Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 00938

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр                  Дугаар 183/ШШ2018/00938                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

НэхэмжлэгчТ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: \ М С ХХК /РД: /-д холбогдох,

орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа, нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Г.Т нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, ар зайсан гудамж, 97-501 тоотод байрлах орон сууц болон авто зогсоолыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М С ХХК болон иргэн н.Гантөмөр нарын хооронд хийсэн эрх шилжүүлэх гэрээгээр байрыг хүлээн авсан.

Могул таун хотхонд нийтдээ 132.91 мкв орон сууц, 15.5 мкв авто зогсоолын хамт 2013 оноос хойш эзэмшиж байгаа. Орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргахад хүсэлтийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс хүлээн авч, барьцаанд байна, М С ХХК-иар барьцаагаа чөлөөлүүлж байж, анхны бүртгэлийг хийлгэ гэж хэлээд буцаасан байдаг. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг М С ХХК гаргаж өгөх үүрэгтэй.

Төлбөрийн хувьд тус гэрээнд бүрэн төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан байгаа. Төлбөрийг хэрхэн төлсөн гэхээр М С ХХК, Цонх констракшн ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Цонх констракшн ХХК нь хуванцар цонх, хаалга үйлдвэрлэдэг. Баригдсан барилгын Могул тауны бүх цонхийг нийлүүлсэн. Тэрбум орчим үнэлгээтэй гэрээ байгаа. Үүнийхээ төлбөрт 5,6 байрыг бартераар авсан байдаг. Өмнөх байрнуудынх нь гэрчилгээ гарсан ба маргаан үүсээгүй. Цонх констракшн ХХК-ийн захирал н.Гантөмөр ба н.Гантөмөрийн төрсөн хүүхэд нь Г.Т байдаг. Улмаар ганц хүүхдэдээ өгсөн байрных нь асуудал шийдэгдэхгүй байгаа. Тооцоо нийлье гэхээр 2 тусдаа компани байсан гэж тооцоо нийлдэггүй. 2 компанийн тусдаа асуудал байгаа бол үүнийгээ тусдаа шүүхээр шийдвэрлүүлэх байх. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээний дагуу Г.Т нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр М С ХХК-иас шаардаж байгаа бөгөөд нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч М С ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж байгаа Г.Тын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож байгаа “М С” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Анх Л.Гантөмөр нь 2011 оны 08-р сарын 31-ний өдөр №1В/59 тоот“ Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар Зайсан гудамж, Могул Таун хотхоны 97-р байрны 705 тоот 66,55 м.кв 2 өрөө орон сууц, ГГ-8 автомашины зогсоолыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон. Уг орон сууцын нийт үнэ 98.187.500 төгрөг бөгөөд 2011 оны 12-р сарын 31-ны өдрийн “Цонх Констракшн” ХХК-тай хийсэн тооцоо нийлсэн актын дагуу төлбөр бүрэн төлөгдсөн.

Гэвч захиалагчийн хүсэлтийн дагуу 2013 оны 04-р сарын 04-ний өдөр №1В/59-н тоот “Нэмэлт гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр захиалгаар бариулах орон сууцны тоотод өөрчлөлт оруулан “Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар Зайсан гудамж, Могул Таун хотхоны 97-р байрны 501 тоот 132,91 м.кв 4 өрөө орон сууц” гэж өөрчлөн орон сууцны нийт төлбөрийг 181.137.500 болгон 82.950.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Дээрх хоёр гэрээний захиалагчийн эрх, үүргийг Л.Гантөмөр нь 2017 оны 02-р сарын 22-ны өдрийн №1В/59-н дугаар “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр нэхэмжлэгч Г.Тт шилжүүлсэн

Манай компани 97-р байрыг 2014 оны эхний улиралд ашиглалтанд оруулж захиалагч нарт түлхүүр хүлээлгэн өгсөн ба захиалагч нь 2014 оны 10-р сараас эхлэн одоог хүртэл уг байранд амьдарч байгаа.

Хавтас хэрэгт авагдсан 2017 оны 03-р сарын 23-ны өдрийн №1В/59 дугаар “Төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт”- н хувьд уг тодорхойлолтыг нягтлан бодогч тооцооны алдаа гаргасан тул ийнхүү тодорхойлолт гаргаж өгсөн.

Учир нь дээр дурьдсанчлан нэмэлт гэрээгээр орон сууцны хэмжээ, үнэ нэмэгдсэнийг анзааралгүйгээр ийнхүү тодорхойлолт гаргаж өгсөн байна.

Гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн гүйцзтгээгүй бөгөөд манай компаниас гаргасан үлдэгдэл төлбөр болох 82.950.000 төгрөгийг барагдуулах шаардлагыг огт биелүүлдэггүй юм.

Хэрэв нэхэмжпэгч нь уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоогдоод, улсын бүртгэлийн гэрчилгээ Г.Тын нэр дээр гарсан тохиолдолд манай компани үлдэгдэл төлбөрөө шаардах эрхгүй болж хохирох тул өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй. 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж, 2017 оны 03-р сарын 22-ны өдрийн №1В/59 дугаар “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ“-ний 4.1-т “Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц Захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих...”гэж тус тус зааснаар өмчлөх эрх шилжих үндэслэлгүй тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

Гуравдагч этгээд Улаанбаатар хотын банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Улаанбаатар хотын банк нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн маргаж байгаа 97 дугаар байранд зээлийн гэрээ байгуулж, тухайн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байдаг. Тухайн үед орон сууц 30%-ийн, авто зогсоол нь 95%-ийн гүйцэтгэлтэй ерөнхий гэрчилгээ гарсан байсан учраас тэр гэрчилгээг нь үндэслэж, барьцааны гэрээ байгуулсан.

М С ХХК нь тухайн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй байдаг. Үүний дагуу Улаанбаатар хотын банк нь шүүхэд хандаж, зээлийн төлбөрөө барагдуулах, хэрвээ зээлийн төлбөрөө сайн дураараа төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр нь хангуулахаар шүүхэд хандсан. Тухайн үл хөдлөхийн гэрчилгээ дутуу гүйцэтгэлтэй гарсан байсан ба ирээдүйд гүйцэтгэх гүйцэтгэлтэй нь хамтад нь барьцаалсан. Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны шийдвэрээр М С ХХК-иас зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, хэрвээ төлбөрөө өгөхгүй бол барьцаанд байсан орон сууц болон авто зогсоолыг бүхэлд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан.

М С ХХК төлбөрөө төлж дуусаагүй, төлөх боломжгүй гэдэг тайлбарыг банкинд өгдөг. Энэ утгаараа барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэх боломж үлдсэн байгаа. Тийм учраас өнөөдөр гэрээ байгуулж, орон сууц авсан, өмчлөгчөөр тогтоолгож, барьцаанаас чөлөөлөх асуудал үүсэх учраас бид нар уг хөрөнгөнд өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж хариуцагчийн өгсөн тайлбарыг дэмжиж байна. Учир нь нэхэмжлэгч нь эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба төлбөрөө бүрэн төлсөн учраас өмчлөгч болох ёстой гэдэг тайлбар хэлж байна. Гэтэл хариуцагчийн хариу тайлбарт дурдсаныг харахад хэдий анх Цонх констракшн ХХК 2011 онд 98 сая төгрөгийн анхны гэрээний дагуу төлбөрийг төлсөн нь үнэн, гэхдээ уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, өөрчлөлттэй холбоотой үнийн зөрүү гарсан учраас уг төлбөрийг төлөөгүй учраас гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй учраас өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй юм гэсэн тайлбар нь хуульд нийцсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна” гэв.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Г.Тын гаргасан нэхэмжлэлийг  доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан гудамжны 97 дугаар байрны 501 тоотод байрлах 132.91 м/кв орон сууц болон гг-8 тоот 15.5 м/кв автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн байна.

Хариуцагч тал “...2013.04.04-ний өдрийн №1В/59 тоот нэмэлт гэрээгээр захиалгаар бариулах орон сууцны тоотод өөрчлөлт орж, орон сууны нийт төлбөрийг 181,137,500 болгон 82,950,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөргүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд эрх шилжүүлэгч Л.Гантөмөр, эрх хүлээн авагч Г.Т, гүйцэтгэгч тал  М С ХХК-ийн хооронд  2017.02.22-ны өдрийн №1В/59-н тоот   эрх шилжүүлэх гэрээг байгуулсан, гэрээний гол нөхцөл нь “Л.Гантөмөр, М С ХХК-ийн хоорондын 2011.08.31-ний өдрийн №1В/59 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон 2013.04.04-ний өдрийн нэмэлт гэрээ байгуулсан гурван талт хэлэлцээр бүрэн биелсэнээр захиалагч талын эдлэх эрх, үүргийг иргэн Г.Тт шилжүүлэх, эрх хүлээн авагч нь төлбөр төлөх үүргийг хүлээсэн” гэжээ.

Ийнхүү 2017.02.22-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан гудамжны 97 дугаар байрны 501 тоотод байрлах 132.91 м/кв талбай бүхий орон сууц, гг-8 тоот 15.5 мк/кв автозогсоолын хамт Г.Тт шилжсэн байх бөгөөд энэ гэрээний 4.1-д “эрх шилжүүлэгч 1В/59 тоот  захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний ГГ-8 автозогсоолын дагуу энэхүү гэрээний үнийн дүнг 100 хувь төлбөрийг М С ХХК-д төлсөн бөгөөд энэхүү төлбөрийн  дүнгээр эрх хүлээн авагч нь М С ХХК-д төлбөр төлөхгүй гэдгийг баталж байна” гэжээ.

Улмаар М С ХХК нь 2017.03.22-ны өдрийн захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг Г.Ттай байгуулж, 2017.03.23-ны өдрийн 113/59 тоот төлбөр барагдуулсан тухай тодорхойлолтыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “...Хан-Уул дүргийн 11 дүгээр хорооны нутаг Зайсан 17025,  Ар зайсангийн гудамж хаягт байрлалтай Могул таун хотхоны 97 дугаар байрны 501 тоот 132.91 м/кв талбайтай 4 өрөө орон сууц болон гг-8 тоот 15.5 м/кв автозогсоолын хамт иргэн Г.Т захиалсан бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, бүх төлбөр тооцоог барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг зөвшөөрөв” гэжээ.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууц болон авто зогсоолын үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, 2013 оноос хойш уг орон сууцанд амьдарч, авто зогсоолыг ашиглаж байх тул өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжэлийг гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заажээ.

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, 2017.02.22-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний 2.1, 4.1 дэх  заалт,  “М С” ХХК-ийн “Төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт” гэсэн баримтаар нэхэмжлэгч үнийг бүрэн төлсөн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн  үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар Г.Тт өмчлөх эрх шилжинэ.

Нэхэмжлэгч орон сууц болон зогсоолыг 2013 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар “шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” болно.

Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрэлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан гудамж, 97 дугаар байр, 501 тоотод байрлах 132.91 м.кв орон сууц болон гг-8 тоот 15.5 м.кв автозогсоолын өмчлөгч Г.Т мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М С ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Тт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,221,640 /1,063,640+158,000/ төгрөгийн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,151,440 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ