Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1265

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01166 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-т холбогдох

Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэгт 6.580.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б миний бие 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Ш.Цогтсайханаас Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоотын 493.10 м.кв газрыг худалдаж авсан. Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 97 тоот шийдвэрээр Ш.Цогтсайханы 00024147 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, (Налайх дүүргийн шүүхийн 12, 13 тогтоолууд) миний 0032290 дүгээр гэрчилгээг баталгаатайг нотолсон. Миний бие 97 тоот шийдвэрт гомдол гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоол, мөн хамтран өмчлөгч Ш.Батсайханд гомдол гаргасан. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 165 дугаар тогтоолоор Ш.Батсайхан өв залгамжлагчаа нээлгэх эрхтэй гээд нотариатад хандахад, Ш.Шаравын 0035944 тоот гэрчилгээ нэхэгдсэн. Тэр гэрчилгээг Ш.Цогтсайхан нь 2001 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 0024147 дугаар гэрчилгээ болгож, хариуцагч Ц.Б өвлөгч болсон. 2017 оны 2 дугаар сарын 08-ны 16233 дугаар захирамж ба 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181 дүгээр захирамжаар Ш.Батсайханыг өв залгамжлагчаар тогтоолгохоо өөрөө шүүхэд гаргах эрхтэй гээд хүлээж аваагүй байхад Ц.Б түрүүлээд 03130 дугаар шийдвэр гаргуулан авсан. Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэг заасны дагуу өвлөгч нь өвлүүлэгчийн хариуцлагыг хүлээнэ гэж заасан. Иймд Ш.Цогтсайхан амьддаа 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр уг газрыг 6.500.000 төгрөгөөр худалдаж, 0024147 тоот өмчлөх гэрчилгээ, бэлэглэлийн гэрээг гараар бичиж өгсөн тул Л.Б миний нэр дээр нэг хүний өмчлөгч гэж 00032260 дугаар гэрчилгээ гаргуулсан. 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр Ш.Батсайхан хамтран өмчлөгчөөр тогтоогдсон. Тиймээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөгчөөр тогтоогдсон Ц.Б-с 6.580.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аавыг нас барсны дараа Алтайн 10-284 тоот газар, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 45-48 тоот 2 үл хөдлөх хөрөнгө үлдсэн. 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас өмчлөлийн лавлагаа авахад байр талийгаачийн өмчлөлд, газар нь талийгаачийг нас барснаас 4 сарын дараа бэлэглэлийн гэрээгээр Л.Б-ийн өмчлөлд шилжсэн байдаг. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, шалгаад хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангаж байна. Гэхдээ эрүүгийн журмаар шалгах гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн Улсын Ерөнхий прокурорын газраас хариу ирсэн. 2015 онд талийгаач аавын төрсөн дүү Ш.Батсайханыг шүүхэд өгсөн. Алтайн 10-284 тоот газар Л.Б-ийн нэр дээр шилжээд 2 сарын дараа хамтран өмчлөгчөөр Ш.Батсайхан нэмэгдэж, 2 хүний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гарч, 2012 онд Ш.Батсайхан Л.Б-г  2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн шүүхэд өнгөрсөн хүний бичиг баримт ашиглаж, хуурамч бэлэглэлийн гэрээ хийгдсэн тул бэлэглэлийн гэрээ хүчингүй болгуулах шаардлага гаргаж, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Ш.Батсайхан нэхэмжлэгчээр Л.Б-ийн үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан. Шүүхийн 1230 дугаартай шийдвэрт 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ манай өвөө Шаравын нэр дээр 2007 онд Шараваас Цогтсайханы өмчлөлд шилсэн. 2008 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 147 дугаартай нотариатын гэрчилснээр бэлэглэлийн гэрээгээр Ш.Цогтсайханы өмчлөлөөс Л.Б-ийн өмчлөлд шилжиж 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 261 дугаартай нотариатын гэрчилснээр Ш.Батсайханыг хамтран өмчлөгчөөр нэмсэн талаар дурдаж, Л.Б-г  хууль бус өмчлөгч биш гэж шүүхээс үзээд өмчлөгчөөс хасч шийдсэн байдаг. Алтайн 10-284 тоот газар талийгаачийн дүү Ш.Батсайханы өмчлөлд үлдсэн. Миний бие Ш.Батсайханд холбогдуулан 2015 онд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус өмчлөлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага хангасан. Ш.Батсайхан давж заалдаж, гомдлыг шүүхээс хангасан. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01279 дугаартай шүүгчийн захирамжаар уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Уг газар 2011 онд Нийслэлийн дахин төлөвлөлтөд орж, бүхэлд нь төмрөөр хашаалсан, ямар ч хүн амьдардаггүй, хоосон газар байдаг. Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Ш.Батсайханыг хариуцагчаар татаж, Л.Б-г  гэрчээр асуулгахаар Алтайн 10-284 тоот хаягаар дуудахад уг хаяг дээр ямар ч хүн байдаггүй, газарт орсон гэх хорооны тодорхойлолт өгсөн байдаг. Би энэ хэргийн хариуцагч биш. Учир нь Алтайн 10-284 тоот газрын хууль ёсны өмчлөгч Ш.Батсайхан буюу миний талийгаачийн аавын төрсөн ах. Миний аавын энэ хүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байдаггүй. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 515 дугаар зүйлийн 515.2.-т зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийн хариуцагч Ц.Б-т холбогдох 6.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Л.Б нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02773 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие шүүхэд нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргахдаа Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоотын 493.10 м.кв газрын Ү-2203001675 дугаартай улсын бүртгэлтэй хувийн хэргээс 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ш.Шараваас Ш.Цогтсайханд уг газар нь бэлэглэлийн гэрээгээр шилжсэн талаар Ш.Цогтсайханы өргөдөл, 2007 оны 02 дугаар сарын14-ний өдөр ҮХЭХБ газрын бүртгэлийн мэдүүлэг, 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр газар бэлэглэх гэрээ, 1 хүний өмчлөлийн №000002590 дугаартай гэрчилгээ зэргийг Сүхбаатар дүүргийн бүртгэлийн архиваас гаргуулахаар тус шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт өгснийг шүүх хангаагүй Ц.Б-ын хүсэлтээр ҮХЭХБ газрын товч лавлагаагаар шүүх хурлыг хийлгэхээр  2018 оны 04 дүгээр  сарын 09-ний өдрийн №05089 дугаартай захирамж гарсныг би хүлээж аваагүй. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дахин хүсэлт гаргаж /хх-ийн 91/ уг хүсэлтийг шийдвэрлэх хугацаандаа шүүгч захирамж гаргаагүй, бичгээр хариу өгөөгүй байж шүүх хуралдааныг хийхдээ шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээр талд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн тайлбарласан үйл баримт нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээж авахгүй, шүүхийн зүгээс нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Xавтаст хэргийн 119 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ц.Б үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоогдсон. Иймд миний бие уг үл хөдлөх хөрөнгийг Ш.Цогтсайханаас худалдаж авсан хохиролоо нэхэмжилсэн. Ц.Б үндэслэлгүй өв сэргээлгэж миний өмчлөх эрхэнд халдаж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг надад байхад алга болгосон гэж дахин гэрчилгээ авсан. Ц.Б-ын эцэг болох Ш.Цогтсайхан нь 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуурамч гэрчилгээгээр хуурч хууль бус бэлэглэлийн гэрээ байгуулан тухайн үл хөдлөх хөрөнгийг надад 6.580.000 төгрөгөөр худалдсан тул тухайн хохиролоо гаргуулахаар нэхэмжилж байна гэж үндэслэлээ тайлбарласан байхад хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж хуулийг буруу тайлбарлаж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар өөр хуулийг хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн боловч тухайн маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн байх тул  шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Ц.Б-т холбогдуулж  Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 10-284 тоотод 493.10 м.кв газрын үнэд талийгаач Ш.Цогтсайханд төлсөн 6 580 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Маргааны зүйл болж байгаа  Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2203001675 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь анх 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ш.Шаравын өмчлөлд, 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 147 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр Ш.Цогтсайханы өмчлөлд, 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 147 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ш.Цогтсайханы өмчлөлөөс иргэн Л.Б-ийн өмчлөлд тус тус шилжсэн бүртгэл хийгджээ.

 Сүхбаатар дүүргийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1230 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 718 дугаартай тогтоолоор  үндэслэн Л.Б өмчлөгчөөс хасагдсан бүртгэл хийгдсэн талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 7/2809 албан тоот болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ. /хх-ийн 82-83, 88 дугаар тал/

            Иймд маргаан бүхий газрын өмчлөх эрх бэлэглэлийн гэрээгээр иргэн Ш.Цогтсайханы өмчлөлөөс иргэн Л.Б-ийн өмчлөлд тус тус шилжсэн бүртгэл хийгдсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Л.Б өмчлөгчөөс хасагдсан бүртгэл хийгдсэн байх тул  газрыг худалдаж авсан гэх гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгджээ.

Түүнчлэн Л.Б нь Ш.Цогтсайханд газрын үнэ 6 580 000 төгрөгийг шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар нотолж чадаагүй байхаас гадна тухайн газар нь Ш.Батсайханы өмчлөлд бүртгэлтэй, уг бүртгэлийг бүртгэлийн байгууллага болон шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон нь тогтоогдоогүй буюу  Ш.Цогтсайханы өвлөгч болох Ц.Б-ын өмчлөлд шилжсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

            Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.Б-т холбогдуулан гаргасан газар худалдан авсан 6 580 000 төгрөг гаргуулах тухай Л.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2.-т зааснаар буюу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг түүний өвлөгчөөс шаардсан байхад тухайн маргаанд хамааралгүй мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь гэрчээр Н.Ойдовдоржийг асуулгах хүсэлтээс татгалзсан, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 7/2809 албан тоотоор Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2203001675 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын түүхчилсэн лавлагаа,  Сүхбаатар дүүргийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1230 дугаар шийдвэр тус тус хэрэгт авагдсан тул маргаж буй газрын өмчлөх эрхийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулав.