Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0678

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: ЭМЯ.

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэгт 100 ортой эмнэлгийн барилгын зураг төслийн зохиогч “ЭТЗ” ХХК-ийн 2018 онд боловсруулж, Барилгын хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8 058 258 679 төгрөгөөр батлагдсанаас гэрээ байгуулсан 6 356 000 000 төгрөгийг хасч үлдэгдэл 1 702 258 279 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа ЭМЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.С, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, Ж.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мх, иргэдийн төлөөлөгч Э.А нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК  нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, түүний үндэслэлдээ: “Манай  компани нь 2013 онд Дорноговь аймгийн худалдаан авах ажиллагааны газраас зарлагдсан СТШ-НТШ-04/2013 тоот “Сумын төвийн  шинэчлэлт” төслийн хүрээнд Зам-Үүд суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерт зохих журмын дагуу 4,273,670,058,00 /дөрвөн тэрбум хоёр зуун далан гурван сая зургаан зуун далан мянга тавин найм/ төгрөгийн үнийн саналтай оролцож Дорноговь аймгийн Засаг дарга болон Худалдан авах ажиллагааны газрын тавьсан саналыг үндэслэж 4 056 000 000 00 /дөрвөн тэрбум тавин зургаан сая/ төгрөгөөр гэрээ  байгуулж, барилга угсралтын ажлаа эхлүүлсэн.

Бид тухайн үед гадаад валютын ханш /2013.07.10-ны өдрийн Монгол банкны ханш 1 ам.доллар 1462.72 төгрөг, 1 юань 238,45 төгрөг байсан. Засгийн газрын барилгын материалуудын үнэ тогтворжуулах хөтөлбөр явагдаж байсан учир материал болон тээврийн зардлыг тогтвортой байна гэж тооцон тус гэрээт ажлыг гүйцэтгэх нийт машин, механизмын зардлаа 84 хувиар бууруулж 16 хувиар, мөн ашгаа 5 хувиар тооцон 4, 273,670,058 /дөрвөн тэрбум хоёр зуун далан гурван сая зургаан зуун далан мянга тавин найман/ төгрөгийн төсөвт өртгөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэх үнийн саналтай тооцож тендерт оролцож байсан.

Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтүүдийг захиалагч талаас удаа дараа хугацаанаас дараах байдлаар хоцроож санхүүжүүлж байсан. Үүнд:

1. Гүйцэтгэл №1. 2013 оны 07 дугаар сарын 29-нд баталгаажсан боловч 2013 оны 09 дүгээр сарын 11-нд 1 000 000 000 00 /нэг тэрбум/ төгрөг орж 29 хоногоор 2013 оны 10 дугаар сарын 02-нд 133 168 446 00 /нэг зуун гучин гурван сая нэг зуун жаран найман мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг орж 49 хоногоор,

2. Гүйцэтгэл №2 2013 оны 11 дүгээр сарын 12-нд баталгаажсан боловч мөн хоёр хувааж 2013 оны 12 дугаар сарын 12-нд 750, 362, 043 00  /Долоон зуун тавин сая гурван зуун жаран хоёр мянга дөчин гурван/ төгрөг орж 16 хоногоор, 2013 оны 12 дугаар сарын 31-нд 400 000 000 00 /дөрвөн зуун сая/ төгрөг орж 34 хоногоор,

3. Гүйцэтгэл №3 2013 оны 12 дугаар сарын 18-нд баталгаажсан боловч 2014 оны 03 дугаар сарын 14-нд 385 937 230 00 / гурван зуун наян таван сая есөн зуун гучин долоон мянга хоёр зуун гучин/ төгрөг орж 71 хоногоор,

4. Гүйцэтгэл №4. 2014 оны 08 дугаар сарын 02-нд баталгаажсан боловч 2014 оны 12 дугаар сарын 30-нд 528,210,346.00 /Таван зуун хорин найман сая хоёр зуун арван мянга гурван зуун дөчин зургаа / төгрөг орж 137 хоногоор тус тус хоцорч санхүүжилтүүд олгогдож байсан.

Дээрхи санхүүжилтүүд хугацаандаа хийгдээгүйгээс Барилга угсралтын ажлын гэрээ 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Сумын төвийн шинэчлэлт” төслийн хүрээнд Замын-Үүд суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн СТШ-НТШ-04/2013 тоот гэрээг дүгнэхэд 4 давхрын угсралтын ажил дуусаж хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулж угсралтын ажлыг түр зогсоогоод байна. Гүйцэтгэлээр угсралтын ажлын 70 гаруй хувь хийгдэж 1,883,500,000,00 /нэг тэрбум найман зуун наян гурван сая таван зуун мянга/ төгрөгийн буюу 46,4%-ийн санхүүжилт хийгдсэн байна.

Тус барилгыг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ашиглалтанд оруулах гэрээтэй хэдий үе шатны ажлуудын гүйцэтгэлийн санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгө оруулалтыг Сангийн яам хугацаандаа хийгээгүй, хүйтний улирал эхэлсэн, 2013 онд төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтаас үлдэгдэл санхүүжилт 2014 онд шилжсэн зэргээс шалтгаалж гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “А” ХХК-тай байгуулсан НТШ-04/2013, НТШ-04/2013-01 тоот гэрээг дүгнэхэд “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй тус эмнэлгийн барилгын ажлын явцад БХТөвөөс хяналт шалгалт хийж Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гартал 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/266 тоот албан бичгээр барилгын ажлыг зогсоосны дагуу тус эмнэлгийн барилгын ажил 2014 оны 07 дугаар сараас хойш барилгын ажил огт хийгдээгүй, мөн нийт санхүүжилтийн үлдэгдэл 1,2 тэрбум төгрөгийг 2015 онд олгохоор шийдвэрлэсэн зэргээс үүдэн барилга угсралтын ажлын гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгахаар, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Замын –Үүд суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “А” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэхээр байгуулсан НУШ-04/2013 тоот гэрээг дүгнэхэд барилгын ажлын явц 80 гаруй хувьтай хэрэгжиж, хийгдсэн ажлын гүйцэтгэлээр 171,3 сая төгрөгийн гүйцэтгэл баталгаажсан хэдий ч өнөөдрийн байдлаар санхүүжилт олгогдоогүй байна. Иймд тус компаниас ирүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн 53 тоот албан хүсэлтийг үндэслэн, улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаагаас шалтгаалж гүйцэтгэлийн санхүүжилт олгогдоогүй, 2015 онд санхүүжилт бүрэн батлагдаагүй ээрэг шалтгааны улмаас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгахаар, хамгийн  сүүлд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  СТШ-НТШ-04/2013/04 дугаартай “Дорноговь аймгийн Замын-Үүд    100 ортой эмнэлгийн угсралтын ажлын гэрээ“-г байгуулж гэрээт ажлыг дуусгах хугацааг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байхаар тохиролцож гэрээ дүгнэсэн актууд үйлдэж захиалагч гүйцэтгэгч талууд баталгаажуулж удаа дараа сунгагдсаар ирсэн ба нийг 76 хувийн санхүүжилт хийгдэж барилга угсралтын ажил нийт 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

2014 оноос хойш өдрийг хүртэл тус барилга угсралтын ажлыг Барилгын Хөгжлийн төвөөс зогсоож, Улсын төсөвт хөрөнгө суугдахгүй, барилгын гүйцэтгэлийн санхүүжилт огт хийгдээгүй байгаа ба Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд манай компани нь хэдийгээр 4,056,000,000.00/ дөрвөн тэрбум тавин зургаан сая/ төгрөгийн барилга угсралтын ажлын гэрээтэй боловч 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэл 5,296, 252,129,00 /таван тэрбум хоёр зуун ерэн зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга нэг зуун хорин есөн/ төгрөг болсон байна.

 Үүнээс улсын төсвөөс нийт 3,423,071,090.00 /гурван тэрбум дөрвөн зуун хорин гурван сая далан нэгэн мянга ерэн/ төгрөгийн гүйцэтгэл батлагдсанаас 171.153,555.00 /нэг зуун далан нэгэн сая нэг зуун тавин гурван мянга таван зуун тавин таван / төгрөг БХБЯам барьцаа санд авч үлдэж, 3,251,917,535.00 /гурван тэрбум хоёр зуун тавин нэгэн сая есөн зуун арван долоон мянга таван зуун хучин таван/ төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

   Өөрөөр хэлбэл барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, санхүүжилт урт хугацаагаар хоцорч 76 хувийн санхүүжилт хийгдэж барилгын гүйцэтгэл дуусах шатанд орсон байхад эрх бүхий захиргааны байгууллага талуудын хоорондын гэрээг сунгах үүргээ биелүүлэхгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсаар байна.

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “ХVIII.1.7 Сумын төвийн шинэчлэлт хөтөлбөрийг  хэрэгжүүлэх эмнэлэг 100 ор /Дорноговь, Замын-Үүд сум/ төсөл арга хэмжээний тухай ажлын хэсэг”-ийн хуралдаанаар талууд ойлголцож манай компанийг үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусгахаар болсон. Үүний дагуу “Дорноговь аймгийн Зам-Үүд сумын 100 ортой эмнэлгийн угсралтын ажлын гэрээний сунгалт” СТШ-НТШ-04/2013-04-126 дугаартай гэрээний сунгалтыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн талууд гарын үсэг зурсан.

 Анх нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад ЭМЯнаас “100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын нэмэлт гэрээ”-г байгуулж 2 300 000 000 төгрөгөөр нэмж олгохоор, нийтдээ 6 356 000 000 төгрөгийг олгох гэрээг байгуулсан.

Ийнхүү гэрээг байгуулснаар манай компани зүгээс Барилгын хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8 058 258 679 төгрөг батлагдсанаас, гэрээ ажлын гэрээ байгуулж санхүүжилт олгох шаардлагатай байгаа. Иймд манай компанийн нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү.

Харин АХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, ЭМЯанд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас дараах шаардлагуудаасаа татгалзаж байна. Үүнд:

1. ЭМЯны 2019 оны 11-р сарын 01-ний өдрийн 2/4962 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай'’ захиргааны актыг хүчингүй болгуулах,

2. Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9/6776 тоот Санал өгөх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагаасаа тус тус татгалзаж байна” гэжээ.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2019 оны өдий үед бас ийм зүйл болж байсан. Улсын төсөвт суулгах гээд ЭМЯ болон манай компаниас бичиг явсан. Сангийн яам ч гэсэн Улсын Их Хурал руу бичиг өргөн барьж байсан. Улсын төсөвт суулгах үүрэг нь ЭМЯ-нд байгаа бөгөөд эх үүсвэр байсан байгаагүй ч гэсэн Шүүх шийдчихсэн байхад хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээд явах боломжтой гэж харж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2013 онд Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж, зарлагдсан тендер сонгон шалгаруулалтад оролцож Замын-Үүд суманд баригдах 100 ортой хүн эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэхээр 4’056’000’000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. 2013, 2014 онуудад тодорхой хэмжээний санхүүжилтийг авсан бөгөөд 2015 оноос эхлэн 4-5 жилийн хугацаанд хойшлогдож гацсан. Анхны тендер сонгон шалгаруулалтыг барилгын зураг төсөл нь дутуу байхад зарласан байдаг. Бидний зүгээс барилгын зураг төслийг бүрэн болгож өгөхгүй бол 100 ортой эмнэлгийн барилга байгууламж барих боломжгүй талаар мэдэгдэж байсан. Анхнаасаа 100 болон 50 ортой эмнэлгийн зураг төслийг холиод тендер шалгаруулалтаа зарласан. Аливаа зураг төслийг дутуу, буруу байхад тендер зарлах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар хориотой. Гэвч 2013 онд Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны газар анх ийм нөхцөл байдалтай байхад тендер зарласантай холбоотойгоор өнөөгийн нөхцөл байдал үүсээд байгаа юм. 2018 онд бидний зүгээс тухайн үед хариуцаж байсан Дорноговь аймаг, Барилга, хот байгуулалтын яаманд удаа дараа шаардлага тавьсны эцэст 100 ортой эмнэлгийн барилгын зураг төслийг зурсан ЭЗТ ХХК-д хандан зураг төсөл бүтэн болгохтой холбоотой төсөв хөрөнгийг гаргаж зураг төслийг бүрэн болгуулж Барилга хөгжлийн төвд хандсан. Уг зураг төслийн дагуу 100 ортой эмнэлгийн барилга барьж дуусгахад 8’058’258’679 төгрөг шаардлагатай гэж тогтоогдсон бөгөөд уг зураг төслийг Барилга хөгжлийн төв хянаад, баталсан байдаг. Уг барилгатай холбоотой асуудал 2019 оны 05 дугаар сарын 31-нд Дорноговь аймгаас ЭМЯ руу шилжсэн. Тухайн үед бид ЭМЯны холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгуулж нөхцөл байдлыг танилцуулан, барилгын зураг төсөл дутуу байсныг гүйцээсэн, төсөв нэмэгдсэн талаар мэдэгдэхэд тухайн үед хариуцаж байсан яамны Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох бусад хүмүүс ямар ч байсан барилгаа үргэлжлүүлж бүрэн дуусга, бид төсөв хөрөнгийн асуудлыг шийднэ гэсэн. Үүний дагуу бид 2019 оны 08 дугаар сараас барилгаа барьж эхлээд өнөөдрийн байдлаар 100 хувь барилгын ажлаа дуусгасан. Барилга барьж байх явцад ЭМЯны зүгээс бусад яамдаас үнэхээр 8’058’258’679 төгрөгөөр уг барилга барих юм байна гээд, төсөвт энэ хэмжээгээр суулгуулахаар санал авахад Сангийн яамны зүгээс эсэргүүцсэн байдаг. Энэ хүрээнд Сангийн яаманд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гарган явсан бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас Сангийн яаманд холбогдох шаардлагаасаа татгалзсан байгаа. Бид 2019 оны 12 сард нэхэмжлэл гаргасан. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Улсын онцгой комиссын шуурхай хуралдаанаас “Ковид-19” вирус дэлхийн олон улсад дэгдсэнтэй холбоотойгоор Замын-Үүд сум, улсын хил орчмын бүсэд эмнэлгүүдийг яаралтай ашиглалтад оруулах үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй, санхүүжилт дутуу байсан. Ингээд улсын төсөвт суугдсан байсан дүн болох 6’356’000’000 төгрөгөөр 2020 оны 02 дугаар сард гэрээг дахин байгуулсан. Төсөвт суусан дүн нь болохгүй байна гэсэн үндэслэлээр 8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулж чадаагүй. Бидний зүгээс өөрсдийн нөөц бололцоог шавхаад барилгын ажлыг бүрэн дуусгаад байгаа. Үүнээс хойш ЭМЯанд батлагдсан төсвөөс 1’702’258’679 төгрөгийг илүү зарцуулсан тул энэ хүрээнд гэрээг байгуулж санхүүжилт авах тухай хандахад улсын төсөвт хөрөнгө мөнгө суугаагүй гэх шалтгаанаар татгалзаад байгаа. Бид барилгыг бүрэн дуусгасан бөгөөд уг санхүүжилт авах ёстой гэж үзээд энэ нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа.

Энэ хэргийг шүүхээс эцэслэн шийдэж өгөөч гэж хүсэж байна. Нэгдүгээрт эмнэлгийн барилга маань ашиглалтад орчихсон. Хоёрдугаарт төрийн байгууллагуудын хариуцлагагүй үйлдлээс болж хувийн компаниудад хохирол үүсэх нөхцөл байдал бий болдог. Ийм нөхцөл байдал бий болсон нь олон шалтгаантай бөгөөд Засгийн газар төсөл хөтөлбөрүүдийг царцаах бүхий шийдвэр гаргаад 3,4 жил манай компани ямар ч санхүүжилт аваагүй. Мөн уг барилгын ажил царцсантай холбогдож өмнө нь хийсэн ажил ямар ч үр дүнгүй болсон. Төрийн байгууллагуудын шийдвэрээс болж Улсын төсөв болоод, компаниуд хохирдог. Мөн уг маргааныг шийдэх хэрэглэх боломжтой хуулийн зохицуулалт байхгүй. Мөн ЭМЯ нэмэлт гэрээ байгуулах боломжтой бөгөөд эрүүл мэндийн салбарт холбоотой төсвийг ерөнхийлөн захирч байгаа, үүнтэй холбоотой гэрээг байгуулах эрх нь байгаа учир хариуцагчаар татаад байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч ЭМЯ шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Арвис Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй ЭМЯ болон яаманд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.

"Арвис Интернэшнл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар тодорхойлсон байна.

ЭМЯны 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 2/4962 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд энэхүү төсөл арга хэмжээ нь Эрүүл мэндийн сайдын багцад шилжин тусгагдсан бөгөөд ЭМЯ тухайн арга хэмжээний гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх талаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл боловсруулан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1а/4342 тоот албан бичгээр Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авахаар хүргүүлсэн гэвч тус яамнаас 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 9/6776 тоот албан бичгээр гэрээ байгуулах замаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нь хуульд нийцэхгүй гэсэн санал ирүүлсэн бөгөөд ЭМЯ Сангийн яамнаас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9/6776 тоот албан бичгийн дагуу 2019 оны 11 дүгээр 01-ний өдрийн 2/4962 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” бичгээр нэхэмжлэгч “Арвис Интернэшнл” ХХК-д хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ЭМЯанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Улсын төсөвт 1’702’258’679 төгрөг байхгүй учраас ЭМЯ нэмэлт гэрээ байгуулах боломжгүй байна. Эх үүсвэр батлагдсан тохиолдолд уг гэрээг байгуулах талаар ажиллана. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс хойш Улсын комиссын хуралдаанд очиж суусан. Нэмэлт ажлуудыг хийлгэж барилгаа бүрэн хүлээж авсан бөгөөд эмнэлэг  ашиглалтад орчихсон үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ё.П Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэгт 100 ортой эмнэлгийн барилгын зураг төслийн зохиогч “ЭТЗ” ХХК-ийн 2018 онд боловсруулж, Барилгын хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8 058 258 679 төгрөгөөр батлагдсанаас гэрээ байгуулсан 6 356 000 000 төгрөгийг хасч үлдэгдэл 1 702 258 279 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа ЭМЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр захиалагч ЭМЯ, Улсын онцгой комиссын шийдвэрээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 100 ортой эмнэлгийн барилгын ажлыг компани өөрийн санхүүжилтээр барьж дуусгасан бөгөөд дутуу санхүүжилт болох 1.702.258.279 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж, харин хариуцагч ЭМЯ уг санхүүжилтийг Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасантай нийцээгүй гэж үзсэн тул гэрээ байгуулах боломжгүй гэж тус тус маргаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч “А” ХХК анх ЭМЯны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2/4962 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, болон Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9/6776 тоот “Санал өгөх тухай” захиргааны актыг тус тус хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг, 100 ортой эмнэлгийн барилгын зураг төслийг зохиогч “ЭЗТ” ХХК-ийн 2018 онд боловсруулж, Барилгын хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8.058.258.679 төгрөгөөр батлагдсанаас анх байгуулагдсан гэрээний 4.056.000.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 4.002.258.679 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа ЭМЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9/6776 тоот Санал өгөх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”, мөн ЭМЯанд холбогдуулан гаргасан “ЭМЯны  2019 оны 11-р сарын 01-ний өдрийн 2/4962 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай'’ захиргааны актыг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эцсийн байдлаар Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэгт 100 ортой эмнэлгийн барилгын зураг төслийн зохиогч “ЭТЗ” ХХК-ийн 2018 онд боловсруулж, Барилгын хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8 058 258 679 төгрөгөөр батлагдсанаас гэрээ байгуулсан 6. 356.000.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 1.702.258.279 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа ЭМЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах гэж тодруулсан байна.

Тус компани 2013 онд Дорноговь аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарласан СТШ-НТШ-04/2013 тоот “Сумын төвийн шинэчлэлт” төслийн хүрээнд Замын-үүд суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерт 4.2 тэрбум төгрөгийн үнийн саналтай оролцож, гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн хэдий ч ажлын явцад санхүүжилт бүрэн хийгдээгүй шалтгаанаар дараа онд шилжиж, удаа дараа гэрээг сунгасаар иржээ.

Уг барилгын зураг анхнаасаа 100 ортой байхаар хийгдээгүй байсныг гүйцэтгэгч компани ажлын явцад мэдэж өөрийн хөрөнгөөр 100 ортой эмнэлгийн барилга байхаар зургийг шинэчлэн хийлгэж 2020 оны байдлаар дутуу хийгдсэн ажлыг өөрийн санхүүжилтээр бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн  2013 онд тендерт шалгарсан компанийн хувьд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн боловч улсын төсөвт санхүүжилт нь суугаагүй, барилгын гүйцэтгэлийн санхүүжилт хугацаандаа хийгдээгүйгээс Барилгын хөгжлийн төвөөс барилга угсралтын ажлыг зогсоож, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хийсэн ажлын бодит гүйцэтгэлийн зургийг “ЭЗТ” ХХК гаргаж, Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1313/2018 дугаар магадлалаар[1] 2013 оны төсөв 4.273.670.057 төгрөг, гүйцэтгэл 3.423.071.090 төгрөг, үлдэгдэл төсөв 2.871.581.836 төгрөг байхаар хянаж баталгаажуулсан.

Уг төсөл арга хэмжээ ЭМЯанд шилжиж ирснээр захиалагчийн болон хяналт тавих төрийн захиргааны байгууллага, гүйцэтгэгч компанийн төлөөллийг оролцуулан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлын хэсгийн хуралдаан[2] хийж энэхүү барилгын ажлын талаар хэлэлцэн уг ажлыг гүйцэтгэгч компаниар нь үргэлжлүүлэн хийлгэж дуусгахаар, төсөв хөрөнгийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд:[3] “..Барилгын тухай,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрүүл мэндийн сайдад даалгав:”, 1.1.Барилга угсралтын ажил нь нэг жилээс дээш хугацаанд хэрэгжиж байгаа болон....Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой... эмнэлгийн барилгын ажлын гэрээнд зайлшгүй шаардлагатай бол 2020 оны төсөвт батлагдсан эх үүсвэрийн хэмжээнд багтаан зохих журмын дагуу өөрчлөлт оруулах;”-аар, ЭМЯны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч “А” ХХК-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн ЭМЯ/XVII.1.14/58 дугаар “100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын нэмэлт гэрээ”-нд[4] “....Барилга угсралтын ажлын дүн: 4.056.000.000.00 төгрөг, нэмэлт ажлын гэрээний дүн: 2.300.000.000.00 төгрөг, Нийт барилга угсралтын ажлын гэрээний дүнгээс 2020 онд: 2.300.000.000.00 төгрөг, үүнээс:2019 оны 1.100.000.000.00 төгрөгийг ЭМЯны барьцаа хөрөнгийн данснаас: Үлдэгдэл 1.200.000.000.00 төгрөгийг 2020 оны төсвийн тухай хуульд туссан дүнгээс олгохоор тусгаж, барилга угсралтын ажлыг мөн оны 03 дугаар сарын 25-нд дуусгаж ашиглалтад оруулахаар тохирсон зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

2.Хууль хэрэглээний талаар;

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж үлдсэнийг тодруулсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

Хариуцагч ЭМЯны тухайд Замын-Үүд суманд баригдсан 100 ортой эмнэлгийн барилгын төсөвт өртгийн үнийн дүнтэй маргаагүй харин уг зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр тодорхойгүй байгаагаас шалтгаалж гэрээ байгуулах боломжгүй гэсэн тайлбарыг буруутгахааргүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн барилгын ажил гүйцэтгэсэн нэмэлт санхүүжилт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасан нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувиас хэтэрсэн тохиолдолд шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэхгүй гэж заасантай нийцэхгүй байгаа талаар  Сангийн яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн хариуцагч гэрээ байгуулахаас татгалзсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “ Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараах нөхцөлд хэрэглэж болно.”, 34.1.4-д “нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон  энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол;”гэж хуульчилсан байх бөгөөд хуулийн энэхүү заалтыг үндэслэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэхэмжлэгч компанийн барилга угсралтын ажлын нэмэлт санхүүжилтийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хэрхэх талаар шийдвэрлээгүй байна.

Нөгөө талаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлагаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон үлдэгдэл ажлын хөлс 1.702.258.279 төгрөг улсын төсөвт сууж батлагдаагүй байхад энэ дүнгээр гэрээ байгуулахыг даалгах боломгүй.

Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.”, 7.6-д “Төсвийн жил эхлэхэд төсвийн захирагчийн тухайн төсвийн жилийн батлагдсан төсвийг зарцуулах эрх нь нээгдэнэ.”, 10 дугаар зүйлийн 10.1-д Засгийн газар төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.1.4-д “төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг батлах;”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 12.1.3-д Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар боловсруулах;”, 12.1.6-д “төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих;” 42 дугаар зүйлийн 42.7-д “Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно.” гэж тус тус зохицуулснаас үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны санхүүжилтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж тухайн жилийн төсөвт тусгаснаар санхүүжигдэх зохицуулалттай байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компани дээрх ажлын үлдэгдэл зардлыг гаргуулахаар Иргэний хэргийн харьяаллын шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх уг шаардлагаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэхүү шийдвэр иргэний хэргийн шүүхээс гарах шийдвэрт саад болохгүйг тэмдэглэж байна.

Ийнхүү дүгнэхэд нэхэмжлэгч компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж барилга угсралтын ажлыг бүрэн нийж гүйцэтгэсэн хэдий ч үлдэгдэл санхүүжилт хаанаас гарах нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шаардлагад тодорхойлсон үнийн дүнгээр гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгч Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9/6776 тоот Санал өгөх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”, мөн ЭМЯанд холбогдуулан гаргасан “ЭМЯны 2019 оны 11-р сарын 01-ний өдрийн 2/4962 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай'’ захиргааны актыг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус хэсэгчлэн татгалзсаныг баталж холбогдох хэргийг, нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа ЭМЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь;

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.4, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.4, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 12.1.6, 42 дугаар зүйлийн 42.7-д заасныг тус тус үндэслэн Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэгт 100 ортой эмнэлгийн барилгын зураг төслийн зохиогч “ЭТЗ” ХХК-ийн 2018 онд боловсруулж, Барилгын хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8 058 258 679 төгрөгөөр батлагдсанаас гэрээ байгуулсан 6 356 000 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 1 702 258 279 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа ЭМЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9/6776 тоот Санал өгөх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”, мөн ЭМЯанд холбогдуулан гаргасан “ЭМЯны 2019 оны 11-р сарын 01-ний өдрийн 2/4962 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай'’ захиргааны актыг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус хэсэгчлэн татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад давж заалдах гомдол гаргах эрхгүй.

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                А.НАСАНДЭЛГЭР

                                     ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН

                                     ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

             

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 210-214 дүгээр хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 120-132 дугаар хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 140-142 дугаар хуудас