Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01485

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01085 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Ц,

Хариуцагч Ч, С.Э нарт холбогдох,

Хадгалалтын гэрээний улмаас учирсан хохиролд 50 677 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Ц, өмгөөлөгч М.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ч буюу Баатар нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр надтай утсаар яриад “танайх том хөлдөөгчтэй юм байна, танай хөлдөөгчинд 1 сар дайвар бүтээгдэхүүн хадгалья, 1 сарын хугацаатай 1 000 000 төгрөгөөр төлье” гэж тохироод манай хөлдөөгчид шуудайтай зүйл хийсэн бөгөөд 1 сар болоход мөнгөө өгөөгүй, Баатартай ярихаар “сарын дараа авъя” гээд мөнгө төгрөгөө ч өгөөгүй, эхнэр Этай ярихаар 3 сарын дараа авна гээд аваагүй. Ингээд хариуцагч нарын эд зүйлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ноос 2017 оны 3-р сарын 25-ныг хүртэл 11 сар хадгалсан.

Би өөрөө мал, махны наймаа хийдэг тул үйл ажиллагаагаа явуулахын тулд Дорнын алтан тал хоршооноос хөлдөөгчийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сарын 3 500 000 төгрөгөөр 10 сар түрээсэлж 35 000 000 төгрөг төлж хохирсон. Мөн түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлсөн, өмгөөлөгчийн хөлс 4 607 000 төгрөг төлсөн нийт 50 677 200 төгрөгийг хариуцагч Баатар буюу Ч, эхнэр Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэршихбөртэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ч буюу н.Баатар нь 2016 оны 4 дүгээр сард Дорнод аймагт ноолуур худалдаж авахаар очоод Бадамцэцэг гэж хүнтэй танилцаад ноолуур авч, өгөлцөж байсан. Тухайн үед Баатар нь Хятад улсын иргэн Ганбо буюу н.Ганболдтой хамт явсан бөгөөд н.Ганболд нь дотор гэдэсний наймаа хийж, 12 тн гэдэс хадгалах газар олж өгөөч гэж гуйсны дагуу Ц.Цийн хөлдөөгчид нь хадгалуулсан. Түүний хойш Улаанбаатарт ирснийхээ дараа эхний 2 сарын хөлс буюу 2 000 000 төгрөгийг Ц.Цид өгөөрэй гэж н.Ганболдод өгч явуулсан боловч Дорнод аймгаас хилээр гарч, визны асуудлаас болж хар тамга даруулж, Монгол улсад эргэж ирээгүй. Түүнээс хойш ямар нэгэн холбоогүй болсон. Тухайн үед С.Э энэ асуудалд оролцоогүй. Хадгалуулсан дотор гэдэс нь н.Баатарынх биш, н.Ганболдынх байсан. Иймд өөр хүний өмнөөс хариуцлага хүлээх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасны дагуу  БНХАУ-ын иргэн LIU QISHISAN /Ли овогт Ч/-аас 3 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 47 677 200 төгрөгийн нэхэмжлэл, хариуцагч С.Эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  411 336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч LIU QISHISAN /Ли овогт Ч/-аас 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс БНХАУ-ын иргэн Баатар гэгч иргэнээс надад учруулсан хохирлыг бодитой шударгаар шийдэж чадсангүй гэж үзэж шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон зарим хэсгийг зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 47 677 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс өмгөөллийн хөлс 4 607 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон асуудлын хувьд гомдол гаргахгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “хадгалуулсан гэх дайвар бүтээгдэхүүн нь хөргөгчгүй дулаан газар байснаас үнэр орсон байсан талаар нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд энэ тохиолдолд удаан хадгалах боломжгүй түргэн муудах дайвар бүтээгдэхүүнийг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хадгалсан гэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна. манай хөлдөөгч контейнер бол тусгай тоноглогдсон 24 цагийн дотор бүрэн хөлдөөдөг. Хөлдөөх зүйлийн овор хэмжээнээс шалтгаалж 2 цагаас 24 цагийн дотор тас хөлдөөдөг. Гэтэл хөргөгчгүй, дулаан газар мэт ойлгож, тийм газар байлгаж үнэр оруулсан мэтээр дүгнэжээ. Бид тайлбарлахдаа анх манай контейнерт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн. Тэр үед гадаа дулаарчихсан, хөргөгчгүй газар хадгалж байсан үнэр орсон дайвар бүтээгдэхүүнийг авчирч хийсэн гэж тайлбарласныг шүүх буруу ойлгож буруу дүгнэлт хийсэн.

            Хөргөгч суллуулах гэхээр Баатар олдохгүй, түүний эхнэр Этай ярихад “та нар хүний юмыг гаргаж хаяад дараа нь хэдэн төгрөгийн өрөнд орохоо мэдэж байгаа юу” гэж сүрдүүлснээс болж хаалгыг нээж суллаж болохгүй хөлдөөгчинд 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл байлгаж байгаад Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгааг мэдсэн бөгөөд гаргаж хая гэснийх нь дагуу 11 сар хадгалж байгаад хаясан.

            Иргэн н.Мөнхцэцэг нь “Дорнын алтан тал” хоршооны төлөөлөгч, захирал бөгөөд бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний талаар маргаан үүсээгүй, гэрээ дуусгавар болсон учир уг гэрээг хүчин төгөлдөр бус байсан гэдэг үндэслэлээр төлбөр төлсөн үүргийн гүйцэтгэлийг үгүйсгэх үндэслэлгүй юм. Түүнчлэн дээрх гэрээний дагуу төлбөр төлсөн нь энэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн холбогдол бүхий гэрээтэй шалтгаант холбоотой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Баатар анх тохирсон хугацаандаа дайвар бүтээгдэхүүнээ авсан бол би хүний хөлдөөгч зоорь хөлслөхгүй, өөрийнхөө хөлдөөгчөө ашиглаад хүнд сар бүр 3 500 000 төгрөг төлж 35 000 000 төгрөгийн зардал гаргаж хохирохгүй байсан. Түүнчлэн 11 сар миний хөргөгч ашиглаж төлбөр төлнө гэсний дагуу 11 000 000 төгрөгөө нэхэх үндэслэлтэй тул хэрэгсэхгүй болгосон 8 000 000 төгрөг болон Мөнхцэцэгийн хөлдөөгчийг түрээсэлж хохирсон 35 000 000 төгрөг, нийт 43 000 000 төгрөгийг нэхэмжлэгч надад олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ц.Ц нь БНХАУ-ын иргэн Ли овогт Ч, С.Э нарт холбогдуулан хадгалалтын гэрээний улмаас учирсан хохиролд 50 677 200 төгрөг гаргуулахаар шаардсан үндэслэлээ 2016 оны 4 дүгээр сары 22-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 11 сарын хөлс 11 000 000 төгрөг, уг контейнерийг ашиглах зорилгоор бусдаас сарын 3 500 000 төгрөгөөр түрээсэлж 10 сарын хөлс төлж хохирсон 35 000 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуухаар шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөг, хууль зүйн туслалцаа авч өмгөөллийн хөлсөнд төлсөн 4 607 000 төгрөг гэж тайлбарласан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

            Хариуцагч Ч нь Ц.Цийн эзэмшлийн хөргүүртэй 40 тн-ын контейнерт малын дайвар бүтээгдэхүүнийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1 сарын хугацаатай хадгалуулж, 1 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон ч хөлс төлөөгүй, улмаар хэлэлцэн тохирсон хугацаанд эд зүйлээ аваагүй, 2017 оны 3 дугаар сарын 25-нд дайвар бүтээгдэхүүнийг гаргаж хаясан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй, харин Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст саатуулагдан шалгагдах явцдаа хариуцагч Ч “Ц.Цийн контейнерийг түрээсэлсэн, бараагаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна, түүний нэхэмжилж байгаа 9 070 200 төгрөгийг бүрэн төлж барагдуулна” гэж мэдүүлсэн талаарх 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн баримт хэрэгт авагджээ. /хх-71-73/

Мөн 12 тн дайвар бүтээгдэхүүн хадгалуулсны хөлс 2 000 000 төгрөгийг Ганболдоор дамжуулсан ч Ц.Цид өгөөгүй байсан, дайвар бүтээгдэхүүний зарим нь Ганболдынх байсан гэх тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэршихбөртэ шүүхэд гаргажээ.

Дээрх баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл хариуцагч Ч нь малын дайвар бүтээгдэхүүнийг түр хадгалах зорилгоор Ц.Цийн контейнерийг хөлсөлсөн, талуудад Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг үүссэн байх бөгөөд хөлслүүлэгч контейнерээ дайвар бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтаар хариуцагчийн эзэмшилд байлгасан гэж үзнэ. Харин хөлслөгч буюу хариуцагч Ч хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, улмаар гэрээний хугацаа дуусахад эд зүйлээ аваагүй тул контейнерийг хөлслүүлэгчид суллаж өгөлгүй 2017 оны 3 дугаар сарын 25-ныг хүргэсэн байна.

Иймд хөлслүүлэгчид Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон үнэ шаардах эрх үүссэн, нийт 11 сарын хугацааны түрээсийн төлбөрт 11 000 000 шаардсаныг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүйгээс гадна хариуцагч талын буруутай үйлдлийн улмаас гэрээний хугацаа хойшилсныг хариуцагч хүлээн зөвшөөрч байсан хэргийн нөхцөл байдал, баримтыг үнэлээгүй нь алдаатай байгааг дээрх байдлаар зөвтгөн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнг өөрчилсөн өөрчлөлтийг оруулна.

Харин контейнерийг Дорнын алтан тал хоршооноос сарын  3500 000 төгрөгөөр түрээсэлж төлбөрийг төлсөн боловч хариуцагч эд зүйлээ аваагүйн улмаас ашиглаж чадаагүй түрээсийн төлбөрөөр хохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй, шүүх Д.Мөнхцэцэгтэй байгуулсан гэрээний үүргийг Дорнын алтан тал хоршоонд төлсөн баримт нь эргэлзээтэй гэж үзсэнээс гадна бусдын эд зүйлийг хадгалсан гэрээтэй шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 4 607 000 төгрөг төлсөн нь Ц.Цийн шүүхэд мэдүүлэх, эрх зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсэнд өөрөө төлсөн зардал, хариуцагчтай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоогүй, шүүх дурдсан зардлыг хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчид учруулсан хохиролд тооцоогүй нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 102/ШШ2018/01085 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт” гэж, “3 000 000 /гурван сая төгрөг/” гэснийг “11 000 000 /арван нэгэн сая/ төгрөг” гэж, “47 677 200 төгрөгийн” гэснийг “39 677 200 төгрөгийн” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “62 950 төгрөг” гэснийг “190 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 373 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

    А.ОТГОНЦЭЦЭГ