Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 148

 

Д.Баттулгын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1070 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0192 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Баттулгын нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1070 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Д.Баттулгыг томилох тухай” дугаар Б/473 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Баттулгыг урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
 
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0192 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Д.Баттулга нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байх хугацаандаа удирдах албан тушаалтны байж болзошгүй зөрчил гарган Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.11, 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг зөрчиж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.1.3-т зааснаар шууд бус орлогод хамаарах албан татвараас зайлсхийж, удирдаж байсан ангийнхаа нэр дээрээ арилжааны банканд данс нээсэн. Мөн уг дансаар санхүүгийн ямар нэгэн хяналтгүйгээр өөрөө мэдсээр байж, зөвшөөрөлгүй мөнгөн гүйлгээ хийдэг байсан нь Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тогтоогдсон.


Д.Баттулгын гаргасан зөрчил нь түүнийг цаашид тухайн ангид нь, мөн удирдах албан тушаалд үлдээхэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бусад удирдах албан тушаалтан, алба хаагчдад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болсон тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 6/473 дугаар тушаалаар уг албан тушаалаас өөрчлөх шийдвэр гаргасан.


Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 6/473 дугаар тушаал гарахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах шат дарааллын дагуу ашиг сонирхол хөндөгдөж болохуйц этгээдийг урьдчилж тодорхойлсон, нөхцөл байдлыг тогтоосон, мөн нотлох ажиллагаа, оролцогчид урьдчилж мэдэгдэх, сонсох ажиллагаа зэргийг явуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна.


Иймд Захиргааны ерөнхий хуулийн 40.5.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх захиргааны актыг гаргасан байна. Д.Баттулгын гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжгүй байх тул түүний өмнө нь гаргаж байсан ажлын амжилт, мэдлэг чадвар, туршлагыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 6/173 дугаар тушаалаар ангийн захирагч буюу удирдах албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэст Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн орон тоог нөхөх замаар түүний цалинг бууруулахгүйгээр томилсон.


Д.Баттулгыг албан тушаалаас нь өөрчлөхтэй холбогдуулан үүссэн харьцааг шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй бөгөөд тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, цаашид төрийн албанд үүсэх буруу жишгийг үнэлэлгүйгээр, мөн маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй Төрийн албаны хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг үндэслэн нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:
 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
 
Нэхэмжлэгч Д.Баттулга нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/473 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх бөгөөд маргаан бүхий тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг хэрэглэж, Д.Баттулгыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагчийн албан тушаалаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст улсын байцаагчаар томилжээ.
 
Хариуцагчаас “нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул түүний ажлын туршлага, хувийн байдлыг харгалзаж, ажлаас халахгүйгээр сул байсан орон тоонд томилсон нь хууль зөрчөөгүй” гэж маргаж байна.
 
Гэвч захиргааны байгууллагаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан талаар тодорхой заагаагүй, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй байх тул хариуцагчийн “нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан” тухай гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
 
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагч зөрчил гаргасан бол зөрчлийн шинж байдалд тохируулан сахилгын шийтгэл оногдуулах болохоос Төрийн албаны хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх зохицуулалтыг хэрэглэхгүй, маргаан бүхий захиргааны акт нь хууль хэрэглээний алдаатай захиргааны акт байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг анх төрийн жинхэнэ албанд томилогдох албан хаагчтай адилтгах боломжгүй, хэрэв захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой хуулийг хэрэглэх, албан тушаал бууруулсан бол түүнд холбогдох хуулийг хэрэглэх учиртай. Гэтэл анх төрийн албан тушаалд томилогдож байгаа төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн маргаан биш гэдэг нь илэрхий байхад захиргааны байгууллагын зүгээс дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.
 
Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.11, 25.2 дахь хэсгийг үндэслэсэн боловч эдгээр нь маргааны үйл баримт буюу ямар нөхцөл хангагдсан тохиолдолд албан тушаал бууруулах, ажлаас халах болон чөлөөлөхийг нарийвчлан зохицуулсан хуулийн заалт биш, байгууллагын даргын ажилтныг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг зохицуулсан ерөнхий заалт байна.
 
Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны агуулгыг буруу тодорхойлж, маргаан бүхий тушаалын үндэслэл болоогүй “төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэх” зохицуулалтыг хэрэглэж, маргааныг шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг хэрэглээгүй, харин мөн хуулийн 17 дугаар зүйлийг хэрэглэсэн байгааг шүүхүүд анхаараагүй байна.
 
Хариуцагчийн “Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, захиргааны акт гаргах болсон шалтгаан үндэслэлээ нэхэмжлэгчид тодорхой тайлбарласан байхад шүүхээс харгалзаж үзсэнгүй” гэх гомдлын хувьд:
 
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр 40.5.2 дахь хэсэгт зааснаар хаяглагдсан этгээдэд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тодорхой заахгүй байж болохоор зохицуулсан байна. Гэвч энэ тохиолдолд бичгээр гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, хариуцагчаас амаар тайлбарлахдаа “сахилгын зөрчил гаргасан” гэж нэхэмжлэгчийг буруутгасан боловч энэ талаар захиргааны актад тусгаагүй, ойлгомжтой биш, захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал нь асуудлыг шийдсэн шийдлээс өөр байгаа тул дээрх гомдол үндэслэлгүй.
 
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх хэсэгт зааснаар захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, мөн захиргааны актыг гаргах шаардлага, бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заах нь захиргааны актад тавигдах шаардлага бөгөөд энэхүү шаардлагыг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хангаагүй байх тул нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлтэй байна.
 
Хариуцагчийн “Улсын Их Хурлаас баталсан Цэргийн бодлогын үндэс, Батлан хамгаалах бодлогод зааснаар онцгой байдлын байгууллага нь цэргийн байгууллагад хамаарна” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий тушаалыг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх болон Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /1992 он/ 4 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснаар онцгой байдлын албан хаагчийг “цэргийн албан хаагч” гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах харилцааг  зохицуулахдаа Төрийн албаны хуулийг хэрэглэж, уг хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрхийг нэхэмжлэгч эдлэх эрхтэй байна.
 
Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
 
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1070 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0192 дугаар магадлалыг “тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 22 дугаар зүйлийн 22.1” гэснийг “Төрийн албаны хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр 40.2.3, 40.3, 40.4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
 
   
 
ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                          М.БАТСУУРЬ   


ШҮҮГЧ                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ