Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Х.б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 4-1 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ХН69040106, Ч овогт Я.С-т холбогдох,

Хас банкны өмчлөлийн Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 14-07 тоот хаягт байрлах, гэрчилгээний 000234806 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1520001988 дугаартай, 99 м.кв талбайтай, 4 өрөө хувийн сууц, гэрчилгээний 000317222, нэгж талбарын 191903295, 600 м.кв талбайтай газрыг чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагч Я.С, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Я.С нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хашаа байшин барих зориулалттай, жилийн 20.4 хувийн хүүтэй, 20.000.000 төгрөгийн зээлийг 1660001660 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. 1250001660 тоот зээлийн гэрээний үүргийг 2013 оны 3 сараас хойш зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө хийгээгүй. Я.С-тэй зээл төлүүлэх талаар удаа дараа уулзаж, шаардаж байсан боловч цаашид зээл төлөх боломжгүй болсон тул 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 681 тоот шүүгчийн захирамж гарч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь сайн дураар төлбөр төлөөгүй тул албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулийн дагуу ажиллагаа явуулж барьцааны хөрөнгийг худалдан борлуулахаар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаа зарласан боловч оролцогч ирээгүй тул барьцаа хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сум, 10-р баг, 14-07 тоот гудамж хаягт байрлалтай, Ү-1520001988 улсын бүртгэлийн дугаартай 99 м.кв талбайтай хувийн сууц, Г-1520002446 улсын бүртгэлийн дугаартай 600 м.кв тапбайтай газрыг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр авагч Х.б-нд 19.622.755,55 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлэн өгөхөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба санал болгосны дагуу хөрөнгийг шилжүүлэн авсан. Гэтэл Я.С нь банкны үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр тавьсан шаардлагыг үл тоомсорлон биет байдлаар хүлээлгэж өгөхгүй, одоог хүртэл хууль бусаар эзэмшиж ашиглаж байна.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасаны дагуу Х.б нь хууль ёсны өмчлөгч болохын хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3 дах хэсэгт зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу Хас банк нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сум, 10-р баг, 14-07 тоот хаягт байршилтай, Ү-1520001988 улсын бүртгэлийн дугаартай,99 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүр, граж, Г-1520002446 улсын бүртгэлийн дугаартай, 600 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Я.С-ийн хууль бус эзэмшлээс Х.б-ы өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлж, түүнийг албадан нүүлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Я.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Х.б-с 20.000.000 төгрөгийн зээл авах үед эдийн засагч Т нь 14.000.000 төгрөг авснаар сард 234.000 төгрөг төлөхөөр график гаргаж өгсний дагуу би 1 жилийн хугацаанд төлсөн. Тэгээд тухайн үед банкинд шалгалт ирсэн гээд үлдэх 6.000.000 төгрөгийг нэмээд сард 550.000 төгрөгөөр зээл төлүүлэхээр графикийг өөрчилснөөс би алдагдалд орж эхний 3 сарын хугацаанд зээлээ төлөөд цааш төлж чадахгүй болсон. Би зээл авах үед миний үндсэн хөрөнгө хүрэхгүй байсан бөгөөд тухайн банкны ажилтны буруугаас би алдагдалд орсон гэдгээ банкинд удаа дараа хэлж байсан. Гэтэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Мягмаржав гэх хүн надаар гарын үсэг зуруулж газрын албанд очоод газрыг Хас банкны нэр дээр шилжүүлсэн. Тэгээд банк надыг тухайн байраа 10.000.000 төгрөгөөр ав гэхэд надад уг мөнгө бэлэн байгаагүй бөгөөд би данс нээлгээд 1.000.000 төгрөгийг тухайн дансанд хийсэн. Тэгээд 10.000.000 төгрөгөө энэ байдлаар бүрдүүлж өгнө гэхэд Хас банк зөвшөөрөөгүй. Хас банк намайг найдваргүй зээлдэгч тул надад байрыг өгөхгүй гэсээр өдий хүрсэн. Тухайн үед Хас банк хуулийнхаа дагуу ажиллаад 20.000.000 төгрөг биш 10.000.000 төгрөг өгсөн бол би ингэж байраа банкинд өгөх ёсгүй байсан. Би улсад 28 жил 6 сар ажилласан. Улмаар 2019 оны 4 дүгээр сард тэтгэвэрт гарах ёстой. Иймд би хашаа байшингаа тэтгэврээ барьцаалан 10.000.000 төгрөгт тооцож авна. Тэрнээс би хэзээ ч байраа Хас банкинд өгөхгүй. Х.б хууль бусаар манай байрыг өөрийн эзэмшилд авсан гэж ойлгож байна. Банк өөрийнхөө давуу эрхээ эдэлж, бид нарыг хууль мэдэхгүйг далимдуулан хууль бусаар манай байрыг өөрийнхөө эзэмшилд оруулж авсан. Тэрнээс хуулийн дагуу өөрийнхөө эзэмшилд авсан юм биш. Миний авсан зээлийн хугацаа дууссан байгаа. Х.б намайг 10.000.000 төгрөгөөр ав гэсэн мөртлөө надад яагаад өгөхгүй байгаа юм. Х.б надад 10.000.000 төгрөгөөр өгөхгүй гээд байгаа шалтгаан нь цаашаа ашиг олох зорилготой гэж ойлгож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.б нь хариуцагч Я.С-т холбогдуулан банкны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг чөлөөлж, албадан нүүлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Я.С Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

Х.б нь хариуцагч Я.С-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.734.418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч Я.С уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 681 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул захирамжийн биелэлтийг хангуулахаар төлбөр төлөгч Я.С-ийн эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.

Улмаар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Я.С-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууц, граж, дэлгүүр, газрын дуудлага худалдааны үнэлгээг тогтоох талаар талууд тохиролцоогүй тул дуудлага явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний үнэлгээний тайланг үндэслэн дуудлага худалдааны санал болгох доод үнийг 26.443.000 төгрөгөөр тогтоож эхний дуудлага худалдааг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явуулахад үнийн санал ирээгүй бөгөөд хоёр дахь дуудлага худалдааг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явуулахад мөн үнийн санал ирээгүй болох нь хэрэгт авагдсан дуудлага худалдааны тэмдэглэлүүдээр нотлогдож байна.

Төлбөр төлөгч Я.С-ийн өмчлөлийн хувийн сууц, граж, дэлгүүр, газрыг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч санал ирээгүй тул Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч Хас банкинд уг үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгосны дагуу Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 14-07 тоот хаягт байрлах, гэрчилгээний 000234806 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1520001988 дугаартай, 99 м.кв талбайтай, 4 өрөө хувийн сууц, граж, дэлгүүр, гэрчилгээний 000317222, нэгж талбарын 191903295 дугаартай, 600 м.кв талбайтай газрыг Хас банкны өмчлөлд 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн байх ба энэхүү ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

Иймд Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 14-07 тоот хаягт байрлах 4 өрөө хувийн сууц, граж, дэлгүүр,газрын хууль ёсны өмчлөгч нь Хас банк болох нь гэрчилгээний 000234806, улсын бүртгэлийн Ү-1520001988дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрчилгээний 000317222, нэгж талбарын 191903295 дугаартай газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд зааснаар Я.Сийн хууль бус эзэмшлээс хувийн сууц, граж, дэлгүүр, газрыг чөлөөлж, түүнийг албадан нүүлгэх нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.С-ээс70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Я.С-ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Хас банкны өмчлөлийн Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 14-07 тоот хаягт байрлах, гэрчилгээний 000234806 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1520001988 дугаартай, 99 м.кв талбайтай, 4 өрөөхувийн сууц, граж, дэлгүүр, гэрчилгээний 000317222, нэгж талбарын 191903295 дугаартай, 600 м.кв талбайтай газрыг чөлөөлж, түүнийг албадан нүүлгэсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.С-ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ