Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 01281

 

Х.Э-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01097 дугаар шийдвэртэй, Х.Э-гийн нэхэмжлэлтэй, Ц.И-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 55 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ж.Х 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ц.И-ын өмчлөлийн орон сууцыг барьцаалан, зээлийн гэрээ байгуулж, нэг сарын хугацаатай, 35 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд зээлийг хугацаандаа төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Ц.И нь Ж.Х-д анх зээлсэн 35 000 000 төгрөг, нэг сарын хүү 1 750 000 төгрөг, алданги 8 375 000 төгрөг, нийт 55 125 000 төгрөгийн өртэй байна. Миний аав 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 07 дугаар сарын 06-нд авсан. Улмаар миний бие Ц.И-той холбогдож 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг барагдуулах тодорхой хугацааны боломж олгосон боловч төлөлт хийгээгүй.

Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд Ц.И нарын 4 хүний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам 54 дүгээр байрны 40 тоот орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний үүрэгт нийт 55 125 000 төгрөг гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.И шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие талийгаач Ж.Х болон Х.Э нараас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 35 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй. Х.Э нь надаас зээлийн төлбөр шаардах үндэслэлгүй. Харин П.Ц нь Ж.Х-оос 35 000 000 төгрөгийг бэлнээр тоолж авсан ба П.Ц-ийн зээлдэн авсан 35 000 000 төгрөгөнд миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам 54 дүгээр байр, 40 тоот 3 өрөө байрыг үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож, барьцааны гэрээ байгуулсан нь үнэн гэжээ.

Хариуцагч Ц.И шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй юм. Талийгаач Ж.Х, нь П.Ц-д 35 000 000 төгрөгийг зээлдүүлсэн харин миний бие нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-40 тоот, 3 өрөө байрыг барьцаалсан. Талийгаач Ж.Х нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр  зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийг зөрчсөн. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын 54 дүгээр байрны 40 тоот, 3 өрөө байрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ж.Х Ц.И-т мөнгө зээлдүүлэхдээ зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч зээлийн мөнгийг аваагүй бол барьцааны гэрээг байгуулах боломжгүй. Хариуцагч уг мөнгийг цааш нь П.Ц-д зээлдүүлсэн бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэр байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Ж.Х-ийн гар дээрээс уг мөнгийг авсны үндсэн дээр цаашаа дамжуулан зээлдүүлсэн гэж үзэж байна. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул барьцаанаас чөлөөлөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

      Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.И-оос 53 242 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 882 050 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

     Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х.Э-д холбогдох, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн барьцааныг гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч Ц.И-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 503 775 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 433 575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 424 165 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

       Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талийгаач Ж Х нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг Ц.И-той байгуулсан хэдий боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгзэр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар хэмжээтэй эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан. Зээлдүүлэгч Ж Х нь зээлдэгч Ц.И-т мөнгөө бэлнээр болон дансаар өгөөгүй талаар гэрч П.Ц гэрчилсэн, өвлөгч Х.Э-тай өр авлагын талаар П.Ц-тэй байгуулсан гэрээг шүүхэд ирүүлээгүй болно.

       Ц.И-ыг хариуцагчаар татсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, гэрч П.Ц нь талийгаач Ж.Х-оос Ц.И-ыг Солонгос улс руу явсан байхад нь Замын-Үүдээс ирж бэлнээр 30 000 000 төгрөг авсан гэдгээ мэдүүлснээр Ж.Х, Ц.И нарын хооронд зээлийн гэрээ нь бодит байдлаар хийгдээгүй, талийгч Ж.Хойлогдорж хариуцагч Ц.И-т ямар ч мөнгө зээлдүүлээгүй байхад Ц.И-оос 53 242 950 төгрөгийг X.Э-д олгохоор шийдвэрлэсэн. 

   Хэргийн 5 дугаар талд өвлөх эрхийн гэрчилгээгээр “Ж.Х-оос 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ц.И 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн 35 000 000 төгрөг хүү, алдангийн хамтаар өвлүүлэхээр” гэж Баянгол дүүргийн 70 дугаар тойргийн нотариатч бүртгэсэн байгаа боловч тус гэрээний 2.7-д зааснаар алданги 0,5 хувь алданги, гэрээний 2.4-д зааснаар зээлийн хугацаанд 5 хувийн хүү төлнө гэсэн зэргийг хэд хэдэн хувиар авах талаар гэрээслэлд зохицуулаагүй байхад шүүх гэрээслэлээс давсан байдлаар буюу 17 500 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 53 242 950 төгрөгийн зарим хэсэг болох 17 500 000 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Ц.И-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55 125 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

        Хариуцагч Ц.И, нас барагч Ж.Х нар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 35 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох, зээлийн төлбөрт сар бүр зээл, хүүгийн хамт 4 500 000 төгрөг төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан ба үүргийн гүйцэтгэлд Ц.И, И.Б, С.О, Д.С нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-40 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 000350037 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 7-10/

      Дээрх зээлийн гэрээний зээлдүүлэгч /нас барагч Ж.Х/ нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан ба нас барагч Ж.Х-ийн Ц.И-т зээлдүүлсэн 35 000 000 төгрөгийг хүү, алдангийг шаардах эрх нь охин Х.Э-д өвлөгдсөн болох нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Ц.И-оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзнэ.

      Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээл  эргэн төлөх нөхцөлд зээлийг  сар бүр зээл, хүүгийн хамт 4 500 000 төгрөгөөр тогтоосон агуулгаас харахад зээлдэгч сар бүр 4 500 000 төгрөгийг төлөх нөхцөлтэй гэж үзэхээр боловч хариуцагч нь энэ үүргээ гүйцэтгээгүй байна.

      Иймд хариуцагч Ц.И үндсэн зээл 35 000 000 төгрөг 1 сарын хүү 1 750 000 төгрөг, алданги 17 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх боловч түүний төлсөн 1 000 000 төгрөгийг хасч, 53 242 950 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

        Харин зээлийн гэрээг хэрэгжих явцад зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой тодорхой бус нөхцөл байдал үүссэн, зээлдүүлэгч нас барсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу анзын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгах боломжтой болно.

      Иймд хариуцагчаас үндсэн зээл 35 000 000 төгрөг, үүнд төлөх алдангийн хэмжээг 25 хувиар бууруулан тооцоход 17 500 000 төгрөг буюу нийт 43 750 000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 375 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

         Нэхэмжлэгч Х.Э-д олгосон өвлөх эрхийн гэрчилгээнд барьцааны гэрээний үүргийг өвлүүлээгүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй. Түүнчлэн   зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

   Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01097 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “53 242 950” гэснийг “43 750 000“ гэж, “1 882 050” гэснийг “11 375 000” гэж, 3 дахь заалтад “424 165” гэснийг “376 700” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Т.М-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

                                                                                                            Д.БАЙГАЛМАА