Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2018/00183

 

 

 

2018 оны 04 сарын 10 өдөр

    Дугаар 153/ШШ2018/00183

                  Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Монлаа 12 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, Д.О-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 153/2018/00106/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал,  хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат  нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.О шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хүсэлт гаргагч Д.О нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Яагаад шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох болсон бэ гэхээр хөдөлмөрийн дэвтрээ гээсэн. Мөн 1998 онд Ховд аймгийн Мянгад сумын архив шатсан. Ийм учраас өөрийнх нь бичиг баримт гээгдсэн байгаа. Хоёр гэрчийн тодорхойлолт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаа, Ховд аймгийн Мянгад сумын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн албан тоот, гэрчүүдийн тодорхойлолт болон бусад баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Д.О-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Д.О нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус саальчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 845 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадын 1984, 1988 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1988 он 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон гэрчилгээ, 1984 оны 10 дугаар сарын 22-нд захирал Кадараас байцаагч Я.Загдхүүгийн хүлээн авсан нэрс гэх нотариатаар гэрчлүүлсэн баримт, хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан фото зурагнууд, гэрч Г.Нямцоожийн ....Дээд талын олуулаа авхуулсан фото зураг нь 1989 оны зураг байна. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадын хамт олон Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцож байхдаа авхуулсан зураг байна. Зүүн гар талын арын эгнээний эхний хүн нь буюу малгай, хошуу алчууртай байгаа хүн нь би байна. Дунд эгнээний голд зогсож байгаа, цайвар өнгийн малгай, ороолттой хүн нь Д.О байна. Харин доод талын зургийг нь 1988 оны 5 сард Ховд аймгийн Дуут сумын амралтанд авхуулсан зураг байна. Д.О нь баруун гар талаас хоёрт зогсож байна. Би зүүн гар талын эхэнд зогсож байна.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Чулуунцэцэгийн ....Дээд талын олуулаа авхуулсан фото зураг нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадын хамт олон сумын төвд очсон бүх хүмүүс байна. Оныг нь бол санахгүй байна. Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцож байхдаа авхуулсан зураг байна. Зүүн гар талын эхний эгнээний эхний хүн нь буюу хар өнгийн малгайтай зогсож байгаа хүн нь би байна. Дунд эгнээний голд зогсож байгаа, бараан өнгийн монгол дээлтэй, цайвар өнгийн малгай ороолттой хүн нь Д.О байна....О-ийн аавыг Готов гэж дууддаг байсан. Доржготов гэдэг нэртэй болохыг нь би сая мэдлээ.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хүсэлт гаргагч Д.О нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус саальчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Хавтаст хэргийн 3-10 дугаар хуудсанд авагдсан 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нээсэн, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл гэсэн тамгатай хэний хөдөлмөрийн дэвтэр нь мэдэгдэхгүй, урагдсан, Хөдөлмөрийн дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан Итгэл найдвар нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан гэрчилгээ нь 1983, 1986 оны аль нь болох нь тодорхойгүй, огноо засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 21, 22 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Соёлмаа, Г.Нямцоож нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 24-26 дугаар хуудсанд авагдсан огноо тодорхойгүй баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэргийн 23-26 дугаар хуудсанд авагдсан баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтээсээ татгалзсан болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д-О-ийг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус саальчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ