Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 1246

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2018/01246

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн * хороо, * хороолол, * байрны * тоотод оршин суух, О овогт Ш Ш /********/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн * хороо, * тоотод оршин суух, Е овогт Н Э /********-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 15,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ш, хариуцагч Н.Э, гэрч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие багын найз Д.Гийн хамт Н.Эын гуйлтаар 2013.08.26-ны өдөр 10.000.000 төгрөгийг тоолж өгсөн. Н.Э 10.000.000 төгрөгийг 2 дахин өсгөж, 3 сарын хугацаатай өөрөө 5 саяыг нь авч бид хоёрт 15.000.000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дууссан байна гэж түүнд олон удаа хэлсэн боловч түр хүлээж байгаач гэх зэргээр элдэв шалтаг шалтгаан тоочин 2 жил гаруй хугацаа өнгөрч, сүүлийн 1 жил гаруй хугацаанд гэр орноо солиод зугтаж алга болсон учир шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст түүнийг олсон.

 

 Иймд үндсэн зээл 10,000,000 төгрөг, ашиг буюу 50% алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг, улсын тэмдэгийн хураамж 70,200 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Шгээс мөнгийг нь өсгөж өгнө гэж 10 сая төгрөг аваагүй бөгөөд 2013 онд бид хоёр Шарга морьтын зусланд нэг га газар буюу 7 айлын зуслангийн газар мөнгөө нийлүүлэн худалдаж аваад хашаа барьж тохижуулсны дараа зарим газраа зарж борлуулаад мөнгөө өсгөх бизнес хийхээр харилцан тохиролцож, газраа товлон шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж гэрчилгээ гаргуулж ажлаа эхлүүлсэн. Бид газраа товлож газрын албанд танилцуулж хашаа байшингаа барих ерөнхий чиглэл авч кадастрын зураглал хийлгэсэн. Ингээд Ш.Ш 10.000.000 төгрөг, би 14.000.000 төгрөг гаргаж дээрх газарт барилгын компанид захиалга өгч 200 м төмөр бетон хашаа бариулсан. Гэтэл бидний авсан газрыг Мон Аналитик ХХК хашаа барьж нийтийн эзэмшлийн орц, гарцыг хаасан тул бид энэхүү газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тэгээд Мон АналитиК ХХК-ийг шүүхэд өгч зам чөлөөлөх хүсэлт гаргасан. Ингээд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 1437 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013.11.25-ны өдрийн 918 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2014.02.18-ны өдрийн 95 дугаар тогтоолоор Мон Аналитик ХХК-ийн бидний газрын нийтийн эзэмшлийн хэсгийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэр тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр шүүгч Ж.Цэнгэлийн 2014.05.08-ны өдрийн 7641/ч дугаартай анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж гарсан байгаа. Ш.Ш нь энэ бүх байдлыг  мэдсээр байж зориуд худал нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ш бид 2 Москвад цуг сурч байсан, оюутны найзууд, Н.Эыг танихгүй, мөнгө өгөх өдөр харсан. Ш.Ш бид хоёрын дундын хэдэн төгрөг надад байсныг Ш.Ш утасдаад 10,000,000 төгрөг аваад ир өсгөх боломж байна гэхэд нь найдвартай юм уу гэхэд зүгээрээ гээд би мөнгөө аваад Сансарын тунелийн тэнд Н.Эт усан оргилуурын зүүн талын сандал дээр сууж байгаад бэлнээр  өгсөн. Н.Эдэв-Очир манай оффис БЗД-ийн хойно Анужин төвд байдаг, 4 ширхэг газрыг 2,5 саяар авч, 3 сарын дараа 15,000,000 төгрөгийг буцааж өгнө, 5,000,000 саяар нэг газрыг зарна гэж ярьж байсан. Энэ хоёр гэрээ хийсэн эсэхийг би мэдэхгүй.

 

Бидний дундын мөнгө учир би 3 сарын дараа Ш.Шгээс нэхэхэд 7,5 сая төгрөгийг надад төлсөн би мөнгөө Ш.Шгээс авсан бидэнд тооцоо байхгүй Н.Э мөнгө өгөхгүй алга болчихоод байна гэж ярьж байсан гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч Н.Эт холбогдуулан үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 15,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч Ш.Шгээс 10,000,000 төгрөгийг хамтран ажиллах зорилгоор авсан зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.    

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй” мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ”хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй,” 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.” гэж тус тус хуульчилсан.      

Хариуцагч Н.Э нь Ш.Ш бид хоёр хамтран ажиллах зорилгоор хоёр талаасаа мөнгө оруулж газар авч хашаа хатгасан боловч Сүхбаатар дүүргийн шүүхэд “нийтийн эзэмшлийн орц гарц хаасан” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж шүүх шийдвэрлэсэн гэх тайлбар нь үнэн зөв тайлбар гэж үзэх боломжгүй байна.

 

Учир нь  Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 1437 тоот шийдвэртэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч “Мон аналитик” ХХК-нд холбогдуулан “нийтийн эзэмшлийн хатуу хучилттай замыг хааж барьсан гүйдэг хаалгыг буулган зам чөлөөлөх..” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ хэрэгт хариуцагч Н.Эрдэнэ-Очир нь зохигчоор оролцоогүй бөгөөд энэ иргэний хэргийн зохигчдын хоорондох маргаанд хамааралгүй болно.

 

Хариуцагч Н.Эрдэнэ-Очир нь Шарга морьтын зусланд 7 айлын зуслангийн газар авч хашаа барьсан гэх боловч уг газрын эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээг аваагүй, дүүргийн газрын албанд материал бүрдүүлэн өгөөгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

        Харин зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан  зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч Ш.Ш нь шаардах эрхтэй гэж үзэв.

 

        Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч Н.Этой 2013 оны 08 дугаар сарын 26-ний өдөр бичгээр “Хэлцэл “Э би Шгээс 10,000,000 /сая/ төгрөг хүлээн авав. Гурван сарын дотор хэрэглэнэ. Энэ 10 саяыг 20 сая болгох зорилготой. Ашгийг 50%-иар тохирон авахаар болов” гэж бичиж зохигчид гарын үсэг зуран зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний талаар хариуцагч Н.Э маргаагүй, уг гэрээг би өөрөө бичсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Иргэний хуулийн 189.1-д зааснаар “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй." гэж хуульчилсан.

 

Дээрхи 2013 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн “хэлцэл” нь гэрээний талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ш нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст Н.Эт холбогдуулан гомдол гаргасныг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5965 тоот  тогтоолоор “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол гарсан болох нь зохигчдын тайлбар, тогтоолын хуулбар,

шүүх хуралдааны шатанд гэрч Д.Гийн “ ...10,000,000 төгрөгийг Сансарын тунелийн усан оргилуурын зүүн талын сандал дээр сууж байгаад бэлнээр нь Н.Эт өгсөн, 4 ширхэг газрыг нэгийг нь 2,5 саяар авч, 3 сарын дараа 15,000,000 төгрөгийг буцааж өгнө, 5,000,000 саяар нэг газрыг зарна гэж ярьж байсан.” гэх тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Н.Эоос үндсэн зээлийг алдангийн хамт гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Н.Эоос үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Шд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.Ш нь эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүнийгээ нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

 

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

   1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Эоос 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Шгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эоос 232.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Шд олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ