Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0738

 

 

 

 

 

 

 

 

                                        А.Л-ийн нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П

Нэхэмжлэгч: А.Л

Хариуцагч: БОАЖЯ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 756 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч А.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0331/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Л-аас БОАЖЯ-нд холбогдуулан “Газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08/1111 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 756 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Л-аас БОАЖЯ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08/1111 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуучлалын яаманд даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амын хязгаарлалтын бүсэд зуслангийн зориулалтаар 0,096 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон. Түүний газар ашиглах эрх 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон.

3.2. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоно.

3.3. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргахдаа хамгаалалтын захиргааны санал аваагүй мөн ирүүлсэн материал нь дутуу учраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаарх тайлбарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/2979 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.

3.4. Үүнээс хойш нэхэмжлэгч нь хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч хүсэлтдээ Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөр төлсөн баримт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэсэн баримт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн тайлан, гэрээ дүгнэсэн акт зэрэг материалыг ирүүлээгүй, материалын бүрдүүлбэр дутуу байсан учраас яамнаас зохих хариуг тухай бүр хүргүүлсэн.

3.5. Нэхэмжлэгч А.Л-ийн газар ашиглах эрх дуусгавар болсон байхад түүний газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх нь Зөвшөөрлийн тухай хуульд заасантай нийцэхгүй. Анхан шатны шүүх хариуцагчид хуулиас давсан шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын журмаар зохион байгуулж, шийдвэрлэх зохицуулалттай.

3.6. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу газар олгох журамтай. Гэтэл нэхэмжлэгч нь анх дээрх газрыг зуслангийн зориулалтаар ашиглах эрхийг авсан боловч уг эрхийн хугацаа дуусгавар болсон байна Иймд нэхэмжлэгч нь хуулийн дээрх зохицуулалтад заасны дагуу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргах естой байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 756 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч А.Л-аас БОАЖЯ-нд холбогдуулан “Газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08/1111 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Л-д Хан-Уул дүүрэг, Нүхтийн аманд байрлах Богдхан уулын дархан цаазат газарт зуслангийн зориулалтаар 0,096 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон.

4. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан “...миний бие 2021 оны 05 сарын 13-ны өдөр корона вирусын халдвар авч тусгаарлагдсан байсан учир хүсэлтээ гаргах боломжгүй байсан. Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж газар ашиглах эрхийг сунгаж өгнө үү” гэх хүсэлт гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/2979 дүгээр албан бичгээр “...хамгаалалтын захиргааны саналгүйгээр хугацаа сунгах боломжгүй, ...улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газрын төлбөрийг улсын төсөвт төлсөн тухай баримт, ...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ ...гэх мэт материалыг бүрдүүлэн ирүүлэх шаардлагатай” гэх хариуг хүргүүлжээ.

5. Үүний дараа нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан “...Богдхан уулын хамгаалалтын захиргааны санал дутуу байна гэсний дагуу хамгаалалтын захиргааны саналыг авсан. Иймд газар ашиглах эрхийг сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус сайдын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/5913 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд дээрх зөрчилтэй холбоотой тайлбар, санал, нотлох баримтуудыг ирүүлэх тохиолдолд ...хамгаалалтын захиргаанд хандана уу” гэжээ.

6. Нэхэмжлэгчээс дээрх албан бичгийн талаар шүүх хуралдаан гаргасан тайлбартаа “...газар сунгуулах хүсэлтээ өгөхдөө бүх материалаа өгсөн. Мөн газар дээрээ 2018 оноос хойш хашаа барьж, бохирын сефтик байрлуулж, гүний худаг гаргуулан 2 үл хөдлөх хөрөнгө барьсан” гэж тайлбарлаж байх боловч дээрх үйл баримт нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн фото зургаас өөрөөр хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

7. Тодруулбал, сайдын 2021 оны 01/5913 дугаар албан бичигт заасны дагуу зөрчилтэй холбоотой нотлох баримт, тайлбар, санал зэргийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй, мөн маргаан бүхий газарт хэзээ хашаа барьж, бохирын сефтик байрлуулж, гүний худаг гаргуулан үл хөдлөх хөрөнгө барьсан талаарх үйл баримтууд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх холбогдох баримтуудыг цуглуулж, дээрх албан бичиг гарах үед маргаан бүхий газраа хуульд заасны дагуу ашиглаж байсан эсэх нөхцөл байдлыг тодруулах, мөн нэхэмжлэгчийн хэзээ гаргасан, ямар хүсэлтийг үндэслэн сайд 2023 оны 08/1111 тоот албан бичгийг гаргасан талаар холбогдох баримтуудыг цуглуулах шаардлагатай.

8. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нэхэмжлэгчээс гаргаж өгсөн фото зургууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхээс маргаан бүхий газарт газрын үзлэг хийснээр бодит нөхцөл байдлыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.1-т “захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж ялгавартайгаар хуульчилсан.

10. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжлэгч нь тухайн захиргааны байгууллагад уг асуудлаар урьдчилан хандсан, хариуцагчаас захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох боломжтой, харин хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд тухайн захиргааны акт нь хууль бус байхыг шаардана.

11. Хэрэг маргааныг шүүх шийдвэрлээд гаргах боломжтой шийдвэрийн төрлийг зааж хуульчилсан дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл шүүх тухайн захиргааны акт хууль бус, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон гэсэн хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгох бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08/1111 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

12. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулалгүй, маргааны үйл баримтыг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан тайлбарлалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй  байна

13. Учир нь нэхэмжлэгч А.Л нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ...газрын эрхийг сунгаж өгөхийг даалгуулах байрь суурьтай байна” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх нь бүрэн сэргэх эсэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан аль шийдвэрийг гаргуулах нь тодорхойгүй байх тул мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл агуулгыг тодруулсны үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

14. Нэгтгэн дүгнэвэл, энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хэргийг хянах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тодорхойлуулж, маргаан бүхий газарт хэзээ хашаа барьж, бохирын сефтик байрлуулж, гүний худаг гаргуулан үл хөдлөх хөрөнгө барьсан талаар холбогдох баримтуудыг цуглуулах, мөн маргаж буй газарт үзлэг хийж, бодит нөхцөл байдлыг тодруулах, сайдын 2021 оны 01/5913 дугаар албан бичигт заасны дагуу зөрчилтэй холбоотой нотлох баримт, тайлбар, санал зэргийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн эсэх, нэхэмжлэгчээс хэзээ гаргасан, ямар хүсэлтийг үндэслэн 2023 оны 08/1111 тоот албан бичгийг гаргасан” зэрэг үйл баримтыг тодруулж, хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдолтой баримтуудыг цуглуулсны үндсэн дээр маргааныг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 756 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                         З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН