Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00210

 

Ц.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  15-ны өдрийн 183/ШШ2017/02505 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Т-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э Г Ц-т холбогдох

 

Гэрээг цуцалж, гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус тул сургалтын төлбөрт төлсөн 3 675 800 төгрөгөө бүрэн буцаан  гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Т- нь 2017 оны 8 сарын 24-ний өдөр Э Г Ц-тэй 117 дугаартай сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулж 3 настай охин Нандиндарийг тус цэцэрлэгт хүмүүжүүлэн сургахаар тохиролцсон.  Ингээд 2017 оны 8 сарын 24-ний өдөр Э Г Ц-ийн Хаан банкны 5212008267 дугаартай харилцах дансанд цэцэрлэгийн сургалтын төлбөрт гэрээгээр тохиролцсон  3 325 000 төгрөг, мөн байгууллагын 5212015004 тоот харилцах дансанд хүүхдийн 6 ширхэг хувцасны үнэ 350 800 төгрөг нийт 3 675 800 төгрөгийг шилжүүлсэн. Цэцэрлэг нь 9 сарын 04-ний өдөр эхэлсэн ба Нандиндарь нь 9 сарын 04-ний өдрөөс 9 сарын 09-ний өдөр хүртэл 5 өдөр явж, 5 дахь өдрийн орой гэртээ харьсны дараа их хэмжээгээр бөөлжиж, халуурсан байдалтай ирсэн. Ингээд яаралтай түргэн дуудаж Интер мед эмнэлэгт үзүүлэхэд хоолны хордлого авсан гэж онош тавьж, гэрээр эмчилгээ хийлгэсэн. Хүүхэд 9 сарын 08-ны орой бөөлжиж эхэлсэн. Эдгээр өдрүүд амралтын өдөр байсан учраас цэцэрлэгийн хоолтой холбоотой дүгнэлт гаргуулах, мэргэжлийн байгууллагад хандах боломж байгаагүй. Э Г Ц-ээс бусад Улсын цэцэрлэгүүд эрүүл мэндийн үзлэгт орсон байхыг шаарддаг. Э Г Ц-т явуулах шаардлагагүй болсон учраас захирал н.Солонго гэдэг хүнд утсаар яриад гэрээнээс татгалзаж байна төлбөрөө шилжүүлье, өгсөн хувцсаа буцааж өгөх шаардлагыг тавьсан боловч хүлээж аваагүй. Э Г Ц-тэй байгуулсан 2017 оны 8 сарын 24-ний өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээний 6.2.4-т заасан заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаж байгаа тул уг заалтыг хүчингүй болгуулах, мөн Э Г Ц-тэй байгуулсан гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй учраас уг гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу төлсөн сургалтын төлбөрөөс холбогдох цэцэрлэгт явсан өдрийг суутгаад үлдэгдэл төлбөрийг гаргуулна  гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Ц.Т- нь 2017 оны 8 сард  захирал, нягтлантай уулзаж гэрээний төслийг маш удаан уншиж судалж тайлбарлуулж гэрээнд гарын үсэг зурсан.  Нандиндарь  09 сарын 04-ний өдрөөс 09 сарын 08-ны өдөр хүртэл цэцэрлэгт явж байсныг зөвшөөрнө. 2017 оны 09 сарын 08-ны өдөр 5 дахь өдөр байсан. Энэ өдөр охин Нандиндарь нь ямар нэгэн зовиур шаналгаагүй байж байгаад цэцэрлэгээс тараад явсан. Хагас сайн өдөр Солонго захирал руу утасдахаар нь манай зүгээс эмчээ явуулж бүтэн сайн өдөр Интер мед эмнэлэгт байна гэхээр очсон боловч байхгүй байсан. Гэрт нь очиж уулзахад хүүхэд тоглоод сууж байсан. Тэр үед нь ямар нэгэн зовиур болон бөөлжсөн зүйл байгаагүй, хүүхэд гайгүй болсон гэж хэлсэн. Манай Э Г Ц- маань хоолны материалыг эрүүл ахуй, хоол бэлтгэх, хоолны стандарт шаардлагыг маш өндөр түвшинд хангаж ажилладаг. Манайхаас хордлого авах ямар ч үндэслэл байхгүй. Ц.Т- нь 3 675 800 төгрөгийг шилжүүлсэн үнэн. Гэрээний 6.2-т эцэг эх нь энэхүү гэрээг байгуулж, төлбөрийг бүрэн шилжүүлсний дараа өөрийн санаачилгаар гэрээг дуусгавар болгох тохиолдолд төлбөрийн буцаалтыг дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна, мөн 6.2.4-т эцэг эх нь хүүхдээ 1-5 хүртэл хоногийн хугацаанд цэцэрлэгт хамааруулсан бол эхний 10 хоног бүтэн хамаарагдсанаар тооцно гэж байгаа. Мөн эцэг эхчүүд дуртай үедээ хүүхдээ хамруулж тасалдуулахад манай үйл ажиллагаа маш их доголдож эхэлдэг.  Ц.Т- гэрээндээ 2 удаа чөлөө авна гэсэн учраас уг өдрүүдийг тооцоод хагас жилийн төлбөр 3 325 000 төгрөг гарсан. Тэгэхээр нэг өдрийн Нандиндарийн цэцэрлэгт хамрагдсан төлбөр нь 45238 төгрөг байна. Хэрвээ Нандиндарь 6 өдөр цэцэрлэгт хамрагдсан боловч нэг өдрийг хасаад 5 хоногоор тооцож үзсэн. Гэрээний дагуу 10 өдрийн төлбөр 452 380 төгрөг болж байгаа. Иймд Ц.Т-д 2 298 095 төгрөгийг буцааж өгнө, хэрэглэсэн хувцасыг буцааж авах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2, 202.2.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Э Г Ц-ээс 2 298 095 төгрөг гаргуулж Ц.Т-д олгож, нэхэмжлэлийн шардлагаас үлдэх 1 377 705 төгрөгийг, мөн 2017.08.24-ний өдрийн ЭГ-17/117 тоот гэрээний 6.4.2 дахь заалтыг хүчингүй болгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э Г Ц-ээс 51 719 төгрөг гаргуулж Ц.Т-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 143 963 /70200+73763/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээний 6.4.2-т " Эцэг эх нь хүүхдээ 1-5 хүртэл хоногийн хугацаанд цэцэрлэгт хамруулсан бол эхний 10 хоног бүтэн хамрагдсанд тооцож, гэрээний үүргэээ бүрэн гүйцэтгээгүй, элсэх хүүхдийн орон тоо хязгаарласаны торгуулийг гэрээний дагуу нийт төлсөн төлбөрөөс эхний 10 хоногийн төлбөрийг хассан дүнгээс 20 хувийг суутган авч үлдэх дүнг эцэг эхэд нь буцаан өгнө " хэмээн заасан нь хуульд нийцэж байна хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэг хүүхдийн 1 сарын төлбөр нь 950 000 төгрөг, жилийн төлбөр нь 10 cap х 950 000 = 9 500 000 төгрөг байна. Зөвхөн сургалтын төлбөрт 1 хичээлийн жилд 223 хүүхэд х 9 500 000 = 2 118 500 000 төгрөг, cap бүр улсын төсвөөс 10 440 200 төгрөг, жилийн дүнгээр 104 402 000 төгрөгний санхүүжилт авдаг нь мөн нотлогдсон болно. Хэрэв нийт 223 хүүхэд бүгдээрээ цэцэрлэгт явахаас татгалзсан тохиолдолд Э Г Ц- нь гэрээний 6.4.2-т заасаны дагуу нийт төлбөр болох 2 118 500 000 төгрөгийн 20 хувь буюу 423 700 000 төгрөгийг суутган авч үлдэх эрхийг гэрээний 6.4.2 дахь заалтаараа өөртөө олгожээ. Цэцэрлэгт 1-5 хоног явсан хүүхдийг 10 хоног явсанд тооцох гээд байгаа нь үндэслэлгүй. Хэрэв цэцэрлэгт яваагүй хоногийг явсанд тооцож буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгууль хэмээн ойлгох юм бол 20 хувийг суутган авч үлдэх дүнг эцэг эхэд нь буцаан өгнө хэмээсэн нь торгуулийн заалтыг давхардуулан оруулсан.  Хүлээлгэн өгсөн дүрэмт хувцасыг 6 хоног өмссөн бөгөөд шинэ хэвээрээ байгаа ба цэцэрлэгт нь хүлээлгэн өгөх гэсэн боловч аваагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчөөгүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу тодорхойлоогүй, нотлох баримтыг харьцуулан зөв дүгнээгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч Э Г Ц-т холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг цуцлаж, урьд олгосон хөлсийг буцаах, цэцэрлэгийн форм хувцас хэрэгслийг буцааж үнийг гаргуулахаар нийт 3 675 800 төгрөгийг шаардсаныг хариуцагч 2 298 095 төгрөгийг  буцаан олгож, үлдэх хэсгийг гэрээний 6.4.2-т зааснаар суутгана гэж маргажээ. /хх-ийн 7-9/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох юм.

 

Гэрээний нэг тал нь аж ахуй эрхлэгч буюу сургуулийн өмнөх боловсрол олгодог хуулийн этгээд, нөгөө тал нь иргэн байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдэдээ тохирох цэцэрлэгийн хэв шинж, үйлчилгээний хэлбэрийг сонгох эрхтэй. Түүнчлэн иргэний эрх зүйн чухал зарчмуудын нэг нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчим юм. Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагчтай хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, гэрээ 5 хоног хэрэгжих явцад бага насны хүүхэд нь их хэмжээгээр халуурч, бөөлжсөн, эмнэлэгт хандахад “..,хоолны хордлого” гэсэн урьдчилсан онош тавьсан зэргээс үүдээд гэрээний нөгөө талд итгэх итгэл үнэмшил байхгүй болсон тухай нэхэмжлэлийн үндэслэлд дурджээ. /хх-ийн 1-2, 13/

 

Хэдийгээр хариуцагчийн буруутай ажиллагаанаас болоод хүүхэд хордсон гэж шууд нотлож чадахгүй ч сонголт хийх эрх, итгэл үнэмшлийнхээ хүрээнд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцлаж байгаагаа нэхэмжлэгч тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцласан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй. Аж ахуй эрхлэгч хуулийн этгээдийн хувьд иргэнтэй байгуулсан гэрээнийхээ 6.4.2-т 1-5 хүртэл хоног цэцэрлэгт хамрагдсан хүүхдээс 10 хоногоор тооцож төлбөрийг суутган авахаар, 10 хоногийн төлбөрийг хассан дүнгээс 20 хувийг суутган авч үлдэхээр заасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасан гарсан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл байна. Учир нь хариуцагч нь тухайн нөхцлийг зөвхөн ганц Ц.Т-тэй тохиролцсон гэдгээ нотлоогүй, нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөл гэж үзэх үндэслэлгүй. /хх-ийн 8/

 

Иймд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар 5 хоногийн хөлс болох 227 000 төгрөгийг хариуцагчид үлдээж бусад төлбөрийг Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дах хэсэгт зааснаар буцаан гаргуулах нь хуульд нийцэх юм.

 

Харин Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар эцэг, эх, асран хамгаалагч нь сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах үүрэгтэй. Хүүхдийн унтлагын хувцас зэрэг 6 ширхэг 350 800 төгрөгийн хувцас хэрэгслийг хүүхдийн хувийн ариун цэвэртэй холбоотой зардал гэж ойлгож болох бөгөөд 5 хоног хэрэглэсэн хувцсыг буцаах боломжгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлээс 227 000 төгрөгийн хөлсийг суутган, 350 800 төгрөгийг мөн буцаах үндэсгүй гэж дүгнэж үлдэх 3 098 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  15-ны өдрийн 183/ШШ2017/02505 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “202.2, 202.2.5, 205 дугаар зүйлийн 205.1” гэснийг 367 дугаар зүйлийн 367.1, 367.3 гэж, “2 298 095” гэснийг “3 098 000” гэж, “1 377 705” гэснийг “577 800” гэж, 2 дах заалтын “51 719” гэснийг “64 518” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                                                                                                Ш.ОЮУНХАНД