцагч: С.Э нарт холбогдох хадгалалтын гэрээний улмаас учирсан хохиролд 50 677 200 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э /үнэмлэх 0738/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                   

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ч Ш С буюу Б нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр надтай утсаар яриад “танайх том хөлдөөгчтэй юм байна, танай хөлдөөгчинд 1 сар дайвар бүтээгдэхүүн хадгалъя, 1 сарын хугацаатай 1 000 000 төгрөгөөр төлье” гэж тохироод Б гэж хүүхэнтэй ирж манай хөлдөөгчид шуудайтай зүйл хийсэн. Тэгээд би хөдөө явсан. 2,3 хоногийн дараа дахин юм хийх гэсэн юм гэхээр нь эхнэр лүүгээ яриулсан. Гэтэл муухай үнэртэй зүйл хийх гэж байна гэхээр нь би Б-тай ярисан. Тэгэхэд хөргөгчгүй, дулаан газар байсан болохоор үнэр орсон байна, бид нэг сарын дараа цэвэрлээд өгнө гээд хийсэн. Ингээд 1 сар болоход мөнгөө өгөөгүй, Баатартай ярихаар “сарын дараа авъя” гээд мөнгө төгрөгөө ч өгөөгүй, эхнэр Эрдэнэжаргалтай ярихаар 3 сарын дараа авна гээд аваагүй. Ингээд хариуцагч нарын эд зүйлийг 2016 оны 4-р сарын 22-ноос 2017 оны 3-р сарын 25-ныг хүртэл 11 сар хадгалсан. Би өөрөө мал, махны наймаа хийдэг тул үйл ажиллагаагаа явуулахын тулд Дорнын алтан тал хоршооноос хөлдөөгчийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сарын 3 500 000 төгрөгөөр 10 сар түрээсэлж 35 000 000 төгрөг төлж хохирсон. Мөн түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлсөн, өмгөөлөгчийн хөлс 4 607 000 төгрөг төлсөн нийт 50 677 200 төгрөгийг хариуцагч Баатар буюу Чы Ши Сан, эхнэр Эрдэнэжаргал нараас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ч Ш С буюу н.Бр нь 2016 оны 4 дүгээр сард Дорнод аймагт ноолуур худалдаж авахаар очоод Б гэж хүнтэй танилцаад ноолуур авч, өгөлцөж байсан. Тухайн үед Б- нь Хятад улсын иргэн Ганбо буюу н.Г-той хамт явсан бөгөөд н.Г нь дотор гэдэсний наймаа хийж, 12 тн гэдэс хадгалах газар олж өгөөч гэж хэлсэн байдаг. Ингээд Б нь Б-тэй уулзсанаар Ц.Ц-той холбогдож хөлдөөгчид нь хадгалуулсан байдаг. Түүний хойш Улаанбаатарт ирснийхээ дараа эхний 2 сарын хөлс буюу 2 000 000 төгрөгийг Ц.Ц-ид өгөөрэй гэж н.Г-д өгч явуулсан боловч Дорнод аймгаас хилээр гарч, визны асуудлаас болж хар тамга даруулж, Монгол улсад эргэж ирээгүй. Түүнээс хойш ямар нэгэн холбоогүй болсон. Тухайн үед н.Э- энэ асуудалд оролцоогүй. Хадгалуулсан дотор гэдэс нь н.Б-нх биш, Г-нх байсан. Иймд өөр хүний өмнөөс хариуцлага хүлээх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шнжлэн судлаад

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ц.Ц нь БНХАУ-ын иргэн LIU QISHISAN /Л овогт Ч Ш С/, С.Э нарт холбогдох хадгалалтын гэрээний улмаас учирсан хохиролд 50 677 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хариуцагч LIU QISHISAN буюу Л овогт Ч Ш С-аас гаргуулахаар хангаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болон хариуцагч С.Э-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 БНХАУ-ын иргэн Ч Ш С буюу Б, түүний эхнэр гэх С.Э нар нь Ц.Ц-ийн эзэмшлийн хөргүүртэй 40 тн-ын контейнерт малын дайвар бүтээгдэхүүнийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1 сарын хугацаатай хадгалуулж , 1 000 000 төгрөгийн төлбөр төлөхөөр амаар тохиролцжээ.

 

Хариуцагч нь хадгалуулсан зүйлээ хугацаанд аваагүй, улмаар 3 сар болгохоор хугацаагаа сунгасан боловч төлбөрөө төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...хадгалуулсан 12 тн дайвар бүтээгдэхүүн нь БНХАУ-ын иргэн Ганбо буюу Г-нх байсан, Г-д нь эхний 2 сарын хөлсийг өгөхөөр аваад хилээр буцаж орж ирж чадаагүй” гэж тайлбарладаг боловч тухайн бүтээгдэхүүн Г-нх байсан, Ганболд хадгалуулсан гэдгийг нотлоогүй байна.

 

Талууд хадгалах хугацааг 1 сар гэж тохирсон боловч эхний 2 сарын хөлсийг төлөхөөр Г-оор явуулсан, 3 сар болгож сунгахыг хүссэн зэрэг байдлуудаас хадгалалтын хугацааг 3 сараар тохирсон гэх үндэслэлтэй, энэ хугацааны төлбөрийг Ч Ш С төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Харин хадгалуулсан гэх дайвар бүтээгдэхүүн нь “хөргөгчгүй, дулаан газар байснаас үнэр орсон байсан” талаар нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд энэ тохиолдолд удаан хадгалах боломжгүй түргэн муудах дайвар бүтээгдэхүүнийг 2017 оны 3-р сарын 25-ныг хүртэл хадгалсан гэх үндэслэлгүй.

 

Хариуцагч С.Э нь эд зүйл хадгалуулахаар хамтран үүрэг хүлээгээгүй байх ба түүнийг Бгэж танилцуулсан, эд зүйл хадгалуулахаар нэхэмжлэгчтэй тохироогүй байна. 

 

Ц.Ц нь 2017 оны 2-р сарын 21-ний өдөр Д.Мөнхцэцэгтэй “Түрээсийн гэрээ” байгуулж, түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0614006499 дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Хан-Уул 10-р гудамжны 07 тоотод байрлах 63 м.кв талбайтай зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 5-р сарын 25-наас эхлэн 2017 оны 03-р сарын 25-ныг хүртэл түрээслэх, түрээсийн төлбөрт сар бүр 3 500 000 төгрөг төлөхөөр /хх 8-9/ тохирчээ.

 

Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус байхаас гадна түрээсийн төлбөрийг Дорнын алтан тал хоршоонд төлсөн /хх 62-66/ нь баримтаар тогтоогдсон байна. 

 

Үүнээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь Дорнын алтан тал хоршоотой гэрээ байгуулж, төлбөр төлж хохирсон гэх үндэслэлгүй. Нөгөө талаас, иргэн Д.М-гтэй байгуулсан гэрээний үүргийг Дорнод алтан тал хоршоонд төлсөн нь өөрийн контейнерт бусдын эд зүйлийг хадгалсан гэрээтэй шалтгаант холбоотой гэж үзэхээргүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь 2016 оны 9-р сарын 26-ны өдөр БНХАУ-ын иргэн LIU QISHISAN /Л овогт Ч Ш С/-ыг эрэн сурвалжуулах хүсэлт гаргаж, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн 01314 тоот шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан /хх 31-33/, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг /хх 68/  төлжээ.  

 

Нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн, хураамжийг улсын орлогот үлдээсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар төлөх хуулийн шаардлага, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангасан бөгөөд үүнийг хохиролд тооцох үндэслэлгүй.

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03-р сарын 28-ны өдрийн 00829 тоот захирамжаар БНХАУ-ын иргэн LIU QISHISAN /Ли овогт Ч Ш С/-аас 46 072 200 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Ц-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан /хх10-12/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07-р сарын 05-ны өдрийн 12013 тоот тоот захирамжаар БНХАУ-ын иргэн LIU QISHISAN /Л овогт Ч Ш С/, иргэн Болороо нараас 46 072 200 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх 16-19/ байх ба эдгээр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь өмгөөлөгч А.М-тай 2017 оны 06-р сарын 14-ний өдөр  “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, 50 677 200 төгрөг нэхэмжлэхэд туслалцаа үзүүлсний хөлсөнд 4 607 000 төгрөгийг 2017 оны 06-р сарын 19-ний өдөр төлсөн баримт /хх 36-37/ үйлджээ. 

 

Харин өмгөөлөгчид хөлс төлсөн 26 тоот тасалбар нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна өмгөөлөгч А.М энэ хэргийг шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, улмаар өмгөөлөгч нь оролцох боломжгүй болсон шалтгаанаар нэхэмжлэгч өмгөөлөгчөө сольсон байна. Энэ байдлыг хариуцагчийн буруугаас хохирсон хохиролд тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 422-р зүйлийн 422.1 дэх хэсэгт заасныг баримтлан  БНХАУ-ын иргэн LIU QISHISAN /Л овогт Ч Ш С/-аас 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулж Ц.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 47 677 200 төгрөгийн нэхэмжлэл, хариуцагч С.Эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  411 336 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч LIU QISHISAN /Л овогт Ч Ш С/-аас 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА