Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 300

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баатар овогт Б.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Галуут сум, Мандалын бага сургуульд холбогдох

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал бага сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, сахилгын шийтгэл буруу ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулан, үндэслэлгүйгээр цалингаас суутгал хийсэн 64745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.А, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Э миний бие 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бага ангийн багшийн ажилд Мандал бага сургуульд орж 7 дахь жилдээ ажиллаж байна. Гэтэл намайг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ангийн сурагчдыг хүлээж авах гэтэл захирал С.А миний сурагчдыг өөр шинээр ирсэн багш нарт өгч анги руу хувиарлан оруулж намайг сургуулийн үүднээс хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа болон нээлтээс хассан. Үүний дараа би ажлаа хиймээр байна гэж хэлэхэд халагдсан тушаалаа дараа аваарай гэж хэлсэн. Миний бие ажлаас халагдсан тушаалаа 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн биеэр гардан авсан. Намайг ажлаас халсан С.А захирлын тушаал хууль зүйд нийцэхгүй, миний багшлах бөгөөд хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна. Би үүрэгт ажлаа хэвийн хэмжээнд хийж байсан бөгөөд урьд өмнө эрхэлсэн ажлынхаа талаар сахилгын шийтгэлийн арга хэмжээ авч байгаагүй юм. Миний хувьд үндэслэлгүйгээр ажлаас халсан, би 10 сартай хүүхэдтэй, намайг хууль зөрчиж ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Манай сургуулийн захирал намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлийг барьж халахдаа намайг үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй байх тул ажлаас халсугай гэдэг шаардлага гаргасан. Энэ тушаал гаргахаас өмнө намайг ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад буюу 2017 оны 06 сарын 01-ний өдөр амраад сургуульдаа багшаараа ажиллах гээд 08 сарын 14 ний өдөр ажилдаа ороод байж байтал цалин буух үеэр нийт ажилчдад цалингаас 10 хувь суутгасан. Энэ үед би яагаад цалингаасаа суутгасан юм болоо гэж бодоод гайхаж байсан. Тэгтэл намайг ажлаас халсан өдөр №12 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай гэсэн тушаал гаргасан болохыг няраваас мэдсэн. Намайг ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад энэ арга хэмжээ авсныг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тушаалыг гаргахдаа надаас асуугаагүй, сахилгын арга хэмжээ авсан ч гэж хэлээгүй, ямар зөрчил гаргасан талаар надад мэдэгдээгүй байж гэнэт сахилгын арга хэмжээ авсан тушаал гаргасан. Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгааг хүлээн авч шийдвэрлэхийг хүсч байна. Үүнд 1. Надад 2017 оны 09 сарын 06-ны өдрийн №12 тоот сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож, намайг сахилгын зөрчил гаргаагүй болохыг тогтоолгох, 2.Үндэслэлгүй сахилгын арга хэмжээ авч надаас суутгасан 64745 төгрөгийг Галуут сумын Мандалын бага сургуулиас гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Э нь ажлаас халагдсанаа зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэж явж байсан. Мөн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сахилгын шийтгэл авсан байсан. Энэ сахилгын шийтгэлийг надад мэдэгдээгүй, цалингаа авсан гэдгийг бас мэдээгүй байсан. Мөн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Би ажлаас халагдасан тушаалаа авах гэж орохдоо тухайн сахилгын шийтгэл авсан тушаалыг мэдсэн. Тэгээд тухайн үед сумаас ажлын хэсэг ирэхэд нягтлангаас яагаад миний цалингаас хассан бэ гэж асуухад захирал чинь цэцэрлэг байгуулах гэж байхад хөнжил гудас хугацаандаа өгөөгүй гэсэн үндэслэлээр тушаал гаргаад Б.Э,Т.Мөнхзул нарт сахилгын шийтгэл оногдуулна гээд тушаал гаргасан гэсэн тайлбар хэлж байсан. Мөн намайг ажлаас халах тушаал гаргахдаа тухайн ажлын байрны тодорхойлолт дээр заасан ажлыг хийгээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халах тушаалыг гаргасан. Гэтэл тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа хийсэн гэдгийг нотлох, нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардалгыг хангаж өгнө үү гэв

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.А шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус албанд томилогдсон. Ажил авснаас хойш аж ахуй, сургалтын чанар, ажиллах боловсон хүчний чадавхийн доройтолд орсон энэ сургуулийг сэргээн босгох ажлыг хийж эхэлсэн. Намайг ажил авахад Б.Эгийн хувьд Галуут сумын Мандал бага сургуулийн 4-а ангийг /1 сурагчтай/ дааж авсан ангийн багш байсан. Багш Эгийн хувьд огт хичээлийн бэлтгэлгүй хичээлд ордог. Хичээл заахгүй сууж л байдаг, хүүхэд нь сурах бичгээс хуулан бичлэг хийж байдаг бөгөөд энэ байдал хичээлийн бэлтгэл шалгах, хяналт хийх бүрт харагдаж байсан бөгөөд багшийн ур чадвар маш муу байсан. Ингээд багш Эг суулгаж үзүүлэх хичээл зааж, дараа нь хичээлийн хэлэлцүүлэг хийж түүнд мэдээлэл өгч харилцан ярилцаж, заах аргын нэгдлийг байгуулж хүндэвтэр, хүндрэлтэй байгаа бодлогуудыг хамтран бодох, бусдаас суралцах , мэдээлэл солилцох арга зүйд суралцуулж, багш Эд болон бусад багш нарт үүрэг өгсөн. Хичээлийн жилийн эцэс болоход багш Б.Э юу ч хийгээгүй байсан. Өөрөө сэтгэж хийж чадахгүй байлаа гэхэд хүний зааж зөвлөснийг хийж чадахгүй байгаа нь төрийн албанд мэдлэг чадвар муу боловсон хүчин шургалснаар нийгмийн доройтол ялзрал гэдэг л энэ юм байна гэдгийг ойлгосон. Ингэж явсаар 2017.05.17 болж сурагчдын анги дэвших шалгалт эхэлсэн. Б.Э багшийн 4-а ангийн 1 хүүхэд бүтэн жилийн турш нэг хүүхэдтэй ажиллаад монгол хэлний шалгалт амжилт 100 хувь, чанар 0 хувь, математикын шалгалт амжилт, чанар 0 хувь шалгагдсан. Сургуулийн захирлын нэрэмжит уншлага, чээж бичгийн шалгалтанд сурагч Н.Түмэнбаатар чээж бичиг 45 үгнээс 40 алдсан, минутын уншлага 2 ангийн монгол хэлний материалаас уншихад 21 үг уншсан. Бүтэн 1 жилийн турш нэг хүүхэдтэй ажиллаад ийм үр дүн гарсан. Аймгийн төвд нэг бага ангийн багш 40-50 хүүхэдтэй хичээллэж байна. Энэ хоёрыг харьцуулахад нэг хүүхдийг тэргүүний сурагч болгох боломжтой. Багшийн чадвар сул байгаагаас эцэг эхчүүд хүүхдээ сумын төв, аймгийн төв рүү сургуульд өгч тус анги 1 хүүхэдтэй үлдсэн нь энэ. Байгууллагын багш ажилчдын сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурлаар үр дүнгүй ажилласан бага ангийн багш, ажилчдын тухай авч хэлэлцсэн. Хурлын шийдвэрийг хэрэгжүүлж бага ангийн 2 багшийг байгууллагын дотоод журмын 4.6 заалтыг үндэслэн сонгон шалгаруулалтаар орж ажиллах, үүний тулд амралтын 3 сарын хугацаанд сургалтанд хамрагдаж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж 8 сарын 29-ны өдөр бага ангийн багшийн сонгон шалгаруулалтанд орох мэдэгдлийг өгсөн. Анхааруулж хэлсээр байхад мэргэжил ур чадвартаа өөрчлөлт хийгээгүй, сонгон шалгаруулалтанд ороогүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал сумын бага сургуулийн захирлаар томилогдсон. Тэгээд томилогдсон цагаасаа хойш багш нартайгаа ажиллаж, хангалттай зөвлөгөө өгч байсан. Б.Э багшийн хувьд бүтэн жил ажилласан. Мөн би багш нараа хөгжүүлэх талаар ажил хийж Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрдний бага сургууль руу туршлага судлуулахаар Б.Эг явуулсан. Тэгээд ирээд ажлаа дүгнүүлэхдээ тухайн сургуулийн багшаас юу ч олж хараагүй байсан. Мөн шаардлага тавихаар хүлээж авдаг боловч тухайн шаардлагыг биелүүлдэггүй. Мөн Б.Э багш нь хичээлийн бэлтгэл байхгүй, хичээлийн жилийн төлөвлөлт байхгүй, улирлын хичээлийн төлөвлөлт байхгүй, тухайн орж байгаа хичээлийн төлөвлөгөө, хөтөлбөр байхгүй, мөн сургалтын хэрэглэгдэхүүн байхгүй, хичээлээ заадаггүй сандал дээрээ суугаад байдаг хүн байсан. Би удаа дараа шаардлага тавьж байсан. Тухайн хичээлийн жилд би багш нартаа 8 үүрэг өгсөн. Тэгэхэд Б.Э багш нэг ч үүргийг биелүүлээгүй. Мөн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн анги дэвших шалгалт авч эхэлсэн. Б.Э багшийн ангийн хүүхдээс анги дэвших шалгалт авахад Н.Э нь нэг хүүхэдтэй анги дааж авсан байдаг. Гэтэл тухайн нэг хүүхэд нь улсын 2 шалгалтанд F үнэлгээ авч 0 хувийн чанартай шалгагдсан. Тэгэхэд бусад сургуулийн багш нар 30-40 хүүхэдтэй анги дааж аван сайн сургадаг. Гэтэл Б.Э багш нь 1 сурагчтай байж 0 хувийн чанартай сургасан ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр багш, ажилчдын сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурал хийсэн. Энэ хуралд Б.Э багш өөрөө байж байсан. Тухайн хурлаар Б.Э дааж авсан хүүхдээ хангалтгүй үнэлгээтэй сургасан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ сахилгын шийтгэл 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр авагдсан. Мөн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүүхдийн хувийн хэрэг, журнал, тус жилийн ажлын тайлан, тухайн жилийн төлөвлөгөө болон багштай холбоотой бүх бичиг баримтыг өгч 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр архивт хийлгэх ёстой байсан. Гэтэл тухайн материалаа Б.Э багш нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Э багшийг ирж хүүхдийнхээ хувийн хэрэг болон журнал, бүтэн жилийн ажлын тайлангаа өг гэж дуудуулсан. Тэгээд Б.Э багш ирсэн ирэхдээ журнал нь огт тэмдэглэгээ байхгүй, мөн хүүхдийн хувийн хэрэг мөн бөглөгдөөгүй байсан. Тэгэхээр нь би чи 3 хоногийн дотор энэ бичиг баримтууд дээр тэмдэглэгээгээ хийгээд ир гээд боломж олгоод явуулсан. Тэгээд яваад эргэж ирээгүй утсаа авахгүй байж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээл эхлэхэд ирсэн тэгээд ирэхдээ өмнөх жилийнхээ нөгөө хичээлийн баримтуудыг авч ирээгүй байсан. Тэгэхээр би өмнөх жилийнхээ бичиг баримтуудаа аваад ир гэж явуулаад авч ирүүлсэн тэгээд би Б.Э багшийн бичиг баримтыг хүлээж авсан. Тэгэхэд Б.Э багш нь тухайн бичиг баримт дээрээ бичилт хийгээгүй хэвээрээ ирсэн. Мөн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч н.Цэрэндэжид ирж шалгалт хийгээд багш нарынхаа журналыг танилцуулахад энэ журналыг харахад энэ багш бүтэн жилийн хугацаанд ажлаа хийгээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд би Б.Эг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх, сахилгын шийтгэл буруу ногдуулсан 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, 64745 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч нь 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуульд бага ангийн багшийн ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар Бага ангийн багш Б.Эг ажлаас халах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, ажлаас үндэслэлгүй халагдсан гэж гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна./1-р хх-ийн 1-2, 5, 34-38-р тал/

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу тушаал гарснаас хойш 8 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцэж байна.

1. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ажилтны гомдлын талаар:

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг бага ангийн багшийн ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч нэхэмжлэгч Б.Эг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн ба хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дэх хэсэгт ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар нэрлэн зааж, харилцан тохиролцож ажилтан, ажил олгогч гарын үсгээ зуржээ./1-р хх-ийн 34-38-р тал/

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-т Ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, бичиг хэргийн болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй, ёс зүйн зөрчлийн улмаас сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш хүлээсэн бол хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцохоор зохицуулсан бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалд нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, холбогдох заалтуудыг нэрлэн заасан байна.

Тушаалд заасанчлан нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 3.2-ийн Ажилтны үүрэг-ийн 3.2.1,3.2.2, 3.2.3, 3.2.5 , Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.4-ийн Багшийн ажил, үүрэг-ийн 22, 23, 24, 5 дугаар зүйлийн 11, 14, 19, 21, Ажлын байрны тодорхойлолтын Багшийн чиг үүрэг-ийн 1-р үндсэн зорилтын 1, 4, 8, 9, 10, 11, 12, 15 дугаар заалт, 2-р үндсэн зорилтын 2, 7, 8, 9-р заалтад заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй эсэх, нотлогдон тогтоогдсон эсэх талаар хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шалгъя.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийг ажил үүргээ чанаргүй биелүүлсэн, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу дааж авсан анги нь нэг хүүхэдтэй боловч тухайн нэг хүүхдээ сургаж чадаагүй, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үүргээ биелүүлээгүй, сурлагын чанар муу, Монгол хэлний анги дэвших шалгалтын дүн амжилт 100%, чанар 0 %, Математик амжилт 0 %, чанар 0 % үнэлгээтэй дүгнэгдсэн, сурагчийн явцыг үнэлж дүгнээгүй, сурагчийн хувийн хэргийн үнэлгээ буруу, багшийн журнал хөтлөөгүй, хичээлийн хөтөлбөр боловсруулаагүй, холбогдох баримт бичгийг зохих хугацаанд архивт шилжүүлээгүй, ирц бүртгээгүй, тэмдэглэгээ хийдэггүй зэрэг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж, харин нэхэмжлэгч багшийн үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлж байсан, ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй хэмээн марган мэтгэлцэж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй болох нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд:

Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.4-ийн Багшийн ажил, үүрэг-ийн 22-т тухайн хичээлийн жилд сурагчдын сурлагын амжилт 70-100%, чанар 40 хувиас дээш үзүүлэлттэй суралцуулж үр дүнгээ тооцуулж ажиллана, 23-т Хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлж хоцрогдолгүй суралцуулах, 24-т Анги удирдсан багшийн болон хичээлийн журнал, анги дэвших болон улсын шалгалтын тэмдэглэл, тогтоол, суралцагчдын шалгалтын материалыг жил бүрийн 06 дугаар сарын 20-ны дотор архивт шилжүүлж байна зэрэг заалтуудыг нэхэмжлэгч зөрчсөн болох нь хэрэгт авагдсан анги дэвших шалгалтын материал, түүний үнэлгээ, багшийн журналд сургалтын менежерийн анги удирдсан багшаас холбогдох баримтуудыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээж авсан тэмдэглэл, хариуцагчийн төлөөлөгчийн Б.Э нь сургууль амрахад архивт 06 дугаар сарын 20-ны дотор шилжүүлэх баримтуудыг шилжүүлэлгүй аваад явсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дуудаж уулзаж журналаа гүйцээж хөтлөөд ир гэсэн үүрэг өгөөд явуулсан түүнээс хойш дахин ирээгүй утас нь холбогдохгүй байсан, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирсэн гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр захиралтай уулзсан, түүнээс хойш манайх хөдөө малтай учир хөдөө явсан, сумын төв орж ирэх үед захирал байхгүй байсан гэсэн тайлбар зэргээр холбогдох материалыг архивт хугацаандаа шилжүүлээгүй, Хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлж хоцрогдолгүй суралцуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн, тухайн хичээлийн жилд сурагчдын сурлагын амжилт 70-100%, чанар 40 хувиас дээш үзүүлэлттэй суралцуулж ажиллана гэсэн үүргүүдийг зөрчсөн болох нь нотлогдож байна. /1-р хх-ийн 22-30, 41-43, 67-124-р тал/

Ажлын байрны тодорхойлолтын Багшийн чиг үүрэг-ийн 1-р үндсэн зорилтын 1, 4, 8, 9, 10, 11, 12, 15 дугаар заалт, 2-р үндсэн зорилтын 2, 7, 8, 9-р заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2-ийн Ажилтны үүрэг-ийн 3.2.1,3.2.2, 3.2.3, 3.2.5 заалтад заасан сургалтын хөтөлбөр төлөвлөн боловсруулах, сурагчдыг судлах, оношлох, үнэлгээний даалгавар боловсруулах, явцын болон үе шатны хяналт шинжилгээ, үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, журнал хөтөлж, ажиглалт тэмдэглэл хийх, сургалтын хөтөлбөрөө үнэлж сайжруулах, сурагчдын суралцах үйл явц, үр дүнг үнэлэх, сургалтын баримт бичиг хөтлөх, мэргэжил арга зүйгээ тасралтгүй дээшлүүлэх, бичиг баримтыг зохих стандартын дагуу хөтлөх зэрэг үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийн хөтлөлт, зохигчийн тайлбарууд, бусад нотлох баримтаар нотлогджээ./1-р хх-ийн 67-131, 2-р хх-ийн 10-37-р тал /

Иймд нэхэмжлэгчийн Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Сахилгын шийтгэл буруу ногдуулсан Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, 64745 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба хүсэлтдээ 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байх боловч тус сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулснаас өөр тушаал гараагүй, огноог буруу бичсэн талаар нэхэмжлэгч тайлбарлаж, зохигч энэ талаар маргахгүй байх тул 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг ихэсгэсэн гэж үзэв.

Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1/2 дэх заалтыг үндэслэсэн нь хуулийн ямар заалтыг баримталж байгаа нь тодорхойгүй, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн зөрчлийг нэхэмжлэгч хэзээ гаргасан, хэзээ илрүүлж арга хэмжээ авсан нь тодорхойгүй, нотлогдоогүй, хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль хэлбэрийг оногдуулж байгаа нь тодорхойгүй байгаа нь ажилтны эрхийг зөрчсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгож тушаалын үр дагавар болох цалингаас суутгал хийсэн 64745 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж , нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /1-р хх-ийн 174-176-р тал/

Нэхэмжлэгчээс өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдгийг нотлох баримт хэмээн сурагчдын түвшинг тогтоох болон ахицыг үнэлэх сэдвүүд 2-р ангийн хичээлийн хэрэглэгдэхүүн, зураг, дүрс, номны хуулбар, бусад сурагчдын хийсэн зургийн бүтээл, сурагч Түмэнбаатарын 1, 2-р ангийн хичээлийн материал зэрэг нь тухайн хэрэгт буюу нэхэмжлэлийн үндэслэл болсон ноцтой зөрчлүүдэд хамааралгүй, ач холбогдолгүй, багш Б.Эгийн хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрийн хагас жилийн хэрэгжилт улирлын тоо засвартай, хүрсэн үр дүн бөглөгдөөгүй нотлох баримтын шаардлага хангагдаагүй, хэрэгт баримтаар гаргасан хичээлийн 4 ширхэг дэвтрийн 2 нь багш Эгийн нэртэй дотроо 2 хуудас бичилттэй, 1 нь хэний дэвтэр болох нь тодорхойгүй, уранхай, нэргүй, дотор нь зураг зурсан нотлох баримтын шаардлага хангаагүй, 1 дэвтэр нь сурагч Түмэнбаатарын нэртэй боловч хэрэгт ач холбогдолгүй зэрэг байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу шүүхээс уг нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй юм. /2-р хх-40-97-ийн/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 12 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нэхэмжлэгч Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр цалингаас суутгал хийсэн 64745 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 4550 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА