Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/02012

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/02012

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө,“ОТР ХХК-ийн байранд байрлах С ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах Э ХХК -д  холбогдох,

 

Гэрээний үүрэгт 10 666 435 710 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч зээл, гадаад валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компани нь Э ХХК-иас 2014 оны 3 сарын 28-ны өдрийн 208 тоот албан бичгээр ирүүлсэн 2 000 000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй зээлэх тухай хүсэлтийг үндэслэн тус компанид зээл олгохоор шийдвэрлэсэн. Ингээд С болон Э ХХК-ийн хооронд 2014 оны 3 сарын 31-ний өдөр 01 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 2 000 000 ам.долларын зээлийг урсгал зардал санхүүжүүлэх зорилгоор 12 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй зээлдэгчид олгосон. Талууд 2014 оны 3 сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /№02/-г байгуулж, Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Э ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо ... тоот хаягт байршилтай 731,6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204046119 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 000230621 тоот гэрчилгээгээр баталгаажсан, сургуулийн зориулалттай барилгыг барьцаалсан. Мөн өдрөө талууд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг үндэслэн 03 тоот барьцаалбарыг холбогдох журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Ийнхүү Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 7 сарын дараа С-ын үүсгэн байгуулагч, цор ганц хувьцаа эзэмшигч Д.Н нь Э ХХК болон С-ын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг зээлдэгчээс шаардах эрхийг зээлдүүлэгчээс шилжүүлж авахаар шийлвэрлэсэн. Үүний дагуу 2014 оны 11 дүгээр сарыг 03-ны өдөр иргэн Д.Н, С болон Э ХХК-ийн хооронд 04 тоот Зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээ байгуулагдсан. Талууд гэрээгээр зээлдэгч Э ХХК нь зээлийг үндсэн хүүгийн хамт зээлдүүлэгч Д.Нд, нэмэгдүүлсэн хүүг С-д тус тус төлөх бөгөөд Э ХХК болон С-ын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр тохиролцсон.

Э ХХК нь Зээлийн гэрээний хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөөгүй, Зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч нь Д.Нд хандсан 2015 оны 01 сарын 26-ны өдрийн 509 тоот албан бичгээр “...үндсэн төлбөрөөс гадна 2015 оны 02 сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөр 306 000 ам.доллар байгаа болно. Зээлийн төлбөрийг таньтай тохиролцсоны дагуу төлж барагдуулна..”, мөн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 913 тоот албан бичгээр “...үндсэн төлбөрөөс гадна 2015 оны 02 сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөр 609 000 ам.доллар байгаа болно. Зээлийн төлбөрийг таньтай тохиролцсоны дагуу төлж барагдуулна.” гэж тус тус мэдэгдэж байсан боловч зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй.

Зээлдэгчийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтийг үндэслэн иргэн Д.Н нь 2015 оны 12 сарын 23-ны өдөр 03 тоот Зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээг зээлдэгч Э ХХК-тай байгуулсан. Талууд гэрээг нэг жилийн хугацаагаар сунгасан бөгөөд зээлдэгч нь 2 000 000 ам.доллларыг хүүгийн хамт зээлдүүлэгч Д.Нд 2016 оны 12 сарын 31-ний өдөр төлөх, хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч зээлдэгч нь гэрээний сунгасан хугацаанд ч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг төлөөгүй, удаа дараа шаардаж байгаа боловч төлөөгүй болно.

Э ХХК нь ийнхүү Зээлийн гэрээ, Зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээгээр хүлээсэн Д.Нд төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул Д.Н нь 2014 оны 11 сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээнээс татгалзаж, талууд холбогдох баримтыг хүлээлцсэн акт үйлдсэн бөгөөд цаашид С ХХК нь Зээлийн гэрээ, Зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээний дагуу шаардах эрх бүхий этгээд болсон тул Э ХХК-иас зээлийн төлбөр, алдангийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Э ХХК-ийг хариуцагчар татаж, зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 2 000 000 ам.доллар, 2014.3.21-2015.12.23-ны өдөр хүртэлх хугацааны хүү 632 000 ам.доллар, 2014.4.30-2015.4.30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү 79 000 ам.доллар, 2017.01.01-ний өдрөөс хойшхи хугацааны алданги 1 316 000 ам.доллар, нийт 4 027 000 ам.доллар буюу 10 666 435 710 төгрөг гаргуулах, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаалсан Э ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо .... тоот хаягт байршилтай 731,6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204046119 дугаарт бүртгэлтэй барилгаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж үндсэн зээлд 2 000 000 ам.доллар, хүү 632 000 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 79 000 ам.доллар, алданги 1 316 000 ам.доллар, нийт 4 027 000 ам.доллар буюу 10 666 435 710 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Гэвч нэхэмжлэлийн үнийн дүнг зөв тооцоолж чадаагүй, тооцоолборын асар их алдаатай байна. Зээлийн гэрээ, эрх шилжүүлэх тухай гэрээнүүд зөрчилтэй, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл мөн эсэхэд эргэлзээтэй байна. Хариуцагч Э ХХК нь 2014.03.31-ний өдрийн №01 дугаар Зээлийн гэрээгээр С-аас 2 000 000 ам.долларыг сарын 1.5 хувийн үндсэн хүүтэй, 12 сарын хугацаатай “урсгал зардал санхүүжүүлэх” зориулалтаар зээлсэн байна. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа болгон 5 000 000 ам.долларын үнэ бүхий БЗД, 1-р хороо, ... тоот хаягтай 731,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. 2014.11.03-ны “Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай” 4 дугаартай гэрээг С, Э ХХК, иргэн Д.Н нар байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр С-ийн шаардах эрхийг Д.Нд шилжүүлсэн байна. 2015.12.23-ны өдөр “Зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээгээр” зээлийн гэрээ ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, тэдгээрийн үндсэн дээр байгуулагдсан Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээний хугацааг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгаж талууд баталгаажуулсан. 2019.05.13-ны өдөр Д.Н нь Э ХХК-д гэрээнээс татгалзсан болохыг мэдэгдсэнээр 2019.05.08-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болгосон акт үйлджээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй боловч хуульд зааснаар анз буюу алдангийг нэхэмжлэх эрхгүй байна. Тиймээс анзад нэхэмжилсэн 1 316 000 ам.доллар төлөх үндэслэлгүй болно. Түүнчлэн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн нөхөх хариуцлага бөгөөд гэрээний үүргийг буюу үндсэн хүүг төлөөгүй хугацааг нарийвчлан тогтоох ёстой ба үндсэн хүүгийн 20 хүртэл хувиар нэхэмжлэх байтал алдаатай тооцсоноос гадна гэрээний үүрэг биелүүлж эхлээгүй хугацааг тодорхойлоогүй тул нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхээ алдаж байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нэхэмжлэл үндэслэлгүй тул 79 000 ам.долларыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Монгол банкнаас баталсан “Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг тооцох ерөнхий аргачлалын дагуу нэхэмжлэгч нь хүүг тооцоолоогүй өөрөөр хэлбэл аргачлалыг баримтлаагүй, буруу тооцжээ. Хүү = Үндсэн дүн*Зарласан хүүгийн хувь*Хугацаа/365 буюу 2 000 000 * 18/365 =986.30 нэг өдрийн хүүний хэмжээ гарч ирж байгаа болно. Нэхэмжлэгч нь 2014.4.30-ны өдрөөс 2015.12.23-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг өдрийн 1 000 ам.доллараар тооцон нийт хүү 632 000 ам.доллар хэмээн нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд зөрүү 8 657,53 ам.доллараар хасч хэрэгсэхгүй болгож өгнө үү. /нэхэмжилсэн 632 000$-623 342,47 аргачлалаар=8 657,53$/

Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд болон Иргэний хуулийн 453.1-т зааснаар “Нэмэгдүүлсэн хүү” гэж гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг ойлгоно гэж тайлбарлажээ. Талуудын хооронд байгуулагдсан 2014.3.31-ний өдрийн 01 тоот зээлийн гэрээний 2.1.2-т үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн хугацааг хэтрүүлсэнд тооцож зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан. Тэгтэл нэмэгдүүлсэн хүүг 20 хүртэл хувь гэж хуульчилсан байх бөгөөд 0.1%-20%-ийг заавал эцсийн тоог тавьж зээлдэгчийн эрх ашгийг хохироосон байна. Хэрэв тооцох ёстой гэж үзвэл нэмэгдүүлсэн хүүг 2016.12.31-ний өдрөөс эхлэн тооцохоор байгаа юм. Зээлийн гэрээний 3.4-т “Хэрэв зээлдэгч тал Зээлдүүлэгч талын байгуулсан зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон хүлээн авах гэрээний талаар маргаан үүсгэвэл Зээлдүүлэгч тал нь С ХХК-д зээлийн гэрээний зээлийн дүн, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг шилжүүлж болно” гэж заасны дагуу С ХХК нь зөвхөн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байж болох юм.

Нэхэмжлэгч 2014.11.03-ны өдөр иргэн Д.Н, Э ХХК нарын хооронд байгуулагдсан “Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээ”-ээр зээлдүүлэгч талын эрхийг иргэн Д.Нд шилжүүлсэн. Тус гэрээ 2019.5.06-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байхад Э ХХК-д мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгч тал шаардах эрхээ 2019.5.13-ны өдөр Д.Нгаас буцаан шилжүүлсэн байдаг. Талууд “Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээ”-г 3  талын оролцоотойгоор байгуулсан атлаа 2019.05.08-ны өдөр “Шаардах эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болгосон” актыг иргэн Д.Н нь С ХХК-тай хийж дуусгавар болгосон нь үндэслэлгүй юм. Хариуцагч тал нэхэмжлэлээс зээлийн үндсэн хүүгийн зөрүү 8 657,53 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 79 000 ам.доллар, алданги 1 316 000 ам.доллар, нийт 1 403 657,53 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар 3 717 909 809 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул дээрх төгрөгийг хасч хэргэсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 10 666 435 710 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар хариуцагч Э ХХК-иас шаардаж байна.

 

            Хариуцагч Э ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээлийн тооцоолбор дээр алдаа гарсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 01  дугаар “Зээлийн гэрээ” байгуулж 2 000 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, нэг сарын 1,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 1 сарын 20 хувиар зээлдүүлэхээр тохиролцож, мөн өдрөө №02 дугаар “Барьцааны гэрээ” байгуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо .... тоот хаягт байршилтай 731,6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204046119 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 000230621 тоот гэрчилгээгээр баталгаажсан, сургуулийн зориулалттай барилгыг барьцаалан гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх ба зээлийн гэрээний зүйл болох 2 000 000 ам.долларыг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч хүлээн авсан үйл баримтад маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй байхаар заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Зохигчид 2014.3.31-ний өдөр 01 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, үүний дараа 2014.11.03-ны өдөр 4 дугаартай “Зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай” гэрээг Зээлдүүлэгч талаас Д.Н, С ХХК зээлдэгч талаас Э ХХК нар байгуулж, тус гэрээний 1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Энэхүү гэрээний дагуу А тал нь Б талаас С болон Э ХХК-ийн хооронд 2014 оны 3 сарын 31-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу эдлэх Зээлдүүлэгч талын эрхийг шилжүүлэн авахаар тохиролцож энэхүү гэрээг А болон Б тал нь Зээлдэгч талтай байгуулсан болно” гэж мөн гэрээний 3 дах хэсэгт “С болон Зээлдэгч талын хооронд байгуулсан энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан Зээлийн гэрээ нь энэхүү гэрээний үндэс болж хүчин төгөлдөр хэвээр үйлчилж талууд үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно. Энэхүү гэрээгээр зохицуулаагүй асуудлыг энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан Зээлийн гэрээ болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр зохицуулна” гэж харилцан тохиролцож байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч С ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээг үндэслэн эрх хүлээн авагч Д.Н 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаартай Зээлийн гэрээ сунгах тухай нэмэлт гэрээ байгуулан Э ХХК-иас анз нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж заасан байх тул 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 01  дугаар “Зээлийн гэрээ”-ний эрх, түүнийг хангах арга Д.Нд шилжсэн байхад 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай Зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээ байгуулан анз буюу нэмэлт шаардах эрхийг бий болгосон уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.

 

2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болгосон актыг үйлдэн,  Д.Н 2014.11.03-ны өдөр 4 дугаартай “Зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай” гэрээгээр шилжүүлж авсан 2014.3.31-ний өдөр 01 дугаартай Зээлийн гэрээний шаардах эрхээ буцаан С ХХК-нд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх тул 2014.3.31-ний өдрийн 01 дугаартай зээл болон барьцааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. /х.х-ийн 32 дугаар хуудас/

 

Иймд хариуцагчаас 2014.3.31-ний өдөр 01 дугаартай Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2 000 000 ам.доллар, хүү 360 000 ам.доллар /2014.03.31-2015.04.30 хүртэл 1 сарын 30 000 ам.доллар нийт 12 сар 360 000/, нэмэгдүүлсэн хүү 72 000 ам.доллар /360 000 ам.долларын 20 хувьтай тэнцэх / нийт 2 432 000 ам доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар 1 ам.доллар 2 648.73 төгрөгөөр тооцон 6 441 711 360 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар зээлдэгчийн өмчлөлийн Ү-2204046119 тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоот сургуулийн зориулалттай 713,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг  барьцаалахаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 10-12 дугаар тал/

 

         Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ...” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2014 оны 3 дугаар  сарын 31-ны өдөр байгуулсан 02 дугаартай барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

 Мөн Барьцааны зүйл болох эд хөрөнгийг  өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагджээ. /х.х-ийн 14 дүгээр тал/ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2., 9.4.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй байна.

 

  Иймд  Э ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 6 441 711 360 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 4 224 724 350 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 6 441 711 360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгож,   нэхэмжлэлийн шаардлагаас 4 224 724 350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1,  453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар хариуцагч Э ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ү-2204046119 тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоот сургуулийн зориулалттай 713,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 560 329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас   32 366 507  төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                              Ц.ОЮУНБИЛЭГ