Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/01521

 

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/01521

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ...дүгээр хороо, ... төвийн ... оршин байх, Х.О ББСБ ХХК \РД: ....\;

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Хасбаатарын гудамж, ... дүгээр байр, ... тоотод оршин суух, ... овогт .. .../РД: .../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 43,230,476 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.О.ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мгийн гаргасан тайлбарт: З.Ба нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Х.О.ББСБ ХХК-тай №00170014 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Д байрны 27 тоот 29 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь 19,700,000 төгрөгийн хүү төлсөн бөгөөд үндсэн зээл 40,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 2,720,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,477 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 43,230,476 төгрөгийг хариуцагч З.Баас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч мөнгөн төлбөрийн шаардлагыг сайн дураараа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Бын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: З.Ба миний бие Х.О.ББСБ ХХК-иас зээл авсан болно. Би эргэн төлөлтөд 19,700,000 төлсөн байхад үндэслэлгүйгээр 43,230,476 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 40,353,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин илүү нэхэмжилж буй 2,877,476 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэт оргил ББСБ ХХК нь хариуцагч З.Бад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,230,476 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.О ББСБ ХХКнь хариуцагч З.Батай 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулж, 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж, З.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Д байрны 27 тоот, 29 м/кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.1-д Сарын хүү 4 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан гэрээний 2.1.3-д Нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.О ББСБ ХХКнь гэрээний эргэл төлөлтийн график зөрчигдсөн үеэс буюу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон бөгөөд тухайн өдрөөс хойш нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлд 40,000,000 төгрөг, үндсэн хүүнд 2,720,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 490,477 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 43,230,476 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч З.Баас 43,230,476 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О.ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00170014 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ... нэхэмжлэлийн шаардлагаас 40,353,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин илүү нэхэмжилж буй 2,877,476 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан боловч ямар үндэслэлээр 2,877,476 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа, татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч З.Баас 43,230,476 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.О.ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00170014 тоот барьцааны гэрээний 2.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн ...дугаар хороо, ... дугаар хороолол, ...дугаар байрны ... тоот, .. м.кв талбай бүхий орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 444,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 444,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР