Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 110/2023/0023/З |
Дугаар | 221/МА2024/0012 |
Огноо | 2023-12-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2024/0012
Т.А-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн өмгөөлөгч Я.С
Нэхэмжлэлийн шаардлага: “Б аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Т.А-г сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц сумын З даргын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0058 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С
Хариуцагчийн өмгөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 110/2023/0023/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.А нь “Б аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Т.А-г сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох”-оор маргажээ.
2. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0058 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 30, 32 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.5, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.А-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Т.А-г сумын Засаг даргаас огцруулах тухай Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Т.А-г Цэнгэл сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02
дугаар сарын 17-ны өдрийн 01/164 дугаартай тоотоор Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Е нь нийтийн албанд ажиллах эрхийг хасуулсан нэмэгдэл ялаар шийтгүүлсэн тул түүнийг ажлаас чөлөөлөхийг ажил олгогчид даалгасны дагуу Б аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаар Б.Е-г үүрэгт ажлаас халж, Б аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/04 дүгээртэй захирамжаар Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.С-г томилсон. Б аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2-01/1155 дугаартай “Хуулийн хэрэгжилтийг хангуулахаар албан даалгавар хүргүүлэх тухай” албан тоотоор Б аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоог нөхөх талаар Цэнгэл сумын Засаг даргад үүрэг даалгавар өгөгдсөн. Б аймгийн Цэнгэл сумын Засаг даргаас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргад хаягласан албан тоотод сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.С-д илт давуу байдал бий болгон сонгон шалгаруулалтыг хойшлуулж өгөхийг хүссэн. Б аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2-01/187 дугаартай “Сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот явуулсан байна. Гэвч Т.А нь сонсох ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Б аймгийн Цэнгэл сумын Засаг даргаас уг сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах тухай захиалга аймгийн Засаг даргад 2023 оны 04 дүгээр сарын 11-ний 01/166 дугаартай албан бичгээр ирүүлсэн.
3.2. Иймээс уг захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд буюу дээрх тогтоогдсон нөхцөл байдлууд нь аймгийн Засаг даргаас бүрэн эрхийн хүрээнд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.2, 64.2.5, 64.5 дахь хэсэгт зааснаар Т.А нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоо гарсан талаар 7 хоногт багтаан олон нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлээр Цэнгэл сумын Засаг даргын албан тушаалаас нь огцруулсан нь хууль зүйд нийцсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын сул орон тоо гарснаас хойш 51 хоногт уг сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах тухай захиалгыг өгсөн байхад анхан шатны шүүх Т.А-г хууль зөрчөөгүй гэж илт хамгаалж байгаад гомдолтой байна.
3.3. Т.А уг төрийн хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө” гэж, 27.1.4-д “энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах” гэж, 27.2-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.
3.4. Иймд Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0058 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.А-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Т.А нь Б аймгийн Засаг даргад холбогдуулан “Б аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Т.А-г сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Цэнгэл сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “...Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 30, 32 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.5, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Айтуганы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасантай нийцсэн байна.
2.3. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “Т.А-ы төрийн хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.4-д “энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах, 27.2-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдэгдлийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй гэх гомдлын тухайд:
2.4. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 30.3-д “Энэ хуулийн 30.2-д заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэг ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 32.2-д “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ”, 32.6-д “Улс төрийн албан тушаалтан энэ хуулийн 31.2, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд энэ нь тухайн этгээдийг огцруулах үндэслэл болно”, 32.7-д “Энэ хуулийн 32.1, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд тухайн эрх бүхий этгээдийг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 66.1.3-д “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.
2.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, зөрчлийг тогтоох, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, хариуцлага тооцуулахаар мэдэгдэл хүргүүлэх зэрэг нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар хуулиар тусгайлан зохицуулсан байхад аймгийн Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хяналт шалгалт хийсэн нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байна.
2.6. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчсөн гэх асуудлаар Төрийн албаны зөвлөлөөс хяналт, шалгалт хийх, зөрлийг тогтоох, зөрчлийг арилгах үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй этгээдэд хариуцлага тооцуулах зэрэг үйл ажиллагаа явагдаагүй, энэ талаар хэн нэгнээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй байна.
2.7. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай Б.Е-г 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын албан тушаалаас халж, Б/04 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Х.С-г Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжуудыг Б.Е нь биелүүлэхээс татгалзаж ажлаа хүлээлгэж өгөөгүйн улмаас аймгийн хууль хяналтын байгууллагаас туслалцаа авсны үндсэн дээр 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажил хүлээлцэх комисс Б.Е-н ажлыг хүлээж авсан байна.
2.8. Иймд нэхэмжлэгчийн “...Б.Е-н ажлыг хүлээлцсэний дараа 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 01/166 дугаар албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд хандан удирдах албан тушаалтны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулж өгөхийг хүссэн хүсэлтээ явуулсан” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.9. Хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0-01/187 дугаар албан тоотоор нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч Т.А нь аймгийн Засаг даргын Тамгын газрын 209 тоот өрөөнд очсон боловч Засаг даргын орлогч нь өөрөө байхгүй томилолттой байсан тул сонсох ажиллагаа хийгээгүй гэх тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
2.10. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн. Гэвч хариуцагчаас маргаан бүхий акт Б/11 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулсан эсэх, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан эсэх нь тодорхойгүй байх тул хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангасан гэж үзэхээргүй байна.
2.11. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б аймаг дахь Захиргааын хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ