Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 540

 

                                                           

 

 

 

2019         6               04                                             2019/ДШМ/540

                                                   Б.Мад холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Хашбаатар,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяртулга, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяртулгын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мад холбогдох эрүүгийн 1803010510122 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Биндэръяагийн М, 1970 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, “Жет” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар Бичил хорооллын, /;

Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Бүрэн плаза” төвийн урд замд Тоёота Приус маркийн 14-89 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Рг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн Биндэръяагийн Мыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мын 107278 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 14-89 УНО дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Мад буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлс 1.200.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяртулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М гэгч этгээд нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрэн” плаза төвийн урьд талын замын явган хүний гарцаар зорчиж явсан миний аав Д.Рг Тоёото приус маркийн автомашинаар хурдтай ирж мөргөн амь насыг нь хохироосон байдаг.

Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Мын хүний амь нас хохироосон онц ноцтой гэмт хэрэгт хорих ял оногдуулаагүй төдийгүй түүнийг 2 жилийн хугацаагаар тэнсэх, сургалтад хамруулах гэсэн шийтгэл оногдуулсан болоод өнгөрсөнд хохирогч бидний зүгээс туйлын гомдолтой байна. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь хэрэгтэн Б.Мын толгойг илж өөгшүүлсэн, нэг ёсондоо шагналын шинжтэй байгаа ба нөгөө талаар хохирогч бидний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн төдийгүй дээрх этгээдийн гэмт үйлдлийн улмаас нас барсан эцгийг минь бүдүүлгээр доромжилсон үйлдэл боллоо гэж хохирогчийн хувьд үзэж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр гаргасан шийтгэх тогтоолд Б.Мыг тэнссэн үндэслэлээ “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан...ял оногдуулахгүйгээр тэнсэж...” гэжээ.

Хохирогч бидний хувьд шүүхийн дээрх дүгнэлтийг хуулийг буруу хэрэглэсэн, зарим нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй албаар орхигдуулсан, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна.

Хуулийн дээрх заалтаас харахад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...” байхыг гэмт этгээдээс шаардаж байна.

Гэтэл бодит байдал дээрээ хохирогч надад болон миний гэр бүл, төрөл төрөгсдөд маань Б.М гэгч этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бодиттойгоор учирсан хохирол хор уршиг огт арилаагүй байгаа. Юуны түрүүнд энэ гэмт хэргийн улмаас миний аав Д.Ргийн амь нас хохирсон юугаар ч нөхөж баршгүй, нөхөн төлөх боломжгүй, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрх зөрчигдсөн бодит хохирол учирсан нь маш тодорхой байтал анхан шатны шүүх яагаад үүнийг анхаарч үзсэнгүй вэ, түүгээр ч зогсохгүй юуг үндэслэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэж үзэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялыг хөнгөлчихвөө гэдгийг хохирогч бид ойлгохгүй байгаа төдийгүй маш их гомдолтой байна. ...Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар маш тодорхой заажээ.

Эрүүгийн хуулийн дээрх заалтаас харахад гэмт хэргийн хохирол, гэмт хэргийн хор уршиг гэдэг нь хоорондоо ялгаатай өөр ойлголт байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь гэмт хэргийн хохирол, гэмт хэргийн хор уршиг хоёрыг хоёуланг нь арилгаж байж тэнсэн ял авах ёстой байжээ гэж ойлгогдохоор байна.

Гэтэл Б.М гэгч этгээд нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн алиныг нь ч бидэнд барагдуулаагүй, барагдуулж чадах ч үгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ этгээд яагаад ч бидний хайрт аав, өвөөг босгоод ирж чадахгүй, эрдэнэт хүний амь нас юугаар ч нөхөгдөхгүй. Түүнчлэн Б.М гэгч этгээд эцгийг минь дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч надад болон миний гэр бүл үр хүүхдэд сэтгэл санааны асар их хохирол, хор уршиг учирсан төдийгүй энэ шаналал, түүнээс үүдэн бий болсон айдас, хүүхдүүдийн минь өвөөгөө нэхсэн харц, үг, үйлдэл одоо ч арилаагүй байна. Миний аав насан туршдаа надтай хамт миний гэр бүлтэй цуг амьдарсан бөгөөд миний 6-гаас 17 насны гурван хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн асран хамгаалж, сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч ирсэн бөгөөд тухайн хэрэг учрал болдог өдөр ч гэсэн охиныг маань сургуульд нь хүргэж өгөөд явж байгаад энэ хэргийн хохирогч болсон.

Одоо миний бага насны 3 хүүхэд сэтгэл санааны хувьд асар их дарамттай байгаа, учир мэдэхгүй бага хүү маань өдөр бүр надаас өвөөгөө хаачсаныг асууж, өвөө намайг яагаад сургуулиас авахгүй байна вэ гэж гомдоллож байна. Ийм нөхцөлд хохирогч бидэнд учирсан хохирол, хор уршиг арилсан, барагдсан гэж үзэх ямар ч боломжгүй бөгөөд шүүх юунд үндэслэн гэмт этгээдийг хохирол, хор уршиг арилгасан гэж үзэж, дүгнээд байгааг үнэндээ ойлгохгүй байна. Хохирогч бидний зүгээс Б.Мын талийгаачийн эмчилгээ болон оршуулгын зардлыг төлсөн явдлыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэж дүгнэх боломжгүй гэж үзэж гомдолтой байгаа.

Тэгээд ч Б.М гэгч нь шүүх хурал дээр хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж хэлснээрээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн болчихгүй гэж хохирогчийн хувьд үзэж байна. Б.М нь хохирогч биднээс хүн ёсны хувьд уучлал гуйж, чинь санаанаасаа гэмшиж хандахын оронд эхний шүүх хурал хойшлогдсон өдөр хохирогч надтай уулзаад “...5 сая төгрөг өгье. Тэгээд хал балгүй 2 тийшээ салъя...” гэж хэлэн хохирогч биднийг болон зүй бусаар өөрийнх нь гарт амь насаа алдсан эцгийг минь доромжилсон үйлдэл гаргаж байсан болно. Хохирогч бид цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзсэн хайрт аав, өвөөгийн эрдэнэт амь насыг хэзээ ч мөнгөөр үнэлэхгүй нь хэнд ч ойлгомжтой бөгөөд Б.М гэгчтэй ийм зүйл огт ярьж байгаагүй гэдгээ хэлмээр байна.

Иймд хохирогч миний гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж, гэмт этгээд Б.Мыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэж үзэж, түүнд хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Мад үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяртулгын өмгөөлөгч Х.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж давж заалдах шатнаас оролцож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд дэмжиж байгаа. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийг Б.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзсан. Энэ нь хуульд заасан бүхий л нөхцөл байдлыг тодорхойлоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хангаагүй байхад хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Осол явган хүний гарц дээр болсон бөгөөд хохирогчийн зүгээс гэмт хэрэг гарахад ямар нэг буруутай үйлдэл хийгээгүй.  Тээврийн хэрэгсэл тодорхой хэмжээний хурдтай явснаас үүдэж хохирогчид олон тооны гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Энэ хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарын талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Б.Мын үйлдсэн гэмт хэргийн хор уршиг нь хүний амь нас хохирсон. Хүний амь нас хохирсон хохирлыг шүүх хэрхэн дүгнээд хохирол төлсөн гэж үзсэн нь эргэлзээтэй. Иймд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Хохирогч гомдолтой гэдгээ хэлсэн байхад шүүх дүгнэлт хийгээгүй учраас хэргийн бодит байдалтай нийцээгүй, зарим талаараа дутуу дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй...” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Мядагбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гэм буруугийн байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдал нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хохирол, төлбөр нэхэмжлэх боломжтой. Хохирол нэхэмжилсэн баримтаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар хууль ёсны дагуу эрх бүхий тамга, тэмдэгтэй баримт хэрэгт авагдсан байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаас оршуулгын зардалд 10.000.000 гаруй төгрөгийн баримт байдаг. Миний үйлчлүүлэгч автомашины зээлтэй атлаа хүмүүсээс зээлж хохирогчийн нэхэмжилсэн оршуулгын зардал болон эрүүл мэндэд учирсан зардал болох 22.377.000 төгрөгийг төлсөн. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийн дагуу хохирлыг төлж барагдуулсан. Эдгээр байдлыг харгалзан анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Хашбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Мын үйлдсэн хэргийн зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй. Анхан шатны шүүхээс хэргийг зөв зүйлчилж, тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хохирогч шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн тухайд гомдол гаргаж байна. Прокурор анхан шатны шүүх хуралдаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих санал гаргасан. Анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлуудыг дүгнэж үзээд Б.Мад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт нь прокуророос эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Бүрэн плаза” төвийн урд замд Тоёота Приус маркийн 14-89 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Рг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяртулга “...Хохирогч бол миний аав. Хан-Уул дүүрэгт амьдардаг. Маш их гомдолтой байна. Явган хүний гарцаар гарч байсан хүнийг тэгтэл нь гэмтэл учруулж, амь насыг нь авч явахаар байдалд хүргэж байдаг. Миний аав 18 хоног эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан. Миний хувьд маш их гомдолтой байна. Бодит гарсан хохирлыг төлсөн. Одоо өмгөөлөгчийн хөлс 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ...”,

 

амь хохирогч Д.Р амьд сэрүүндээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...Би гэрээсээ гараад Аминаа гэх ачийгаа 40 дүгээр сургуульд хүргэж өгөөд “Бүрэн плаза” төвийн урд талд ертөнцийн зүгээр урдаас хойш чигт явган хүний гарцаар гарч явтал миний зүүн гар талаас нэг юм хүчтэй цохих шиг болсон. Тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Одоо миний бие цээжнээс доод хэсэгт ямар ч мэдээ байхгүй, хүний асаргаанд орсон маш хэцүү байна...” /хх 86-87/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.М хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:

“...Д.Ргийн биед дух ясны хугарал, зүүн духны дэлбэнгийн урд хэсгийн тархины эдийн цэгчилсэн цус хуралт, зүүн ухархайн дээд хананы хугарал, хүзүүний 6-р нугалмын хажуугийн цул, сээрний 1, 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун шуу, богтос ясны доод хэсгийн далд хугарал, хамар ясны хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий амь биед аюултай тул хүнд зэргийн гэмтэл учирсан...” болохыг тогтоосон 515 дугаартай дүгнэлт /хх 93-94/,

 

“...Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух яснаас суурь ясны зүүн урд хонхор хүрч үргэлжилсэн далд хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, хүзүүний 6-р нугаламын их бие, баруун талын хөндлөн сэртэн, сээрний 1, 2-р нугаламын арын сэртэнгийн хугарал, нугасны эдийн няцрал, үхжил, баруун шуу, богтос яс, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны далд хугарал, дух, баруун, шуу, богтос яс, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны далд хугарал, дух, баруун, зуун нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, чих орчим, хамрын нуруу, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачид цөсний хүүдийн чулуужилт, ерөнхий судас хатуурал, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөхгүй болно. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь 2019 оны 1 дүгээр сарын 06-ны оройн 18 цаг 30 минутад нас барсан байна /өвчний түүхэнд тэмдэглэснээр/. Талийгаач нь В /III/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй...” болохыг тогтоосон 249 дугаартай дүгнэлт /хх 115-118/,

 

Техникийн шинжээчийн “...Тоуоtа Рrius маркийн 14-89 УНО улсын дугаартай автомашины жолооч Биндэръяа овогтой М нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Дамдинжавын Рэгзэн нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн 58 дугаартай дүгнэлт /хх 112/-үүд,

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 6/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-14/, Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-17/, Хохирлын баримтууд /хх 29-85/, Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт, шилжүүлсэн баримт /хх 169, 171/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн хуулийн заалттай нийцсэн гэж үзнэ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяртулгын “...Б.Мын хүний амь нас хохироосон онц ноцтой гэмт хэрэгт хорих ял оногдуулаагүй төдийгүй түүнийг 2 жилийн хугацаагаар тэнсэх, сургалтад хамруулах гэсэн шийтгэл оногдуулсан болоод өнгөрсөнд хохирогч бидний зүгээс туйлын гомдолтой байна. ...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Мад үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд “Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв” хэмээн дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой гэж байгаа хэдий ч тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардлыг сайн дураараа төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарахгүй байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяртулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.