Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 134/ШШ2018/00069

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

ИТХ-ийн нэхэмжлэлтэй,

А.Д-д холбогдох нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н , түүний өмгөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Э т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

    Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Д  нь сумын ИТХ аймгийн Прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн гэж албан бичгийг сумын Засаг даргын Тамгын газрын жижүүр Д.О хүлээн авсан гэх бөгөөд тус албан бичгийг ирсэн албан бичгийн бүргэлд бүртгэж, хадгалаагүй мөн ИТХ дарга Ц.Э танилцуулаагүйн улмаас тус албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлээгүй тул 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу сумын ИТХ ажлын алба 1000 /нэг мянга/ нэгж буюу 1 000 000 төгрөгөөр торгуулж байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учрахад хүрээд байна. Иймээс тус хохирлыг Шивээговь сумын ИТХ хугацаандаа ажлын хариуцлага алдаж, байгууллагад их хэмжээний хохирол учрахад хүргэсэн иргэн А.Д гаргуулан авч сумын ИТХ хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод ажилтай явж байхад Аймгийн прокурорын газраас хүн залгаж танай байгууллагад хариутай албан бичиг явуулсан, одоогоор хоёр хоног хэтэрсэн байна гэсэн. Би ямар учиртай албан бичиг юм бэ гэж тодруулахад, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайлангаа ирүүлнэ үү гэсэн албан бичиг байсан гэж хэлсэн. Би тийм албан бичиг одоогийн байдлаар хараагүй байна, нарийн бичгийн даргаас тодруулаад хариу өгье гэж хэлсэн. Тэр доор нь би нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж байсан ажилтан руу залгаж прокуророос над руу ярилаа, тийм албан бичиг ирсэн гэж байна бичиг хэргийн бүртгэлд үзээрэй гэж шалгуулсан боловч А.Д ажиллаж байсан үед бүртгэгдээгүй байсан учраас би прокурорт тийм албан бичиг аваагүй байна гэж хэлэхэд прокуророос танай жижүүр авсан байна. Жижүүр танд өгсөн гэж надад хэлсэн. Би жижүүр лүү залгаж тодруулж чи надад бичиг өгөөгүй андуурсан юм уу гэхэд жижүүр өө нээрээ би А.Д нарийн бичигт тав дахь өдөр ажил тараад гарах гэж байхад нь өгсөн гэж хэлсэн. Тэгээд би прокурорт А.Д холбоотой асуудал байна А.Д уулзаж байгаад эгүүлэн хариу өгье гэж хэлсэн. Ажил дээрээ ирээд би аймгийн прокурорын газар луу бичиг явуулж, одоогоор би ямар нэгэн бичиг аваагүй байна. Манай өмнө нь ажиллаж байсан нарийн бичиг дарга А.Д гэдэг хүн авсан байна. Танай байгууллагаас тухайн бичгээ дахин явуулна уу гэсэн хариутай албан бичиг хүргүүлсэн.Тэгэхэд аймгийн прокурорын газраас хэргийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн учраас хариу өгөөгүй. Шивээговь сумын Цагдаагийн ахмад Б.З хэрэг шалгасан. Хэрэг шалгах үед бүх зүйл тодорхой болсон. Тэгэхэд А.Д нарийн бичгийн дарга албан бичгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хууль бус хуралдаанд А.Д нь оролцсон учир 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Тухайн үед надад бичгийг танилцуулах боломжтой байсан. Би одоо болтол тухайн бичиг ямар бичиг байсныг үзээгүй явж байна. Би цагдаад болсон бүх үнэнээ хэлсэн. А.Д мөн үнэнээ хэлсэн байсан. Цагдаагаас манай байгууллагад шийтгэл ногдуулсан, яагаад гэхлээр А.Д нь тухайн байгууллагад ажиллаж байсан байна, та тухайн хүнтэйгээ та хариуцлага тооцох хэрэгтэй, хуулийн хүрээнд танай ажлын албан дээр торгууль ногдуулж байна гэж торгууль тавьсан. Торгуулийг хүлээн аваад, би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

   Хариуцагч А.Д шүүхэд гаргасан тайлбартаа:

   А.Д миний бие нь 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Шивээговь сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 15-ны /баасан гараг/ орой ажил тарсан хойно өрөөнөөс гарах гэж байхад Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын жижүүр Д.О аймгийн прокурорын газраас ирсэн дугтуйтай албан бичиг өгсөн. Уг бичгийг өрөөндөө үлдээгээд 2017 оны 12 дугаар сарын 18 /даваа гараг/-ны өглөө ажилдаа ирэн задалж үзэхэд хугацаа урттай хариутай бичиг байсан. 2017 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүд амралтын өдөр. Энэ 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тогтоолуудыг Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч А.Б, Л.А, төлөөлөгч Г.А нарын хамт хэвлэн бэлтгэж байхад ИТХ-ын дарга Ц.Э нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №80 “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоол өгсөн. Тэгээд наад хийж байгаа зүйлээ больцгоо гээд компьютерын процесорыг салган авч өрөөндөө оруулсан. Намайг мөн ажлаас халагдсан учир яв гэж хөөсөн. Ингээд прокурорын албан бичиг болон “Шивээ Овоо” ХК-иас ирүүлсэн 2 албан бичгийг бүртгээгүй ажлаас халагдсан. Энэ 2 албан бичиг ажлын өрөөний ширээн дээрх бичиг баримтуудтай үлдсэн.

2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Шивээговь сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ахмад Б.З утасдаж хэсэг дээр ирж байцаалт өгнө үү гэж дуудахад нь очиход мөн дээрх аймгийн прокурорын газраас ирүүлсэн албан бичгийн талаар аймгийн прокурорын газраас сумын Цагдаагийн хэсгийг ИТХ-ын ажлын албыг шалгах үүрэг өгөгдсөний дагуу надаас тус прокурорын албан бичгийн талаарх байцаалт авсан. 2017 оны 12 дугаар сарын 19-нд миний оронд Шивээговь сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Н томилогдон шууд ажлаа хийж эхэлсэн. /ажлаа хүлээж авалгүйгээр/ ИТХ-ын дарга Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болон түүнээс хойш 2 удаа ажилдаа ирж хүлээлгэж өг гэж хэлсэн. Би ажлаа хүлээлгэж өгөөгүй, яагаад гэвэл үндэслэлгүй халагдсан учраас зохих газарт нь гомдол гаргасан, үнэхээр хуулийн дагуу халагдсан нь тогтоогдвол ажлаа хүлээлгэж өгнө гэсэн. Миний бие нь Шивээговь сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №80 “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэн 2017 оны 12 дугаар сарын 20-нд Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл гомдлыг шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №05 тоо албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар “Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн тухай” тогтоолыг ирүүлсэн. Иймд, миний бие аймгийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн гэж албан бичгийг танилцуулах боломж олгоогүйн ажлаас халагдаж, А.Н томилогдон шууд ажилласан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2017 оны 12 дугаар сарын 15-ны орой ажил тарж байхад О бичиг авсан гэж хэлсэн. Бичгийг аваад ширээн дээрээ үлдээсэн. Хагас, бүтэн сайн дамжиж нэг дэх өдрийн өглөө 10 цагаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай байсан учраас хуралд бэлдээд тухайн бичгийг даргад танилцуулж  амжаагүй. Маргааш өдөр нь буюу 19-ний өдөр ажлаас чөлөөлж хөөсөн. Тухайн өглөө хоёр бичиг ирсэн байсан. Задалж үзээд удаан хугацаатай бичиг байхаар нь үзүүлнэ гэсэн байдлаар цааш тавьсан байсан. Ширээн дээр байсан тухайн бичиг алга болсон гэдэг зүйл хэлж байгаа. Тэгвэл яагаад “Шивээ Овоо” ХК-ийн бичиг байгаа мөртлөө прокурорын бичиг алга болж байгаа юм бэ, энэ бичиг алга болох үндэслэл байхгүй. Хэрвээ алга болсон бол ажлаас халсан дарга, шинээр орсон ажилтан хоёр тухайн бичгийг хариуцах ёстой гэж үзэж байна. 19-ний өдөр намайг ажлаас халж хөөгөөгүй байсан бол би танилцуулах байсан. Надад бичиг танилцуулах боломж олгоогүй гэж хэлж байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцож байгаа А.Д хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажлын хариуцлага алдсаны улмаас Зөрчлийн хэрэг үүсгэж 1 000 000 төгрөгөөр торгуулсан төлбөрийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. А.Д нь тухайн бичгийг ажил тарж байхад хүлээн авсан учраас бүртгэх боломж байгаагүй, дараагийн хоёр өдөр нь амралтын өдөр байсан. Мөн 12 дугаар сарын 18-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралтай байсан учраас тухайн өдөр хуралд  бэлтгээд танилцуулах боломж байгаагүй. Гэхдээ тухайн бичгийг ямар албан бичиг байгааг задалж харсан. Зайлшгүй шаардлагын улмаас буюу хуралд бэлтгэж завгүй байсан учраас бүртгэх боломж байгаагүй. Тухайн ээлжит бус хуралдаан нь 21 цаг 59 минутад хаасан байдаг. Ажлын цаг дууссан учраас мөн тухайн өдөр бүртгэж эрх бүхий албан тушаалтанд танилцуулах боломж байгаагүй. Ийм тодорхой шалтгаануудын улмаас бүртгэж танилцуулах боломж олгогдоогүй. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А.Д ажлаас халах тухай тогтоол гарсан. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халах тогтоол гардуулсан, тийм учраас ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломж байхгүй учраас ажлын байрнаасаа гарсан байдаг. Төрийн алба нь өөрөө залгамж шинж чанартай байдаг. А.Д ажлаас чөлөөлж үүрэг гүйцэтгэгчээр Н гэх хүнийг томилсон.

А.Д хувьд ажлын байрнаас хөөгдөж гарахдаа ямар нэгэн албан бичиг авч гараагүй, бүх бичиг баримт ширээн дээр үлдсэн гэж хэлдэг. Төрийн алба залгамж шинж чанартай учраас Н тухайн бичгийг бүрэн хариуцах ёстой. Тухайн албан бичгийг А.Д алга болгож үрэгдүүлсэн гэдэг зүйл байхгүй байгаа. Зөрчлийн хэрэг нээж тухайн хэрэг маргааныг холбогдох байгууллагаас шалгасан байдаг. Энэ талаар гэрч О тодорхой мэдүүлэг өгсөн. Тухайн бичгийг 15-ны өдөр ажил тарж байх үед хүлээн авсан. 16-наас 17-ны өдөр амралтын өдөр, 18-нд хурлын өдөр, 19-нд ажлаас халагдсан. Ийм учраас танилцуулах ямар ч боломж бололцоо олгогдоогүй байна. Зөрчлийн хэрэг шалгахдаа тухайн албан хаагч албан бичгийг хаяж үрэгдүүлсэн гэдэг зүйл шалгаагүй, харин гэмт хэргийн талаар урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажлын хүрээнд байгууллагад хариуцлага оногдуулсан асуудал юм. Хэрвээ ямар нэгэн байдлаар А.Д буруутай үйлдэл байгаа бол Зөрчлийн хуулиар иргэн болон байгууллага хамтран хариуцлага хүлээлгэх боломж байсан. Ийм учраас цагдаагийн байгууллагаас тухайн байгууллагад хариуцлага тооцсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын  төлөөлөгч Ц.Э нь хариуцагч А.Д холбогдуулан “... А.Д нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аймгийн прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирсэн бичгийг “Ирсэн албан бичиг”-ийн бүртгэлд бүртгэж, хадгалаагүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад танилцуулаагүй, танилцуулах боломж байсан боловч танилцуулаагүйн улмаас байгууллагад нийт 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан тул үүнийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч А.Д нь “... миний бие нь аймгийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн гэх албан бичгийг танилцуулах боломж олгоогүй ажлаас халагдаж, А.Н томилогдон шууд ажилласан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч А.Д нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болох нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 80 дугаар тушаал /хх-47/, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтаар нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс “... А.Д нь ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдсаны улмаас байгууллагад хохирол учруулсан тул А.Д 1 000 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж тайлбарлаж байгаа тул шүүх  талуудын хоорондын маргааныг хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “төрийн захиргааны албан тушаалд  ... дараахь албан тушаал хамаарна”, 7.1.11-д “... аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал” хамаарах тул А.Д нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн болно.

Хариуцагч А.Д нь аймгийн прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирсэн бичгийг “Ирсэн албан бичиг”-ийн бүртгэлд бүртгэж, хадгалаагүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад танилцуулаагүй, танилцуулах боломж байсан боловч танилцуулаагүй буруутай гэж нэхэмжлэгч тайлбарлаж, гэрчүүд мэдүүлж байгаа боловч ажилтан үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүргийг гүйцэтгээгүй, үүний улмаас ямар хариуцлага хүлээх үндэслэлтэй гэдгийг шүүх дүгнэх боломжгүй байна.

Учир нь, хавтаст хэрэгт түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт авагдаагүй, хариуцагчийн өмгөөлөгчөөс үр дүнгийн гэрээг даргад өгсөн гэж манай үйлчлүүлэгч хэлсэн, өөрт нь байхгүй гэж, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч уг нотлох баримт нь манай архивт байхгүй, олдохгүй байгаа гэж тус тус тайлбарласан, зохигч хэн аль нь энэ талаарх нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргаагүй, зохигч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заажээ. 

Түүнчлэн, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэсэн ба нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын болон үр дүнгийн гэрээ байгуулсан гэх боловч энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар ажилтан нь өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд ажилтны буруутай үйл ажиллагаа, үүний улмаас байгууллагад учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь үр дүнгийн гэрээ болон бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр хохирлыг арилгуулахаар ажилтнаас шаардах эрхтэй юм.

Иймд, Хөдөлмөрийн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэснийг үндэслэн А.Д 1 000 000 төгрөг гаргуулах тухай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь хавтаст хэрэгт авагдсан “Ирсэн баримт бичиг”-ийн бүртгэл нь прокурорын газраас ирсэн албан бичгийг бүртгээгүй гэдгийг нотолно гэж тайлбарлах боловч дэс дугаарын 32-д 12 дугаар сарын 14-ний өдөр ирсэн бичгийг бүртгээд түүнээс хойш тухайн албан бичиг ирсэн, ирээгүй нь тодорхойгүй, ирсэн бичгийн бүртгэлийн нүүрэн хэсэгт 2016 он гэж бичсэн нь ойлгомжгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар А.Д хохиролд 1 000 000 /нэг сая / төгрөг гаргуулах тухай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.