Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00435

 

 

Б.Ш-ын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00500 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21ий өдрийн 74 дүгээр магадлалтай,                                                                                                                             

Б.Ш /РД: ГН33012813/-ын хүсэлттэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С.Б-ийн хүүхэд мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг прокурорын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, прокурор Ш.О, нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.

Хүсэлт гаргагч Б.Ш-ын шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний аав С-н Б нь 1890 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. Аав маань 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 19 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн. С.Б-ийн хэргийг хянан хэлэлцээд улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг Монгол Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор цагаатгасан билээ. Иймд хүү Б.Ш надад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.1 дэх хэсгийг үндэслэн 80,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие анх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн аав С-н Б-ийн нөхөн олговрыг гаргуулахаар тус шүүхэд өргөдөл гаргасан. Өргөдлийг хянан шийдвэрлэх явцад 4 удаагийн шүүх хурал болсон байдаг. Ах, дүү хоёр С-н Б-г төрсөн ахан дүүс болохыг нотлох шаардлага гарсан тул төрөл садангийн холбоог тогтоож өгнө үү. Тухайн үед ах, дүү хоёр Б байсан гэдэг нь архивын лавлагаагаар тогтоогдож байна. Миний аав Ш-ын төрсөн аав болох лам Б нь цагаатгалын тогтоол, архивын лавлагаагаар тогтоогдож байгаа. Одоо миний аав амьд байгаа 87 настай. Үүнийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсч байна. 1930 оноос өмнөх архивын лавлагаа, бусад албан ёсны баримт бичиг дутмаг учраас бидний хүссэн лавлагаа тэр болгон гарч ирэхгүй байна. Иймд эцгийгээ цаазлуулсан өндөр настай эцгийг минь бодож энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Миний аав Б.Ш-ыг хэлмэгдэгч С.Б-ийн хүүхэд болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Прокурор Ц.М-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Б.Ш-ын  төрсөн эцэг С.Б нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн ба өөрийн төрсөн ах ард Б-д өргүүлсэн тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн лам Б-ийн төрсөн хүү мөн болохыг тогтоолгох, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасны дагуу 80 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. С.Б нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 134 дүгээр магадлалаар цагаатгагдсан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018.08.26-ны өдрийн №05/5703 лавлагаа болон бусад холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн С.Б нь нэр нэгтэй ахтай буюу Б нэртэй ахтай /ард/ байсан болох нь 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр тогтоогддог. Нэхэмжлэгч Б.Ш нь өөрийгөө улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн лам Б-ийн төрсөн хүү гэх боловч 1933 оны хүн амын тооллогын бүртгэлээр лам Б буюу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Б-ийн гэр бүлд тоологдоогүй, харин ард Б-ийн ам бүлд түүний хүү гэж 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр тоологдсон, лам Б-ийн хүү гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн С.Б-ийн төрсөн хүү мөн гэж тогтоох үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 80 сая төгрөг гаргуулах тухай хүсэлтийг энэ шүүх хуралдаанаас хэлэлцэн шийдвэрлэх үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх процессын дагуу эхний ээлжид садан төрлийн холбоогоо тогтоолгосны эцэст нөхөх олговроо нэхэмжлэх эрх нь үүснэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00500 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С-н Б-ийн хүүхэд нь Б-ийн Ш мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21ий өдрийн 74 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Ц.М-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14.-т зааснаар прокурор Ц.М давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...С.Б нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 134 дүгээр магадлалаар цагаатгагдсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн С.Б нь нэр нэгтэй дүүтэй буюу Б нэртэй дүүтэй /ард/ байсан болох нь 1933, 1944, 1947, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр тогтоогддог. Хүсэлт гаргагч Б.Ш-ыг лам Б-ийн хүү гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл 1933 оны Хөвсгөл аймгийн Хутаг-Өндөр сумын 9 дүгээр багийн хүн амын тооллогын бүртгэлийн 49 дүгээр хуудсанд лам Б буюу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн С.Б нь лам, 43 настай, дүү С-н Б, С-н С, дүү С-ийн хүүхдүүд болох Д , Б, Ө, Д нарын хамт тоологдож байсан ба тэрээр гэр бүлтэй буюу эхнэртэй, хүүтэй байсан талаар тоологдоогүй байна. Харин ард С.Б нь мөн ижил цаг хугацаанд буюу Хөвсгөл аймгийн  Хутаг-Өндөр сумын 9 дүгээр багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 32 дугаар хуудсанд С-н Б /нас 45/, хүү Б-ийн Ч, охин Б-ийн Б, бэр С-ийн С, эхнэр Р-ийн Х гэж эхнэр, хүүхдүүдийн хамт бүртгэгдсэн байдаг ба хүсэлт гаргагч Б.Ш нь ард Б-ийн ам бүлд түүний хүү гэж 1944 оны тооллогын бүртгэлээр С.Б, Ш.Х нарын хамт 1947, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр С-н Б, Ш гэж тус тус тоологдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх хүн амын тооллоготой холбоотой баримтууд 2-3 удаа давхардсан хэлбэрээр хэрэгт авагдсан байхад “прокурор Ц.М-ийн гаргасан ...Б буюу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Б-ийн гэр бүлд тоологдоогүй, харин ард Б-ийн ам бүлд түүний хүү гэж 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр тоологдсон байдаг тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй. Мөн давж заалдах шатны шүүх урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрээр “...хэлмэгдэгч асан С.Б-ийн төрсөн хүү мөн болох нь тогтоогдсон, нөхөх олговор авах эрхтэй...” гэсэн дүгнэлт хийж нөхөн олговор 1 сая төгрөгийг олгож шийдвэрлэснийг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрээс дүгнэлт хийж үзэхэд Б.Ш-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П-ын ...нөхөх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон /садан төрлийн холбоо тогтоолгох тухай гэж шаардлага гаргаагүй/, шийдвэрийн ТОГТООХ хэсэгт “1 сая төгрөгийг гаргуулж С-н Б-д олгохоор шийдвэрлэсэн ба улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн шийтгүүлсэн Б-ийн төрсөн хүү мөн болохыг тогтоож шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна. Мөн шүүхийн шийдвэрт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П нь ...Одоо эцэг Ш маань эцэг, эхээс ганцаараа, ...1933 оны хүн амын бүртгэлд авагдсан тэр үед хамт амьдарч байсан бүгд нас барсан юм” гэх тайлбар хэлсэн байдаг ба шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 619 дугаартай албан бичиг иргэн Б.Ш-ын гаргасан хүсэлтийн дагуу Хэлмэгдэгсдийн мэдээллийн сангаас шүүн үзэхэд Б.Ш нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчид хамаарахгүй бөгөөд хэлмэгдэгч С-н Б болон түүний эхнэр Р-ийн Х нарт байр орон сууц, ...мөнгөн олговор дэмжлэг олгогдсон тухай баримт манай мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байна гэж бичигдсэн байх ба энэхүү лавлагаа нь улс төрийн хилс хэрэгт шийтгүүлсэн лам С.Б-н бус харин 1933, 1944 оны хүн амын тооллогын бүртгэлээр эхнэр Х-ийн хамт тоологдож байсан ард Б-ийн талаарх лавлагааг Б.Ш нь хүсэлт гарган авч байсан мэт харагдаж байна. Анхан шатны шүүх хэрэгт шууд нотолсон нотлох баримт байхгүй ч гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх садан төрлийн холбоотой болохыг шийдвэрлээгүй 1998 оны шүүхийн шийдвэрийг үндэслэн гэж дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн бүрдүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байтал давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал бүрэн тогтоогдохгүй байхад хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, Б.Ш нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн С.Б-ийн төрсөн хүүхэд болохыг тогтоолгох хүсэлт гаргасан боловч хэрэгт авагдсан баримтууд болох /шүүхийн үнэлсэн/  Хөвсгөл аймгийн Хутаг-Өндөр сумын 9 дүгээр багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 49 дүгээр хуудсанд: С-н Б эрэгтэй, 40 настай, ах С-н Б лам, 43 настай, дүү С-н С эмэгтэй 38 настай, С-ийн Ө эмэгтэй, 12 настай, С-ийн Д эрэгтэй, 11 настай, С-ийн Д эмэгтэй 5 настай, С-ийн Б эрэгтэй, 1 настай гэж тус тус бүртгэгдсэнээс үзвэл лам С.Б нь өөрийн эрэгтэй, эмэгтэй хоёр дүү болон эмэгтэй дүүгийнхээ хүүхдүүдтэй хамт бүртгэгдсэн, өөр хэн нэгэн буюу түүний эхнэр/Б.Ш-ын эх байж болох хүн бүртгэгдээгүй, үүнээс хойш лам С.Б-ийн талаар бүртгэл байхгүй байна. Харин Хөвсгөл аймгийн Хутаг-Өндөр сумын 9 дүгээр багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 32 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн С-н Б 45 настай, эрэгтэй, хүү Б-ийн Ч 19 настай, охин Б-ийн Б 10 настай, бэр С-ийн С 17 настай, эхнэр Р-ийн Х 37 настай гэж бүртгэгдсэн байх ба үүнээс хойших бүртгэл болох Булган аймгийн Сэлэнгэ сумын 10 дугаар багийн 1947 оны хүн амын тооллогын бүртгэлд: өрхийн тэргүүн С-н Б 61 настай эрэгтэй, хүү Ш 12 настай гэж, мөн сумын 1 дүгээр багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд: өрхийн тэргүүн С-н Б 73 настай, эрэгтэй, хүү Б-ийн Ш 22 настай, бэр Д-ийн Б 26 настай гэсэн бүртгэлээр Ш нь /ард/ Б-ийн хүүхэд гэж тус тус бүртгэгджээ.

 Гэтэл анхан шатны шүүх “...Б.Ш-ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн С.Б-ийн төрсөн хүүхэд гэдгийг шууд нотолсон баримт байхгүй ч...” гэж дүгнэсэн атлаа “...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзээд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С.Б-ийн хүүхэд гэж дүгнэлээ... Хэдийгээр Б.Ш нь ард С.Б-ийн ам бүлд тоологдон бүртгэгдсэн ч эцэг С.Б нь 1398 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн явсан тул эцгийнхээ ах ард С.Б-нхаа ам бүлд тоологдон явж байсан гэсэн хүсэлт гаргагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй...” хэмээн зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэсэн /прокурор зөвшөөрөөгүй/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцэхгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчсөн гэж үзнэ.

 Түүнчлэн, “...Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 95 дугаар шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С-н Б-ийн хүүхэд Б.Ш мөн болох нь тогтоогдож байна...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, мөн энэ үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй болсон байна.

Учир нь, шүүхийн дээрх шийдвэрээр Б.Ш-ыг хэлмэгдэгч С-н Б-ийн хүүхэд болохыг буюу онцгой ажиллагааны журмаар садан төрлийн холбоог тогтоогоогүй, харин нөхөх олговор гаргуулах /нэг талын/ хүсэлтийг шийдвэрлэсэн, иймээс ч хүсэлт гаргагч Б.Ш нь хэлмэгдэгч С-н Б-ийн хүүхэд болохыг тогтоолгохоор анх удаа буюу шинээр хүсэлт гаргасныг нь шүүх татгалзалгүйгээр хүлээн авч хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэнд хамаарахгүй юм.

Иймээс  “... Хүсэлт гаргагч Б.Ш-ыг лам Б-ийн хүү гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хэрэгт шууд нотолсон нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн байж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх садан төрлийн холбоотой болохыг шийдвэрлээгүй 1998 оны шүүхийн шийдвэрийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утгатай прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21ий өдрийн 74 дүгээр магадлал, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00500 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч С.Б-ийн хүүхэд мөн болохыг тогтоолгох тухай Б.Ш-ын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.СОНИНБАЯР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                Г.ЦАГААНЦООЖ