Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1405

 

Ш.Ш-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01246 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Ш-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Э-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ш, хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие багын найз Д.Ганхуягийн хамт Э-ын гуйлтаар 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөгийг тоолж өгсөн. Н.Э 10 000 000 төгрөгийг 2 дахин өсгөж, 3 сарын хугацаатай өөрөө 5 000 000 төгрөгийг нь авч бид хоёрт 15 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дууссан байна гэж түүнд олон удаа хэлсэн боловч түр хүлээж байгаач гэх зэргээр элдэв шалтаг шалтгаан тоочин 2 жил гаруй хугацаа өнгөрч, сүүлийн 1 жил гаруй хугацаанд гэр орноо солиод зугтаж алга болсон учир шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст түүнийг олсон. Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, ашиг буюу 50% алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд бид хоёр Шарга морьтын зусланд нэг га газар буюу 7 айлын зуслангийн газар мөнгөө нийлүүлэн худалдаж аваад хашаа барьж тохижуулсны дараа зарим газраа зарж борлуулаад мөнгөө өсгөх бизнес хийхээр харилцан тохиролцож, газраа товлон шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж гэрчилгээ гаргуулж ажлаа эхлүүлсэн. Ш.Ш 10 000 000 төгрөг, би 14 000 000 төгрөг гаргаж дээрх газарт барилгын компанид захиалга өгч 200 м төмөр бетон хашаа бариулсан. Гэтэл бидний авсан газрыг “Мон Аналитик” ХХК хашаа барьж нийтийн эзэмшлийн орц, гарцыг хаасан тул бид энэхүү газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 1437 дугаар шийдвэрээр “Мон Аналитик” ХХК-ийн бидний газрын нийтийн эзэмшлийн хэсгийг чөлөөлөхөөр шийдвэрлэж, албадан гүйцэтгүүлэхээр 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 7641/ч дугаартай шүүгчийн захирамж гарсан. Ш.Ш-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Э-оос 15 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ш-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Ш-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-оос 232 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ш-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш.Ш бид хоёрын анхнаасаа тохирсон аман хэлцэл нь Ш.Ш 10.000.000 төгрөг, Н.Э би 10.000.000 төгрөг гарган зуслангийн газар авч хашаа байшин барьж цааш нь өсгөн зарах тохиролцоо байсан болохоос  биш би   банк, санхүүгийн байгууллага биш мөнгийг нь  өсгөж өгнө гэсэн ямар ч тохироо байхгүй болно. Тиим ч учраас Сүхбаатар дүүргийн шаргаморьт аманд зуслангийн газар сонгон 200м бетон суурьтай хашаа барьж, хүнд техник хөлслөн оруулж 500м сайжруулсан зам хийж тохижуулахад 14.000.000 төгрөг гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр Ч.Долгормааг ирчихээд байхад нь шүүх хуралдаанд оролцуулаагүй. Миний хууль эрхийн мэдлэгүйг ашиглан шүүх хуралдаан дээр миний тайлбарыг гүйцэт сонсохгүй зөвхөн нэхэмжлэгч Ш.Ш-ийн тайлбар итгэлийг нотлох баримтыг эх сурвалж болгон иргэн Н.Э намайг хохироосон үйлдэл гаргасан. Би дээрх 14.000.000 төгрөг гаргахын тулд зуслангийн хашаа, байшингаа хүртэл зарж хохирсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хууль ёсны бус үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч Н.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  15  000 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөг, нийт 15 070 200 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч Ш.Ш-ээс 10 000 000 төгрөгийг хамтран ажиллах зорилгоор авсан,  зээлдэж аваагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Н.Э-ын  гарын үсэг зурсан 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “хэлцэл” гэх бичмэл баримтад үндэслэсэн ба уг бичмэл баримтад “Н.Э би Ш-ээс 10 000 000 төгрөг хүлээн авав. Гурван сарын дотор хэрэглэнэ. Энэ 10 саяыг 20 сая болгох зорилготой. Ашгийг 50 хувиар тохирон авахаар болов” гэсэн агуулга тусгагдсан, хамтран ажиллах талаар тусгагдаагүй байна.

 

Дээрх баримтаас үзэхэд талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийсэн, гэрээний зүйл болох 10 000 000 төгрөгийг хариуцагч Н.Э-т шилжүүлсэн, тэрээр энэ талаар маргаагүй тул анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч Ш.Ш нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч Н.Э нь Ш.Ш бид хоёр хамтран ажиллах зорилгоор хоёр талаасаа мөнгө оруулж газар авч хашаа хатгасан, энэ талаар шүүх шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,  38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 1437 тоот шийдвэртэй иргэний хэрэгт Н.Э нь зохигчоор оролцоогүй, энэ иргэний хэргийн зохигчдын хоорондох 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний маргаанд хамааралгүй  талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээрхи 2013 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн хэлцлийн агуулгаас үзэхэд талууд 3 сарын хугацаа тохиролцсон гэж үзэхээр байх бөгөөд “...2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр авсан мөнгөө буцаан төлөх талаар мессеж ирүүлж байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг /хх-ийн 39,41/   хариуцагч тал  үгүйсгээгүй, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5965 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 71 дүгээр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 6-7/ зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй.

Харин зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хэлцэлд алдангийн талаар заагаагүй байхад шүүх үндсэн зээлийг алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5 000 000 төгрөгийг хангах  үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт хариуцагч Н.Э-оос үндсэн зээл 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ш-д олгохоор өөрчлөлт оруулж нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төлсөн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул 70 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.