Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2018/01033

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “НШШГГ”-т холбогдох

Үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.М миний бие нь “НШШГГ”ын тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Ггийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаархи 4/4118 тоот мэдэгдлийг хүлээн авч танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 53-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2017/00107 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Г.М миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 25-р хороо, Хайрхан 6-р гудамж 26 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201017671 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2201003868 тоот гэрчилгээтэй 0,7 м.кв газрын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэхээр заасан байна. Гэтэл “НШШГГ” нь Г.М миний өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшнаас хамаагүй багаар үнэлж миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж, намайг ихээхэн хохирол амсах байдалд шууд хүргэж байна. Миний байшин 7-н давхар барилгын даац бүхий суурьтай, 80 метрийн гүний худагтай, 380 вт-ын цахилгааны холболттой, халаалт, сантехникийн бүрэн шийдэл хийгдсэн, халуун хүйтэн устай тохилог орон сууцнаас ялгагдах зүйлгүй харин ч гадна тохижилт зай талбайгаараа давуу талтай. Миний байшин нь сайн чанарын материалаар баригдсан одоогийн зах зээлийн бодит үнэлгээгээр материалын орц, хийцийн үнийг хамгийн багаар батлагдсан үнээр тооцож үзэхэд 1 м.кв нь 2,130,000 төгрөг, дээр нь газрын үнэ нэмэгдээд 800,000,000 төгрөг болно. Гэтэл 4/4118 тоот мэдэгдэлд миний эд хөрөнгийг шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон дээрхи үнийн 70 хувиар тооцон 84,11,839 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахаар заасан итгэмээргүй үнэ байж болохгүй гэж үзэж байна. Энэхүү үнэлгээ нь тус эд хөрөнгийг үнэгүйдүүлж мөн шинжээч нь хэн болох яаж үнэлгээ хийсэн тухай тодорхой бус холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд зөрчилтэй гэж үзэхээр байна. Миний бие тухайн сууцандаа өргөтгөл хийх зориулалтаар зээл авсан. Дээр нь давхар нэмж барьсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлэх үед сууц нэг давхар байсан. Ингээд өргөтгөл хийсэн талбайг бүртгүүлэх гэхэд барьцаатай гээд бүртгээгүй. Шинжээчийн зүгээс суурийн болон тэнхлэгийн хэмжээг 360 мкв гэж бичсэн байдаг боловч дүгнэлтдээ Улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгасан талбайн хэмжээгээр буюу 240 мкв гэж бичсэн байсан.  Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2017/00107 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Г.Мийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрхан 6-р гудамж 26 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201017671 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2201003868 тоот гэрчилгээтэй 0,7 м.кв газрын үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар захирамжаар Г.Мээс 75,000,000 төгрөгийг гаргуулж А Т ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.Мт шүүхийн шийдвэрийг сайн дураар төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдэхэд тогтоосон хугацаанд барагдуулаагүй тул түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрхан 6-р гудамж 26 тоотод байрлах, 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17271419/04 тоот хураах тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч Г.М 1,500,000,000 төгрөгийн үнийн санал бичгээр ирүүлж, төлбөр авагч “А т ББСБ” ХХК харилцан тохиролцоогүй бөгөөд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг гаргуулах тухай хүсэлтийг ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасныг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж Б ХХК-иар 120,159,770 төгрөгөөр тогтоолгосон байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу үнэлгээчний тогтоосон 120,159,770 төгрөгийн 70 хувиар буюу 84,111,839 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байна. Төлбөр төлөгч Г.Мт үнэлэгдсэн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/4117 албан бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулан авсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Г.Мийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “НШШГГ”т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2017/00107 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрхан 6-р гудамж 26 тоотод байрлах, 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 120,159,770 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлийг хувийн сууцанд өргөтөл хийж талбайн хэмжээ нь 360 мкв  болсон байхад шинжээч 240 м.кв-аар тооцон дүгнэлт гаргасан үндэслэлгүй хэмээжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай”  184/ШЗ2017/0107 дугаар захирамжаар А Т ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 102,508,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.М нь 75,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, эвлэрснийг баталж шийдвэрлэжээ. /хх-30/

Хариуцагч “НШШГГ” нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай”  184/ШЗ2017/0107 дугаар захирамжийг албадан биелүүлэхээр олгосон 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1145 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч Г.Мийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрхан 6-р гудамж 26 тоотод байрлах, 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж, хураан авсан болох нь хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 17271419 дугаар тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эд хөрөнгийг битүүмжлэх тухай 17271419/02 дугаар тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгийг хураасан тухай 17271419/04 дугаар тогтоолоор тус тус нотлогдож байна. /хх-31, 40, 50/

“НШШГГ” нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Г.Мийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрхан 6-р гудамж 26 тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт баярлах улсын бүртгэлийн Ү-2201017671 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч Г.Мээс авахад 1,500,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба төлбөр авагч Ашид Түвшин финанс ББСБ ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй байх тул “НШШГГ”аас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр Б ХХК-ийг томилсон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-53, 54/

Шинжээчээр Б ХХК нь тухайн хөрөнгийн үнэлгээг 120,159,770 төгрөгөөр тогтоосон болох нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2018-08 дугаартай дүгнэлт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-55-64/

Хариуцагч “НШШГГ” нь үнэлгээний тайланг төлбөр төлөгч буюу эл хэргийн нэхэмжлэгч Г.Мт “НШШГГ”ын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4/4118 тоот мэдэгдлээр тус өдрөө танилцуулсан байна. /хх-65/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан бөгөөд мөн зүйлийн 55.2.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан.

Хариуцагч “НШШГГ” нь дээр дурдсан хөрөнгийн үнийн санал авах, шинжээч томилох, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Б ХХК нь үнэлгээг тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан үнэлгээг тогтоосон байх тул үнэлгээний тайланг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

Иймд хариуцагч “НШШГГ”т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан “НШШГГ”т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.НЯМСҮРЭН