Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2018/00923

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр           Дугаар184/ШШ2018/00923            Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С.Ч нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Б.Цд холбогдох,

 

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,250,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, “Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний зүйлийн хадгалалттайгаар учирсан хохирол 5,500,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэх С.Ч хар ит төл А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхчимэг нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэх С.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх Хар Б.Цтай 2015 оны 5 дугаар сард хүнээр дамжуулж танилцсан. Ингээд анх уулзаад хатгамлын машин байгаа гэдгээ хэлээд түүнээс хойш Хар Б.Ц нь хэд хэдэн удаа ирж үзэж харж байгаад 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэрээ байгуулах үедээ сайн үзэж харж аваарай гэж хэлсэн.

Гэрээнд зааснаар 15,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд, урьдчилгаа төлбөр байхгүйгээр төлбөрийг сар бүр 625,000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон ба ямар нэгэн хүү, алданги тооцохгүйгээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед хатгамлын машиныг хүйтэнд асаах боломжгүй байсан учраас мэргэжлийн хүмүүсээс асааж болох уу гэж асуухад асааж болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хар Б.Цид хатгамлын машинаа дулаан газар хоёр гурван хоног хонуулаад асаагаарай гэж хэлсэн. Гэрээ байгуулснаас хойш 2015 оны 01 дүгээр сарын дундуур Хар Б.Ц хатгамлын машинаа ачаад аваад явсан.

Түүний дараа 2015 оны 5 дугаар сард над руу хатгамлын машинаа хүнээр үзүүлээд өг гэж ярьсан. Би тэр үед н.Ганбаатар гэж хатгамлын машин засдаг залууг явуулахад дэлгэц нь болохгүй байна гэсэн. Би дэлгэцийг нь 2015 оны 7 дугаар сард янзлуулж өгсөн. Хэсэг таг болж байгаад 2015 оны 9 дүгээр сард ахиж залгаад н.Ганбаатартай уулзуулж өгөөч ээ гэхэд нь н.Ганбаатарыг дуудаж энэ 2 хүнийг уулзуулж өгсөн.

Би энэ гэрээнээс гадна аман гэрээгээр би машины урсгал үйлчилгээ, тосолгоог нь хийдэг засварчныг нь олж өгье, засварынх нь төлбөр мөнгө бүх гарах зардлыг Хар Б.Ц хариуцахаар тохиролцсон. Би худалдсан мөнгөө авах гээд залгахад Ганбаатар гэдэг залуутай хэл амаа ололцохгүй байна гэсэн. Үүний дараагаар би утасны зүү дагалдах хэрэгслийг нь бүгдийг нь өгч явуулсан. Би эвдэрхий хатгамлын машин ерөөсөө зараагүй. Зарах үед эвдрэл байгаагүй. Засварчин зааж өгсөн учир нь урсгал тосол үйлчилгээ хийхэд мэргэжлийн хүн гэж л хэлж өгсөн. Өмнө нь шинжээч томилох үед машин ажиллаж байсан байдаг. Одоо шинжээч томилоход компьютер эвдэрхий гэж байна. Өмнө нь бол ажиллаж байсан. Одоо л эвдэрчихсэн байгааг нь шинжээч дүгнэлтдээ хэлсэн байх. Хатгамлын машиныг үзэж харж байгаад л авч явсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлбөр төлөх эхний 10 сарын төлбөр болох 6,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үлдэгдэл төлбөрөө авахгүй гээгүй. Өмгөөлөгчөөс асуухад гэрээний хугацаа дуусаагүй тул бүх мөнгөө нэхэмжилж болохгүй гэсэн учир би өмнөх төлөгдөөгүй байгаа 10 сарын мөнгийг нэхэмжилж байна. Би энэ хүнээс нэг ч төгрөг аваагүй байгаа. Гэрээний эхний 10 сарын төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Намайг дарамталсан гэж яриад байгаа би гэрээ хий гэж дарамтлаагүй. Энэ хүн өөрөө засварчин олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь би н.Ганбаатарыг надтай хамтарч ажил хийдэг гайгүй хүн болохоор нь танилцуулж өгснөөс биш заавал энэ хүнээр засвар хийлгэ гэж хэлээгүй. Энэ хүн өөрөө мөнгөө гаргаж байж өөр хүнээр засуулж болох боломжтой. Тэр засвар гээд байгаа нь ердийн ашиглалтын тосолгоо үйлчилгээ юм” гэв.

 

Хар Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Бараа бүтээгдэхүүн худалдан, худалдан авах гэрээний шаардлага хангагдаж, машин ажиллаад эхлэх юм бол би энэ мөнгийг төлөхөд бэлэн байна. Гэвч уг гэрээ хангагдаагүй учраас ямар ч төлөх боломж үүсээгүй. Нэхэмжлэгчийн өөрийнх нь танилцуулсан засварчинтай гэрээ хийе, засаад өгөөч гэхэд засаж өгөөгүй.

Ганбаатартай 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 13 цаг 50 минутад ярихад орой 19 цаг 00 минут гээд уулзъя гэсэн. 19 цаг гээд очиход орой болсон байна гэрээгээ хийж чадахгүй гэсэн. 21 цагаас 24 цаг хүртэл машиныг үзэж байгаад маргааш засвараа хийе, зэв арилгагч аваад ирье гээд 250.000 төгрөг бэлнээр аваад явсан. Маргааш орой нь утсаар залгахад “маргааш засъя” гэдэг хариу өгсөн. Дараа нь ахиад 2 хоног болоод ирэхгүй болохоор нь та хэзээ завтай болох вэ  гэхэд би өөрөө цаг заваа хэлнэ гэсэн. Заавал хурдан засах хэрэгтэй байна гэхэд заавал гэдэг асуудал байхгүй гээд мессэж бичсэн байсан. Ирээд ядаж 250,000 төгрөгийн үйлчилгээгээ үзүүлээч гэхэд мөнгө хүрэхгүй байна 50.000 төгрөг нэмж авья гэдэг мессэж бичсэн. Дараа нь 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэзээ завтай болох вэ гээд мессэж бичихэд зав алга завтай болохоороо засаад өгье гэдэг. Тэгээд засаж өгөөгүй надад мессежүүд нь байгаа.

Энэ байдлаа С.Чинбатад танилцуулахад чи ямар сонин юм гээд өөдөөс утсаар учиргүй загнаад байсан. Би айгаад ахиж ярьж чадаагүй утсыг нь ч авч чадаагүй. Дараа нь би бичгээр надаас ийм зардлууд гараад байна хоёулаа худалдах-худалдан авах гэрээгээ болих юм уу гэхэд шүүхээр шийдүүлье гэж хэлээд шүүхэд өгсөн байна лээ.  Гэрээгээ хангавал би машинаа засуулаад мөнгөө төлбөл төлнө, гэрээгээ хангаж чадахгүй бол би мөнгийг нь өгч чадахгүй. Би засвар хийлгүүлэх гээд н.Ганбаатарт 250.000 төгрөг өгсөн. Шинжээч хэлсэн машиныг засах боломжтой засварын хөлс 800.000 төгрөг орчим болох байх гэсэн. Засварчны бэлд гэсэн бүх материалыг бэлдээд тавьсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би н.Ганбаатарт 250.000 төгрөг өгсөн болохоор тодорхой хэмжээний засварыг хийлгэмээр байна. С.Чинбаттай 2015 оны 5 дугаар сард танилцаад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээ хийсэн. Ачилт бол 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хийгдсэн. Машиныг тухайн үед ажиллуулах боломжгүй, халаалттай байранд багтахгүй байсан учир халаалтгүй айлын байшинд цонх ханыг нь нурааж байгаад оруулаад буцаагаад ханыг нь шавардсан. Оруулчихаад царцуу машиныг асаах боломжгүй, галлагаа хийгээд ч боломжгүй гэсэн учраас 5 сард гэсээд ирэхээр нь засварчинг дуудаад үзүүлтэл дэлгэц нь эвдэрсэн байна гэсэн. Тэгээд С.Чинбатад хэлэхэд 2016 оны 7 дугаар сарын сүүлчээр дэлгэцийг нь засаж өгсөн. н.Ганбаатар ирж үзээд дэлгэц нь ажиллаж байна гээд явсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр засвар хийхээр болсон ч одоо хүртэл засаагүй.

Тухайн үед засварын төлбөр 250.000 төгрөгөөс 300.000 төгрөг болох байх гэсэн. Би н.Ганбаатарт чи ерөөсөө үнээ хэл би хэлсэн мөнгийг чинь өгье гэсэн. Миний хувьд яагаад өөр засварчин сонгоогүй вэ гэвэл би нэг ч төгрөг төлөөгүй учраас хүний машиныг өөр хүнээр засуулаад яах вэ л гэж бодсон. Надад бол хатгамлын машиныг мэдэх таньдаг засварчин байхгүй. Мөн анх би гэрээ байгуулахдаа ажиллах ямар ч боломжгүй эвдэрхий, Монголд уг машиныг засварладаг хүн ч байхгүй хэрэглэгдэх боломжгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэгэнт ямар ч ашиглагдах боломжгүй техникийг худалдаж авна гэдэг нь өөрөө ойлгомжгүй. Тэгээд ч гэрээний зорилго нь хатгамалын машиныг ажиллуулан олсон орлогоороо төлбөрийг гүйцэтгэхээр тохирсон ба огт ажиллах боломжгүй машиныг надад хууран мэхэлж өгсөн байна. Иймд худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож хадгалалтаас үүссэн хохирол 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үед доголдолтой байх юм бол доголдолтой гэж үзэхээр тайлбарласан байдаг. Тэгэхээр бодит байдал дээр эд хөрөнгө шилжүүлэх үед доголдолтой байсан ба худалдагч тал доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй байна. Хуульд доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан этгээд доголдлыг засахаар тохиролцоогүй тохиолдолд худалдагч тал энэ үүргийг биелүүлдэг. Тохиролцооны зүйл нь худалдан авагч тал тухайн техникийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулалтаараа төлбөрөө хэсэгчлэн хийхээр тохирсон байна. Гэтэл тухайн техник нь өнөөдрийн байдлаар өдөр бүр муудан зэвэрч байгаа, ямар ч ашиглах боломжгүй, агуулахад хадгалагдсан төмрийн хаягдал гэж үзэхээр байна. Ийм төрлийн хатгамлын машин 20 гаруй сая төгрөгийн үнэтэй байдаг. Хатгамлын машин нь 24 зүүтэй 15,000,000 төгрөг гэхэд нь маш хямдхан санагдаад худалдаж авсан.

Зарсаны дараа Ганбаатар гэдэг хүнийг дуудахад би 3-4 сая төгрөгөөр худалдаж авах гэж байсан гэж хэлээд засахаас татгалзсан. Хар Б.Цийн хувьд ажилдаг байсан бол худалдаж авах сонирхолтой байсан боловч засаж болохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэх С.Ч  сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийг шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэх С.Ч  нь хар Б.Цид  холбогдуулан “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн дагуу эхний 10 сарын хугацааны туршид төлөх төлбөрт 6,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хар Б.Ц нь Нэх С.Ч ад холбогдуулан “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний зүйлийн хадгалалттай холбоотой учирсан хохирол 5,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

                                                                                                   

Нэх С.Ч  нь өөрийн өмчлөлийн Хятад улсад үйлдвэрлэсэн 24 толгойтой Норд маркын хатгамлын машиныг хар Б.Цид худалдахаар харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээнд хатгамлын машины үнийг 15,000,000 төгрөг гэж заасан ба төлбөрийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 24 сарын хугацаанд сар бүр 625,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ээр нотлогдож байна.

 

Мөн гэрээнд зааснаар гэрээний зүйл болох хатгамлын машины шинж байдлыг шинэвтэр гэж тодорхойлсон байх бөгөөд гэрээ байгуулсан өдөр худалдан авагч тал хатгамлын машиныг өөрийн зардлаар тээвэрлэхээр тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Хуульд зааснаар Нэх С.Ч  нь хар Б.Цийн өмчлөлд эрхийн зөрчилгүй болон биет байдлын доголдолгүй хатгамлын машиныг шилжүүлэх, хар Б.Ц нь Нэх С.Ч ад үнийг төлөх үүрэгтэй ба зохигчид нь гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар маргаж маргааны үндэслэлээ тодорхойлсон байна.

 

Өөрөөр хэлбэл Нэх С.Ч  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний зүйл болох хатгамлын машин нь доголдолгүй буюу ажиллагаатай байсан гэж тайлбарладаг ба хариуцагч С.Цэнд-Аюуш нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний зүйл болох хатгамлын машин нь ажилдаггүй буюу биет байдлын доголдолтой байхад хууран мэхэлж худалдсан гэж тайлбарлаж байна.

 

Хар Б.Ц нь гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний зүйл болох хатгамлын машиныг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл  хугацаанд өөрийн зардлаар тээвэрлэн хүлээн авсан болох нь хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх ба зохигчид нь худалдан авагч гэрээний зүйлийг хүлээн авсан цаг хугацааны хувьд маргаагүй байна. Энэхүү үйл баримт болон Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хар Б.Ц нь гэрээний зүйл болох хатгамлын машиныг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсанд тооцно.

 

Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тал болох хариуцагч С.Цэнд-Аюуш нь хатгамлын машиныг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд өөртөө шилжүүлэн, хүлээн авах үедээ шалгаж аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба шалгаж аваагүй шалтгааныг зохигчдын хэн аль нь “... хүйтэн газар байсан учир дулаан газарт оруулж шалгах шаардлагатай байсан ...” гэж тайлбарлажээ.

 

Худалдах, худалдах авах гэрээний зүйл болох хатгамлын машины нэр, маркыг гэрээнд “НОРД” гэж заасан боловч гэрээгээр шилжүүлсэн хатгамлын машин нь БНХАУ-ын Жемси /Gemsy/ үйлдвэрийн МРF920 маркын хатгамлын машин байсан болох нь шинжээчийн дүгнэлт болон талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба зохигчид гэрээний зүйлийн нэр, марк зөрсөн талаар маргаагүй болно.

 

Хар Б.Ц нь гэрээний зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаас хойш 2016 оны 5 дугаар сард хатгамлын машины дэлгэц нь эвдэрсэн талаар Нэх С.Ч ад мэдэгдсэний дагуу С.Чинбат нь дэлгэцийг сольж, ажиллуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч болох хар Б.Ц нь худалдан авсан эд хөрөнгө нь доголдолтой бол тухайн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй юм.

 

Дээр дурдсан доголдолтой холбоотой шаардлагуудын аль нэгийг худалдан авагч Хар Б.Ц нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор гаргах эрхтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд худалдагч тал баталгаат хугацаа тогтоогоогүй бөгөөд хуульд зааснаар худалдан авагч Хар Б.Ц нь эд хөрөнгийн доголдлын талаар эд хөрөнгийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор шаардлага гаргах эрхтэй ба энэхүү шаардлага гаргах эрх нь түүнийг эд хөрөнгө хүлээн авсан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгжих боломжтой юм.

 

Хар Б.Ц нь хуульд заасан доголдлын талаар шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэгч буюу худалдагч С.Чинбатад гомдлын шаардлага гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байх бөгөөд хар Б.Ц нь 2016 оны 5 дугаар сард хатгамлын машины дэлгэц нь эвдэрсэн талаар Нэх С.Ч ад мэдэгдэж засварласныг гэрээний зүйл болох гол эд юмсын талаар гомдлын шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, эсхүл мөн зүйлийн 255.1.2-д заанаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдахаар заасан.

 

Хар Б.Ц нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор хатгамлын машиныг худалдан авахдаа хуульд заасан нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй байх бөгөөд гэрээний зүйл болох хатгамлын машиныг талуудын тайлбарласнаар шалгах боломжгүй байсан гэх нөхцөл байдалд хүлээн авсан нь эд хөрөнгийн доголдлыг тодорхой цаг хугацааны дараа эсхүл боломжтой үед шалгаж мэдэх боломжтой байхад шалгалгүйгээр хүлээн авсан гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хар Б.Ц нь хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй бөгөөд эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан ба аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн гаргасан хүсэлтийн дагуу маргааны зүйл болох хатгамлын машины эвдрэл гэмтлийг тодруулахаар шүүхээс “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч нь дүгнэлт гаргах үеийн байдлаар хатгамлын машин нь “... эвдрэлтэй, компьютерийн болон цахилгаан, тоног төхөөрөмжийн засвар хийсний дараа ажиллах боломжтой, хатгамлын машинд үүссэн эвдрэлийг цаг хугацаагаар тогтоох боломжгүй ...” гэх зэргээр дүгнэлт гаргажээ.

 

Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр маргааны зүйл болох хатгамлын машиныг эвдрэлтэй гэж тодорхойлсон боловч тухайн эвдрэл гэмтэл нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болон гэрээний зүйлийг худалдан авагчид шилжих үед үүссэн байсан гэж дүгнэх боломжгүй юм. Мөн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлээгүй, гэрээний зүйл болох хатгамлын машиныг шалгаж авах үүргээ хэрэгжүүлээгүй байхад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчийн татгалзлыг үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хар Б.Ц нь Нэх С.Ч ад холбогдуулан гаргасан “Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний зүйлийн хадгалалттайгаар учирсан хохирол 5,500,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ажилладаггүй хатгамлын машиныг ажилдаг гэж хууран мэхэлж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус, эвдэрхий машиныг бусдын байрыг түрээслэн хадгалж түрээсийн төлбөрт 5,500,000 төгрөг төлсөн ...” гэж тайлбарласан.

 

Нэх С.Ч  нь хар Б.Цийг хууран мэхэлж биет байдлын доголдолтой хатгамлын машин худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтдуудаар тогтоогдохгүй байх бөгөөд хэлцэл хийх зорилгоор хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нэх С.Ч ын “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 6,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, хар Б.Цийн “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний зүйлийн хадгалалттай холбоотой учирсан хохирол 5,500,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хар Б.Цаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,250,000 төгрөг гаргуулж Нэх С.Ч ад олгосугай.

 

2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хар Б.Цийн Нэх С.Ч ад холбогдуулан гаргасан “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний зүйлийн хадгалалттай холбоотой учирсан хохирол 5,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэх С.Ч аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,950 төгрөг, хар Б.Цаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хар Б.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 114,950 төгрөг гаргуулж, Нэх С.Ч ад олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ЦОЛМОНБААТАР