Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 50

 

В.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0124/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Шүүгдэгч                                       В.Ж-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолтой, В-ийн Ж-д холбогдох, 1818007740048 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч В.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд:

1992 онд Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 3.т зааснаар 8 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял,

1997 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3.т зааснаар 1 жил хорих ял,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ял,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4.т зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2., 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар 6 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, **********, регистрийн дугаартай, Б- овогт В-ийн Ж-,

Шүүгдэгч В.Ж- нь 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын 7 дугаар баг Майхантын 1 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух иргэн С.М-гийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт В-ийн Ж-г нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч В.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 3 жил 6 сар /гурван жил зургаан сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч В.Ж-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч В.Ж-гийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т заасныг баримтлан шүүгдэгч В.Ж-гаас 2.045.000 (хоёр сая дөчин таван мянган) төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 1-18 тоотод оршин суух Сгийн М-д /РД:**********/ олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1., 5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Ж- давж заалдах гомдолдоо:

Г-ын төрсөн ах Д- гэгч нь “эмэгтэй булган шуба 1, эмэгтэй урт саарал куртик  1, бор ногоон куртик 1, хүүхдийн гутал 1, эрээн цүнх 1” зэргийг авсан бөгөөд авч явахдаа хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан. Энэ талаар мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хэлж байсан боловч иргэнд төлөх төлбөрийн асуудлыг шийдэхгүй байна. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул зохих шатны байгууллагаар шалгуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч В.Ж- тайлбартаа:

Би хулгай хийсэн нь үнэн. Хулгайлж авсан хоёр бурхнаа н.Г-ын хамт 80.000 төгрөгөөр зарсан. Мөн миний хулгай хийж олж авсан зүйлийг н.Д- авсанд гомдолтой байна. Түүнээс төлбөрийг гаргуулж хохирлоо төлмөөр байна. н.Д-г хуулийн дагуу шалгуулмаар байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч В.Ж-гийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч хохирлын хувьд гомдолтой байгаа. Тийм учраас гомдол гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн хувьд байнга зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Мөрдөн байцаалтын явцад ч удаа дараа ийм байдал гаргаж байсан. Гомдолд дурдсан эд зүйл болох ногоон өнгийн куртик, хүүхдийн гутал, эрээн цүнх гэх мэт эдгээр зүйлсүүд нь хохирогчийн алдсан гээд байгаа зүйлүүдэд огт байхгүй. Ийм учраас анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч В.Ж-г 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын 7 дугаар баг Майхантын 1 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух иргэн С.М-гийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч В.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч В.Ж-д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар В.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон  шийтгэх тогтоолыг хэрэгт цугларсан нотлох баримт, мөн болсон үйл баримтанд үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч В.Ж-гийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.т заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн зарчимд үндэслэн шийдвэрлэжээ.

Хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгдэгч В.Ж- нь “хулгайлах” гэмт хэрэг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзнэ.

Шүүгдэгч В.Ж-гийн энэ үйлдэлд 3 жил 6 сар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч В.Ж- нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ... хохирогчийн гэрээс хулгайлж авсан эмэгтэй булган шуба 1, эмэгтэй урт саарал куртик 1, бор ногоон куртик 1, хүүхдийн гутал 1, эрээн цүнх 1 зэрэг эд зүйлийг Д- гэдэг хүн авсан учраас төлөх хохирлоос хасч өгнө үү... гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч дээрх эд зүйлийг шүүгдэгч В.Ж- хулгайлсан нь тогтоогдсон учраас өөр хүнээр төлбөрийг харицуулах үндэслэлгүй бөгөөд мөрдөн шалгах явцад энэ этгээд байдаг эсэх нь тогтоогдоогүйгээс гадна зохих ажиллагааг хийсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул Дархан-уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

                                                         ШҮҮГЧИД                                               Ц.АМАРЖАРГАЛ

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.МАНЛАЙБААТАР