Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 273

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 3 дугаар хороо, 33 дугаар байр, 4 тоотод оршин суух, ВЮ78061206 регитсрийн дугаартай, Народай овогт П.Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд холбогдох

Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Б, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.М би нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд 2007 оны 08 сараас эхлэн Номгон ахлах сургуульд тасралтгүй ажилласан. 2015 оны 08 сард гэр бүлийн хүнээ асрах шаардлагаар 2 жилийн чөлөө авсан. Чөлөөг Номгон ахлах сургуулийн захирал Б.Б 47 тоот тушаал гарган нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, 2 жилийн хугацаагаар хэвийн чөлөө олгосон. Чөлөөний хугацааны үед 2015 оны 08 сарын 24-ний өдөр 49 тоот тушаал гарган Г.Быг тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллуулсан. Би 2 жилийн чөлөөний хугацаанаасаа өмнө буюу 2016 оны 08 сард өмнөх ажилдаа орох хүсэлтийг Номгон ахлах сургуулийн захиралд гаргасан бөгөөд үүний дагуу тус сургуулийн захирал Б.Б 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 5/29 тоот тушаал гарган Г.Быг Номгон сургуулийн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, намайг өмнөх ажилд оруулах асуудлыг шийдвэрлэснийг Г.Б нь үл зөвшөөрч тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан, намайг ажилд томилохдоо бусдын оронд буюу П.Мийн оронд оруулсан талаар хөдөлмөрийн гэрээ болон ажилд авсан тушаалд дурдаагүй гэж маргасан. Номгон сургуулийн захирал Л.С нь Г.Быг П.Мийн 2 жилийн чөлөө дуусах хүртэл ажиллуулна, П.Мийн чөлөөний хугацаа дууссаны дараа дараагийн асуудал яригдана гэсэн үндэслэлээр тэд эвлэрэн хэлэлцсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2016/00752 дугаар шүүхийн шийдвэр гарсан. Хөдөлмөрийн хууль, Байгууллагын дотоод журмын дагуу 2 жилийн чөлөө авсан намайг чөлөөний хугацаа дууссан, албан ёсоор хүсэлт гаргасан байхад Номгон сургуулийн захирал өмнөх ажилд эгүүлэн авах шийдвэр гаргахын оронд татгалзсан хариу өгсөн нь намайг ажилгүй, цалингүй байлгаж, ажлаас халсан үйл ажиллагаа юм.

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд зааснаар санхүүгийн дээд шатны байгууллагын зөвшөөрлийг заавал авах зохицуулалтыг хариуцагч тал зөрчсөн. Өөрөөр хэлбэл намайг өмнөх ажилд эгүүлэн авахаас татгалзах буюу ажлаас халахдаа санхүүгийн эрх бүхий албадтай зөвшилцөлгүйгээр захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж, тодорхой шалтгаан үндэслэлгүйгээр ажилд авах боломжгүй гэсэн хариуг өгч ажилгүй болгосонд гомдолтой байна.

Иймд П.М намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоохоос татгалзсан Номгон сургуулийн захирал Л.Сийн үйл ажиллагааг хууль бусад тооцож, Номгон ахлах сургуулийн нягтлан бодогчийн ажилд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тогтоолгох, энэ хугацаанаас хойш шүүхээр асуудлыг шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, дээрхи хугацааг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2007 оноос хойш Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сард хоёр жилийн чөлөө авах хүсэлт тухайн үед ажиллаж байсан захирал Б.Бд гаргасан. Миний хүсэлтийг Б.Б захирал хүлээн авч 47 дугаар тушаал гаргаж надад 2 жилийн чөлөө олгосон. Тэгээд миний чөлөөний хугацаанд Г.Быг 49 дугаар тушаал гаргаж түр хугацаагаар томилсон. Тухайн үед чөлөөнөөсөө өмнө ажилдаа орох хүсэлт гаргахад Б.Б захирал миний хүсэлтийг хүлээн аваад намайг ажилд эгүүлэн томилсон. Тэгээд намайг ажилд эгүүлэн томилсон тушаалыг Г.Б эс зөвшөөрч Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар энэ хэрэг эхэлсэн. Тухайн үед шүүх хуралдааны өмнө Б.Б захирал ажлаасаа чөлөөлөгдөж Л.С захирал шинээр Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн захирлаар томилогдсон учраас тухайн үед шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гарган Г.Бтой эвлэрч миний чөлөөний хугацааг дуустал Г.Быг түр ажиллуулах тушаал гаргаж тохиролцсон. Ингээд миний 2 жилийн чөлөөний хугацаа 2017 оны 8 дугаар сард дуусаад Л.С захиралд ажилдаа орох хүсэлтээ гаргаж өгөхөд миний хүсэлтийг хүлээж аваад Би Г.Бод удаа дараа сануулж байгаа, манай үндсэн ажилтан П.М ажилдаа орно шүү гэж хэлсэн одоо чиний асуудлыг шийдээд тушаал гаргаад ажилд чинь авна гэж тухайн үед надад хэлж байсан. Тэгээд дараа нь Л.С захирал намайг дуудаж уулзахад чиний өргөдлийг Г.Бод танилцуулахад би ажлаа өгөхгүй гэсэн тайлбар өгч байна тийм учраас энэ асуудлыг би ганцаараа шийдэх боломжгүй учраас захирлын дэргэдэх зөвлөлтэйгөө зөвлөлдөж энэ асуудлыг шийдлээ та хоёр өөрсдөө шүүхээр асуудлаа шийдүүл гэсэн шийдэлд хүрлээ гээд намайг ажилд авахаас татгалзсан хариу өгсөн. Тэгээд энэ нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзээд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг Номгон ахлах сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.С шүүхэд гаргасан тайлбартаа:

1. Номгон ахлах сургуулийн захирал Л.С миний бие 2016 оны 11 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн ЗД-ын захирамжаар захирлын ажлыг хүлээн авсан. Энэ үед ня-бо П.М, Г.Б нарын асуудал шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байсан. Ажил авснаас 7 хоногийн дараа буюу 11 сарын 11-нд шүүх хурал болсон. Миний хувьд энэ 2 ажилтны аль алиныг нь чөлөөлөх, томилох тушаалыг өөрөө гаргаагүй. Шүүх хурал болох богино хугацаанд өмнөх захирлын гаргасан тушаалууд, уг 2 хүний хоорондын маргаан, маргаан үүсэх шалтгаан нөхцөл зэрэгтэй танилцаад байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс шүүх хуралд өөрийн тайлбарыг хэлж хэргийг шийдвэрлүүлсэн.

2. П.М нь 2017 оны 08 дугаар сарын 28-нд ажилдаа эргэж орох хүсэлтээ ирүүлсний дагуу уг асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн. Захирлын зөвлөлийн гишүүдийн 90 орчим хувь нь өмнөх захиралтай хамт ажиллаж байсан учир асуудлыг танилцуулж, тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулж санал хүсэлтийг сонсоод дараах үндэслэлээр хамтын шийдвэр гаргасан. Үүнд: Өмнөх захирал Б.Б нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 49 тоот тушаал гарган нягтлан бодогч П.Мийн хөдөлмөрийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 24-нд дуусгавар болгон ажлаас чөлөөлж 2 жилийн чөлөө олгосон байдаг. Уг тушаал гарах үеийн нөхцөл байдал буюу тухайн үед болсон процессыг товчоор тайлбарлах хэрэгтэй байна.

а. Уг 49 тоот захирлын тушаал гарахын өмнө аймгийн ЗД асан Д.Жаргалсайханы 2015.06.09-ний өдрийн 1а/491 тоот албан бичгийг, Дотоод аудитын албаны шалгалтын дүнд ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн хамт захирал Б.Бд хүргүүлсэн байна. Тэгтэл сургуулийн захирал Б.Б нь уг дүгнэлтийг хамт олонд танилцуулаагүй. ЗД-ын албан бичиг, ажлын хэсгийн дүгнэлтийн агуулга нь баклаврын зэрэг болон ня-бо мэргэжил эзэмшсэн нь нотлогдоогүй. Ажлын байрны тодорхойлолтын шаардлагад нийцэхгүй байгаа ня-бо П.Мийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх гэсэн байтал хувийн шалтгааны улмаас 2 жилийн чөлөө олгох тушаал болгон өөрчилж гаргасан. Мөн захирал Б.Б нь захирлын зөвлөлийн гишүүдэд П.Мийг ажлаасаа бүр гарч байгаа гэсэн ойлголтыг бас өгсөн байсан.

б. П.Мийг ажилд нь буцааж авлаа гэхэд одоо ажиллаж байгаа ня-бо Г.Бын эрхийн асуудал бас яригдана. Г.Быг томилсон 2015.08.24-ний өдрийн тушаалыг харахад уг хүнийг П.Мийн оронд түр ажиллаж байгаа гэсэн агуулга, заалт байхгүй байгаа учир бид Г.Быг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн захирлын 49 тоот /2017.07.07-ний/ тушаал нь харахад хуулийн дагуу гаргасан мэт боловч хууль бус үйлдэл гаргасан ажилтныг хаацайлсан, өнгөлөн далдалсан зөрчилтэй тушаал байна гэж үзсэн. Энэ нөхцөл байдлыг буюу тухайн үед гаргасан Б.Б захирлын тушаалуудыг, засаг дарга Д.Жаргалсайханы 1а/491 албан тоот, ажлын хэсгийн дүгнэлтийг шүүх дахин нягтлан үзэж асуудлын мөн чанарыг олж тогтоон шийдвэрлэх байх гэсэн үүднээс бид ярилцаад П.Мийг ажилд нь эргүүлэн авах боломжгүй гэсэн хамтын шийдвэр гаргасан.

3. Миний бие шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нягтлан бодогч П.Мийн 2 жилийн чөлөө дууссаны дараа П.Мийн асуудал яригдана гэсэн болохоос ажилд нь авна гэж хэлээгүй. Ийм болохоор асуудалд үнэн зөв шударга байдлаар хандах үүднээс захирлын зөвлөлийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцсэн. Мөн П.Мийг ажлаас халах ямар нэгэн тушаал шийдвэр одоогоор гараагүй байна.

4. Төрийн байгууллагын ажлыг хуулийн хүрээнд шударга, ёс зүйтэй явуулах нь төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Бид байгууллага хамт олны эрх ашиг эв нэгдлийг боловсролын байгууллагын хэвийн тогтвортой үйл ажиллагааг нэн тэргүүнд тавьж ийм шийдвэр гаргасан болно гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх П.Мийг ажлаас нь чөлөөлсөн байж оронд нь түр ажиллуулах хүн авах ёстой байсан. Гэтэл манай сургуулийн өмнөх захирал болох Б.Бын хариуцлагагүй байдлаас болж түр ажиллуулах тушаал гаргах ёстой байтал байнгын ажлын орон тоон дээр Г.Быг авсан. Тэгээд чөлөө авсан нягтлан бодогч болох П.Мийн 2 жилийн чөлөөнийх нь хугацаа дуусч ажилдаа буцаад оръё гэхэд оронд нь ажиллаж байсан хүний тушаал нь байнгын ажлын орон тоон дээр гарсан эрх ашиг нь хөндөгдсөн учраас бид нар энэ асуудлыг зохицуулж чадахгүйд хүрч захирлын зөвлөлийн хурлаар ярилцаад Г.Быг ажилд үргэлжлүүлэн ажиллуулаад П.М, Г.Б нарын хэн хэнийх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ асуудлыг шүүхээр шийдүүлэх нь зүйтэй гэж ярилцсан. Тэгээд энэ асуудлаар жил гаран маргаж байгаа нь бид нарт хүндрэлтэй байна. Мөн П.М нь Номундалай ахлах сургуульд ажлын байр гараад тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн байсан. Тэгээд манай сургуулийн захиралд албан ёсоор мэдэгдсэн байсан учраас нэхэмжлэлийн шаардлага дээрээ тохиролцоод энэ асуудлаа хурдан шийдүүлэх хүсэлтэй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 онд намайг анх ажилд орж байхад Б.Б захирал намайг өрөөндөө дуудаад П.Мд чөлөө олгосон тушаал гаргасан гэтэл аймгийн Засаг даргаас П.Мийг ажлаас нь чөлөөл гэсэн албан бичиг ирсэн тэгээд П.М нь надад хэлэхдээ миний тушаалыг халагдахаар биш чөлөө олгосноор гаргаж өгөөч дараагийн ажилд ороход хүндрэлтэй байна гэсэн гэж тухайн үед надад хэлж байсан. Тэгээд П.М над руу яриад Би одоо ажилдаа орох боллоо гэж хэлэхэд би тухайн үед хөдөө явж байсан учраас За за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би Б.Б захиралтай яриад уулзсан чинь сонин юмаа П.М нь гуйж чөлөө олгох тушаалаа гаргуулчихаад ямар учиртай юм бол гэж тухайн үед надад хэлж байсан. Тэгээд 2016 оны 09 сард Б.Б захирал П.М одоо ажилдаа орох гэж байна чамайг ажлаас чөлөөлөх тушаал гаргах гэж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр би Яагаад энэ хүнийг авах ёстой юм бэ энэ хүн чинь ажлаас гарсан биз дээ гэсэн чинь Б.Б захирал Энэ хүн чөлөөтэй байсан учраас авна чи хүний ажлын байран дээр ажиллаж байгаа юм чинь чи ажлаа өгчихөд яадаг юм гээд Б.Б захирлын зан эрс өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргаад хөдөлмөрийн гэрээгээ сургуулиас аван хуулбарлан өгсөн. Тэгсэн чинь байнгын гэдэг үгийн ар талд юм бичих зай байсан. Тэр зайн дээр П.М, Б.Б захирал, бичиг хэргийнхээ ажилтантай ярьж байгаад тэр зайн дээр түр гэсэн үг нэмж бичсэн байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Мөн П.М нь мэргэжлийн хяналтын шалгалтаар мэргэжлийн дипломгүй, ажилчдаас гарсан санал гомдол зэргийг харгалзан П.Мийг ажлаас чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын албан тоот Б.Бүжилхам захиралд ирсэн байдаг. Гэтэл тухайн албан тоотын дагуу П.Мийг ажлаас чөлөөлөөгүй харин чөлөө олгосон байдлаар ажлаас нь чөлөөлсөн. Мөн тухайн албан тоотын хариуг өгөхдөө П.Мийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн хариу хүргүүлсэн байдаг. Ийм учраас П.Мийг ажлаас бүр чөлөөлсөн гэдэг нь нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч П.М нь Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч П.М нь Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд 2007 оны 08 сараас нягтлан бодогчоор томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд тус сургуулийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тушаалаар гэр бүлийн хүнийг байнгын асаргаа эмчилгээ хийлгэх болон, өөрөө мэргэжил боловсролоо дээшлүүлэх, Удирдлагын академид суралцах зэрэг хувийн шалтгаанаар нэхэмжлэгчид 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2 жилийн чөлөө олгожээ./хх-ийн 8, 71-р тал/

Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа ажиллах хүсэлтээ ажил олгогчид гаргахад Номгон ахлах сургуулийн захирал Л.Сээс нягтлан бодогчийн ажилд буцаан томилох боломжгүй талаар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 199 тоот албан бичгээр мэдэгдсэн, улмаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан шийдвэр гаргаснаар нэхэмжлэгч өөрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчигдсөн гэж үзэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд ханджээ./хх-ийн 1-5, 21-р тал/

Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тушаалд хөдлөмрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалтыг үндэслэсэн хэдий ч мөн тушаалд Хамтын гэрээний 5.1.9 дэх хэсэг Өөрийн мэдлэг боловсрол, мэргэжлээ дээшлүүлэх, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилтан 1-2 жилийн чөлөө авсан тохиолдолд ажлын байрыг хадгална гэсэн заалтыг үндэслэсэн, уг тушаалын 1 дэх заалтаар Д.М нь цаашид гэр бүлийн хүнийг байнгын асаргаа эмчилгээ хийлгэх болон, өөрөө мэргэжил боловсролоо дээшлүүлэх, Удирдлагын академид суралцах зэрэг хувийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул 2 жилийн чөлөө олгож үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн агуулгыг тусгасан, үйл баримтаар нэхэмжлэгч чөлөө авах хүсэлтээ гаргаж, ажлаас чөлөөлөгдсөн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2 жилийн чөлөө олгосон гэж үзэх үндэслэлтэй байна./хх-ийн 8, 68, 215-227-р тал/

Түүнчлэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан анх П.Мийг ажлаас нь чөлөөлсөн байж оронд нь түр ажиллуулах хүн авах ёстой байсан. Гэтэл манай сургуулийн өмнөх захирал болох Б.Бын хариуцлагагүй байдлаас болж түр ажиллуулах тушаал гаргах ёстой байтал байнгын ажлын орон тоон дээр Г.Быг авсан. Тэгээд чөлөө авсан нягтлан бодогч болох П.Мийн 2 жилийн чөлөөнийх нь хугацаа дуусч ажилдаа буцаад оръё гэхэд оронд нь ажиллаж байсан хүний тушаал нь байнгын ажлын орон тоон дээр гарсан эрх ашиг нь хөндөгдсөн учраас бид нар энэ асуудлыг зохицуулж чадахгүйд хүрсэн гэсэн тайлбараас ажилтанд чөлөө олгосон болох нь харагдаж байна.

Нэгэнт ажилтанд захиргаанаас чөлөө олгосон тул уг харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа буюу ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн зохицуулалттай нийцэх ёстой.

Ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэдгийг чөлөө авсан үндэслэл шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажилллах хүсэлтээ чөлөөний хугацаа дууссан буюу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сургуулийн захиргаанд гаргаж, ажил олгогч хүлээж аваагүйгээс үүссэн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан гомдолтой адилтган үзэхээр байна.

Нэхэмжлэгч сургуулийн захиргаанаас үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 199 дүгээр албан бичгийг хүлээж аваад шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байна./хх-ийн 1-6, 21-р тал/

Иймд нэхэмжлэгч П.Мд Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тушаалаар 2015 оны 08 дпугаар сарын 17-ны өдрөөс 2 жилийн чөлөө олгосон, чөлөөний хугацаа дууссан байх тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзэв.

Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага хангагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлтэй бөгөөд П.Мийн нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгч П.М нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 2344924 төгрөгийн цалин авсан нь түүний0328927 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна./сарын дундаж цалин 2344924:3= 781641 төгрөг, өдрийн дундаж цалин 781641:21,5=36355төгрөг /

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 6 сар 17 ажлын хоногийн хугацааны цалинг тооцож/781641х6=4689846, 17х36355=618035, 4689846+618035=5307881 төгрөг/, дээрхи хугацааны цалин хөлстэй тэнцэх 5307881 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон зохих санд шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй.

Иймд П.Мийг Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5307881 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон зохих санд шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Өлзийбаяраас гэрч Б.Бын мэдүүлгийг нэхэмжлэгчтэй утсаар зөвшилцөн мэдүүлгээ өгсөн учир үнэлэхгүй байх үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч уг байдлыг нотлоогүй, харин шүүхээс Б.Баас гэрчийн мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчсөн, хууль сануулаагүй, өөрөөр хэлбэл хүчингүй болсон хууль сануулж мэдүүлэг авсан байх тул уг баримт нотлох чадвараа алдаж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасангаас гаргасан гуравдагч этгээдийн хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь уг хэрэгт хамааралгүй үндэслэлээр нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан П.Мийг Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулиасажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5307881 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Мд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч П.Мийн ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацааөнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА