Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 1097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 48Б байр, 12 тоотод оршин суух, Олгонууд овогт Хойлогдоржийн Энхзаяа /РД ЦБ75060225/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр,  40 тоотод оршин суух, Онход овогт Цээпилийн Ичинноров /РД ЧЖ58122505/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 55 125 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ж.Хойлогдорж нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ц.Ичинноровын өмчлөлийн орон сууцыг барьцаалан, зээлийн гэрээ байгуулж, нэг сарын хугацаатай, 35 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн бөгөөд зээлийг хугацаандаа төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Ц.Ичинноров нь Ж.Хойлогдоржид анх зээлсэн 35 000 000 төгрөг, нэг сарын хүү 1 750 000 төгрөг, алданги 8 375 000 төгрөг, нийт 55 125 000 төгрөгийн өртэй байна. Миний аав 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан бөгөөд миний бие өвлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 7 дугаар сарын 06-нд авсан. Улмаар миний бие Ц.Ичинноровтой холбогдож 2015 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг барагдуулах тодорхой хугацааны боломж олгосон боловч төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн. Зээлийн гэрээ байгуулахад барьцааны гэрээ байгуулсан бөгөөд барьцааны гэрээгээр Ц.Ичинноров нарын 4 хүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам 54 дүгээр байр, 40 тоот орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр, хариуцагч нь зээлийг авсан тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, алданги нийт 55 125 000 төгрөгийг Ц.Ичинноровоос гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ичинноров шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие талийгаач Ж.Хойлогдорж болон Х.Энхзаяа нараас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 35 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй. Х.Энхзаяа нь надаас зээлийн төлбөр шаардах үндэслэлгүй. Харин П.Цэрэнсүх нь Ж.Хойлогдоржоос 35 000 000 төгрөгийг бэлнээр тоолж авсан ба П.Цэрэнсүхийн зээлдэн авсан 35 000 000 төгрөгийн өрөнд миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам, 54 дүгээр байр, 40 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож, барьцааны гэрээ байгуулсан нь үнэн. Уг зээлийн гэрээний үүргийг П.Цэрэнсүх хариуцна. Зээлийн гэрээний дагуу хариуцагч мөнгийг аваагүй П.Цэрэнсүх авсан. Зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ. Хэрэв шүүх зээлийн төлбөрийг төл гэвэл үндсэн зээл 35 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хариуцагч нь өндөр насны тэтгэврээс өөр орлого байхгүй. Зээлийн гэрээний хүүгийн хэмжээ хэт өндөр байна. Шүүх үүнийг багасгах боломжтой. Ж.Хойлогдорж нас барснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хэний өмнө гүйцэтгэх нь хэсэг хугацаанд ойлгомжгүй болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ичинноров шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач X.Хойлогдорж нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр  зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаандбуцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийг зөрчсөн. Зээлийн гэрээгээр хариуцагч нь X.Хойлогдоржоос мөнгө аваагүй, харин өөрийн орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд барьцаалахын тулд гэрээнд гарын үсэг зурсан. Иймд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Түүнчлэн, барьцааны гэрээ нь мөн зүйлийн 56.1.3-т зааснаа өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл. Иймд дээрх 2 гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам, 54 дүгээр байр, 40 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ж.Хойлогдорж Ц.Ичинноровт мөнгө зээлдүүлэхдээ зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Хэрэв хариуцагч зээлийн мөнгийг аваагүй бол барьцааны гэрээг байгуулах боломжгүй. Хариуцагч уг мөнгийг цааш нь П.Цэрэнсүхэд зээлдүүлсэн бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэр байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Ж.Хойлогдоржийн гар дээрээс уг мөнгийг авсны үндсэн дээр цаашаа дамжуулан зээлдүүлсэн гэж үзэж байна. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул барьцаанаас чөлөөлөхгүй боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Энхзаяа нь хариуцагч Ц.Ичинноровт холбогдуулан 55 125 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцааг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “...зээлийг бодитоор аваагүй, ...зээл төлөх бол үндсэн зээл 35 000 000 төгрөгийг төлнө” гэж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр тул барьцааг чөлөөлөх үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Зээлийн гэрээний үүрэгт 55 125 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түүний нас барсан эцэг Ж.Хойлогдорж нь хариуцагч Ц.Ичинноровт зээлийн гэрээний дагуу 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж, тэдгээрийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 35 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл, 1 сарын хугацаагаар зээлдүүлэх, алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тохиролцсон гэрээ, эцэг Ж.Хойлогдоржийн энэхүү гэрээний дагуу дагуу шаардах эрхийг өвлөсөн талаарх 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг шүүхэд гаргажээ. Уг өвлөх эрхийн гэрчилгээнд өвлүүлэгч Ж.Хойлогдоржоос 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ц.Ичинноровт 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн 35 000 000 төгрөгийг хүү, алдангийн хамт нэхэмжлэгч Х.Энхзаяад өвлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Х.Энхзаяа нь нас барагч Ж.Хойлогдоржоос өвлөсөн байна. 

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2-т заасан өвлөгчийн хувьд нас барсан Ж.Хойлогдоржийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой. 

 

Дээрх зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч Ц.Ичинноров болон нас барагч Ж.Хойлогдорж нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, хариуцагч дээрх гэрээнд гарын үсэг зурсан нь шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6521 дугаар дүгнэлтээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж заасны дагуу нас барагч болон Ц.Ичинноров нарын хооронд хэлцэл хийсэн гэж үзнэ. Түүнчлэн, хариуцагч нь зээлийн гэрээний хүүний төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 007 050 төгрөгийг нас барагч Ж.Хойлогдоржид төлсөн, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...зээл 35 000 000 төгрөгийг төлөх боломжтой, ...хариуцагч өндөр насны тэтгэвэрт байдаг тул хүүгийн хэмжээ хэт өндөр байна” гэх тайлбараас үзвэл нас барагч Ж.Хойлогдоржийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний дагуу зээл 35 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Ичинноровт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч Ж.Хойлогдорж болон зээлдэгч Ц.Ичинноров нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дууссан боловч хариуцагч нь үндсэн зээл 35 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээл 35 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд гэрээний 2.4-т зааснаар талууд гэрээний хүүгийн хэмжээг нэг сарын 5 хувь байхаар тохиролцсон байна. Гэрээний хугацааг сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна хариуцагч нь гэрээнд заасан нэг сарын хүүний төлбөрт 1 750 000 төгрөг төлөхөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 007 050 төгрөг төлсөнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул хариуцагч гэрээний дагуу хүүний төлбөрт 742 950 төгрөгийг төлөөгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.1-д зааснаар хүүний үлдэгдэл төлбөрт 742 950 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Түүнчлэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд гэрээний 2.7-д талууд алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тохиролцсон байна. Алдангийн хэмжээ нь гэрээний хугацаа дууссан 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хариуцагчийн гүйцэтгээгүй нийт үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул нэхэмжлэгч нь гэрээний алдангид 17 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Харин мөн зүйлийн 232.8-д заасан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

2. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:

 

Нас барагч Ж.Хойлогдорж болон С.Оюунбат, Д.Сүхбаатар, И.Болортуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Ц.Ичинноров нар нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүрэгт Улсын бүртгэлийн Ү-2205024439 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, Төмөр зам гудамж, 54 дүгээр байр, 40 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсаныг улсын бүртгэлд бүртгэсэн байна /хх106 дугаар тал/.

 

Өвлөх эрхийн гэрчилгээрээр нас барагч Ж.Хойлогдорж нь дээрх зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчид өвлүүлсэн, харин үүргийн гүйцэтгэлийг буюу барьцааны гэрээний үүргийг өвлүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

3. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн болон барьцааныг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх, мөн зүйлийн 56.1.3-т заасан буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул мөн зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч нь барьцааг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна. Түүнчлэн, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс барьцааг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 53 242 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 882 050 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хариуцагч Ц.Ичинноровт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Түүнчлэн, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Иймд хариуцагчид шүүх хуралдааныг хуульд заасан арга, журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ичинноровоос 53 242 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Энхзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 882 050 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х.Энхзаяад холбогдох, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн барьцааныг гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч Ц.Ичинноровын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 503775 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 433575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 424165 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.БАЯСГАЛАН