Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 02505

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 15 өдөр                    Дугаар 183/ШШ2017/02505                             Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т /РД: 0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э цэцэрлэгт холбогдох,

 

гэрээний заалт хүчингүй болгох, гэрээнээс татгалзаж сургалтын төлбөрт төлсөн 3 675 800 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ц.Т нь 2017 оны 08 сарын 24-ний өдөр Э цэцэрлэгтэй 117 тоот дугаартай сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулж 3 настай охин Нандиндарийг тус цэцэрлэгт хүмүүжүүлэн сургахаар тохиролцсон байдаг. Ингээд 2017 оны 8 сарын 24-ний өдөр Э цэцэрлэгийн Хаан банкны 5212008267 дугаартай харилцах дансанд цэцэрлэгийн сургалтын төлбөрт гэрээгээр тохиролцсоны дагуу 3 325 000 төгрөг, мөн байгууллагын 5212015004 тоот харилцах дансанд хүүхдийн 6 ширхэг хувцасны үнэ 350 800 төгрөг нийт 3 675 800 төгрөгийг шилжүүлсэн. Цэцэрлэг нь 9 сарын 4-ний өдөр эхэлсэн ба Нандиндарь нь 9 сарын 4-ний өдрөөс 9 сарын 9-ний өдөр хүртэл 5 өдөр явж, 5 дахь өдрийн орой гэртээ харьсны дараа их хэмжээгээр бөөлжиж, халуурсан байдалтай ирсэн. Ингээд яаралтай түргэн дуудаж Хан-Уул дүүрэгт байрлах Интер мед эмнэлэгт үзүүлэхэд хоолны хордлого авсан гэж онош тавьж, гэрээр эмчилгээ хийлгэсэн. Хүүхэд 9 сарын 8-ны орой бөөлжиж эхэлсэн байдаг. Эдгээр өдрүүд амралтын өдөр байсан учраас цэцэрлэгийн хоолтой холбоотой дүгнэлт гаргуулах, мэргэжлийн байгууллагад хандах боломж байгаагүй. Тиймээс Нандиндарийг Э цэцэрлэгийн хоолноос болсон тухайн нотлох баримт байхгүй учраас хүсэлт гаргаагүй. Үүнээс хойш хүүхдийг цаашид Э цэцэрлэгт өгөх итгэл үнэмшил байхгүй болсон. Учир нь Ц.Т охиноо Түшиг лабораторид шээсний шинжилгээнд хамааруулахад ямар нэгэн өвчин илрээгүй байсан. Э цэцэрлэгээс бусад Улсын цэцэрлэгүүд эрүүл мэндийн үзлэгт орсон байхыг шаарддаг, гэтэл Э цэцэрлэгт уг шаардлага тавьдаггүй байсан. Түшиг лабораторид шинжлүүлсэн бичгийг сайн дураараа биелүүлсэн. Ингээд дээрх үндэслэлүүдээр хүүхдэд цаашид Э цэцэрлэгт явуулах шаардлагагүй болсон учраас захирал н.Солонго гэдэг хүнд утсаар яриад гэрээнээс татгалзаж байна төлбөрөө шилжүүлье, өгсөн хувцсаа буцааж өгөх шаардлагыг тавьсан боловч хүлээж аваагүй. Харин гараараа өргөдөл бичиж гомдол гаргахгүй гэсэн тохиолдолд төлбөрийн 20 хувийг суутгаж үлдсэнийг буцааж олгоно гэсэн хариу өгсөн. Уг тайлбарыг манай зүгээс зөвшөөрөөгүй, хоорондоо үл ойлголцсоны үндсэн дээр Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага маань  2017 оны 08 сарын 24-ний өдөр Э цэцэрлэгтэй байгуулсан сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээний 6.2.4-т заасан заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаж байгаа тул уг заалтыг хүчингүй болгуулах, мөн Э цэцэрлэгтэй байгуулсан гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй учраас уг гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу төлсөн сургалтын төлбөрөөс холбогдох цэцэрлэгт явсан өдрийг суутгаад үлдэгдэл төлбөрийг буцаан гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч Ц.Т нь 2017 оны 8 сард хүүхдээ хамруулахаар надтай болон захирал, нягтлантай уулзаж гэрээний төслийг маш удаан уншиж судалж  бүх зүйлийг тайлбарлан өгсөн. Ингээд 08 сарын 24-ний өдөр Солонго захиралтай ирж уулзаад гэрээний нөхцөлийг зөвшөөрч байна, гэхдээ олон удаа чөлөө авах учраас 11 сарын 15-ны өдрөөс 12 сарын 16-ны өдөр, 4 сарын 01-ний өдрөөс 05 сарын 01-ний өдөр хүртэл чөлөө авах учраас тус хоногуудын төлбөрийг хасуулаад гэрээ хийх боломжтой гэж хэлж, 2 дахь удаагаа ирж гэрээтэй танилцсаны үндсэн дээр зөвшөөрөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу өөрийнхөө хүсэл зорилгыг илэрхийлж гэрээний нөхцөл нэмэлт өөрчлөлт оруулаад гэрээ байгуулан гарын үсэг зурсанаар гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Манай цэцэрлэгийн хувьд төлбөрөө жилээр авдаг. 09 сарын 01-ний өдөр Нандиндарь ирсэн болох нь ирц дээр бүртгэлтэй байгаа боловч тус өдрийг оруулахгүйгээр 09 сарын 04-ний өдрөөс 09 сарын 08-ны өдөр хүртэл цэцэрлэгт явж байсныг зөвшөөрч байна. 2017 оны 09 сарын 08-ны өдөр 5 дахь өдөр байсан. Энэ өдөр охин Нандиндарь нь ямар нэгэн зовиур шаналгаагүй байж байгаад цэцэрлэгээс тараад явсан. Хэрэв зовиуртай байсан бол манайх өөрийнхөө хүүхдийн эмчид болон ээж, аавыг нь дуудаж үзүүлдэг. Хагас сайн өдөр Солонго захирал руу утасдахаар нь манай зүгээс эмчээ явуулж бүтэн сайн өдөр Интер мед эмнэлэгт байна гэхээр очсон боловч байхгүй байсан. Гэрт нь очиж уулзахад хүүхэд тоглоод сууж байсан. Тэр үед нь ямар нэгэн зовиур болон бөөлжсөн зүйл байгаагүй, хүүхэд гайгүй болсон гэж хэлсэн. Манай Э цэцэрлэг маань хоолны материалыг эрүүл ахуй, хоол бэлтгэх, хоолны стандарт шаардлагыг маш өндөр түвшинд хангаж ажилладаг. Манайхаас хордлого авах ямар ч үндэслэл байхгүй, мөн манай цэцэрлэгт  хүмүүжиж байгаа 200 хүүхдээс хордлого авсан шинж тэмдэг илрээгүй. Ц.Т нь 3 675 800 төгрөгийг шилжүүлсэн үнэн. Гэрээний 6.2-т “эцэг эх нь энэхүү гэрээг байгуулж, төлбөрийг бүрэн шилжүүлсний дараа өөрийн санаачилгаар гэрээг дуусгавар болгох тохиолдолд төлбөрийн буцаалтыг дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна”, мөн 6.2.4-т эцэг эх нь хүүхдээ 1-5 хүртэл хоногийн хугацаанд цэцэрлэгт хамааруулсан бол эхний 10 хоног бүтэн хамаарагдсанаар тооцно” гэж байгаа. Энэ заалтыг эцэг эхчүүдийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор энэ жилээс эхлэн нэмсэн. Тус гэрээний 3.4-т эцэг эх нь энэхүү гэрээнд заасан төлбөрөө бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цэцэрлэг нь энэхүү гэрээний 8.8-т заасан үүргийг бүрэн хангаж ажиллахыг баталж байгаа” гэж заасан байгаа. Цэцэрлэгийн нэг бүлэг 20 хүүхдийг хүлээж авдаг, манайх 8 бүлэгтэй,  Нандиндарийн элссэн бүлэг нь 3-3,6 настай хүүхдүүдийг хамааруулдаг Нар гэдэг нэртэй бүлэг байгаа. Уг бүлэг 2 туслах багш, нэг үндсэн багш нийт 3 багш ажилладаг. Мөн нэг бүлэгт элсэгч 20 хүүхдийн суралцах шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, ор хөнжил, хоол унааны зардал, бүх багш нарын цалинг урьдчилан тогтоосон байдаг. Нар бүлэг 3 багшаас гадна англи хэл, дуу хөгжим, балет, гимнастик, төгөлдөр хуур гэх зэрэг үндсэн дугуйланд хамрагддаг. Энэ болгон нь маш өндөр өртөгтэй, дээд зэрэглэлийн байдлаар хүүхдүүдэд хичээл заадаг. Мөн эцэг эхчүүд дуртай үедээ хүүхдээ хамруулж тасалдуулахад манай үйл ажиллагаа маш их доголдож эхэлдэг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1-д “эцэг эх нь энэхүү гэрээний дагуу өөрийнхөө хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамааруулах үүрэгтэй” гэж заасан ба үүний дагуу нэхэмжлэгч Ц.Т өөрөө үүрэг хүлээсэн. Гэтэл цэцэрлэгийн зүгээс ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй байхад гэрээг өөрийнхөө санаачилгаар дур мэдэн татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн гэрээний 3.3.5-т “эцэг эх нь гэрээнд заасан нийт хугацаанд хүүхдээ цэцэрлэгт хамааруулахгүй, зогсоох замаар элссэн хүүхдийн орон тоог буруулах эсвэл цэцэрлэгийн үйл ажиллагаанд төсөв зардлыг нэмэгдүүлэх зэргээр аливаа үйлдэл гаргасан тохиолдолд цэцэрлэгт учирсан хохирол, орох ёстой байсан орлогыг энэ гэрээнд заасны дагуу төлөх”-ийг зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Мөн манай цэцэрлэгт эрүүл мэндийн шинжилгээг шаардаж, улсад тайлан гаргаж, хувьсах зардлыг авдаг. Ц.Т гэрээндээ 2 удаа чөлөө авна гэсэн учраас уг өдрүүдийг тооцоод хагас жилийн төлбөр 3 325 000 төгрөг гарсан. Тэгэхээр нэг өдрийн Нандиндарийн цэцэрлэгт хамрагдсан төлбөр нь 450 238 төгрөг байна. Хэрвээ Нандиндарь 6 өдөр цэцэрлэгт хамрагдсан боловч нэг өдрийг хасаад 5 хоногоор тооцож үзсэн. Гэрээний дагуу 10 өдрийн төлбөр 452 380 төгрөг болж байгаа. Иймд Ц.Тд 2 298 095 төгрөгийг буцааж өгнө, хэрэглэсэн хувцасыг буцааж авах боломжгүй” гэв.

 

      Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

            “Э” цэцэрлэгт холбогдуулан гэрээний заалт хүчингүй болгох, гэрээнээс татгалзаж сургалтын төлбөрт төлсөн 3 675 800 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн Ц.Тгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Т нэхэмжлэлдээ “...Э цэцэрлэгтэй байгуулсан 2017.08.24-ний өдрийн ЭГ-17/117 дугаартай сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээний 6.4.2-т заасан заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх, 202.2.5-д /гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон/ заасан нөхцөлийг хангаж байгаа тул хүчингүй болгох, охин Х.Нандиндарь 2017.09.09-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгт хүмүүжихгүй байгаа тул гэрээнээс татгалзаж тушаасан 3 675 800 төгрөгийг буцаан гаргуулах”-ыг шаарджээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн дээрх шаардлагуудаас сургалтын төлбөрийн үлдэгдэл 2 298 095 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд Ц.Т өөрийн 3 настай охин Х.Нандиндарийг цэцэрлэгт хамруулахаар 2017.08.24-ний өдрийн ЭГ-17/117 дугаартай сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг Э цэцэрлэгтэй байгуулсан, цэцэрлэгийн  сургалтын төлбөрт 3 325 000 төгрөг, хувцасны үнэ 350 800 төгрөг нийтдээ 3 675 800 төгрөгийг төлсөн, охин Х.Нандиндарь 2017.09.04-ний өдрөөс эхлэн 2017.09.09-ний хооронд цэцэрлэгт явсан үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдуулан төлбөрийн хэдэн хувийг буцаах, гэрээний холбогдох заалт хүчин төгөлдөр бус байх эсэх талаар талууд маргалджээ.

Нэхэмжлэлд дурдсанаар “...2017.09.09-ний өглөө охин Х.Нандиндарь их хэмжээгээр бөөлжиж, халуурсан Интермед эмнэлэгт үзүүлэхэд хоолны хордлого гэсэн онош тавьсан” гэх бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан яаралтай тусламжийн хуудас, төлбөрийн баримт, эмчилгээ хийх эмчийн заавар зэргээс үзэхэд тухайн өдөр охиныг эмэнэлэгт үзүүлсэн нь тогтоогдсон, харин тус эмнэлгийн хоолноос хордсон талаар нотолсон баримтгүй болно.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд 2017.08.24-ний өдрийн ЭГ-17/117 дугаартай гэрээний гол нөхцөл болох төлбөрийн хөнгөлөлт, буцаалтын талаар өөрсдөө тохиролцсон байна гэж шүүх дүгнэв.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4.2-т “эцэг, эх нь хүүхдээ 1-5 хүртэл хоногийн хугацаанд цэцэрлэгт хамруулсан бол эхний 10 хоног бүтэн хамрагдсанаар тооцож, гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй, элсэх хүүхдийн орон тоо хязгаарласны торгуулийг гэрээний дагуу нийт төлсөн төлбөрөөс эхний 10 хоногийн төлбөрийг хассан дүнгээс 20 хувийг суутган авч үлдэх дүнг эцэг, эхэд нь буцаан төлнө” гэжээ.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэх бөгөөд стандарт гэрээ болгон хэрэглэгчийн гэрээ болдоггүй байна.

2017.08.24-ний өдрийн ЭГ-17/117 дугаартай гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар эцэг, эх нь өөрийн санаачлагаар гэрээг дуусгавар болгох тохиолдолд гэрээний 6.4.2-т заасан нөхцөлөөр төлбөрийн буцаалтыг зөвшөөрсөн байх бөгөөд гэрээний 9.11-д зааснаар өөрийн хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах үүргийг хүлээжээ.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.1-д зааснаар эцэг, эх, асран хамгаалагч нь сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах, мөн хуулийн 14.2.7-д зааснаар хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, цэцэрлэгийн эрхлэгчтэй гэрээ байгуулах үүрэгтэй байна.

Мөн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй, элсэх хүүхдийн орон тоо хязгаарласны торгуулийн хэмжээг заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд дээрх стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4.2 дахь заалтыг Иргэний хуулийн 202.1, 202.2.5-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул гэрээний дагуу төлбөрийн буцаалтын талаарх хариуцагчийн гаргасан тооцоогоор үлдэгдэл 2 298 095 төгрөгийг  нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Охин Х.Нандиндарь 2017.09.09-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгт хүмүүжихгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж  байгаа нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “аль нэг нь гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ” гэсэн заалтад нийцсэн бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.1-д зааснаар  үүргийн гүйцэтгэл мөнгөн хэлбэртэй байсан буюу гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан гэрээний дагуу төлөгдсөн 3 675 800 төгрөгийн үлдэгдэл мөнгөн дүнг буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2017.08.24-ний өдрийн ЭГ-17/117 дугаартай гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3-т зааснаар хүүхэд бүр цэцэрлэгийн дүрэмт хувцас, биеийн тамирын болон унтлагын хувцастай байх, эцэг, эх нь хувцасны үнийг цэцэрлэгт төлж хувцасыг хүлээн авахаар тохиролцсон, цэцэрлэгт хүмүүжих хугацаандаа уг хувцасыг хүүхэд хэрэглэсэн байх тул буцаах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:                                                                                          

 

1. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2, 202.2.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар  Э цэцэрлэгээс 2 298 095 төгрөг гаргуулж Ц.Тд олгож, нэхэмжлэлийн шардлагаас үлдэх 1 377 705 төгрөгийг, мөн 2017.08.24-ний өдрийн ЭГ-17/117 тоот гэрээний 6.4.2 дахь заалтыг хүчингүй болгох шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э цэцэрлэгээс 51 719 төгрөг гаргуулж Ц.Тд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 143 963 /70200+73763/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ