Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0008

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-

Нэхэмжлэгч: А.Б-

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “А.Б-ийг “А...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн бүртгэл /үйлдэл, шийдвэр/-ийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0717 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-, гуравдагч этгээд Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2015/0569/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0717 дугаар шийдвэрээр:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан “А.Б-ийг “А...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн бүртгэл /үйлдэл, шийдвэр/-ийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож        шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “... Үүнээс үзэхэд, 2006 онд компанийн гишүүн буюу хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхдээ дээрх хуулийн 22.1.2-т заасан “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр” гэсэн шийдвэрийн хэлбэрт оруулсан шийдвэрийг тухайн үед гаргаж өгөөгүй хэдий ч дээрх дүрмийн сүүлийн хуудсанд Г.Б, А.Б-, Н.Б- нар гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд агуулгаараа шийдвэр гарсантай адил байна” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан байна.

Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар “2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “А...” ХХК-ийн дүрэм, Үндэсний татварын албаны хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өргөдөл зэрэгт зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч А.Б-ийн гарын үсэг мөн эсэх”-ийг тогтоолгохоор шинжээч томилсон.

Улмаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №1001 тоот шинжээчийн дүгнэлт гарсан ба тус дүгнэлтээр “2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “А...” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өргөдөл зэрэг баримтууд дээрх Б- гэж зурсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд туршилтын загвартай бүтцээр тохирохгүй байгаа” болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны №0717 дугаар шийдвэрийн үндэслэл болоод буй 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “А...” ХХК-ийн дүрэмд зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч А.Б-ийн гарын үсэг биш буюу нэхэмжлэгч тус дүрэмд гарын үсэг зураагүй, тус компанийн хувьцаа эзэмшигч болох хүсэл зориггүй байсан болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.

Гэвч анхан шатны шүүх хэргийн материалд авагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны №1001 тоот шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэлгүй орхигдуулсан бөгөөд тус дүрэмд нэхэмжлэгч А.Б-ийг өөрийн хүсэл зоригийн дагуу гарын үсэг зурсан мэт бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр, Улсын бүртгэлийн газар нь хуульд заасан баримтгүйгээр буюу зөвхөн “А...” ХХК-ийн дүрмийг үндэслэн бүртгэл хийсэн нь хууль бус бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан баримтыг бүрдүүлээгүй хэмээн дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж / компанийн дүрмийг хувьцаа эзэмшигчийн шийдвэртэй адилтган дүгнэж/ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.2. Хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн бүртгэлийн тухайд

Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, орж байгаа өөрчлөлт нэмэлт, эсхүл шинэчилсэн найруулгын бүрэн эхийн хамтаар”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 22 дугаар зүйл /Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг/-ийн 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр", мөн хуулийн 22.1.3-т "Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт" гэж тус тус заасан ба улсын бүртгэлийн газар нь эдгээр баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч А.Б-ийг “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх ёстой байсан.

Гэтэл гуравдагч этгээд Г.Б нь нэхэмжлэгч А.Б-ийг “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх тухай өргөдлийг гаргахдаа хуульд заасан эдгээр баримтуудыг хавсарган ирүүлээгүй атал Улсын бүртгэлийн газар нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3-т заасныг тус тус зөрчиж, илт хууль бус бүртгэл хийсэн байдаг.

Нөгөөтээгүүр. Улсын бүртгэлийн газар нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3-т заасныг тус тус үндэслэн Компанийн тухай хууль /1999 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.5-д "Бүртгэх байгууллага энэ хуулийн 17.3-т заасан баримтыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргана", мөн хуулийн 17.6-д "Компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт болон шинэчилсэн найруулгыг энэ хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалзана" гэж тус тус заасны дагуу Г.Баас гаргасан 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг бүртгэхээс татгалзах ёстой юм. Гэтэл улсын бүртгэлийн газар нь хуулийн дээрх заалтуудыг тус тус ноцтой зөрчиж, илт хууль бус бүртгэлийг хийсэн.

2.3. Нэхэмжлэгч А.Б-ийг “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх хууль зүйн болон бодит үндэслэл байгаагүй. Учир нь “А...” ХХК /РД:000..../-ийг 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр анх “ВИПБМБ” нэртэйгээр гуравдагч этгээд Г.Б нь иргэн Т.М-ын хамт үүсгэн байгуулсан байх ба 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус компанийн нэрийг “А...” ХХК болгон өөрчилсөн. Улмаар 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Т.М-ыг “А...” ХХК-ийн гишүүнээс хасаж, оронд нь нэхэмжлэгч А.Б- болон Н.Б- /Г.Бы хамтран амьдрагч гэх/ нарыг гишүүнээр нэмж бүртгүүлэх тухай өргөдлийг гуравдагч этгээд Г.Б гаргасан байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч А.Б- нь өмнөх хувьцаа эзэмшигч Г.Б болон Т.М- нарын хэн нэгнээс “А...” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авах, эсхүл “А...” ХХК нь хувьцаа нэмж гаргах замаар А.Б-д хувьцаа эзэмшүүлэх боломжтой.

Гэтэл “А...” ХХК нь хувьцаа нэмж гаргаагүй ба өмнөх хувьцаа эзэмшигчдийн хэн нэг нь нэхэмжлэгч А.Б-д хувьцаагаа шилжүүлээгүй  бөгөөд зөвхөн гуравдагч этгээд Г.Баас гаргасан өргөдлийн хүрээнд улсын бүртгэлийн байгууллага нь А.Б-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн нь илт хууль бус юм.

 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Б- “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох эрх зүйн үндэслэл болон бодит үйл баримт огт байгаагүй ба улсын бүртгэлийн байгууллага нь дээрх үйл баримтыг тодруулалгүйгээр буюу хувьцаа шилжүүлсэн гэрээ хэлцэлгүйгээр Т.М-ыг хувьцаа эзэмшигчээс хасаж, оронд нь А.Б-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байдаг.

Нөгөөтээгүүр, Т.М-ыг хувьцаа эзэмшигчээс хасах, оронд нь ямар нэгэн шийдвэр, гэрээ хэлцэлгүйгээр, нэхэмжлэгч А.Б-ийн хүсэл зоригоос гадуур түүнийг хувьцаа эзэмшигчээр бүртгэх хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй болох нь илэрхий үйл баримт атал улсын бүртгэлийн байгууллага нь дээрх үйл баримтыг шалган тогтоолгүйгээр илт хууль бус бүртгэл хийсэн юм.

2.4. Нэхэмжлэгч А.Б-ийн гарын үсгийн дуурайлган зурсан 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дүрмийг үндэслэн “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр түүнийг бүртгэхдээ улсын бүртгэлийн байгууллага нь Компанийн тухай хууль /1999 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг зөрчсөн байдаг. Тухайлбал, Компанийн тухай хуулийн /1999 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.4 “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийг шинэчлэн найруулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан ба улсын бүртгэлийн байгууллага нь дээрх заалтыг зөрчиж буюу А.Б-ийн гарын үсгийг дуурайлган зурсан дүрэм гарснаас хойг ажлын 10 хоногт бус 39 хоногийн дараа дээрх бүртгэлийг хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

2.5. Гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийн тухайд:

Нэхэмжлэгч А.Б-ийг “А...” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/- ар бүртгэсэн бүртгэл нь Компанийн тухай хууль /1999 он/-ийн 63 дугаар зүйлийн 63.2.2. 63.2.3-т тус тус заасныг зөрчсөн илт хууль бус бүртгэл юм. Тухайлбал, Компанийн тухай хууль /1999 он/-ийн 63 дугаар зүйл /Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлүүлэгчдийн хурал нь энэ хуулийн 63.1 дүгээр зүйлд зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ/-ийн 63.2.2-т "гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг тогтоох", 63.2.3-т "компанийн гүйцэтгэх захирал болон хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох" гэж тус тус заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нэхэмжлэгч А.Б-ийг “А...” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар томилох ёстой. Гэтэл “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн ямар нэгэн шийдвэргүйгээр, зөвхөн 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр огноолсон захирал Г.Б-ы тушаалыг үндэслэн А.Б-ийг “А...” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэсэн нь үндэслэлгүй юм. Мөн энэхүү бүртгэл хийгдэх цаг хугацаанд нэхэмжлэгч А.Б- нь илт хууль бус бүртгэлийн улмаас “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр аль хэдийнээ бүртгэгдсэн байсан тул улсын бүртгэлийн байгууллага зөвхөн Г.Б-аас гаргасан тушаалыг үндэслэн бүртгэл хийх хууль зүйн үндэслэл байгаагүй юм.

Мөн Компанийн тухай хуульд заасны дагуу “А...” ХХК-ийг гүйцэтгэх удирдлагыг захирал Г.Б томилох эрхгүй бөгөөд энэхүү эрхгүй этгээдийн гаргасан тушаал, Өргөдлийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч А.Б- нь “А...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй ба харин гуравдагч этгээд буюу “А...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Хувьцаа эзэмшигч Г.Б нь тус компанийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-ыг хэрэгжүүлж байсан болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар нотлогддог. Тухайлбал, Капитрон банкны нэхэмжлэлтэй, “А...” ХХК-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Б нь “А...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар тус компанийг төлөөлөн оролцож, улмаар Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1290 дүгээр захирамж, 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 558 дугаар захирамжаар эдгээр иргэний маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Г.Б нь “А...” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөн оролцож, компанийн өмнөөс шийдвэр гаргаж, үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан болох нь эдгээр хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар нотлогддог ба А.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, зөрчигдөхгүй болох мөн тогтоогддог.

2.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0717 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “... захиргааны акт илт хууль бус болох хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна" хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д "Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", мөн хуулийн 9.1.9-д "Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн" гэж тус тус заасан бөгөөд улсын бүртгэлийн байгууллага нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. 17.3.2. 17.5, 17.6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3 дахь хэсгийг тус тус илтэд зөрчсөн. Мөн улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэргүй, хуульд заасан баримтыг бүрдүүлээгүй илтэд илэрхий өргөдлийг хүлээн авч илт хууль бус бүртгэлийг хийсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс дээрх дурдсан үйл баримтуудад дүгнэлт хийлгүй орхигдуулсан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.

Дээр дурдсанчлан анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нотлох баримтаар бүрэн дүүрэн үнэлээгүй, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэл бүрт дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн юм. Үүний улмаас нэхэмжлэгч өөрийн хүсэлт зоригоос гадуур буюу хэн нэгэн этгээдийн хуурамчаар үйлдсэн дүрэм, улсын бүртгэлийн байгууллагын хууль зөрчиж хийсэн бүртгэлийн улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоороо хохироод байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэж А.Б-ийг “А...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн бүртгэл /үйлдэл, шийдвэр/-ийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.

          Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

          2.2. Нэхэмжлэгчээс 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “... “А...” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичиг буюу компанийн дүрмийн 1.5 дахь хэсэгт “А.Б- намайг үүсгэн байгуулагч гэж нэрийг бичиж, миний гарын үсгийг дуурайлган зурсан бөгөөд А.Б- намайг тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг дур мэдэн гаргаж, хууль бусаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д улсын бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг заасан,... Компанийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид учруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна”, “А...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй, компанийн эрх үүргийг хэрэгжүүлж байгаагүй бөгөөд Г.Бы хууль бус хүсэлтийг үндэслэн бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагаа, улсын бүртгэлийн улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол минь зөрчигдөөд байна, ... “А...” ХХК-ийг үүсгэн байгуулах хүсэл зориг илэрхийлж байгаагүй ба тус компанийг үүсгэн байгуулах бичигт гарын үсэг зурж байгаагүй” гэсэн үндэслэлээр “А.Б-ийг “А...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн бүртгэл /үйлдэл, шийдвэр/-ийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

            2.3. Илт хууль бус захиргааны акт гэдэг нь бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй, ямар ч хүн харсан илэрхий алдаатай байх бөгөөд гарсан цагаасаа эхлэн “эрх зүйн үйлчлэлгүй” тул хүчингүй болгох тухай ойлголт байхгүй харин “илт хууль бус болохыг тогтоох” боломжтой.

            Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй дээрх бүртгэлүүд нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна ...” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

            2.4. Компанийн тухай хууль /1999 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Компанийн дүрэм нь түүний үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн”, 17 дугаар зүйлийн” 17.3-т ”Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхэд дараахь баримт бичгийн бүрдүүлнэ”, 17.3.1-д “компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл”, 17.3.2-т “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, орж байгаа өөрчлөлт нэмэлт, эсхүл шинэчилсэн найруулгын бүрэн эхийн хамтаар” 17.3.3-т “компанийн дүрмийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ” 17.3.4-т ”бүртгэлийн хураамж төлсөн баримт”, 17.6-д ” Компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт болон шинэчилсэн найруулгыг энэ хуулийн 17.3.-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалзана” гэж тус тус заажээ.

            Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ”, 22.1.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.2-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 22.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.1.4-т “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт" гэж заасан.

            2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “А...” ХХК-ийн дүрмийн 1.5-д Г.Б, А.Б-, Н.Б- нарыг компанийн үүсгэн байгуулагч гэж заасан байх бөгөөд уг дүрмийг 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталж, Г.Б, А.Б-, Н.Б- нар гарын үсэг  зурсан, улмаар улсын бүртгэлд 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн байна.

Мөн 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд нэмэгдэж буй үзүүлэлтэд “Б-ийг захирлаар томилов” гэж, “А...” ХХК-ийн 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар захирлын тушаалаар “... Авид овогтой Б-ийг тус компанид гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулсугай” гэж шийдвэрлэсэн, хариуцагчаас тус компанийн үүсгэн байгуулах баримт бичигт үүсгэн байгуулагч нар тус бүр гарын үсэг зурагдсан баримт, гүйцэтгэх захирлаар Б.Б-ийг томилсон тушаал зэргийг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэснийг илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “... “тухайн үед үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу мэдүүлэг гаргагч нь өөрөө бичиг баримтуудаа үнэн зөв бүрдүүлэх үүрэгтэй, бүртгэлийн байгууллага үнэн зөв эсэх буюу хуурамч эсэхийг шалгахгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, ... хуульд заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй, маргаан бүхий бүртгэлүүд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцсэн байх тул уг бүртгэлүүдийг шүүхээс илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах үндэслэлгүй ...“ гэж дүгнэлт үндэслэлтэй байна.

            2.6. Нэхэмжлэгчээс “А...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар өөрийг нь бүртгэсэн бүртгэлийг илт хууль болохыг тогтоохуйц (нэхэмжлэгчээс ... хүлээн зөвшөөрүүлэх гэж тодорхойлсон байх боловч шүүх ... илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн агуулга илэрхийлсэн гэж үзсэн) баримт нотолгоог буюу уг бүртгэлийг хийх үндэслэл болсон баримтуудыг хуурамч байсныг нь тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр холбогдох бусад баримтыг шүүхэд гаргаагүй, энэ талаарх эх сурвалжийг нэрлэж заагаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “А...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагаар бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

            2.7. Түүнчлэн хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1001 дүгээр шинжээчийн дүгнэлтээр “2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “А...” ХХК-ийн дүрэм”, “Үндэсний татварын албаны хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өргөдөл” зэрэг баримтууд дээрх Б- гэж зурсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд туршилтын загвараар ирүүлсэн гарын үсгийн загвартай бүтцээр тохирохгүй байна. Үндэсний татварын албаны хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өргөдөл, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудад зурагдсан гарын үсгүүд нь ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээр тохирч байна. Харин 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “А...” ХХК-ийн дүрэм гэсэн баримт дээр зурсан гарын үсэг нь бүтцээр тохирохгүй байна” гэх дүгнэлтүүд зөрүүтэй утга агуулгыг илэрхийлсэн байх бөгөөд эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг тухайн үед “А...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлын бүртгэлийг илт хууль бусад тооцох үндэслэл болохуйц “хуурамч болохыг нь эрх бүхий этгээдээс эцэслэн тогтоосон шийдвэр” гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ