Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0006

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагч Б.Б, Ц.Б

Нэхэмжлэгч: К ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Б, Ц.Б нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21****** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0753 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, Ж.Э, Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Б.Б, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0753 дугаар шийдвэрээр:

Татварын ерөнхий хууль /2019 оны шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.14, 14 дүгээр зүйлийн 14.1.1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хууль /2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өөрчлөн найруулсан/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21****** дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс бууруулсан 603,384,381.5 төгрөгийн зөрчилд ногдуулсан 53,891,646.83 төгрөгийн торгууль, 79,754,395.53 төгрөгийн алданги, нийт 133,646,042.36 төгрөгийн төлбөрөөс 2016 онд 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлөх хугацаа хожимдуулсан зөрчилд ногдуулсан 4,046,602.80 төгрөгийн торгууль, 1,901,903.30 төгрөгийн алданги, нийт 5,948,506.10 төгрөгийн төлбөрийг бууруулж, 504,384,260.30 төгрөгийн зөрчилд холбогдох 49,845,044.03 төгрөгийн торгууль, 77,852,492.23 төгрөгийн алданги, нийт 127,697,536.26 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ.

Хоёр.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан гомдлын агуулга:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0753 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн гуравт "Татварын хяналт шалгалт хийх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль /2019/-иар татварын хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй хугацаа хэтрүүлсний хариуцлага болох торгууль, хугацааны алдангийг ногдуулсан шийдвэрийг нөхөн ногдуулалтын акт хэлбэрээр гаргасныг буруутгахааргүй байна.

2.1.Өөрөөр хэлбэл актыг нөхөн ногдуулалтыг акт хэлбэрээр гаргаснаар буюу эрх зүйн актын төрлөөс хамаарч алданги, торгуулиас чөлөөлөхгүй тул нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэжээ. 10 ан (4) DH Татварын Ерөнхий хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.13-т: ""Нөхөн ногдуулалт" гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг" гэж, 6.1.14-т: "Нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албаны тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг" гэж 79 дүгээр зүйлийн 79.4.3-т: "татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах" гэж заажээ. Хуулийн энэхүү зүйл заалтуудаас үзэхэд:

2.2.Татвар төлөгчөөс хуульд заасны дагуу өөрөө тодорхойлж, төлөх учиртай татварын дүнг татвар төлөгч өөрөө тодорхойлоогүй, нуун дарагдуулсан, дутуу тодорхойлсон гэх мэт тохиолдолд татварын хяналт шалгалтын явцад татвар ногдох орлогыг илрүүлж, төлөх татварын дүнг тодорхойлж, улсын байцаагч нар уг татварыг нөхөн ногдуулж, дээрх дүнд тохирсон алданги ногдуулах учиртай талаар хуульд заажээ. Дээрх татварын байцаагч нарын тодорхойлсон татвар ногдох дүнд оногдуулсан алданги, торгуулийн дүн хамт байж сая "нөхөн ногдуулалтын акт" хуульд заасан захиргааны актын бүрдэл/бүрэлдэхүүн/-ийг хангаж, албажих байжээ.

2.3.Захиргааны акт нь хуулиар тогтоосон, эрх зүйн хэм хэмжээнд заасан хэлбэрээр гарсан байх нь захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлагад хамаарна. Тодруулбал Захиргааны эрх зүйн зарим хэм хэмжээгээр захиргааны актыг гаргах хэлбэрийг тусгайлан зааж, нарийвчлан зохицуулсан байдаг бөгөөд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-т татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг "нөхөн ногдуулалтын акт" хэлбэрээр гаргахаар заасан нь захиргааны акт гаргах хэлбэрийг тусгайлан заасан явдал юм.

2.4.Татвар төлөгч өөрөө тодорхойлж, төлөх учиртай татварын дүнг үнэн зөв тодорхойлоогүй байсан нь татварын хяналт шалгалтын явцад илэрч, улсын байцаагч нар уг татварыг нөхөн ногдуулж, дээрх дүнд тохирсон алданги ногдуулах тохиолдолд "нөхөн ногдуулалтын акт" үйлдэх хуулийн шаардлага байна. Татвар ногдох орлогоо нэхэмжлэгч зөв тодорхойлсон болох нь шалгалтын явцад тогтоогдсон, татварын хяналт шалгалтаар "0 төгрөгийн нөхөн татвар гэж тодорхойлсон байтал хариуцагч нь "нөхөн ногдуулалтын акт" үйлдсэн явдал нь захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлага хангаагүй тул маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу эрх зүйн зөрчилтэй захиргааны акт буюу хууль бус захиргааны акт гэж үзнэ.

2.5.Гэвч анхан шатны шүүхээс энэ тухай үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль, алдангийн тооцоолол, хэмжээ нь үндэслэлгүй тухайд. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 588 дугаар магадлалаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0**** дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу захиргааны актыг нөхөн хийх зорилгоор Татварын Ерөнхий Газрын Улсын байцаагч Б.Б, Ц.Б нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21****** дугаартай Нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байдаг. Улмаар татварын хяналт шалгалтыг өмнөх 0**** дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 351,668,405.10 төгрөгийн төлбөрийн хүрээнд нягтлах ажлыг гүйцэтгэсэн байдаг. Х дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, О.Т нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0**** дугаартай шийтгэлийн хуудастай холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 588 дугаар магадлалаар дараах дүгнэлтийг үндэслэлээ болгосон байдаг. Үүнд:

2.6.Хуулийн өөрчлөлтүүд болон хэргийн оролцогчдын тайлбар, хэргийн нөхцөл байдлаас звэл дээрх гэрээнүүдээр "худалдан авсан" гэх үндсэн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүдийн өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэн авч, үндсэн хөрөнгөдөө буртгэснийг шалган тодруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд "Худалдан авалт" хэсэгт тусгаж, хасалт хийх эрхтэй байсан эсэхийг тогтоосны үндсэн дээр тухайн үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэх, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан "зөрчил" мөн эсэхийг тогтоож, хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байжээ. Гэтэл улсын байцаагч нар дээрх нөхцөл байдлыг дутуу шалгасан, холбогдох тайлан, бүртгэл болон гэрээний зүйл буюу тоног төхөөрөмж тус бүрийг тулган шалгаагүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ." гэжээ.

2.7.Үүнээс үзвэл хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 588 дугаар магадлалд дурдсан нөхцөл байдлыг тодруулж, өмнөх 0**** дугаартай шийтгэлийн хуудасны алдааг залруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах ёстой байжээ. Гэтэл хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль, алдангийн тооцоолол, хэмжээ нь огт үндэслэлгүй болсон юм. Анхан шатны шүүхээс энэ тухай огт дүгнэлт хийсэнгүй.

2.8.Мөн түүнчлэн Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.1-д Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно гэж заасны дагуу Монгол улсын Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 07 дугаартай "Алдангийн хэмжээ тогтоох тухай" тушаалаар 2021 оны татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг тогтоосон байдаг. Сангийн сайдын 2021 оны 07 дугаартай тус тушаалын 1 дэх хэсэгт "Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.044 хувь, ... байхаар тогтоож, 2021 оны татварын жилд мөрдсүгэй. гэж заажээ.

2.9.Татварын Ерөнхий Газрын Улсын байцаагч Б.Б, Ц.Б нар "К" ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хэсэгчилсэн хяналт, шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гүйцэтгэж, улмаар НА- 21210000069 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байдаг. Үүнээс үзвэл албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хэсэгчилсэн хяналт, шалгалтыг 2021 оны татварын жилд хамаарах хугацаанд хийж гүйцэтгэсэн байх тул Сангийн сайдын 2021 оны 07 дугаартай тушаалыг үндэслэн татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг тооцох ёстой юм.

2.10.Гэвч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр НА-21****** дугаартай нөхөн ногдуулалтын актаар татварын алдангийн хэмжээг тооцоолсон тооцоолол нь бодит байдалд нийцэхгүй, Сангийн сайдын 2021 оны 07 дугаартай тушаалд татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээнээс зөрүүтэй буюу их хэмжээгээр илүү тооцсон байх ба Нөхөн ногдуулалтын актад дурдсан алдангийн хэмжээг хэрхэн, ямар аргачлалаар тооцсон нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм. Энэ асуудлаар бид тодруулга хүссэн хэдий ч ямар нэгэн хариу огт ирүүлээгүй болно.

2.11.Ийнхүү Татварын Ерөнхий Газрын Улсын байцаагч Б.Б, Ц.Б нар "К" ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хэсэгчилсэн хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэхдээ тухайн татварын жилд дагаж мөрдөх татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийг хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн тооцсон нь манай "Кашимер холдинг" ХХК-ийг их хэмжээний төлбөрт оруулж, эрх зүйн байдлыг дордуулж байгаа юм.

2.12.Бид НӨАТ-ын дүнг өөрсдөө үнэн, зөв тодорхойлж, улмаар дээрх татварыг бүрэн төлж барагдуулсан билээ. Гэтэл тухайн татвар ногдох жилээс даруй 9 жилийн дараа ихээхэн хэмжээний алданги, торгууль ногдуулж, биднээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих Засгийн газрын бодлогод үл нийцэж байна. Мөн түүнчлэн хариуцлагын хэлбэрийг давхардуулж байгааг хянан үзэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

2.13.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзэж, шийдвэр гаргах ёстой байсан боловч эдгээр нөхцөл байдлуудыг огт авч үзэлгүй 2023 оны 0753 дугаартай шийдвэрийг гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0753 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гурав.Хариуцагч улсын байцаагч нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0753 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4-т ...нэгэнт төлөгдсөн байхад ногдол ахин үүсгэж нөхөн ногдуулалтын актад тусгасан нь татвар төлөгчид төлөгдөөгүй байгаа татварын төлбөр мэтээр эрх зүйн үр дагавар үүсгэж татварын нэгдсэн системд бүртгэгдсэн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нөхөн ногдуулалтын актаас 2016 онд 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлөх хугацаа хожимдуулсны торгууль, алданги, 5,948,506.10 төгрөгийн төлбөр-ийг хасаж энэ дүнгээр төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцээгүй гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

3.2.Цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангаар ногдуулсан 2017 оны 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулинд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 4,046,602.85 төгрөгийн торгууль, 1,901,903.34 төгрөгийн алданги, нийт 5,948,506.19 төгрөгийн төлбөрийг Х дүүргийн татварын хяналт шалгалт хийж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0**** дугаартай шийтгэлийн хуудас гаргасныг давж заалдах шатны шүхээс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 588 дугаар магадлалаар дахин шинэ акт гаргах хүртэл хугацаа тогтоож шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, ахин шинэ акт 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр НА-21****** дугаартай нөхөн ногдуулалтын акт гарч, өмнөх өмнөх 0**** тоот шийтгэлийн хуудас хүчингүй болсноор татварын удирдлагын нэгдсэн системд 5,948,506.19 төгрөгийн илүү үүссэн.

3.3.Дараагийн шинэ акт буюу НА-21****** тоот акт гарснаар ногдол үүсч тухайн илүү хаагдаж, илүү 0.0 төгрөг, дутуу 0.0 төрөг болж хаагдсан. Мөн дээрх дүнг татвар төлөгчөөр ахин төлүүлэхгүй зөвхөн ногдлыг оруулж өгч байгаа харилцаа юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 5,948,506.19 төгрөгийг төлсөн гэж үзэж хүчингүй болгосноор 5,948,506.19 төгрөг илүү үүсэж татвар төлөгч буцаан авах, эсвэл бусад татварын өрөнд суутгуулах эрх үүсэх тул нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 5,948,506.19 төгрөгийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0753 дугаар шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч К ХХК-аас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21****** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргажээ.

2.Анх Х дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч компанийн 2013-2017 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, 2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0**** дугаар шийтгэлийн хуудсаар 351,668,405.10 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

3.Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс хянаад, төлбөрийн хэмжээг 266,447,564.67 төгрөг болгон бууруулснаас нэхэмжлэгч нь 268,735,306.69 төгрөгийн үндсэн хөрөнгийг зээлээр худалдан авахад төлсөн 26,873,536.30 төгрөгийн нөхөн татвар, 8,062,060.92 төгрөгийн торгууль, 5,374,707.22 төгрөгийн алданги, нийт 40,310,304.21 төгрөгийн төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үлдэгдэл 504,384,260.30 төгрөгт 149,788,268.26 төгрөгийн торгууль, 70,400,486.08 төгрөгийн алданги, нийт 220,188,754.34 төгрөгийн төлбөр буюу нийт 260,499,058.50 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж маргасан.  

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр тус гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 588 дугаар магадлалаар[1] гэрээнүүдээр худалдан авсан гэх үндсэн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүдийн өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэн авч, үндсэн хөрөнгөдөө бүртгэснийг шалган тодруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Худалдан авалт хэсэгт тусгаж, хасалт хийх эрхтэй байсан эсэхийг тогтоосны үндсэн дээр тухайн үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэх, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан зөрчил мөн эсэхийг тогтоож, хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх, холбогдох тайлан, бүртгэл болон гэрээний зүйл буюу тоног төхөөрөмж тус бүрийг тулган шалгах шаардлагатай гэж үзэн  дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан, уг магадлал нь хүчин төгөлдөр болжээ.

5.Энэхүү шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хийх зорилгоор хариуцагч улсын байцаагч нараас өмнөх 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0**** дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 351,668,405.10 төгрөгийн төлбөрийн хүрээнд нягтлан шалгаж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий НА-21****** дугаартай нөхөн ногдуулалтын актыг гаргажээ.

6.Маргаан бүхий актаар 603,384,381.5 төгрөгийн зөрчилд 169,690,203.26 төгрөгийн торгууль, 79,754,395.53 төгрөгийн алданги, нийт 249,444,598.7 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

7.Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолоор нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд ногдуулсан 115,798,556.43 төгрөгийн торгуулийг хасаж, 603,384,381.5 төгрөгийн зөрчилд 53,891,646.83 төгрөгийн торгууль, 79,754,395.53 төгрөгийн алданги, нийт 133,646,042.36 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

8.Х дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0**** дугаар шийтгэлийн хуудсаар 2017 онд 99,000,121.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 5,948,506.10 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компаниас хүлээн зөвшөөрч төсөвт төлсөн, нэхэмжлэгч нь татварын төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгэсэн, тухайн татварын өрийг төлж дууссан гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, төлбөрийн тооцооллын хүснэгт[2] зэргээс тогтоогдов.

Иймээс анхан шатны шүүхээс Татварын ерөнхий хууль /2019 оны/ 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн, 2021 оны 12 дугаар сард татварын хэсэгчилсэн хяналт шалгалтыг дахин хийхэд процессын хувьд энэ хуулийг баримтлах бөгөөд энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар тухайн төрлийн татварын өрийг төлж дууссанаар татвар төлөх үүрэг дуусгавар болсон тул төлж дууссан торгууль, алдангийн төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нь татвар төлөгчид хууль бусаар төлбөрийн үүрэг үүсгэсэн гэж үзнэ. гэсэн дүгнэлтээр нөхөн ногдуулалтын актын нийт 133,646,042.36 төгрөгийн төлбөрөөс уг 5,948,506.10 төгрөгийн төлбөрийг бууруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд нэгэнт төлж дууссан татварын өрийг дахин төлөхгүй байх нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс сэргээн тогтоосон хууль ёсны дүгнэлт гэж үзэхээр байна.

Үүний учир хариуцагчийн нөхөн ногдуулалтын акт гарч, өмнөх 0**** тоот шийтгэлийн хуудас хүчингүй болсноор татварын удирдлагын нэгдсэн системд 5,948,506.19 төгрөгийн илүү үүссэн. Шинэ акт гарснаар ногдол үүсч тухайн илүү хаагдаж, илүү 0.0 төгрөг, дутуу 0.0 төрөг болж хаагдсан. Мөн дээрх дүнг татвар төлөгчөөр ахин төлүүлэхгүй зөвхөн ногдлыг оруулж өгч байгаа харилцаа юм. Шүүхийн шийдвэрээр 5,948,506.19 төгрөгийг төлсөн гэж үзэж хүчингүй болгосноор 5,948,506.19 төгрөг илүү үүсэж татвар төлөгч буцаан авах, эсвэл бусад татварын өрөнд суутгуулах эрх үүсэх тул нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 5,948,506.19 төгрөгийг хэвээр үлдээх нь зүйтэй. гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

9.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 6.1.13-д "нөхөн ногдуулалт" гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг, 6.1.14-т -"нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг, 6.1.26-д "татварын акт" гэж татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, татварын буцаан олголтын актыг,

Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана., 42 дугаар зүйлийн 42.1-д Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ. гэж тус тус заасан.

Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 588 дугаар магадлалд дурдсан ажиллагааг хийх зорилгоор хариуцагч улсын байцаагч нараас өмнөх татварын хяналт шалгалтын дагуу гаргасан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0**** дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 351,668,405.10 төгрөгийн төлбөрийн хүрээнд нягтлан шалгаж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий НА-21****** дугаартай нөхөн ногдуулалтын акт гаргасныг хуульд заасан акт гаргах хэлбэрийн шаардлагыг улсын байцаагчаас зөрчиж нөхөн ногдуулалтын акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 61.13, 6.1.14, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар нөхөн ногдуулалтын актыг татварын хяналт, шалгалтын явцад гаргасан татварын дүн буюу нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан байхыг заасан. Энэ хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд нөхөн төлбөр, торгууль, алдангийн дүнгүүд нь зөвхөн хамт байх тохиолдлыг зохицуулсан гэж үзэхээргүй, харин таслалаар зааглан нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг гэж заасан байх тул улсын байцаагч нараас нэхэмжлэгч компанийн 2013-2017 онд хамаарах албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж зөрчил илрүүлэн торгууль, алданги оногдуулахдаа татварын актад хамаарах нөхөн ногдуулалтын акт хэлбэрээр гаргасныг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж шүүхээс үзэх үндэслэлгүй тогтоогдсонгүй.

Иймээс нэхэмжлэгчийн Татвар төлөгч өөрөө тодорхойлж, төлөх учиртай татварын дүнг үнэн зөв тодорхойлоогүй байсан нь татварын хяналт шалгалтын явцад илэрч, улсын байцаагч нар уг татварыг нөхөн ногдуулж, дээрх дүнд тохирсон алданги ногдуулах тохиолдолд "нөхөн ногдуулалтын акт" үйлдэх хуулийн шаардлага байна. Татвар ногдох орлогоо нэхэмжлэгч зөв тодорхойлсон болох нь шалгалтын явцад тогтоогдсон, татварын хяналт шалгалтаар "0 төгрөгийн нөхөн татвар гэж тодорхойлсон байтал хариуцагч нь "нөхөн ногдуулалтын акт" үйлдсэн явдал нь захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлага хангаагүй тул маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу эрх зүйн зөрчилтэй захиргааны акт буюу хууль бус захиргааны акт гэж үзнэ. гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

10.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаас үзэхэд нэхэмжлэгч компанийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Япон Улсын Shima Seiki компаниас олон төрлийн хээ гаргах сүлжигч машиныг худалдан авахаар өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн лизингийн гэрээг Ти Ди Би Лизинг ХХК-тай байгуулсаныг санхүүгийн түрээсийн гэрээгээр нотлогдож байгааг дурдаж, гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлж дууссан нөхцөл байдлыг тогтоож, татварын удирдлагын нэгдсэн системээс Ти Ди Би Лизинг ХХК-ийн холбогдох санхүүгийн тайлбан мэдээллийг авч үзсэний үндсэн дээр тухайн үед үйлчилж байсан холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нөхцөл байдал тогтоогдов.

Энэ нөхцөл байдлаас үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 588 дуааг магадлалд дурдсан гэрээнүүдээр "худалдан авсан" гэх үндсэн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүдийн өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэн авч, үндсэн хөрөнгөдөө буртгэснийг шалган тодруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд "Худалдан авалт" хэсэгт тусгаж, хасалт хийх эрхтэй байсан эсэхийг тогтоосны үндсэн дээр тухайн үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэх, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан "зөрчил" мөн эсэхийг тогтоож, хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байжээ. гэх дүгнэлтэд заасан ажиллагааг хариуцагч улсын байцаагч нараас хийсэн гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар 2.3, 2.4, 2.5, Үндэслэх хэсгийн 4, 5, 8 дахь хэсгүүдээр агуулгын хувьд нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль, алдангийн тооцоолол, хэмжээний үндэслэлийн талаар дүгнэлт хийжээ.

Үүний учир нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 588 дугаар магадлалд дурдсан нөхцөл байдлыг тодруулж, өмнөх 0**** дугаартай шийтгэлийн хуудасны алдааг залруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах ёстой байжээ. Гэтэл хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль, алдангийн тооцоолол, хэмжээ нь огт үндэслэлгүй болсон юм. Анхан шатны шүүхээс энэ тухай огт дүгнэлт хийсэнгүй. гэх үндэслэлийг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

11.Хэдийгээр нөхөн ногдуулалтын акт нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан боловч нэхэмжлэгч компанийн 2013-2017 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, холбогдох төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн гэдэг нь тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгчийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хэсэгчилсэн хяналт, шалгалтыг 2021 оны татварын жилд хамаарах хугацаанд хийж гүйцэтгэсэн байх тул Сангийн сайдын 2021 оны 07 дугаартай тушаалыг үндэслэн татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг тооцох ёстой юм. гэх давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж,  хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлж дүгнэн, маргаан бүхий актад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар болон хариуцагч улсын байцаагч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ