Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1563

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

“ХО” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/01521 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХО” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Б-ад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 43 230 476 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Нэхэмжлэгч “ХО” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Б-а нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай компанитай 00170014 тоот зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-Д байрны 27 тоот 29 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь 19 700 000 төгрөг төлснөөс зээлийн  хүүд 18 826 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 873 333 төгрөг суутган тооцсон. Одоо үндсэн зээл 40 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 2 720 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470 477 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 43 230 476 төгрөгийг хариуцагч З.Б-аас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч З.Б-а шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.Б-а миний бие “ХО” ХХК-аас зээл авсан болно. Би эргэн төлөлтөд 19 700 000 төлсөн байхад үндэслэлгүйгээр 43 230 476 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 40 353 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин илүү нэхэмжилж буй 2 877 476 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч З.Б-аас 43 230 476 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХО” ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00170014 тоот барьцааны гэрээний 2.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-д дугаар байрны 27 тоот, 29 м.кв талбай бүхий орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 444 302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 444 302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

            Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар "... ямар үндэслэлээр 2 877 476 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа, татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй” гэжээ. Хариуцагч "зээлийн гэрээ" байгуулж “ХО" ХХК-аас 40 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэнтэй маргадаггүй. Сард 1 600 000 төгрөг төлөх ёстой бөгөөд 12 сард 19 200 000 төгрөг төлөх байснаас 19 700 000 төгрөг төлөгдсөн. Хариуцагч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаас 40 353 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 2 877 476 төгрөгийг зөвшөөрдөггүй. “ХО" ХХК нь үнэхээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй, мөн 19 700 000 төгрөг хүүнд нь төлчихөөд байхад үндсэн зээлээсээ ч хасагдахгүй дээр нь мөнгө нэмснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасан "...хариуцагч З.Б-аас 43 230 476 төгрөгийг гаргуулж..." гэснийг “40 353 000 төгрөг” болгон өөрчилж үлдэх 2 877 476 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “ХО" ХХК нь хариуцагч З.Б-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43 230 476 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснээс хариуцагч 40 353 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

            Талууд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч  “ХО" ХХК нь зээлдэгч З.Б-ад 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор З.Б-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Д байрны 27 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна. /хх-7-12 дахь тал/ Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүрэг үүссэн гэж зөв дүгнэжээ. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Дээрх гэрээний дагуу З.Б-а нь “ХО” ХХК-иас 50 000 000 төгрөг шилжүүлсэн авсан, мөн зээлийн үүргээс 19 700 000 төгрөг төлсөн үйл баримтад хэн аль нь маргаангүй. Харин хариуцагч, гүйцэтгэсэн үүргээс зээлийн өр суутган тооцсон дарааллын талаар маргаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Талууд гэрээний хавсралтаар зээл, зээлийн хүү төлөх хуваарийг баталж, гэрээний 4.2.2-т зааснаар зээлдэгч нь уг хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хуваарь зөрчсөн өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-д заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээхээр тохиролцжээ. /хх-7, 8 дугаар хуудасны ар тал/

Хэргийн 3 дахь талд авагдсан зээл тооцооллын хүснэгтээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд төлсөн 10 200 000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүүд суутган тооцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд хамаарахгүй, харин гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 9 500 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаагүйг дээрх зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Хариуцагч З.Б-а нь зээлийн хуваарийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл зээлийн хүү төлөх, энэ өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үндсэн зээлд сар бүр 5 714 286 төгрөг, ногдох хүүгийн хамт төлөх үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээний хавсралт, зээлийн эргэн төлөлтийн тооцоо зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-3, 9 дүгээр хуудасны ар тал/

 Иймд хариуцагчийн төлсөн 10 200 000 төгрөгөөс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл 5 714 286 төгрөгөөс тооцон 320 000 төгрөг /5 714 286 х 0.8%=45 714 х 7 сар=320 000/ хасч, үлдэх 9 880 000 төгрөгийг гэрээний хугацаанд төлөх ёстой хүү болох 19 200 000 төгрөгөөс хасвал 9 320 000 төгрөгийн хүү төлөгдөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү шаардаж буй нь үндэслэлтэй тул түүнээс 2018 оны 3 дугаар сарын 13-наас 23-ны өдрийг хүртэл 10 хоногийн хүүд 1 066 660 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 106 667 төгрөг, мөн сарын 23-наас нэхэмжлэл гаргасан өдөр буюу 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 28 хоногийн хүүд 1 138 666 төгрөг /30 500 000 х 4 %/, нэмэгдүүлсэн хүү 244 000 /30 500 000 х 0.8%/ төгрөгийг тус тус тооцон гаргуулах нь зүйтэй. Харин хариуцагч З.Б-ын гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 9 500 000 төгрөгийг үндсэн зээлийн үүргээс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч З.Б-аас үндсэн зээл 30 500 000 төгрөг, зээлийн хүүд 11 525 326 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 350 667 төгрөг, нийт 42 375 993 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХО” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 854 483 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдод хуваарилан хариуцуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийн нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлаагүйг хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч “ХО" ХХК банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь хэргийн 13-14 дэх талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байх тул хариуцагчийн энэ талаар гаргаж буй давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/01521 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт  заасныг баримтлан хариуцагч З.Б-аас 42 375 993 төгрөг гаргуулан  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХО” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 854 483 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-д дугаар байрны 27 тоот, 29 м.кв талбай бүхий орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, 3 дахь заалтын “ хариуцагчаас 444 302” гэснийг “хариуцагчаас 369 829” гэж тус тус нэмж өөрчлөн, “4, 5, 6” гэж дугаарласныг “3, 4, 5” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ

           

                                         ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Ч.ЦЭНД