Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0472/З |
Дугаар | 221/МА2023/0739 |
Огноо | 2023-12-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2023/0739
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Хариуцагч: ХСХГ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0761 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0472/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч "Х" ХХК-аас ХСХГт холбогдуулан “"Х" ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/270 дугаар албан бичиг нь хууль зөрчсөн байх тул хариуцагчаас тус барилгад ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 761 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Х" ХХК-ийн ХСХГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "Х" ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/270 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн барилгад ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг ХСХГт даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарангэрэлээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...
3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт дурдсанаар "Эдгээр зохицуулалтаас үзэхэд, хүн амьдрах зориулалттай барилга байгууламжийн хувьд түүнийг ашиглалтад оруулах комиссын үндсэн зорилго нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд тусгайлан заасны дагуу тухайн барилга байгууламж хууль, барилгын норм, дүрэм, журам, стандартад нийцсэн эсэх, түүнд амьдарч байгаа болон ирээдүйд амьдрах иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулахааргүй баригдсан эсэхэд хяналт, шалгалт хийж, зохих дүгнэлт гаргахад оршино. 5 дахь хэсэгт “Хэдийгээр нэхэмжлэгч компани нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, түүнийг хүлээн авахаас өмнө айл, үйлчилгээний газар оруулсан боловч нэгэнт тус барилгын ажлын гүйцэтгэлийг 100% хувьд хүргэсэн, түүнд амьдарч буй айл, өрхүүд үйлчилгээний газар цахилгаан, хэвийн хангагдаж амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, барилга байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна" гэжээ.
3.2. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь барилгын үйл ажиллагааны зарчим буюу барилгын ажлын гүйцэтгэгчийн барилгын ажил гүйцэтгэхэд баримтлах тусгай зарчим бөгөөд уг зарчмыг хангасан эсэхэд барилга байгууламж ашиглалтад оруулах комисс нь дүгнэлт гаргадаг. Гэвч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь комисс ажиллахаас өмнөх харилцаанд хамаарах буюу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллах уу? Үгүй юу? гэдэгт хамаарах асуудал байдаг. Иймд шүүгчийн зүгээс комисс ажиллахад баримтлах зарчмыг шийдвэр хэсэгт үндэслэсэн нь буруу байна.
3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт "Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч компани нь барилгын ажлын зөвшөөрөлгүй гэх үндэслэлийг хариу тайлбартаа нэмж тайлбарлан маргах боловч Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/270 дугаар албан бичгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6. Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэсэн заалт зөрчсөн гэдэг үндэслэлээр татгалзсан хариуг нэхэмжлэгч компанид өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно" гэжээ
3.4. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм"-ийн 10.3 дахь хэсэгт "Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна" гэж заасан бөгөөд үүнээс үзэхэд Барилгын тухай хуулийн 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна" гэж зааснаар ашиглалтад оруулах хүсэлт, 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг шүүх харгалзаж үзэх ёстой байна. Гэвч “Х” ХХК-ийн ХСХГт ирүүлсэн хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн материал нь баримт бичгийн бүрдэл дутуу байдаг. Мөн Барилгын тухай хуулийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Х” ХХК нь барилгын ажлын зөвшөөрөлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу “Х” ХХК нь нэхэмжлэгч биш юм.
3.5. Мөн “Х” ХХК-ийн маргаж буй асуудалтай ижил төрлийн маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0699 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайлбал, Ю***** ХХК-ийг "барилгын ажлын зөвшөөрөлгүй учраас нэхэмжлэгч биш буюу ашиглалтад оруулах хүсэлт шийдвэрлүүлэх эрхгүй, ..... Нэхэмжлэгч нь ашиглалтад оруулаагүй, гэрчилгээ олгогдоогүй агуулахын зориулалттай барилгыг ашигласан бөгөөд тус ашигласан барилгадаа улсын комисс ажиллуулах хүсэлт гаргахдаа хуульд заасан баримт бичгийг хавсаргаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч улсын комисс ажиллуулахаас татгалзсан нь хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна" гэж үзсэн.
3.6. Нэхэмжлэгч шаардлагаа "Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, комисс ажиллуулахыг даалгах шийдвэр гаргуулах" гэж тодорхойлсон. Татгалзал, эс үйлдэхүй хууль бус байхын тулд холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байхыг шаардана. Гэвч Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/270 дугаар албан бичгээр хүргүүлсэн захиргааны байгууллагын албан бичиг нь хууль, тогтоомжийг зөрчөөгүй.
3.7. Өөрөөр хэлбэл, Захиргааны байгууллага нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, мөн Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийн 10.3 "Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна" гэж заасны дагуу комисс ажиллуулахаас татгалзаж, шийдвэрлэсэн.
Иймд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.5 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг.
2.1. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 32.1.7-д “барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна” 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-д “Энэ дүрмийн 2.2.-т заасан байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргасан Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол барилга байгууламжийн төвөгшлийн ангилалаас хамааруулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулна” гэж тус тус заасан.
2.2. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд “...нэхэмжлэгч “Х” ХХК нь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй “Ө” ХХК-тай хамтраад маргаан бүхий барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч компани нь “Ө” ХХК-ийн охин компани” гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“Х” ХХК нь барилгын ажлын зөвшөөрөлгүй тул нэхэмжлэгч биш” гэх давж заалдах гомдлыг шүүхээс шууд үгүйсгэх боломжгүй, анхан шатны шүүхээс энэ талаарх баримтыг бүрэн цуглуулж, “Х” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
3. Анх нэхэмжлэгч "Х" ХХК-аас ХСХГт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд баригдсан үйлчилгээтэй, 12 давхар орон сууцны зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Улсын комисс ажиллуулахыг хариуцагч ХСХГт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.1. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс “ХСХГт холбогдуулан “"Х" ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/270 дугаар албан бичиг нь хууль зөрчсөн байх тул хариуцагчаас тус барилгад ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байх хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “тухайн татгалзсан шийдвэр нь “Х” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. ...тухайн албан бичгийг хууль зөрчсөн гэж үзээгүй. ...хуулийн 37.6-д заасныг зөрчсөн гэдэг дээр маргаж нэхэмжлэлээ гаргасан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хууль бус биш бол яаж татгалзлыг хууль бус болохыг тогтоож, даалгах шийдвэр гаргах гэж байгаа вэ” гэж тус тус тайлбарлан маргаж байгаагаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байна.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжлэгч нь тухайн захиргааны байгууллагад уг асуудлаар урьдчилан хандсан, хариуцагчаас захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох боломжтой.
3.3. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах тохиолдолд нэхэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ ойлгомжтой, тодорхой тусгах ёстой.
3.4. Тодруулбал, маргаан бүхий 01/270 дугаар албан бичиг холбогдох ямар хууль тогтоомжийг зөрчсөн, түүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг шүүхээр хэрхэн, яаж хамгаалуулахыг хүсэж байгаа талаараа нэхэмжлэлийн шаардлагын төрөл болон үндэслэлээ зөв, оновчтой тодорхойлсноор шүүх маргааны үйл баримтад бүрэн дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх учиртай.
4. Түүнчлэн “Х” ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ХСХГт хандан “Улсын комисс ажиллуулах тухай хүсэлт гаргах нь” 23/16 дугаар албан бичгийг хүргүүлэхдээ Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д хүсэлт гаргахдаа хавсаргахаар тусгасан холбогдох баримтуудыг хүргүүлсэн эсэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.
5. Иймд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хэргийг хянах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тодорхойлуулж, дээр дурдсан хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдолтой холбогдох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр маргааныг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 761 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН