Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 1166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Гандан-Уулын 3 гудамж, 33а тоотод оршин суух, Сутай овогт Лувсангийн Бямбацэрэн, /РД:ХВ52032261/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 4а байрны 18 тоотод оршин суух, Сартуул овогт Цогтсайханы Болор, /РД:ЧЖ76080926/-д холбогдох,

 

6.580.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Бямбацэрэн, хариуцагч Ц.Болор шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Бямбацэрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Бямбацэрэн миний бие 2008 оны 3 дугаар сарын 05-нд Ш.Цогтсайханаас Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоотын 493.10 м.кв газрыг худалдаж авсан. Тэгээд хорооны дарга н.Ганцацралтаар тодорхойлуулж, нотариатын 135 дугаараа бүртгүүлэн, 245 дугаараар батлуулсан. Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 97 тоот шийдвэрээр Ш.Цогтсайханы 00024147 тоот гэрчилгээг хүчингүй болгож, (Налайх дүүргийн шүүхийн 12, 13 тогтоолууд) миний 0032290 тоот гэрчилгээг баталгаатайг нотолсон. Миний бие 97 тоот шийдвэрт гомдол гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 тоот тогтоол, мөн хамтран өмчлөгч Ш.Батсайхан гомдол гаргасан. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 000165 тоот тогтоолоор Ш.Батсайхан өв залгамжлагчаа нээлгэх эрхтэй гээд нотариатад хандахад, Ш.Шаравын 0035944 тоот гэрчилгээ нэхэгдсэн. Тэр гэрчилгээг Ш.Цогтсайхан нь 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0024147 тоот гэрчилгээ болгож, хариуцагч Ц.Болор өвлөгч болсон. 2017 оны 02 дугаар сарын 08-ны 16233 тоот захирамж ба 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00181 тоот захирамжаар Ш.Батсайханыг өв залгамжлагчаар тогтоолгохоо өөрөө шүүхэд гаргах эрхтэй гээд хүлээж аваагүй байхад Ц.Болор түрүүлээд 03130 дугаар шийдвэр гаргуулан авсан. Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэг заасны дагуу өвлөгч нь өвлүүлэгчийн хариуцлагыг хүлээнэ гэж заасан. Иймд Ш.Цогтсайхан амьддаа 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр уг газрыг 6.500.000 төгрөгөөр худалдаж, 0024147 тоот өмчлөх гэрчилгээ, бэлэглэлийн гэрээг гараар бичиж өгсөн тул Л.Бямбацэрэн миний нэр дээр нэг хүний өмчлөгч гэж 00032260 дугаар гэрчилгээ гаргуулсан. 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр Ш.Батсайхан хамтран өмчлөгчөөр тогтоогдсон. Тиймээс өвлөгч Ц.Болороос 6.580.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Болор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн манай ааваас газар худалдаж авсан гэж ор үндэслэлгүй зүйл ярьж байна. Аавыг нас барсны дараа Алтайн 10-284 тоот газар, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 45-48 тоот 2 үл хөдлөх хөрөнгө үлдсэн. Энэ 2 үл хөдлөхийн гэрчилгээ, талийгаачийн иргэний үнэмлэх олдохгүй, бид аавыг нас барснаас жилийн дараа өв нээлгэх ёстой байтал талийгаачийн алга болсон иргэний үнэмлэх 4 сарын дараа гарч ирж, Л.Бямбацэрэнтэй бэлэглэлийн гэрээ хийгдсэн байдаг. 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас өмчлөлийн лавлагаа авахад байр талийгаачийн өмчлөлд, газар нь талийгаачийг нас барснаас 4 сарын дараа бэлэглэлийн гэрээгээр Л.Бямбацэрэнгийн өмчлөлд шилжсэн байдаг. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, шалгаад хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангаж байна. Гэхдээ эрүүгийн журмаар шалгах гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн Улсын Ерөнхий прокурорын газраас хариу ирсэн. 2015 онд талийгаач аавын төрсөн дүү Ш.Батсайханыг шүүхэд өгсөн. Алтайн 10-284 тоот газар Л.Бямбацэрэнгийн нэр дээр шилжээд 2 сарын дараа хамтран өмчлөгчөөр Ш.Батсайхан нэмэгдэж, 2 хүний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гарч, 2012 онд Ш.Батсайхан Л.Бямбацэрэнг 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн шүүхэд өнгөрсөн хүний бичиг баримт ашиглаж, хуурамч бэлэглэлийн гэрээ хийгдсэн тул бэлэглэлийн гэрээ хүчингүй болгуулах шаардлага гаргаж, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Ш.Батсайхан нэхэмжлэгчээр Л.Бямбацэрэнгийн үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан. Шүүхийн 1230 дугаартай шийдвэрт 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ манай өвөө Шаравын нэр дээр 2007 онд Шараваас Цогтсайханы өмчлөлд шилсэн. 2008 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 147 дугаартай нотариатын гэрчилснээр бэлэглэлийн гэрээгээр Ш.Цогтсайханы өмчлөлөөс Л.Бямбацэрэнгийн өмчлөлд шилжиж 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 261 дугаартай нотариатын гэрчилснээр Ш.Батсайханыг хамтран өмчлөгчөөр нэмсэн талаар дурдаж, Л.Бямбацэрэнг хууль бус өмчлөгч биш гэж шүүхээс үзээд өмчлөгчөөс хасаж шийдсэн байдаг. Тухайн үед Л.Бямбацэрэн шүүх хуралд оролцоогүй, түүний эзгүйд хэргийг шийдсэн. Л.Бямбацэрэн шинээр илэрсэн нөхцөл байдал гаргаж хяналтын шатны шүүх хүртэл явсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Алтайн 10-284 тоот газар талийгаачийн дүү Ш.Батсайханы өмчлөлд үлдсэн. Энэ байдал Л.Бямбацэрэнгийн өгсөн гэрчилгээ, эд хөрөнгийн хураангуй лавлагаа зэргээс тодорхой харагдана. Миний бие Ш.Батсайханд холбогдуулан 2015 онд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус өмчлөлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага хангасан. Ш.Батсайхан давж заалдаж, гомдлыг шүүхээс хангасан. Алтайн 10-284 тоот газрын хууль ёсны эзэмшигч тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Би Ш.Батсайханыг шүүхэд өгөхдөө Алтайн 10-284 тоот газрыг битүүмжлүүлэх хүсэлт гаргаж, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01279 дугаартай шүүгчийн захирамжаар уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Уг газар 2011 онд Нийслэлийн дахин төлөвлөлтөд орж, бүхэлд нь төмрөөр хашаалсан, ямар ч хүн амьдардаггүй, хоосон газар байдаг. Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Ш.Батсайханыг хариуцагчаар татаж, Л.Бямбацэрэнг гэрчээр асуулгахаар Алтайн 10-284 тоот хаягаар дуудахад уг хаяг дээр ямар ч хүн байдаггүй, газарт орсон гэх хорооны тодорхойлолт өгсөн байдаг. Би энэ хэргийн хариуцагч биш. Учир нь Алтайн 10-284 тоот газрын хууль ёсны өмчлөгч Ш.Батсайхан буюу миний талийгаачийн аавын төрсөн ах. Би Ш.Батсайханыг шүүхэд өгч, маргаан дуусаагүй явж байна. Миний аавын энэ хүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байдаггүй. Л.Бямбацэрэн газар худалдаж авсан гэдгээ нотолж, хорооны засаг даргын тодорхойлолт гаргаж өгсөн байна. Гэтэл хорооны засаг дарга газар худалдсан, худалдан авсан гэдгийг тодорхойлдог эрх бүхий албан тушаалтан биш. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн засаг даргад өргөдөл гаргаж, өргөдөлд өөрийгөө тодорхойлсон байдаг. 2010 онд Алтайн 10-284 тоот газар бэлэглэлийн гэрээгээр Л.Бямбацэрэнгийн өмчлөлд байсан учраас хорооны засаг дарга уг газрыг нэг хүний өмчлөл гэж тодорхойлсон байдаг. Л.Бямбацэрэн үл хөдлөх хөрөнгө манай ааваас худалдаж авсан юм бол яагаад аавыг өнгөрснөөс хойш 4 сарын дараа бичиг баримтыг нь ашиглаж, хуурамч бэлэглэлийн гэрээ хийлгэж, газрын өмчлөгч болсон байдаг юм бэ. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Л.Бямбацэрэн талийгаач Цогтсайханы өвлөгч болох Ц.Болороос Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 10-284 тоотод 493.10 м.кв газрыг худалдсан төлбөр болох 6.580.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ц.Болор Л.Бямбацэрэн үл хөдлөх хөрөнгийг манай ааваас худалдаж авсан юм бол аавыг нас барснаас хойш 4 сарын дараа бичиг баримтыг нь ашиглаж, хуурамч бэлэглэлийн гэрээ хийлгэж, газрын өмчлөгч болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Маргааны зүйл болох Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2203001675 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь анх 2005.07.27-ны өдөр Ш.Шаравын өмчлөлд бүртгэгдэж, 2007.02.13-ны өдөр 147 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр Ш.Цогтсайханы өмчлөлд шилжжээ. Улмаар 2008.07.29-ний өдрийн 147 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ш.Цогтсайханы өмчлөлөөс иргэн Л.Бямбацэрэнгийн өмчлөлд шилжсэн. 2008.08.22-ны өдрийн 261 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр иргэн Ш.Батсайхан нэмэгдсэн, Сүхбаатар дүүргийн 2013.01.24-ний өдрийн 898 дугаар шүүгчийн захирамж, 2012.11.22-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 718 дугаартай тогтоолыг үндэслэн Л.Бямбацэрэн хасагдсан бүртгэл тус тус хийгдсэн талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018.04.06-ны өдрийн 7/2809 албан тоотод дурджээ. /хх-ийн 88 дугаар тал/

 

Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас харахад Ш.Цогтсайхан 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан /хх-ийн 92 дугаар тал/, Л.Бямбацэрэн нь талийгаач Ш.Цогтсайханыг нас барснаас хойш буюу 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 147 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр маргааны зүйл болох газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авчээ.

Л.Бямбацэрэн 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ш.Цогтсайханаас тухайн газрыг 6.580.000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч тэрээр өмчлөх эрхийг түүнийг нас барсны дараа өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Ш.Цогтсайханд 6.580.000 төгрөгийг шилжүүлсэн гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Маргааны зүйл болох газар одоо Ш.Батсайханы өмчлөлд байгаа, Ш.Цогтсайханы өвлөгч болох Ц.Болорын өмчлөлд шилжээгүй энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамж, 284 тоотод газрын гэрчилгээ бэлэглэлийн гэрээнээс өөр гэрээгээр гарсан гэх боловч энэ нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018.04.06-ны өдрийн 7/2809 албан тоотоор үгүйсгэгдэж байна.

 

Л.Бямбацэрэн талийгаач Ш.Цогтсайханд газар худалдаж авсан гэх 6.580.000 төгрөгийг 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгсөн гэх боловч тухайн мөнгийг өгсөн авсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хэлж байгаа үйл баримт үгүйсгэгдэж байгаа бөгөөд тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох баримтаар гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул Л.Бямбацэрэнгийн Ц.Болорт холбогдуулан газар худалдан авсан 6.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1 Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 515 дугаар зүйлийн 515.2.-т зааснаар нэхэмжлэгч Л.Бямбацэрэнгийн хариуцагч Ц.Болорт холбогдох 6.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Л.Бямбацэрэн нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02773 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО