Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 14

 

Хас банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 307 дугаар шийдвэртэй.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 4-1 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ХН69040106, Чорос овогт Янживын Сайнбилэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттулга, хариуцагч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хас банкны өмчлөлийн Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 14-07 тоот хаягт байрлах, гэрчилгээний 000234806 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1520001988 дугаартай, 99 м.кв талбайтай, 4 өрөө хувийн сууц, гэрчилгээний 000317222, нэгж талбарын 191903295, 600 м.кв талбайтай газрыг чөлөөлж, албадан нүүлгэх тухай

Нэхэмжлэлийн агуулга: “Зээлдэгч Я.С нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хашаа байшин барих зориулалттай, жилийн 20.4 хувийн хүүтэй, 20.000.000 төгрөгийн зээлийг 1660001660 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. 1250001660 тоот зээлийн гэрээний үүргийг 2013 оны 3 сараас хойш зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө хийгээгүй. Я.Стэй зээл төлүүлэх талаар удаа дараа уулзаж, шаардаж байсан боловч цаашид зээл төлөх боломжгүй болсон тул 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 681 тоот шүүгчийн захирамж гарч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь сайн дураар төлбөр төлөөгүй тул албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулийн дагуу ажиллагаа явуулж барьцааны хөрөнгийг худалдан борлуулахаар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаа зарласан боловч оролцогч ирээгүй тул барьцаа хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сум, 10-р баг, 14-07 тоот гудамж хаягт байрлалтай, Ү-1520001988 улсын бүртгэлийн дугаартай 99 м.кв талбайтай хувийн сууц, Г-1520002446 улсын бүртгэлийн дугаартай 600 м.кв тапбайтай газрыг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр авагч Хас банкинд 19.622.755,55 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлэн өгөхөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба санал болгосны дагуу хөрөнгийг шилжүүлэн авсан. Гэтэл Я.С нь банкны үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр тавьсан шаардлагыг үл тоомсорлон биет байдлаар хүлээлгэж өгөхгүй, одоог хүртэл хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасаны дагуу Хас банк нь хууль ёсны өмчлөгч болохын хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3 дах хэсэгт зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу Хас банк нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сум, 10-р баг, 14-07 тоот хаягт байршилтай, Ү-1520001988 улсын бүртгэлийн дугаартай, 99 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүр, граж, Г-1520002446 улсын бүртгэлийн дугаартай, 600 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Я.Сийн хууль бус эзэмшлээс Хас банкны өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлж, түүнийг албадан нүүлгэж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 307 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Я.Сийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Хас банкны өмчлөлийн Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 14-07 тоот хаягт байрлах, гэрчилгээний 000234806 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1520001988 дугаартай, 99 м.кв талбайтай, 4 өрөө хувийн сууц, граж, дэлгүүр, гэрчилгээний 000317222, нэгж талбарын 191903295 дугаартай, 600 м.кв талбайтай газрыг чөлөөлж, түүнийг албадан нүүлгэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Сээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож.шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хас банк нь Я.С надад холбогдуулж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлдээ Я.Сийн хууль бус эзэмшлээс Хас банкны өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлж түүнийг албадан нүүлгэж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээж авч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хас банк нь надад анх зээл олгохдоо гэрээг буруу байгуулж зээлийн хүүг хэт өндөр тогтоож өгснөөс болж миний бие зээлийн төлөлтөө хийж чадахгүй болсон.

Хас банк миний барьцаанд тавьсан байрыг 10000000 /арван сая/ төгрөгөөр ав гэсэн боловч би тухайн үед мөнгийг төлөх боломжгүй байсан ба би тэтгэвэрт гарч байж тэтгэврийн зээлээр байрны зээлээ хийх боломжтой байсан.

Банкны буруутай үйл ажиллагаанаас болж миний бие маш их хохирч байна. Мөн банк өөрсдийн давуу талыг ашиглаж зээлийн хүү, эргэн төлөлтийн график зэргийг иргэдэд маш их хохиролтойгоор хийж байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох бармитуудыг судал надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.   

Хариуцагч Я.С нь шүүхэд “банк миний байрыг хууль бусаар эзэмшилдээ авсан” гэх татгалзлын үндэслэлийн тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттулгын “барьцаа хөрөнгө болох Увс аймаг Улаангом сумын 10 дугаар баг 14-07 тоот гудамж хаягт байрлалтай Ү-1520001988 улсын бүртгэлийн дугаартай 99 м,кв талбайтай хувийн сууц, Г-1520002446 улсын бүртгэлийн дугаартай 600 м.кв талбайтай газрыг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр авагч Хас банкинд 19.622,755,55 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэн өгөхөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас санал болгосон” гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлага, эд хөрөнгө барьцаалсан гэрээ болон бусад баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл тодорхойгүй байна.

Өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй ба энэ нь хууль ёсны өмчлөгчид хамаарах шаардах эрх юм. Нэхэмжлэгчийн шаардсан газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хэдийд, ямар журмаар /шүүхийн болон шүүхийн бус журмаар дуудлага худалдаа явуулсан эсэх/ өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба уг эд хөрөнгийг хариуцагчаас барьцаалж байсан эсэх талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргажээ. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэлийг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий дээрх үйл баримтууд тогтоогдсоны эцэст маргааныг шийдвэрлэх байжээ. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167,168 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Хариуцагч Я.Сийн давж заалдах гомдлыг хангасан тул түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Я.Ст буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                                           

Д.ЖАМБАЛСҮРЭН