Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00917

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 13 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00917                             Улаанбаатар хот

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г /РД: /-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: За /РД: /,

Хариуцагч: З /РД:Ч/ нарт холбогдох,

Д.Затай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Заас 81,448,334 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагч Д.За, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч Б.З, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Жи эс би капитал ББСБ ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлсэн хариуцагч Б.Зын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хууль бус явдал болсон учраас нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан үндэслэлүүдээ тайлбарлая. 1-д Хариуцагч Б.З нь Жи эс би капитал ББСБ ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлийн барьцааны гэрээнд өөрийнхөө талын хашаа байшинг тавьсан байдаг. 2014 оны үед З нь зээлээ төлж чадаагүй байсан тул Гаас өөрийн орон сууцаа Жи эс би капитал ББСБ ХХК-д барьцаалуулахыг гуйсан. Зын зээлсэн 30 сая төгрөг, түүний хүү нийлээд 45 сая төгрөг болсон байсан. Ингээд Гтай 45 сая төгрөгийг зээлдүүлсэн мэтээр 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  өдөр зээлийн гэрээ байгуулсан. Өмнө нь Зтай зээлийн гэрээ байгуулсан, барьцаа нь өөр хүний өмч байсан ч гэсэн яг энэ өдөр Гтай 45 сая төгрөг зээлүүлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг Гт шилжүүлж өгөөгүй, Г энэ мөнгийг аваагүй. Зын өмнө нь зээлсэн зээлийн хүүтэй нийлээд 45 сая төгрөг болоод Гийг зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд Гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 38 байр 299 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Одоо энэ орон сууцанд Гийн хүү нь эхнэр хүүүхдийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Ингээд дахиад 45 сая төгрөгийг З төлж чадахгүй болоход 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Жи эс би капитал ББСБ ХХК-аас мөн Гт 70 сая төгрөг зээлүүлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээний зүйл мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй боловч шилжүүлсэн мэтээр баримтанд гарын үсэг зуруулсан байдаг. Жи эс би капитал ББСБ ХХК-нь 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ гэдгийг байгуулсан. Яагаад энэ гэрээнүүдийг олон дахин байгуулаад байна вэ гэвэл З нь байрыг хураалгахгүйн тулд “Таны байрыг хураалгахгүй, би зээлээ төлчихнө” гээд байхаар нь Г очоод гарын үсэг зураад байдаг. Энэ талаар хариуцагч болон гуравдагч этгээд бүгд мэдэж байгаа. Жи эс би капитал ББСБ ХХК-нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Гтай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байдаг. Энэ үед айлган сүрдүүлж, таны байрыг хураалаа, барьцаа хөрөнгө орон сууцаа 70 сая төгрөгт тооцоод Жи эс би капитал ББСБ ХХК-д шилжүүлж өг гэдэг. Мөн З нь энэ гэрээг байгуулхад байлцсан бөгөөд “би зээлээ төлчихнө, төлбөр барагдуулах гэрээнд шилжүүлж өгнө гээд гарын үсгээ зурчих” гэхээр нь Г гарын үсгээ зурчихсан байдаг. 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээн дээр Г нь Жи эс би капитал ББСБ ХХК-д орон сууцаа зээлийн барьцаанд шилжүүлэх тухай байгаа. Түүнээс биш За гэдэг хүнд 20.000.000 төгрөгөөр худалдана гэсэн зүйл байдаггүй юм. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Жи эс би капитал ББСБ ХХК-нь зээлийн эдийн засагч Б.Затай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Анх авсан зээлээ З төлж чадаагүй. Зээлсэн мэтээр хоёр дахиа гэрээ байгуулаад байгаад нь хууль бус гэрээний үр дүн явагдаад байгаа юм. Төлбөр барагдуулах гэрээгээр барьцаа хөрөнгө авна гээд нэг гэрээ байгуулсан. Дахин За гэдэг хүн өөрийн өмчлөлд 20 сая төгрөгөөр худалдаж авч байгаа гээд иргэн хүний хувьд авсан мэтээр гэрээ байгуулсан байна. Үүний цаана Жи эс би капитал ББСБ ХХК-д Зын төлөх ёстой өрөнд Гийн өмчийг хууль бусаар шилжүүлж байгаа юм. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл юм. Үүний дараа 2017 оны  9 дүгээр сарын 4-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулчихаад За нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Гийн  хүү Ариунболдыг байхгүй үед эхнэр хүүхдүүдийг байрнаас нь хөөж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “орон сууцаа чөлөөлж өгөхгүй бол нүүлгэлтийн компани авчраад хүчээр хөөж гаргана” гэж айлган сүрдүүлсэн байдаг. Иймд Затай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн. 2-т хэдийгээр Гтай 45 сая төгрөг, 70 сая төгрөг зээлсэн, зээлийн гэрээний нэмэлт хэлцэл гээд байгуулаад байгаа боловч энэ зээлийг цаад утгаараа З авч хэрэглэсэн байдаг. Г үүнээс шан харамж аваагүй тул 81.448.336 төгрөгийг Заас гаргуулахыг шаардаж байна. Г нь уг мөнгийг буцаагаад ББСБ-д өгөх юм. Эдгээр бүх нөхцөл байдлууд нь Зын ББСБ-д зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүссэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна. Хавтаст хэрэгт маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө худалдсан гэрээг баталгаажуулсан нотариатчийн бүртгэлийн дугаар болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өгсөн гэрээн дээрх нотариатчийн бүртгэлийн дугаар зөрүүтэй байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү” гэв.

 

Хариуцагч Д.За шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анх Г, З хоёр ирээд надад энэ байрыг худалдан авах санал тавьсан. Энэ 2 хоорондоо тохиролцоод З нь Гт өөр байр өгнө гэж ярьж байсан. Маргаан бүхий орон сууцыг би 81.500.000 төгрөгөөр авахаар тохиролцож, та хэд байраа худалдаж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн 2 хувийн татвар төлнө гэж хэлэхэд тийм мөнгө байхгүй, 20 сая төгрөгөөр гэрээгээ байгуулъя гээд нотариатаар гэрээгээ батлуулсан. Ингээд энэ хүмүүсийн 20 сая төгрөгөөр байгуулсан гэрээний дагуу улсын бүртгэлд очиж бүртгүүлсэн. Тухайн үед Гийн хүүхдүүд нь энэ байранд амьдарч байсан бөгөөд удахгүй гарна гэсэн боловч нүүж гараагүй. Би 12 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан тул 11 дүгээр сарын 30-ны өдөр гаднаас түлхүүр тааруулан орж, эхнэр хүүхдийг нь айлган сүрдүүлж байсан зүйл байхгүй” гэв.

 

Хариуцагч Б.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “Би анх 2013 онд Асар өргөө гэдэг компанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн үед энэ компанийн ажлыг 132 сая төгрөгөөр хийхээр тохироод, 58 сая төгрөг авсан. Энэ ажлыг гүйцэтгэхэд барилгын материал авахад болон бусад санхүүжилт хэрэгтэй болсон  тул Жи эс би капитал ББСБ-аас 25 сая төгрөгийн зээл авсан. Ажил эхэлж, Асар өргөө ХХК нь дараа долоо хоног, дараа долоо хоног гэсээр байгаад 2-3 жил ажлын хөлс өгөөгүй юм. Миний бие чадах үедээ хүүг нь төлж, зээлээ төлж чадахгүй явсаар байгаад хугацаа нь дуусах дөхөхөд ажлын хөлс одоо ороод ирэх юм байна гээд нэмж  зээл аваад төлж чадахгүй байсаар байгаад өдийг хүрсэн. Намайг зээл авахад За нь тус ББСБ-ын зээлийн эдийн засагч байсан. Тухайн үед энэ зээлийн  хугацаа хэтэрч байна гээд зээл төлөхийг надаас шаардаж байсан. Тухайн үед Г нь намайг ажил эхлэх гэж байгаа, удахгүй мөнгийг нь өгнө гэхэд надад итгээд бид хамтдаа арга чарга хайж байсан. За ч бидэнд тусалж, зээлийг ингэж хаа, хүүг нь ингэж зохицуулъя, хугацаа олгоё гэж байсан. Ингээд нийт зээлийн төлбөр 81 сая төгрөг болж, цаашид зээлийн хугацааг сунгах боломжгүй болж, байрыг хураах байдалд хүрсэн. Тэгээд тухайн үед Гийн эцэг нь нас барж ажил явдал гарсан байсан. Үүний дараа Г бид хоёр очиж Затай уулзсан. Бид түүнд зээлийн төлөлтийн талаар санал тавиагүй, харин Гийн эцгийн 49 хоногийг өнгөрөөх хүртэл хугацаа авъя гэж бид хэлж байсан. Гэтэл За нь энэ хугацаанд төлж чадахгүй бол байрыг хурааж авна гээд байсан тул Затай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, байрыг шилжүүлж өгсөн. Мөн 11 дүгээр сард зээлийг төлж барагдуулсан байна гэсэн тохиролцоо явж байсан. Гэвч энэ хугацаанд зээл төлж чадаагүй байсан тул байр хурааж авах асуудал яригдсан юм. Тухайн үед энэ талаар Гийн гэр бүлийнхэн байрны асуудлын талаар мэдээгүй байсан” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Жи эс би капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрхэмбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.З нь манай ББСБ-аас зээл хүсч, зээлийн гэрээ байгуулж мөнгө авсан байдаг. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр Б.Г нь өөрийн барьцаа хөрөнгөө авчран тус гэрээг байгуулан Зыг хамтран зээлдэгчээр оруулсан. Эдгээр гэрээнүүдийг байгуулахдаа мөнгөө аваагүй байтал авсан гэж гэрээ байгуулсан гэж хэлж болохгүй юм. Манай ББСБ нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон ББСБ-уудын нэг бөгөөд ийм байдлаар гэрээ байгуулдаггүй юм. Мөн барьцааны гэрээний  хувьд тухайн барьцаанууд шинээр улсын бүртгэлд бүртгүүлж, зээлээ төлсөн тохиолдолд мөнгөө хүлээж авч улсын бүртгэлд дахин бүртгүүлэх байдлаар ажиллагаа явагддаг. Гэтэл З, Г нар нь зээлээ төлөхгүй явсаар байсан юм. Үүнтэй холбогдуулан ярихад манай эдийн засагч иргэн Д.За гэдэг хүний зүгээс орон сууц худалдан авах хүсэл сонирхол байсан учраас манай ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа энэ орон сууцны талаар ярьж, талууд өөрсдөө тохиролцон, иргэн Зтай худалдах худалдан авах гэрээ байгуулж, байрыг нь худалдан авч болох юм, үүнийг манай талаас төлбөр барагдуулах гэрээгээр нотолж болох юм гэсэн үндэслэлээр манайх үүргийн гүйцэтгэлээ барагдуулуулахаар Заад ийм байдлаар шаардах эрхээ шилжүүлэхээр уг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж ойлгож болох юм” гэв.

 

        Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Б.Гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Затай байгуулсан 2017.09.04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн Б.Заас 81,448,334 төгрөг гаргуулахыг тус тус шаарджээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Б.З 2013.10.29-ний өдрийн зээлийн болон зээлийн барьцааны гэрээний дагуу сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар, 30, 000, 000 төгрөгийг Жи Эс Би Капитал ББСБ-аас зээлж авсан байх бөгөөд зээл, зээлийн хүү төлөгдөөгүйгээс зээлийн төлбөр 45,000,000 төгрөг болсон байна.

 

Хариуцагч Б.Зын гуйлтаар Б.Г өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр 299 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулж, зээлийн төлбөр 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид зээлсэн мэтээр 2014.12.10-ны өдрийн зээлийн болон зээлийн барьцааны гэрээг болон зээл, зээлийн хүүг нэмж тооцсон 70, 000,000 төгрөгийг зээлсэн мэтээр дахин 2016.02.15-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Б.Гтай байгуулсан, улмаар 2017.01.10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр барьцааны орон сууцыг 70,000,000 төгрөгөөр тооцон төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлж, зээлийн үлдэгдэл төлбөрийг хаахаар тохиролцсон байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Г нь Жи Эс Би Капитал ББСБ-иас зээл аваагүй, энэ зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгийг  шилжүүлээгүй, зээлийн гэрээний төлбөрийг хариуцагч Б.З төлөх үүрэгтэй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон болно.

 

Б.Гтай  2017.01.10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг Жи Эс Би Капитал ББСБ-ын зээлийн эдийн засагч Д.За төлбөр авагчийг төлөөлж байгуулсан байх бөгөөд 8 сарын дараа буюу 2017.09.04-ний өдөр Д.За нь дахин нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр 299 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Б.Гтай байгуулж, мөн өдөртөө Г-000613549 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Д.Заын нэр дээр олгогдсон байна.

 

Талуудын тайлбараас үзэхэд худалдан авсан гэх орон сууны үнэ Б.Гт төлөөгүй, Б.Зын зээлж авсан зээлийн төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, зээлийн барьцааны зүйлийг худалдан борлуулсан эдийн засагч Д.Заын үйлдэл болон Жи Эс Би Капитал ББСБ-ын зээл олгосон үйл ажиллагааг холбогдох хуулиудын заалтыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайлбал Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, мөн  29 дүгээр зүйлийн 29.5-д “иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан тохиолдолд зээлдэгч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмаар барьцаалбар үйлдэж болно”, 29.6-д “үүргийн гүйцэтгэлийг барьцаалбараар гэрчилсэн тохиолдолд барьцааны зүйлийг хуульд заасны дагуу шүүхээс гадуур худалдаж болно”, 29.7-д “зээлийн барьцаалсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг хууль, зээлийн гэрээнд заасны дагуу зохицуулна”, 30 дугаар зүйлийн 30.1-д “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчжээ.

 

Мөн Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор эзэмших, худалдаж борлуулах үйл ажиллагаа энэ хуулийн 12.1.1-д хамаарахгүй” гэсэн заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно”, 11.3-т “энэ хуулийн 11.2-т заасан гэрээнд барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах аргын талаар нарийвчлан заана”, 42 дугаар зүйлийн 42.1-д “барьцаалагч нь энэ хуулийн 41.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах тухайгаа барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-д “барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдаж болно”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”, 44.4-т .Дараахь барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахыг хориглоно”, 44.4.2-т “улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу бүртгүүлвэл зохих үл хөдлөх хөрөнгө болох түүх, урлаг, соёлын үнэт зүйлс”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Барьцаалагч, барьцаалуулагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болно” гэсэн заалтуудыг, мөн Иргэний хуулийн 153-159 дүгээр зүйлд заасан заалтуудыг  тус тус зөрчсөн байна.

 

Иймд Д.За, Б.Г нарын хооронд байгуулсан 2017.09.04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ, 56.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй болно.

 

Дээрх хуулийн заалтаар  хариуцагч Д.За нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр 299 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Гийн нэр дээр буцаан шилжүүлэх үүргийг хүлээнэ, харин Б.Г нь зээлийн гэрээний төлбөр гэх 81,448,334 төгрөгийг хариуцагч Б.Заас гаргуулахыг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Зд холбогдох 81,448,334 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.Гийн  хариуцагч Д.Затай байгуулсан 2017.09.04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсүгэй.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр 299 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Гийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Заад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Зааас 257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825,150 төгрөг /565,200+257,950/-ийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                         Д.ЭНХЦЭЦЭГ