Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 213/МА2018/00001

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 131/ШШ2017/00820 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээд *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

Нэхэмжлэгч *******эс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөдөлмөрийн хууль байгууллагын дотоод журмын дагуу миний бие 2 жилийн чөлөө авсан бөгөөд чөлөөний хугацаа дуусаад ажилдаа орохоор албан ёсоор хүсэлт гаргасан байхад Номгон сургуулийн захирал нь өмнөх ажилд маань эгүүлэн авахын оронд татгалзсан хариу өгсөн нь намайг ажилгүй цалингүй байлгаж, ажлаас халсан үйл ажиллагаа юм. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч *******эс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Намайг чөлөөний хугацаа дуусаад ажилдаа орох хүсэлтээ гаргахад ******* захирал чамайг ажилд чинь эгүүлэн тогтоох боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Намайг өмнөх ажилд эгүүлэн авахаас татгалзахдаа санхүүгийн эрх бүхий албадтай зөвшилцөлгүйгээр зөвхөн сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж, тодорхой шалтгаангүйгээр ажилд аваагүй болно. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн засаг даргаас 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр *******д хариуцлага тооцох талаар албан бичиг манай сургуульд ирүүлсэн байдаг. Тэр албан бичгийг үндэслээд *******ийг чөлөөлөх бүрэн боломжтой байсан. Өмнөх захирал байсан ******* нь *******ийн оронд түр ажиллах хүн авах ёстой байтал *******ыг байнгын ажлын орон тоон дээр авсан. Тухайн үед ажиллаж байсан захирлын буруу шийдвэрээс болж энэ маргаан үүссэн. Тухайн үед *******, ******* хоёр нь хоёулаа манай сургуулийн үндсэн ажилтан тул ******* захирал ганцаараа шийдвэр гаргалгүй захирлын зөвлөлөөр шийдвэрлэж *******ыг ажлуулахаар шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* захирал ******* ажилдаа орох болсон, чи хүний ажлын байран дээр ажиллаж байгаа юм чинь ажлаа өгчихөд яадаг юм гэсэн. Миний хөдөлмөрийн гэрээн дээр байнгын гэдэг үгийн ард зай дээр түг гэж нэмж бичсэн байсан. Би *******ийн хөдөлмөрийн гэрээг бүр цуцалсан юм байна гэж ойлгож байсан. Намайг ажилд ороход байнгын ажлын орон тоон дээр авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******ийг Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.057.830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжийг тооцон, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн захиргаанд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд *******оос давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн захирлын 49 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн нягтлан бодогчоор байнгын орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тухайн үед Номгон ахлах сургуулийн захирал ******* нь миний өмнө ажиллаж байсан нягтлан бодогч *******ийг Засаг даргын томилсон ажлын хэсгээс ирсэн шалгалтаар хуурамч дипломтой нягтлан бодогчоор ажиллах эрхгүй хүн байсан, мөн олон зөрчилтэй байсан учраас ажлаас халж чөлөөлсөн чамайг бол байнгын орон тоон дээр авч ажиллуулж байгаа учраас сайн ажиллаарай гэж хэлж байсан. Тухайн үед аймгийн Засаг даргаас дипломгүй хүн ажиллуулахгүй тул *******ийг ажлаас нь халж энэ тухайгаа хариу мэдэгдэх албан бичиг ирүүлэхийг даалгасан бичгийг ******* захиралд явуулсан байдаг бөгөөд хариу болгон *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай албан тоот холбогдох материалыг аймгийн Засаг даргад явуулсан байдаг. Ингээд намайг ажил үүргээ гүйцэтгэж байх үед 2016 оны сонгуулийн дараа *******ий нөхөр Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болж. Баянхонгор Эрчим хүч компанийн дарга болсон үеэс ******* манай нам сонгуульд ялсан учраас ажилдаа эргэн орно гэж ******* захирлын өрөөгөөр орж гарах болсон. Ингээд төд удалгүй Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч н.Батсууриас *******ийг авч ажиллуул гэсэн албан бичиг удаа дараалан захиралд ирж ******* захирлын өөрийнх нь захирлын албан тушаалтай ярих гээд байсан учраас ******* захирал надад хэлж чамайг ажлаас чөлөөлөхөес өөр аргагүй боллоо гэж хэлээд намайг чөлөөлсөн тушаал гаргасныг би эс зөвшөөрч шүүхэд хандсан. *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаараа албан бичгийг ч мөн холбогдох байгууллагад явуулсан байгаа нь ******* ажлаас чөлөө авч биш бүр гарсан, ажлаас чөлөөлөгдсөн байна гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******эс шүүхэд гаргасан гомдолдоо ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулахаар гомдлын шаардлага гаргасныг анхан шатны шүүх *******ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2017/00820 дугаар шийдвэрийг өөр байдлаар шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж гэж хоёр өөр эрхийн акт гаргаж, хэрэгт шүүхийн шийдвэр байгаа боловч зохигч талуудад шүүхийн шийдвэрийг гардуулаагүй, шүүгчийн захирамж гардуулсан нь зохигчид шүүгчийн захирамжинд гомдол гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах тус тусдаа хуулийн зохицуулалттай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардаж авах, 25 дугаар зүйлийн 25.1.6, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /хх-ийн 164 дүгээр тал/ “..ийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны цалин олговор болох 2.057.830 төгрөгөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл..” гэж бичсэн нь энэ хэргийн оролцогч биш гэдэг хүний хэрэгт дүгнэлт хийсэн байдлаар бичсэн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гуравдагч этгээд *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2017/00820 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Гуравдагч этгээд *******оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                              ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                               Г.УЛАМБАЯР