Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 699

 

МАГАДЛАЛ

 

2017.03.10                                               Дугаар 699                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Эксклюзив” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 181/ШШ2017/00183 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эксклюзив” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г.Майцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч болох манай компаниас 1 790 913 273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгохоор болсон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг шинжээчээр үнэлүүлжээ. Ингээд үүргийн гүйцэтгэлийн барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс 39 дүгээр байрны 2 дугаар блок, 416 м.кв тапбай бүхий үйлчилгээний зориулалтгай барилгын үнийг үнэлгээчний тогтоосон үнэ болох 1 396 200 000 төгрөгийн 70 хувь буюу 977 340 000 төгрөгөөр, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, Горькийн 16 дугаар байр 382 тоот 158 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлгээчний тогтоосон гэх 207 800 000 төгрөгийн 70 хувь буюу 145 460 000 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтад байршилтай 700 м.кв бүхий эзэмшлийн 1 газрыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 6 200 000 төгрөгийн 70 хувь буюу 4 340 000 төгрөгөөр, Японы Жүки фирмийн 41 нэр төрлийн 41 ширхэг оёдлын машин, тоног төхөөрөмжүүдийг үнэлгээчний тогтоосон үнэ болох 29 700 000 төгрөгийн 70 хувь буюу 20 790 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнээс хэт доогуур доогуур байна. Миний зүгээс дээрхи нэр бүхий үл хөдпөх хөрөнгүүдийн үнийг зах зээлийн бодит үнэнд нийцүүлэн тогтоох хүсэлтэй байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дээрхи нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдэд хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биөлүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс-1 /16100/, Москвагийн гудамж, 39 дүгээр байрны 2 дугаар блок, 416 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай “Эксклюзив” ХХК-ийн өмчлөлийн барилга, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, Горькийн 16 дугаар 382 тоот 158.84 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай Г.Майцэцэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтад байршилтай, 700 м.кв талбай бүхий Г.Майцэцэгийн эзэмшлийн газар, Японы Жүки фирмийн 41 нэр төрлийн 41 ширхэг оёдлын машин, тусгай зориулалттай тоног төхөөрөмжүүдийг битүүмжлэн, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 111 тоот тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон. “Мөнх-Оргил трейд” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс-1 /16100/, Москвагийн гудамж, 39 дүгээр байрны 2 дугаар блок, 416 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Эксклюзив ХХК-ийн өмчлөлийн барилгыг 1 396 200 000 төгрөгөөр, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, Горькийн 16 дугаар 382 тоот 158.84 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай Г.Майцэцэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 207 800 000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтад байршилтай 700 м.кв талбай бүхий Г.Майцэцэгийн эзэмшлийн газрыг 6 200 000 төгрөгөөр, Японы Жүки фирмийн 41 нэр төрлийн 41 ширхэг оёдлын машин, тусгай зориулалттай тоног төхөөрөмжүүдийг 29 700 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч “Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэгт биечлэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээчиий тогтоосон үнийн 70 хувь хувиар тооцон 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нийтэд мэдээлээд байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан “Эксклюзив” ХХК-ийн гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаа сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай 207 дугаар захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтад байршилтай 700 м.кв бүхий эзэмшлийн газрыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 6 200 000 төгрөгийн 70 хувь буюу       4 340 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Харин тухайн зээлийг авахдаа манай компани эдийн засаг хямарч зээлээ төлөхгүй байдалд орно гэж үзээгүй учраас хувь хүний зүгээс дээрхи газартаа хөрөнгө оруулж барилга барьж эхэлсэн. Ингээд шүүхэд уг газарт оруулсан бодитой хөрөнгө оруулалтаа нэмж үнэлүүлэх хүсэлтэй байсан тул үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан. Мөн өмгөөлөгчийн зүгээс 3 дагч этгээдээр Г.Майцэцэгийг оролцуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс эдгээр хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэр гаргасан нь "Эксклюзив" ХХК болон миний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ "нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ шинжээч эд хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй.." гэсэн, шүүх хуралдаан дээр хариуцагчаас тайлбар гаргахдаа тухайн үнэлгээ хийх үед нэхэмжлэгчийн дээрхи Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтад байршилтай 700 м.кв бүхий эзэмшлийн газарт байшин баригдсан байсан гэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Эксклюзив” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн, үнэлгээчин нь эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул бодит үнэд нийцүүлэн тогтоолгох...” гэснийг хариуцагч нь “...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/03207 дугаар шийдвэрээр “Эксклюзив” ХХК-иас 1 781 688 929 төгрөг гаргуулан Голомт банкинд олгох, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, хариуцагч байгууллагаас томилсон шинжээч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлж үнэлгээ гаргасныг нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр мэдэгдсэн, нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гомдол гаргасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч хуульд нийцүүлэн явуулсан гэж үзэхээргүй байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

Тухайбал, төлбөр төлөгч буюу Г.Майцэцэгийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураахдаа тэмдэглэл хөтөлсөн боловч тухайн эд хөрөнгийн чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал, төлбөр төлөгчийн гаргасан санал тэмдэглэлд тусгагдаагүй, төлбөр төлөгч нь үнийн санал гаргасан эсэх нь тодорхойгүй байв.

Түүнчлэн төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаар төлбөр авагч банк нь үнийн санал гаргасан баримт хэргийн 41 дэх талд авагдсан ба энэ саналыг төлбөр төлөгчид мэдэгдсэн баримтгүй байхад хариуцагч нь эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон үнэлгээ гаргуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө” гэснийг зөрчсөн байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь “...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх...” гэж давж заалдсан гомдол гаргасныг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр   сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 70 200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                         ШҮҮГЧИД                                                 Т.ТУЯА

 

                                                                                           М.НАРАНЦЭЦЭГ