Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

М.Баасангэрэл, М.Тогтмол нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00218 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, Боржигон овогт Мөнхбаатарын Баасангэрэл, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 3-15 тоотод оршин суух, Бор овогт Мягмарын Тогтмолын  нарын нэхэмжлэлтэй, Ховд Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Тогтмол түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймгийн Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид ээлжийн машинист хийдэг. Ховд аймгийн Дулааны станц 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гал түлж халаалт өгч эхэлсэн. Ховд Дулааны Станц төрийн өмчит хувьцаат компаний захирал Д.Энхсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-т: Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх....гэж заасан хуулийн заалтыг хариуцагч Д.Энхсайхан биелүүлээгүй. Байгууллагын Дулаан дамжуулах төвийн сүлжээний насосны ээлжийн машинист М.Тогтмол, М.Баасангэрэл Ж.Бадамгарав нар нь ХАБЭА-ын болон техникийн хичээлийн ээлжит шалгалтад 2 удаа мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комиссын шалгалтад орсон. Эхний удаа шалгалтанд орж 100% тэнцсэн боловч шалгалтын материал задарсан байна гээд 2 дахь удаагаа дахин авсан. Дахин шалгалтад нийт 20 гаруй хүн орсон. Гэтэл М.Баасангэрэл, М.Тогтмол бид 2- ыг тэнцүүлээгүй бусад ажилтнууд бүгд тэнцсэн байсан. Үүнээс болж хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон.... гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлгүй юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолд Хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил апбан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тотоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гаргасныг ойлгоно. Бид мэргэжил ур чадварын хувьд тэнцээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Ховд дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж заасныг зөрчсөн гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах юм. Тэгвэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө нэг сарын дотор мэдэгдээгүй гэдэг нь тухайн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл шүүх уг тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй эсэх, тушаалын үндэслэл нь баримтаар тогтоогдож байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой. Мөн нэхэмжлэгч нарт мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа, шалгалтанд удаа дараа унасан учир нэг сарын дараа ажлаас чөлөөлөх тухай тус байгууллагын хүний нөөцийн ажилтан утсаар ярьж танилцуулсан байдаг ба ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлд нэхэмжлэгч нар гарын үсэг зурахаас татгалзсан байдаг. Мөн нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ ...мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон... гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ. Нэхэмжлэгч нар нь ХАБЭА-ийн болон техникийн ээлжит шалгалтанд 2 удаа, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын шалгалтанд тус тус хангалтгүй дүн үзүүлж тэнцээгүй байна. Иймд нэхэмжлэгч нарыг ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00218 дугаар шийдвэрээр 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/12 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Баасангэрэл, М.Тогтмол нарыг Ховд аймгийн Дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн Дулаан дамжуулах төвийн сүлжээний насосын ээлжийн машинистын ажилд тус тус эгүүлэн тогтоосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Баасангэрэлд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1984968 төгрөг, нэхэмжлэгч М.Тогтмолд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2102206 төгрөгийг тус тус хариуцагч Ховд аймгийн Дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан олгосугай.

            3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны олговороос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймгийн Дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамж 95 294 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, эх хувийг өгөх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан байдаг. Маргааны зүйл болсон захирлын тушаалыг гэрчлүүлэлгүйгээр өгсөн бөгөөд энэ тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар уг баримт нь нотолгооны чадвараа алдах ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй. Анхан шатны шүүх уг баримтыг шийдвэрийнхээ үндэслэлд зааж шийдвэр гаргасан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, 116.3-д заасан шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

            Шийдвэрийн үндэслэх хэсэгт ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02, 03 дугаартай мэдэгдлүүдийг нөхөж хийсэн болох нь гэрч Г.Бэрцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай мэдэгдлийг ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа, шүүхэд нэхэмжлэл өгсний дараа нөхөж хийсэн гэх мэдүүлгээр тогтоогдож байх ба уг мэдэгдлүүд нь байгууллагын тамга тэмдэггүй, хүний нөөцийн болон ажил олгогчийн гарын үсэггүй албан бичиг хэргийн стандарт шаардлагад нийцээгүй байна гэжээ.

Удаа дараа мэдэгдэж байсан боловч гарын үсэг зурахаас зайлсхийж зурахгүй гэж хэлдэг байсан.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуултанд хариулсан гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах, мөн хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулах үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нар нь мэргэжлийн болон ХАБЭА-н ээлжит шалгалтанд тус бүр 2 удаа, байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авсан шалгалтанд тус бүр 1 удаа нийт тус бүр 3 удаа шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн тул түвшин тогтоох комиссын дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

            Шүүх шийдвэр гаргахдаа дан ганц нэг талд ашигтай байж болох нотлох баримтуудыг зааж шийдвэрийн үндэслэл болгосон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчиж шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Тогтмол, М.Баасангэрэл нар нь Ховд Дулааны Станц ТӨХК-нд холбогдуулан Ховд Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн Б/12 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн дулаан дамжуулах төвийн сүлжээний насосын ээлжийн машинистын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг бөгөөд үндэслэлээ “ажилтан М.Тогтмол, М.Баасангэрэл нар нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна.

            Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл.

            Ажил олгогчоос ажилтан М.Тогтмол, М.Баасангэрэл нар нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон техникийн хичээлийн шалгалтад 2 удаа, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын шалгалтад тус тус хангалтгүй үнэлгээ үзүүлсэн гэх тайлбараа нотлохоор “Ховд дулааны станц ТӨК-ийн хөдөлмөрийн дотоод журам, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай захирлын тушаал, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт, нэхэмжлэгч нараас шалгалт авсан шалгалтын материалууд, Ховд дулааны станц ТӨХК-ийн захиргаа, А/ тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэгтэй хийсэн хурлын протокол, нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ” зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

            Эдгээр нотлох баримтуудаас харахад Хөдөлмөрийн дотоод журмын 3.11.1 дэх хэсэгт заасан “ээлжит болон ээлжит бус шалгалтыг хэзээ авдаг, тухайлбал ээлжит шалгалтыг хэзээ авдаг, ээлжит бус шалгалтыг ямар тохиолдолд авдаг, жишээ нь тухайн ажилтнаас ээлжит бус шалгалт авахуулах талаар өргөдөл, гомдол, хүсэлт ирсэн, эсхүл ажил олгогчийн санаачилгаар авдаг эсэх, мөн давтан шалгалт авдаг эсэх, шалгалт авахын өмнө тухайн ажилтныг хэдэн кредит цагийн сургалтанд хамруулсан байх ёстой, шалгалтанд нийт хэдэн оноо авах, үүнээс хэдэн оноо авсан тохиолдолд тэнцэх, шалгалтын үнэлгээг ямар аргачлалаар өгдөг” эсэх нь тодорхойгүй байна.

            Өөрөөр хэлбэл “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын шалгалт авах, дүгнэлт гаргах үйл ажиллагааг журамлаагүй, энэ талаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцоогүй байна.

            Иймд ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Тогтмол, М.Баасангэрэл нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл нь зөв байна.     

            Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн хавтаст хэргийн 36-37 дугаар хуудаст авагдсан мэдэгдэл гэх баримтуудад “М.Тогтмол, М.Баасангэрэл нартай утсаар ярьсан албан тушаалтан өөрийн нэр, албан тушаал, гарын үсгээ зурахаас татгалзсан шалтгаан зэргийг бичиж, өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулаагүй” байх тул бичгээр мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэх боломжгүй байна.

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

            Эдгээр үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                    Б.ДАМБА

                                                                      

                                                                                   М.НЯМБАЯР