Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 01538

 

Г.Т-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00938 дугаар шийдвэртэй, Г.Т-ын нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох

  Орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 97 дугаар байрны 501 тоотод байрлах орон сууц болон авто зогсоолыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М ХХК болон иргэн Л.Г нарын хооронд хийсэн эрх шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан. М таун хотхонд нийт 132,91 м.кв орон сууц 15,5 м.кв автозогсоолын хамт 2013 оноос хойш эзэмшиж байгаа. Орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн Бүртгэлийн газарт хүсэлт гаргахад “барьцаанд байна, М ХХК-иар барьцаагаа чөлөөлүүлж, бүртгэл хийлгэ” гэж буцаасан байдаг. Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг М ХХК гаргаж өгөх үүрэгтэй. Төлбөрийг бүрэн төлсөн. Төлбөрийг хэрхэн төлсөн гэхээр М ХХК, “Ц“ ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. “Ц” ХХК хуванцар цонх, хаалга үйлдвэрлэдэг. Баригдсан барилгын М тауны бүх цонхийг нийлүүлсэн. Үүний төлбөрт 5,6 байрыг бартераар авсан байдаг. Өмнөх байрнуудынх нь гэрчилгээ гарсан ба маргаан үүсээгүй.

    “Ц” ХХК-ийн захирал Л.Г бөгөөд төрсөн хүү Г.Т юм. Тооцоо нийлье гэхээр 2 тусдаа компани байсан гэж тооцоо нийлдэггүй. Хүчин төгөлдөр гэрээний дагуу Г.Т өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И шүүхэд гаргасан тайлбартаа: Анх Л.Г нь 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1В/59 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, Могул таун хотхоны 97 дугаар байрны 705 тоот 66,55 м.кв 2 өрөө орон сууц, ГГ-8 автомашины зогсоолыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон. Уг орон сууцын нийт үнэ 98 187 500 төгрөг бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн "Ц" ХХК-тай хийсэн тооцоо нийлсэн актын дагуу төлбөр бүрэн төлөгдсөн. Гэвч захиалагчийн хүсэлтийн дагуу 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1В/59-н тоот нэмэлт гэрээг байгуулсан. Уг гэрээгээр захиалгаар бариулах орон сууцны тоотод өөрчлөлт оруулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 97 дугаар байрны 501 тоот 132,91 м.кв 4 өрөө орон сууц гэж өөрчлөн орон сууцны нийт төлбөрийг 181 137 500 төгрөг болгон 82 950 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Дээрх 2 гэрээний захиалагчийн эрх, үүргийг Л.Г 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1В/59-н дугаар “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр нэхэмжлэгч Г.Т-т шилжүүлсэн.

Манай компани 97 дугаар байрыг 2014 оны эхний улиралд ашиглалтанд оруулж захиалагч нарт түлхүүр хүлээлгэн өгсөн ба захиалагч нь 2014 оны 10 дугаар сараас эхлэн одоог хүртэл уг байранд амьдарч байгаа. Хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1В/59 дүгээр төлбөр барагдуулсан тодорхойлолтын хувьд уг тодорхойлолтыг нягтлан-бодогч тооцооны алдаа гаргасан тул тодорхойлолт гаргаж өгсөн. Учир нь: нэмэлт гэрээгээр орон сууцны хэмжээ, нэмэгдсэнийг анзааралгүй тодорхойлолт гаргаж өгсөн байна. Гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй бөгөөд манай компаниас гаргасан үлдэгдэл төлбөр 82 950 000 төгрөгийг барагдуулах шаардлагыг биелүүлдэггүй. Хэрэв нэхэмжлэгч уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоогдоод, улсын бүртгэлийн гэрчилгээ Г.Т-ын нэр дээр гарсан тохиолдолд манай компани үлдэгдэл төлбөрөө шаардах эрхгүй болж хохирох тул өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт "Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ" гэж, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1В/59 дүгээр "Захиалгаар орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 4.1-т "Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа ороц сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих..." гэж тус тус зааснаар өмчлөх эрх шилжих үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн маргаж байгаа 97 дугаар байранд зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байдаг. Тухайн үед орон сууц 30 хувийн, автозогсоол 95 хувийн гүйцэтгэлтэй ерөнхий гэрчилгээ гарсныг үндэслэж, барьцааны гэрээ байгуулсан. М ХХК нь тухайн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй. Үүний дагуу “У” ХХК нь шүүхэд хандаж, зээлийн төлбөр барагдуулах, хэрвээ зээлийн төлбөрөө сайн дураар төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд хандсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дутуу гүйцэтгэлтэй байсан ба ирээдүйд гүйцэтгэх гүйцэтгэлтэй хамтад нь барьцаалсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны шийдвэрээр М ХХК-иас зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, хэрвээ төлбөрөө өгөхгүй бол барьцаанд байсан орон сууц болон автозогсоолыг бүхэлд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан. М ХХК төлбөрөө төлж дуусаагүй, төлөх боломжгүй гэдэг тайлбар банкинд өгдөг. Энэ утгаараа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэх боломж үлдсэн байгаа. Тийм учраас өнөөдөр гэрээ байгуулж, орон сууц авсан, өмчлөгчөөр тогтоолгож, барьцаанаас чөлөөлөх асуудал үүсэх учраас бид уг хөрөнгөнд өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Учир нь: нэхэмжлэгч эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба төлбөрөө бүрэн төлсөн учраас өмчлөгч болох ёстой гэдэг тайлбар хэлж байна. Гэтэл хариуцагчийн тайлбарт дурдсаныг харахад хэдий анх “Ц” ХХК нь 2011 онд 98 000 000 төгрөгийн анхны гэрээний дагуу төлбөр төлсөн нь үнэн, гэхдээ уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, өөрчлөлттэй холбоотой үнийн зөрүү гарсан учраас гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй учраас өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж гуравдагч этгээдээс үзэж байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан гудамж 97 дугаар байрны 501 тоотод байрлах 132.91 м.кв орон сууц болон гг-8 тоот 15,5 м.кв автозогсоолын өмчлөгч Г.Т мөн болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч ”М” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 221 640 /1 063 640+ 158 000/ төгрөгийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 151 440 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэлгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь: 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн "Эрх шилжүүлэх гэрээ"-ний зүйл заалтыг хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болгосон. М ХХК нь нийт 450 захиалагчтай бөгөөд 2011 онд гэрээний мэргэжилтний бэлдсэн захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, нэмэлт гэрээ гэсэн үндсэн гурван гэрээний эхийг өөрчлөлгүй захиалагч нартай гэрээ байгуулдаг. Захиалагч тус бүрт гэрээний зүйл заалтын агуулгыг өөрчлөлгүй, зөвхөн гэрээний он cap өдөр, дугаар, захиалагчийн нэр, хаяг, тоот, үнэ зэргийг өөрчилдөг. Энэ жишигээр компаний нягтлан бодогч гэрээг хэвлэн нэхэмжлэгч Г.Т-тай эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Хэрэгт нэхэмжлэгчийн төлбөр төлж байсан баримт, гэрээ  авагдаагүй байхад нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон "Төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт" нь М ХХК-ийн нягтлан бодогчийн тооцооны алдаа байсныг нотлуулахаар нягтлан бодогч Б.Б-г гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв болохыг нотлох ач холбогдолтой байтал хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтад тооцогдоно. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хангалгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Т хариуцагч М ХХК-д холбогдуулан орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Г.Т, хариуцагч М ХХК, иргэн Л.Г нарын хооронд 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1В/59 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэмэлт гэрээ” байгуулсан гурван талт хэлэлцээр бүрэн биелснээр захиалагч талын эдлэх эрх, үүргийг нэхэмжлэгч Г.Т-т шилжүүлэх, эрх хүлээн авагч нь төлбөр төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан “Эрх шилжүүлэх гэрээ” /Орон сууцны захиалгын гэрээ/-г 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан байна. /хх-22/ Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Г.Т нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамжны 97 дугаар байрны 501 тоотод байрлах, 132.91 м.кв талбай бүхий сууц, гг-8 тоот автомашины зогсоолыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн Л.Г-өөс шилжүүлэн авчээ.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх“ 1В/59 тоот гэрээ /хх-6/ байгуулан, гэрээний зүйлийн үнийг төлсөн болох нь “М таун хотхоны 97 дугаар байрны 501 тоот 4 өрөө орон сууц болон гг-8 тоот автозогсоолын хамт иргэн Г.Т захиалсан бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж бүх төлбөр тооцоог барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг зөвшөөрөв” гэсэн тодорхойлолт, хариуцагч М ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт хүргүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 113/59, 17/09 дүгээр албан бичиг зэрэг хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх 9-10/

Уг тодорхойлолтыг хариуцагч талаас тооцооны алдаанаас үүдэлтэй буруу гаргасан гэж тайлбарласнаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хариуцагч М ХХК нэхэмжлэлд дурдагдаж буй заасан орон сууцны барилгыг барих зориулалтаар ”У” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулан, 30 хувийн гүйцэтгэлтэй, 81 айлын орон сууцны дуусаагүй барилга, авто машины зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2 500 000 000 төгрөгийн зээлд барьцаалсан, барьцааны хөрөнгүүдэд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц, автомашины зогсоол хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар зохигчид маргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлсөн байх боловч талуудын хоорондын гэрээний 4.1-т ”орон сууцны төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа захиалагчийн өмчлөлд шилжих бөгөөд орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар түүний өмчлөх эрх баталгаажина” гэж заасныг хариуцагч биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авахаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.Т-ыг Мл таун хотхоны 97 дугаар байрны 501 тоот 132.91 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц болон гг-8 тоот 15,5 м.кв автозогсоолыг өмчлөх эрхтэйг тогтоохдоо холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Харин Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр М ХХК-ийн иргэдтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж дүгнэж, 98 дугаар орон сууцны барилгаас бүхэлд нь “У” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх дахин нотлохгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч М ХХК-ийн нягтлан бодогч Б.Б-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба уг хүсэлтийг хангаагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш учраас хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА