Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1454

 

Г.М-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, бүрэлдэхүүнд шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01033 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдох

Үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 25-р хороо, Хайрхан 6-р гудамж 26 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201017671 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2201003868 тоот гэрчилгээтэй 0,7 м.кв газрын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний байшин 7 давхар барилгын даац бүхий суурьтай, 80 метрийн гүний худагтай, 380 вт-ын цахилгааны холболттой, халаалт, сантехникийн бүрэн шийдэл хийгдсэн, халуун хүйтэн устай тохилог орон сууцнаас ялгагдах зүйлгүй харин ч гадна тохижилт зай талбайгаараа давуу талтай. Миний байшин нь сайн чанарын материалаар баригдсан болохоор одоогийн зах зээлийн бодит үнэлгээгээр хамгийн багаар батлагдсан үнээр тооцож үзэхэд 1 м.кв нь 2.130.000 төгрөг, дээр нь газрын үнэ нэмэгдээд 800.000.000 төгрөг болно. Гэтэл 4/4118 тоот мэдэгдэлд миний эд хөрөнгийг 84.111.839 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахаар заасан байна. Энэхүү үнэлгээ нь тус эд хөрөнгийг үнэгүйдүүлж мөн шинжээч нь хэн болох яаж үнэлгээ хийсэн тухай тодорхой бус холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд зөрчилтэй гэж үзэхээр байна. Миний бие тухайн сууцандаа өргөтгөл хийх зориулалтаар зээл авсан. Дээр нь давхар нэмж барьсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлэх үед сууц нэг давхар байсан. Ингээд өргөтгөл хийсэн талбайг бүртгүүлэх гэхэд барьцаатай гээд бүртгээгүй. Шинжээчийн зүгээс суурийн болон тэнхлэгийн хэмжээг 360 мкв гэж бичсэн байдаг боловч дүгнэлтдээ Улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгасан талбайн хэмжээгээр буюу 240 мкв гэж бичсэн байсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2017/00107 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Г.М-н өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 6 дугаар гудамж 26 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201017671 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2201003868 тоот гэрчилгээтэй 0,7 м.кв газрын үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар захирамжаар Г.М-с 75.000.000 төгрөгийг гаргуулж “Ашид түвшин” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17271419/04 тоот хураах тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч Г.М 1.500.000.000 төгрөгийн үнийн санал бичгээр ирүүлж, төлбөр авагч “Ашид түвшин” ББСБ ХХК харилцан тохиролцоогүй бөгөөд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг гаргуулах тухай хүсэлтийг ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасныг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж “Б...” ХХК-иар 120.159.770 төгрөгөөр тогтоолгосон. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу үнэлгээчний тогтоосон 120.159.770 төгрөгийн 70 хувиар буюу 84.111.839 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байна. Төлбөр төлөгч Г.М-т үнэлэгдсэн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/4117 албан бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулан авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Г.М-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  "Б..." ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 6 дугаар гудамж 26 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201017671 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2201003868 тоот гэрчилгээтэй 0,7 м.кв газрын үнэлгээг 120.159.770 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар зах зээлийн үнийн дүнг бодитоор тогтоож чадаагүй, өмчлөгчийн хөрөнгийг илтэд үнэгүйдүүлж байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрхан 6-р гудамж 26 тоотод байрлах, 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 120 159 770 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар Г.М нь “Ашид түвшин” ББСБ ХХК-д 75 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15 000 төгрөгийн хамт төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх-ийн 4, 5, 30/

Хариуцагч байгууллага төлбөр төлөгчид хугацаа олгосон боловч төлбөр төлөгдөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17271419/02 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрхан 6-р гудамж 26 тоотод байрлах, 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрыг тус тус битүүмжилж, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17271419/04 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 40, 50/

Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар санал авахад  төлбөр төлөгч Г.М 1 500 000 000 төгрөгөөр үнийн санал гаргасныг төлбөр авагч “Ашид түвшин финанс” ББСБ ХХК зөвшөөрөөгүй үйл баримт тогтоогдсон байна /хх-ийн 51-52/

Иймд дуудлага худалдаа явуулахаас өмнө иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгийн үнэлгээний “Б...” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрхан 6-р гудамж 26 тоотод байрлах, 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 120 159 770 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 51-53/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,  эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан үүргээ биелээгүй байна.

Шинжээчийн дүгнэлтэд “Г.М нь 2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 6-р гудамж 26 тоотод байрлах, 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар бүхий  Ү-2201017671 дугаарт бүртгэлтэй барилгад улсын бүртгэлийн 000188032 тоот гэрчилгээг авсан байна...” гэж дүгнэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ үнэлгээний тайланд болон хэрэгт авагдаагүй, мөн “тус хувийн орон сууцны барилга нь зоорийн давхар, мансардын хамт 3 давхар...” гэж тусгагдсан ба анх улсын бүртгэлд бүртгүүлсэн 240 м.кв талбай нэмэгдсэн эсэх  нь тайланд тодорхой тусгагдаагүй нь  үнэлгээ үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

Түүнчлэн үнэлгээ хийгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн гадаад орчны боломж гэдэгт “үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой” гэж тусгасан атлаа ижил төстэй байрлал бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгөд харьцуулалт хийхдээ энэ боломжийг харьцуулан үзээгүй нь үндэслэл муутай болжээ.

Иймд “Б...” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2018-08 тоот “хөрөнгийн үнэлгээний тухай” үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамбын нэрийг шүүхийн шийдвэрийн удирдтгал хэсэгт тусгаагүй орхисон байх тул өөрчлөлт оруулж зөвтгөв.