Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 213/МА2018/00002

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00825 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч  Б.Эгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал бага сургуульд холбогдох

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч  Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

Нэхэмжлэгч  Б.Эгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Э миний бие 2011 оны 08 сарын 19-ний өдөр бага ангийн багшийн ажилд Мандал бага сургуульд орж 7 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие ажлаас халагдсан тушаалаа 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн биеэр гардан авсан. Намайг ажлаас халсан С.Ариунаа захирлын тушаал хууль зүйд нийцэхгүй, миний багшлах бөгөөд хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна. Би үүрэгт ажлаа хэвийн хэмжээнд хийж байсан бөгөөд урьд өмнө эрхэлсэн ажлынхаа талаар сахилгын шийтгэлийн арга хэмжээ авч байгаагүй юм. Миний хувьд үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Надад 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №12 тоот сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож, намайг сахилгын зөрчил гаргаагүй болохыг тогтоолгох, надаас суутгасан 64745 төгрөгийг Галуут сумын Мандалын бага сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  Б.Эгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний хувьд ажлаас халагдсанаа зөвшөөрөхгүй байгаа учир нь би хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэж явж байсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр жирэмсний амралтаа аваад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон. Тухайн үед миний оронд ажиллаж байсан багш нь журналгүй явж байсан. Тэгээд С.Ариунаа захирал ирэх сургаар манай хуучин захирал надад нэг шинэ журнал өгсөн.

Мөн ажил тасалсан гэж байна. Би тухайн үед ганцаараа ажил таслаагүй манай сургуулийн хуучин захирал байсан М.Сэргэлэн гэдэг багш нь долоогоос илүү хоног ажил тасалсан. Хувийн хэрэг дээр өмнөх захирал гарын үсэг нөхөн зурахдаа хуудас алгасаад буруу зурсан байсан. Би дуурайж зураагүй.Тухайн үед хөтөлбөр төлөвлөгөөгүй ажиллаж байсан нь үнэн өмнөх захирлын үед жилийн төлөвлөгөө гаргасан. Өдөр тутмын болон улирлын төлөвлөгөө гаргаагүй гэжээ.

Хариуцагч Галуут сумын Мандал бага сургуулийн захирал С.Ариунаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус албанд томилогдсон. Ажил авсанаас хойш аж ахуй, сургалтын чанар, ажиллах боловсон хүчний чадавхийн доройтолд орсон энэ сургуулийг сэргээн босгох ажлыг хийж эхэлсэн. Намайг ажил авахад  Б.Эгийн хувьд Галуут сумын Мандал бага сургуулийн 4-а ангийг /1 сурагчтай/ дааж авсан ангийн багш байсан. Багш  Б.Эгийн хувьд огт хичээлийн бэлтгэлгүй хичээлд ордог. Хичээл заахгүй сууж л байдаг, хүүхэд нь сурах бичгээс хуулан бичлэг хийж байдаг бөгөөд энэ байдал хичээлийн бэлтгэл шалгах, хяналт хийх бүрт харагдаж байсан бөгөөд багшийн ур чадвар маш муу байсан. Багшийн чадвар сул байгаагаас эцэг эхчүүд хүүхдээ сумын төв, аймгийн төв рүү сургуульд өгч тус анги 1 хүүхэдтэй үлдсэн байсан.  Б.Эг буцааж авах боломжгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие нь 29 жил багшийн ажлыг хийж байна. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлаар томилогдсон. Тэгээд томилогдсон цагаасаа хойш багш нартайгаа ажиллаж эхэлсэн.  Б.Э багшийн хувьд бүтэн жил ажиллаж байсан. Тэгээд хичээл эхлэхэд 3 удаа тандалт хийж шалгасан. Тэгэхэд  Б.Э багш нь хичээлийн бэлтгэл байхгүй, хичээлийн жилийн төлөвлөлт байхгүй, улирлын төлөвлөлт байхгүй, тухайн орж байгаа хичээлийн төлөвлөгөө, хөтөлбөр байхгүй, мөн сургалтын хэрэглэгдэхүүн байхгүй, хичээлээ заадаггүй сандал дээрээ суугаад байж байдаг ийм хүн байсан. Би удаа дараа шаардлага тавьж байсан. Мөн  Б.Э нь хүүхдийн хувийн хэрэг дээр өмнөх захирлын гарын үсгийг зурж хуурамчаар үйлдсэн зөрчилтэй байгаа. Ажлаас халсан тушаалын гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 тоот тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр хассан цалин 64.745 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч  Б.Эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Мандалын бага сургууль, захирал С.Ариунаад холбогдох Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  Б.Э, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

хариуцагч тал нь  Б.Эг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дүгээр зүйлийг үндэслэн гэж үндэслэх хэсгээ маш тодорхой зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил болох гэж тус хуулийн зүйл заалтыг зөрчил гэж ойлгон хэрэглэсэн, мөн "Ажлын байрны тодорхойлолтын багшийн чиг үүргийн 1-дүгээр үндсэн зорилтын 1, 4, 8, 9, 10 гэх мэтээр 2-дугаар үндсэн зорилтын 2, 7, 8, 9 гэх мэтээр дугаарлаагүй заалтыг зөрчсөн зөрчил гэж дүгнэн хууль бусаар тушаалыг гаргасан байхад шүүх энэ байдалд эрх зүйн бодитой дүгнэлт өгөөгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дэхь заалт нь Хөдөлмөрийн гэрээ байгуулах, Хөдөлмөрийн гэрээний нөхцөл гэх мэт зохицуулалт байхад хариуцагч тал нь тухайн заалтуудыг барьж иргэнийг ажлаас чөлөөлсөнийг шүүх зөвтгөсөн нь буруу байна.

Хариуцагч тушаалд дурьдсан үндэслэх хэсгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24-дүгээр зүйлүүдийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан заалтыг ноцтой зөрчил гэж дурьдаж хуулийн 40.1.4-д заасныг зөрчил гэж тайлбарлан хэрэглэсэн байхад шүүх нь тус тушаалын үндэслэх хэсгийг бодит байдлаас илтэд зөрүүтэйгээр буруу тайлбарлаж Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлжээ гэж шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурьдсан нь буруу юм.

Мөн хариуцагч тал нь  Б.Эг ажлаас халах тухай тушаал гаргах үедээ хариуцагчид урьдчилан мэдэгдээгүй, тайлбар аваагүй, ямар зөрчил гаргасан талаар хөндлөнгийн байгууллага буюу захирлын дэргэдэх зөвлөл гэх мэт байгууллагаар зөрчлийг тогтоогоогүй шууд өөрийн үзэмжээр дүгнэлт хийж тушаал гаргасан байхад шүүх энэ байдалд бодитой дүгнэлт өгөөгүй хууль бус дүгнэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Иймд: Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00825 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэснийг хүчингүй болгож,  Б.Эг ажлаас халсан Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгох, өмнө нь эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалинд ногдох эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 361 дүгээр тушаал, 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 293 дугаар тушаал, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн боловсролын чанарын үнэлгээний журмын тухай сайдын тушаал /хх-ийн 133-149 дүгээр тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, хуулбар нь нотариатын баталгаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь зөрчилтэй болжээ.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажлын байрны тодорхойлолт багшийн чиг үүргийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзэж дүгнэсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ажлын байрны тодорхойлолт нь /хх-ийн 47-49 дүгээр тал/ энэ хэргийн оролцогч биш Т.Мөнхзул гэдэг багшийн ажлын байрны тодорхойлолт байхад  Б.Э гэдэг багшийн ажлын байрны тодорхойлолт гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг зөрчсөн байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай /хх-ийн 157-158 дугаар тал/ 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02457 дугаар шүүгчийн захирамжинд шүүх хуралдааныг товлохдоо хугацаа хэтрүүлж нэг сар 25 хоногийн дараа 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагт хийхээр товлосон боловч дараа нь шүүх хуралдааны товлоогүй өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг хийсэн.

Нэхэмжлэгч  Б.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийг шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад мөн өдрөө 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулж, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан өдрөө хариуцагч талд тайлбар өгөх боломж олгохгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг хийсэн. Хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяраас шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар өгөх хугацаа хэрэгтэй байгаа тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан байгаа зэрэг байдлууд нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг тус тус зөрчсөн байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч талд гардуулсан өдрөө шүүх хуралдааныг урьдчилан товлохгүйгээр хийж байгаа нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 14 цагт хийхээр товложээ. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын үндэслэх хэсэгт 30 хоногоор сунгах нь зүйтэй гэж дүгнэсэн мөртлөө Тогтоох хэсэгтээ 20 хоногоор хугацааг сунгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгахдаа 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сунгах байтал нэг хоногийн хугацааг хэтрүүлж 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сунгасан байна.

Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч  Б.Эгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00825 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                               ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                 Г.УЛАМБАЯР