| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2018/0246/Э |
| Дугаар | 569 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 569
2019 6 11 2019/ДШМ/569
Ж.Дид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/302 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Дид холбогдох 1810029190110 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бичигт овгийн Жаргалсайханы Д, 1995 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Хан хур холдинг” ХХК-д барилгын туслах ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 20 дугаар гудамжны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;
Ж.Д нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Туулын задгайд байх өөрийн гэрийн гадна иргэн Н.Эыг эхнэртэйгээ хардаж нуруу, дал, эгэм зэрэг газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бичигт овгийн Жаргалсайханы Дийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Дийг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь хохирогч Н.Эт 1.300.000 төгрөг төлсөн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь 24.5 см, ажлын хэсэг нь 12.5 см урттай, хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Дид анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 1-т зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хохирогч Н.Эын “...“чи манай эхнэртэй унтлаа" гээд миний нүүрэнд цохисон, эхнэртэйгээ хардаад уурлаад хутгалсан...”, гэрч Б.Есүйхэйгийн “...Энхбаяр дээгүүрээ нүцгэн бие нь цус болсон байдалтай байсан. ...Д Энхбаярыг “чи муу миний эхнэрийг оролдсон” гээд орилоод уурлаад байсан...”, гэрч Б.Ариунтуяагийн “...Д Энхбаярыг “чи миний эхнэрийг оролддог хэн бэ” гээд орилоод хараагаад байсан...", Ж.Д яллагдагчаар өгсөн “...Би ухаан ортол хашаандаа Есүхэйн машинд ганцаараа унтаж байсан ба намайг эхнэр сэрээгээд “Энхбаяр намайг оролдоод байна” гэхээр нь машинаас буугаад Энхбаярыг гэрийн гадаа байхад нь түүний нүүр лүү 2-3 удаа цохиод буцаад тасарчихсан. Дахин ухаан ортол гэр дотор гартаа хар өнгийн бариултай манай эгчийн гэрт байдаг хутгыг барьчихсан, гар цус болсон байсан. Энхбаярын цээж нуруунаас нь цус гарчихсан байдалтай үүд хэсэгт зогсож байсан гэх мэдүүлэг.
Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд шүүхийн дүгнэлт нь хэт нэг талыг барин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Хохирогч гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд цаг хугацааны хувьд богино хугацаанд болсон нь харагддаг бөгөөд яллагдагч, шүүгдэгчээс өгсөн мэдүүлгийг харьцуулан дүгнэхэд гэм буруугийн санаатай хэлбэр болох “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байхыг шаарддаг” бол Ж.Дийн үйлдэлийн хувьд хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас, гэнэт хоромхон зуур төрсөн сэтгэхүйн өөрчлөлтөд орж өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг ухамсарлаагүй болон хүсч үйлдээгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь хэргийн үйл баримтаас харагддаг билээ.
Анхан шатны шүүхийн дүгнэлт нь эргэлзээ бүхий байгааг давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, чиглэсэн үйлдэлд нь хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Дид ашигтайгаар шийдвэрлэн зүйлчлэлийг зөвтгөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдах гэдэг нь хоромхон зуурт түргэн хугацаанд илэрдэг. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль бус үйлдийн улмаас тухайн хүний сэтгэл санаа цочролд хоромхон зуур автаж сэтгэхүйн хэвийн байдлаа алдаж өөрийгөө хянах чадваргүй болдог. Хохирогчийг гэмтээх санаа, гэмтээсэн үйлдэл хоёр нь тасралтгүй богино хугацаанд явагдах ёстой. Хэрэгт авагдсан хохирогч Н.Эын мэдүүлгээр Ж.Д бид хоёр ноцолдож байгаад салсан. Ж.Д эгчийнхээ гэр рүү гүйж ороод хутга барьж гарч ирээд над руу хутгалсан. Ч.Болортуяагийн мэдүүлэгт Ж.Д Н.Этай ноцолдоод би салгаж чадахгүй байсан. Сүүлд Шинэцэцэг эгч ирээд салгасан. Шинэцэцэгийн мэдүүлэгт Ж.Д Н.Э нарыг би салгаад яагаад ноцолдоод байгаа юм гэж загинаад зогсож байсан. Ж.Дийн өөрийн мэдүүлэгт гэрийн гадаа 2-3 нүүрэнд нь цохисон, тэгэхээр нь гэр рүү орж хутга авсан гэх мэдүүлгүүдээр дээрх гэмт хэрэг богино хугацаанд үйлдэгдээгүй. Мөн хохирогчийг гэмтээх санаа, гэмтээхэд чиглэсэн үйлдэл тасралтгүй богино хугацаанд явагдаагүй болох нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иймд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Ж.Д нь:
2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Туулын задгайд байх өөрийн гэрийн гадна иргэн Н.Эыг эхнэртэйгээ хардаж нуруу, дал, эгэм зэрэг газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь:
хохирогч Н.Эын “...эхнэр нь Дийг “оруулж ирнэ” гэж гараад буцаж орж ирэхдээ надад “Д босохгүй байна, чи өргөөд оруулаад өгөөч” гэхээр нь би хамт гараад машин дээр очтол огт сэрэхгүй байж байгаад сэрэнгүүтээ надад “чи манай эхнэртэй унтлаа” гээд хардаад миний нүүрэнд цохисон. Бид хоёр хоорондоо ноцолдож байгаад салтал Д эгчийнхээ гэр лүү гүйгээд орчихсон. Би эхнэртэй нь хамт гэрт нь ороод үүд хэсэгт зогсож байтал гаднаас Д орж ирээд миний нуруунд хоёр удаа цохих шиг болсон. Тэгтэл миний нуруунд хатгасан байсан. Би хутгыг нь булааж авах гээд ноцолдож байх хооронд дахиад миний цээж, дал хэсэгт нэг нэг удаа хутгалсан...” /хх 14-15, 17/,
гэрч Ч.Болортуяагийн “...Энхбаяр машин дээр очоод Дийг сэрээхэд “та 2 яагаад хамт явж байгаа юм бэ, Энхбаяр чи миний эхнэрийг оролдсон байна” гээд орилоод Энхбаяртай зууралдаад зодолдсон. ...Энхбаярын цээжнээс цус гарчихсан, Д хутга бариад зогсож байсан...” /хх 23, 25/,
гэрч Ж.Шинэцэцэгийн “...Би очоод тэр хоёрыг салгаад “яагаад зодолдоод байгаа юм бэ” гээд зогсож байх хооронд Д гэр лүүгээ ороод хутга аваад гарч ирсэн. Би хутгыг салгаж авах гээд чадахгүй байж байхад найзтайгаа зууралдаж байхдаа түүний цээж хэсэг рүү хутгалаад цус гарсан...” /хх 27/,
гэрч Б.Есүхэйгийн “...Нэг сэрсэн чинь Д, Энхбаяр хоёр хоорондоо ноцолдож байсан. Дийн эхнэр, эгч хоёр нь тэр хоёрыг салгасан. Энхбаяр дээгүүрээ нүцгэн бие нь цус болсон байдалтай байсан. Энхбаярыг Д хутгалсан талаар тэд нарын ярианаас мэдсэн. Д Энхбаярыг “чи муу миний эхнэрийг оролдсон” гээд орилоод уурлаад байсан ба Энхбаяр болохоор сайн дуугарч чадахгүй байсан. Энхбаяр газарт унаад өгөхөөр нь хартал түүний цээж хэсгээс нь цус гойжоод байхаар нь эмнэлэг болон цагдаа дуудсан...” /хх 29/,
гэрч У.Өмөрбекийн “...Тухайн өдрийн үүрээр 04 цаг өнгөрч байхад “согтуу хүмүүс зодолдоод, нэгнийгээ юмаар дүрсэн юм шиг байна” гэх дуудлагын дагуу Туулын задгай гэх хаяганд очсон. Намайг очих үед хашаандаа хоёр гэртэй, баруун талын гэр дотор нь Энхбаяр гэх залуу нуруу хэсэгтээ хутгалуулсан, нуруу цээж нь цус болсон байдалтай орон дээр сууж байсан. Д гэх залуу нилээн согтуу “би найзыгаа хутгалчихсан байна” гээд гар нь цус болсон байсан. ...Гэрийн үүд хэсгийн шал цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байсан...” /хх 32/,
гэрч Б.Ариунтуяагийн “...Бид хоёр унтаж байгаад сэртэл үүд хэсэгт Д, Энхбаяр хоёр хоорондоо барьцалдсан, хоёулаа цусанд хутгалдсан байдалтай байсан. Д Энхбаярыг “чи миний эхнэрийг оролддог хэн бэ” гээд орилоод хараагаад байсан. ...Намайг сэрэхээс өмнө Д Энхбаярыг хутгалчихсан юм шиг байсан...” /хх 34/,
шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Энхбаярын баруун эгэмний дор босоо байрлалтай 4 см урттай 1 шарх, баруун далан дээр 2 см урттай 1 шарх, зүүн далны дор хөндлөн байрлалтай 1 шарх, баруун шууны дунд доод талд босоо байрлалтай 1 см урттай 1 шарх, нийт 5 шархтай байсан. Дээрх гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун эгэм, баруун дал, нурууны гол хэсэг, зүүн даланд учирсан гэмтлүүд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, шуу, бугалганы хэсэгт зулгаралт, цус хуралт байсан. Гэмтлүүд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх 48/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Н.Эын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, шуу, бугалганы цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон...” дүгнэлт /хх 44/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/, өвчний түүх /хх 55-66/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх 39-40/ зэргээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.
Шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Б.Тэнгисийн “...зүйлчлэлийг зөвтгөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Ж.Д өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч Н.Эын “...гэрт нь ороод би үүд хэсэгт зогсож байтал гаднаас Д миний нуруунд хоёр удаа цохих шиг болсон. ...би хутгыг нь булааж авах гээд ноцолдож байх хооронд дахиад миний цээж, дал хэсэгт нэг нэг удаа хутгалсан. ...Д нэг хашаанд хамт амьдардаг эгчийнхээ гэрээс тэр хутгыг авч гарч ирсэн байх...” /хх14, 17/, гэрч Ж.Шинэцэцэгийн “...хутга аваад гараад ирсэн би хутгыг нь салгаж авах гээд чадахгүй байж байхад найзтайгаа зууралдаад байж байхдаа цээж хэсэг рүү нь хутгалаад...” /хх 27/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хх 48/, Ж.Дийн “...Миний санаж байгаагаар түүний нуруу хэсэгт 2 удаа хутгалж байснаа санаж байна. ...уур хүрээд түүнийг цохиж зууралдаж байгаад л хутгалсан байх...” /хх 74/ гэсэн мэдүүлгүүдээс үзвэл шүүдэгч Ж.Дийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол няцаагдаж байна.
Өөрөөр хэлбэл, шүүдэгч Ж.Д Н.Эыг эхнэртэйгээ хардаж маргалдсаны улмаас хэн аль нь бие биенээ цохиж, ноцолдсны дараа шүүгдэгч бусдын гэрт орж хутга авсан, уг хутгыг авах гэсэн хүнийг эсэргүүцсэн, хохирогчийг араас нь болон хохирогч хутгыг булааж авах гэж байхад дахин хутгалж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн үйл баримт, тухайн гэмт хэргийн шинж шалгуурт тохирсон хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх гомдол үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Ж.Дийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэж байгаа болно.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Дийн өгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.