Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00392

 

2021           04            15                                          001/ХТ2021/00392

 

“................ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02012 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1942 дугаар магадлалтай,

 

“................ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“................” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,666,435,710 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайханы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................ ББСБ ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Санхүүгийн зохицуулах хорооны 2010.02.26-ны өдрийн 52 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч зээл, гадаад валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. ................ ББСБ ХХК болон ................ ХХК-ийн хооронд 2014.03.31-ний өдөр 01 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 2,000,000 ам.долларын зээлийг урсгал зардал санхүүжүүлэх зорилгоор 12 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй зээлдэгчид олгосон. Талууд 2014.03.31-ний өдөр №02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ................ ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо /13380/, Токиогийн гудамж, 89/1 тоот хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ................дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн ................ тоот гэрчилгээгээр баталгаажсан, сургуулийн зориулалттай барилгыг барьцаалсан. Мөн өдрөө талууд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг үндэслэн 03 тоот барьцаалбарыг холбогдох журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 7 сарын дараа ................ ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, цор ганц хувьцаа эзэмшигч Д.Нямаа нь ................ ХХК болон ................ ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг зээлдэгчээс шаардах эрхийг зээлдүүлэгчээс шилжүүлж авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2014.11.03-ны өдөр иргэн Д.Нямаа, ................ ББСБ ХХК болон ................ ХХК-ийн хооронд 04 тоот зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээ байгуулагдсан. Талууд гэрээгээр зээлдэгч ................ ХХК нь зээлийг үндсэн хүүгийн хамт зээлдүүлэгч Д.Нямаад, нэмэгдүүлсэн хүүг ................ ББСБ ХХК-д тус тус төлөх бөгөөд ................ ХХК болон ................ ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр тохиролцсон. ................ ХХК нь зээлийн гэрээний хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч нь Д.Нямаад хандсан 2015.01.26-ны өдрийн 509 тоот албан бичгээр ...үндсэн төлбөрөөс гадна 2015.02.01-ний өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөр 306,000 ам.доллар байгаа болно. Зээлийн төлбөрийг таньтай тохиролцсоны дагуу төлж барагдуулна..., мөн 2015.12.21-ний өдрийн 913 тоот албан бичгээр ...үндсэн төлбөрөөс гадна 2015.02.01-ний өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөр 609,000 ам.доллар байгаа болно. Зээлийн төлбөрийг таньтай тохиролцсоны дагуу төлж барагдуулна. гэж тус тус мэдэгдэж байсан боловч зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй. Зээлдэгчийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтийг үндэслэн иргэн Д.Нямаа нь 2015.12.23-ны өдөр 03 тоот зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээг зээлдэгч ................ ХХК-тай байгуулсан. Талууд гэрээг нэг жилийн хугацаагаар сунгасан бөгөөд зээлдэгч нь 2,000,000 ам.долларыг хүүгийн хамт зээлдүүлэгч Д.Нямаад 2016.12.31-ний өдөр төлөх, хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч зээлдэгч нь гэрээний сунгасан хугацаанд ч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг төлөөгүй, удаа дараа шаардаж байгаа боловч төлөөгүй болно. ................ ХХК нь ийнхүү зээлийн гэрээ, зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээгээр хүлээсэн Д.Нямаад төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул Д.Нямаа нь 2014.11.03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээнээс татгалзаж, талууд холбогдох баримтыг хүлээлцсэн акт үйлдсэн бөгөөд цаашид ................ ББСБ ХХК нь зээлийн гэрээ, зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээний дагуу шаардах эрх бүхий этгээд болсон тул ................ ХХК-иас зээлийн төлбөр, алдангийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд ................ ХХК-ийг хариуцагчаар татаж, зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 2,000,000 ам.доллар, 2014.03.21-2015.12.23-ны өдөр хүртэлх хугацааны хүү 632,000 ам.доллар, 2014.04.30-2015.04.30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү 79,000 ам.доллар, 2017.01.01-ний өдрөөс хойшхи хугацааны алданги 1,316,000 ам.доллар, нийт 4,027,000 ам.доллар буюу 10,666,435,710 төгрөг гаргуулах, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаалсан ................ ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо /13380/, Токиогийн гудамж, 89/1 тоот хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ................дугаарт бүртгэлтэй барилгаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж үндсэн зээлд 2,000,000 ам.доллар, хүү 632,000 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 79,000 ам.доллар, алданги 1,316,000 ам.доллар, нийт 4,027,000 ам.доллар буюу 10,666,435,710 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Гэвч нэхэмжлэлийн үнийн дүнг зөв тооцоолж чадаагүй, тооцооллын хувьд алдаатай байна. Зээлийн гэрээ, эрх шилжүүлэх тухай гэрээнүүд зөрчилтэй, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл мөн эсэхэд эргэлзээтэй. Хариуцагч ................ ХХК нь 2014.03.31-ний өдрийн №01 дугаар зээлийн гэрээгээр ................ ББСБ ХХК-иас 2,000,000 ам.долларыг сарын 1.5 хувийн үндсэн хүүтэй, 12 сарын хугацаатай урсгал зардал санхүүжүүлэх зориулалтаар зээлсэн байна. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа болгон 5,000,000 ам.долларын үнэ бүхий Баянзүрх дүүргийн, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 89/1 тоот хаягтай 731.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. 2014.11.03-ны Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай 4 дугаартай гэрээг ................ ББСБ, ................ ХХК, иргэн Д.Нямаа нар байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр ................ ББСБ-ийн шаардах эрхийг Д.Нямаад шилжүүлсэн байна. 2015.12.23-ны өдөр Зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээгээр зээлийн гэрээ ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, тэдгээрийн үндсэн дээр байгуулагдсан Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээний хугацааг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгаж талууд баталгаажуулсан. 2019.05.13-ны өдөр Д.Нямаа нь ................ ХХК-д гэрээнээс татгалзсан болохыг мэдэгдсэнээр 2019.05.08-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болгосон акт үйлджээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй боловч хуульд зааснаар анз буюу алдангийг нэхэмжлэх эрхгүй байна. Тиймээс анзад нэхэмжилсэн 1,316,000 ам.доллар төлөх үндэслэлгүй болно. Түүнчлэн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн нөхөх хариуцлага бөгөөд гэрээний үүргийг буюу үндсэн хүүг төлөөгүй хугацааг нарийвчлан тогтоох ёстой ба үндсэн хүүгийн 20 хүртэл хувиар нэхэмжлэх байтал алдаатай тооцсоноос гадна гэрээний үүрэг биелүүлж эхлээгүй хугацааг тодорхойлоогүй тул нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхээ алдаж байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нэхэмжлэл үндэслэлгүй тул 79,000 ам.долларыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Монгол банкнаас баталсан Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг тооцох ерөнхий аргачлалын дагуу нэхэмжлэгч нь хүүг тооцоолоогүй өөрөөр хэлбэл аргачлалыг баримтлаагүй, буруу тооцжээ. Хүү = Үндсэн дүн*Зарласан хүүгийн хувь*Хугацаа/365 буюу 2,000,000 * 18/365 =986.30 нэг өдрийн хүүний хэмжээ гарч ирж байгаа болно. Нэхэмжлэгч нь 2014.4.30-ны өдрөөс 2015.12.23-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг өдрийн 1,000 ам.доллараар тооцон нийт хүү 632,000 ам.доллар хэмээн нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд зөрүү 8,657.53 ам.доллараар хасч хэрэгсэхгүй болгож өгнө үү. /нэхэмжилсэн 632,000$-623,342.47 аргачлалаар=8,657.53$/ ...Зээлийн гэрээний 3.4-т Хэрэв зээлдэгч тал Зээлдүүлэгч талын байгуулсан зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон хүлээн авах гэрээний талаар маргаан үүсгэвэл Зээлдүүлэгч тал нь ................ ХХК-д зээлийн гэрээний зээлийн дүн, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг шилжүүлж болно гэж заасны дагуу ................ ХХК нь зөвхөн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгч 2014.11.03-ны өдөр иргэн Д.Нямаа, ................ ХХК нарын хооронд байгуулагдсан Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээ-ээр зээлдүүлэгч талын эрхийг иргэн Д.Нямаад шилжүүлсэн. Тус гэрээ 2019.5.06-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байхад ................ ХХК-д мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгч тал шаардах эрхээ 2019.5.13-ны өдөр Д.Нямаагаас буцаан шилжүүлсэн байдаг. Талууд Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээ-г 3 талын оролцоотойгоор байгуулсан атлаа 2019.05.08-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болгосон актыг иргэн Д.Нямаа нь ................ ХХК-тай хийж дуусгавар болгосон нь үндэслэлгүй юм. Хариуцагч тал нэхэмжлэлээс зээлийн үндсэн хүүгийн зөрүү 8,657.53 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 79,000 ам.доллар, алданги 1 316,000 ам.доллар, нийт 1,403,657.53 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар 3,717,909,809 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул дээрх төгрөгийг хасч хэргэсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02012 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ................ ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 6 441 711 360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 224 724 350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар хариуцагч ................ ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл ................тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 89/1 тоот сургуулийн зориулалттай 713.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 560 329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................ ХХК-иас 32 366 507 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1942 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-иас төлсөн 3 852 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ гаргасан техникийн алдааг залруулалгүйгээр шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2014.03.31-2015.04.30 хүртэлх хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг... хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн. Шүүхийн 2014.03.31-2015.04.30 хүртэлх хугацааны тооцооллыг хүснэгтээр үзүүлбэл:

 

 

Шүүхийн тооцоолол

Хуанлийн тооцоолол

1

2014.03.31-2015.04.30-г хүртэл 12 сар байна гэж үзсэн.

2014.03.31-2015.04.30-г хүртэл 13 сар байна гэж үзсэн.

2

Бүх саруудыг 30 хоногтой гэж үзсэн.

30 хоногтой сар-5

31 хоногтой сар-7

28 хоногтой сар-1

 

Анхан шатны шүүхийн дээрх хугацааны алдаатай тооцооллын дагуу дараах зөрүү гарч ирж байна.

 

 

Нэхэмжлэлийн шаардлага

Шүүхийн тооцсон дүн

Зөвтгөж тооцсон дүн

Зөрүү

1

Зээлийн хүү

1 сарын 30,000 ам доллар буюу нийт 12 сарын хүү 360,000 ам доллар

395,000 ам доллар

35,000 ам доллар

2

Нэмэгдүүлсэн хүү

360,000 ам долларын 20% буюу нийт 72,000 ам доллар

79,000 ам доллар

7,000 ам доллар

 

Нийт

432,000 ам доллар

474,000 ам доллар

42,000 ам доллар буюу 111,246,660 төгрөг

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ гаргасан илэрхий алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй хэвээр үдээсэн. Давж заалдах болон анхан шатны шүүх нь талуудын хооронд үүссэн харилцаа, талуудын тохиролцоог буруу тайлбарлаж, улмаар Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодохдоо ................ ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон өдөр буюу 2015.04.30-ны өдөр хүртэлх хугацаагаар бодсон нь буруу. 2014.11.03-ны өдөр Зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээний 2.1-д гэрээний хугацаа, 2.5-д нэг сарын хүүг тус тус заасан гэрээний 4.1-д “Зээлдэгч тал нь “................” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 2,000,000 (хоёр сая) АНУ-ын доллар болон гэрээнд заасан сарын 1.5% хүү болон бусад холбогдох хүүгийн хамт дээрх зээлийн гэрээний дагуу байгуулсан хуваарийн дагуу Зээлдүүлэгч А талд төлөх үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Д.Нямаа нь хүү шаардах эрхтэй. “................” ХХК нь Иргэний хуулийн 123.4-д “Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй” гэж зааснаар татгалзах эрх нь нээлттэй байсан ч татгалзсан үйл баримт огт болоогүй бөгөөд харин ч 2015.12.21-ний өдрийн 913 дугаар албан бичигтээ хүү төлөх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч төлөх хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүх ийнхүү нотлох баримт, хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт үнэлж дүгнэлгүй Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргээ шударгаар биелүүлээгүй этгээдийг гэрээний хариуцлагаас зайлсхийх боломжийг олгож, харин ч хуульд нийцэхгүй үйлдлийг хаацайлсан хэрэг боллоо. Иймд “................” ХХК-ийн нэхэмжлэлтэй “................” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, зөрүү 42,000 ам.доллар буюу 111,246,660 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “................ ББСБ” ХХК нь хариуцагч “................” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,666,435,710 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу зээлийн хүүг буруу тооцсон гэж 8,657 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 79,000 ам.доллар, алданги 1,316,000 ам.доллар нийт 3,717,909,809 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 6,441,711,360 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014.03.31-ний өдрийн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн биелүүлэх үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүнэлтийг хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

2014.03.31-ний өдрийн зээлийн гэрээнд зааснаар 2,000,000 ам.долларыг 12 сарын хугацаатай, нэг сарын 1.5 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлбэл нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохирсон ба зээлдүүлэгч мөнгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн бол зээлдэгч нь зээлийг буцааж төлөх үүргээ биелүүлээгүй, ямар ч төлбөр хийгээгүй байна.

 

2014.11.03-ны өдөр 3 талт гэрээ байгуулж “................ ББСБ” зээлийн гэрээний шаардах эрхээ иргэн Д.Нямаад шилжүүлсэн, Д.Нямаа нь 2019.05.08-ны өдөр шаардах эрхийг буцаан шилжүүлсэн нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулиар тогтоосон журамд нийцээгүй боловч шүүх “................ ББСБ”-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2015.04.31 хүртэл хугацаанд зээлдэгч “................” ХХК-ийн биелүүлэх ёстой үүргийг тооцсон байх тул хариуцагчийн эрхийг дордуулаагүй байна.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үеэс “................ ББСБ” нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй, хэтрүүлсэн хугацааны хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн бичгээр гаргасан баримтыг үндэслэх нь хууль зөрчихөөс гадна хариуцагч энэ талаар маргасан тул зээлийн хүүг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

Харин шүүх 2014.3.31-2015.4.31 хүртэл хугацааг 13 сар байхад 12 сар гэж тооцсон нь алдаатай болсон тул энэ үндэслэлээр 1 сарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг  нэмж, хариуцагчаас 6,537,065,640 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Зээлийн гэрээний үүрэгт “................” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 89/1 тоот хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар ................, үл хөдлөх эд хөрөнгийн ................ тоот гэрчилгээ бүхий сургуулийн зориулалттай барилгыг барьцаалсан, барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах, үүргийг хангуулах талаар шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1942 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...6 441 711 360...” гэснийг “...6,537,065,640...” гэж, “...4 224 724 350...” гэснийг “...4,129,370,070...” гэж, 3 дах заалтад “...32 366 507...” гэснийг “...32,843,278...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 714,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Б.УНДРАХ                                                                     

                                                                                                       Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                       Д.ЦОЛМОН