Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 01524

 

Б.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00917 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Гийн хариуцагч Д.З, Б.З нарт холбогдуулан Д.Зтай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Заас 81 448 334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Зын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,  хариуцагч Д.Зын өмгөөлөгч О.М, хариуцагч Б.З, өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хууль бус явдал болсон тул нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан. Хариуцагч Б.З нь “Ж ББСБ” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 30 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн барьцааны гэрээнд өөрийнхөө хашаа байшинг тавьсан байдаг. 2014 оны үед Б.З нь зээлээ төлж чадаагүй байсан тул Б.Гаас өөрийн орон сууцаа “Ж ББСБ” ХХК-д барьцаалуулахыг гуйсан. Занданбалын зээлсэн 30 000 000 төгрөг, түүний хүү нийлээд 45 000 000 төгрөг болсон байсан. Ингээд Б.Гтай 45 000 0000 төгрөгийг зээлдүүлсэн мэтээр 2014 оны 12 дугаар сарын 10-ны  өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.Гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 38 байр 299 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Энэ зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй, энэ мөнгийг аваагүй. Ингээд дахиад 45 000 000 төгрөгийг Б.З төлж чадахгүй болоход 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Ж ББСБ” ХХК-иас мөн Б.Гт 70 000 0000 төгрөг зээлүүлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээний зүйл мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй боловч шилжүүлсэн мэтээр баримтанд гарын үсэг зуруулсан байдаг. “Ж ББСБ” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Гэрээнүүдийг олон дахин байгуулсан шалтгаан нь Б.З байрыг хураалгахгүйн тулд “Таны байрыг хураалгахгүй, би зээлээ төлчихнө” гээд байхаар нь Б.Г очоод гарын үсэг зурсан. Энэ талаар хариуцагч болон гуравдагч этгээд бүгд мэдэж байгаа. “Ж ББСБ” ХХК-нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Б.Гтай төлбөр барагдуулах гэрээ байгуулан, энэ үед айлган сүрдүүлж, таны байрыг хураалаа, барьцаа хөрөнгө орон сууцаа 70 сая төгрөгт тооцоод “Ж ББСБ” ХХК-д шилжүүлж өг гэдэг. Мөн Б.З нь энэ гэрээг байгуулахад байлцсан бөгөөд “би зээлээ төлчихнө, төлбөр барагдуулах гэрээнд шилжүүлж өгнө гээд гарын үсгээ зурчих” гэхээр нь Б.Г гарын үсгээ зурчихсан. 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээн дээр Б.Г нь “Ж ББСБ” ХХК-д орон сууцаа зээлийн барьцаанд шилжүүлэх тухай байгаа болохоос Б.Заяабадрах гэдэг хүнд 20 000 000 төгрөгөөр худалдана гэсэн зүйл байдаггүй юм. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Ж ББСБ” ХХК-нь зээлийн эдийн засагч Б.Заяабадрахтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Анх авсан зээлээ Б.З төлж чадаагүй. Зээлсэн мэтээр хоёр дахиа гэрээ байгуулаад байгаад нь хууль бус гэрээний үр дүн явагдаад байгаа юм. Төлбөр барагдуулах гэрээгээр барьцаа хөрөнгө авна гээд нэг гэрээ байгуулсан. Дахин Д.З гэдэг хүн өөрийн өмчлөлд 20 сая төгрөгөөр худалдаж авч байгаа гээд иргэн хүний хувьд авсан мэтээр гэрээ байгуулсан байна. Үүний цаана “Ж ББСБ” ХХК-д Б.Зын төлөх ёстой өрөнд Б.Гийн өмчийг хууль бусаар шилжүүлж байгаа юм. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл юм. Үүний дараа 2017 оны  9 дүгээр сарын 4-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулчхаад Д.З нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Гийн хүү Г.Ариунболдыг байхгүй үед эхнэр хүүхдүүдийг нь байрнаас хөөж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “орон сууцаа чөлөөлж өгөхгүй бол нүүлгэлтийн компани авчраад хүчээр хөөж гаргана” гэж айлган сүрдүүлсэн байдаг. Иймд Д.Зтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн. Б.Гтай 45 сая төгрөг, 70 сая төгрөг зээлсэн, зээлийн гэрээний нэмэлт хэлцэл гээд байгуулаад байгаа боловч энэ зээлийг цаад утгаараа Б.З авч хэрэглэсэн байдаг. Б.Г үүнээс шан харамж аваагүй тул 81 448 336 төгрөгийг Б.Заас гаргуулахыг шаардаж байна. Б.Г нь уг мөнгийг буцаагаад ББСБ-д өгөх юм. Эдгээр бүх нөхцөл байдлууд нь Б.Зын ББСБ-д зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүссэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна. Хавтаст хэрэгт маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө худалдсан гэрээг баталгаажуулсан нотариатчийн бүртгэлийн дугаар болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өгсөн гэрээн дээрх нотариатчийн бүртгэлийн дугаар зөрүүтэй байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү” гэжээ.

Хариуцагч Д.З шүүх хуралдаанд тайлбартаа: “Анх Б.Г, Б.З хоёр ирээд надад энэ байрыг худалдан авах санал тавьсан. Энэ 2 хоорондоо тохиролцоод Б.З нь Б.Гт өөр байр өгнө гэж ярьж байсан. Маргаан бүхий орон сууцыг би 81.500.000 төгрөгөөр авахаар тохиролцож, та хэд байраа худалдаж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн 2 хувийн татвар төлнө гэж хэлэхэд тийм мөнгө байхгүй, 20 сая төгрөгөөр гэрээгээ байгуулъя гээд нотариатаар гэрээгээ батлуулсан. Ингээд энэ хүмүүсийн 20 сая төгрөгөөр байгуулсан гэрээний дагуу улсын бүртгэлд очиж бүртгүүлсэн. Тухайн үед Б.Гийн хүүхдүүд нь энэ байранд амьдарч байсан бөгөөд удахгүй гарна гэсэн боловч нүүж гараагүй. Би 12 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан тул 11 дүгээр сарын 30-ны өдөр гаднаас түлхүүр тааруулан орж, эхнэр хүүхдийг нь айлган сүрдүүлж байсан зүйл байхгүй” гэжээ..

            Хариуцагч Б.З шүүх хуралдаанд тайлбартаа:  “Би анх 2013 онд “Асар өргөө“ компанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн үед энэ компанийн ажлыг 132 сая төгрөгөөр хийхээр тохироод, 58 сая төгрөг авсан. Энэ ажлыг гүйцэтгэхэд санхүүжилт хэрэгтэй болсон  тул “Жи эс би капитал ББСБ”-аас 25 сая төгрөгийн зээл авсан. Ажил эхэлж, “Асар өргөө” ХХК нь хойшлуулсаар байгаад 2-3 жил ажлын хөлс өгөөгүй. Миний бие чадах үедээ хүүг нь төлж, зээлээ төлж чадахгүй явсаар байгаад хугацаа нь дуусах дөхөхөд ажлын хөлс одоо ороод ирэх юм байна гээд нэмж  зээл аваад төлж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Намайг зээл авахад Д.З нь тус ББСБ-ын зээлийн эдийн засагч байсан. Тухайн үед энэ зээлийн  хугацаа хэтэрч байна гээд зээл төлөхийг надаас шаардаж байсан. Тухайн үед Б.Г нь “ажил эхлэх гэж байгаа, удахгүй мөнгийг нь өгнө” гэхэд надад итгээд бид хамтдаа арга чарга хайж байсан. Б.Заяабадрах ч бидэнд тусалж, зээлийг ингэж хаа, хүүг нь ингэж зохицуулъя, хугацаа олгоё гэж байсан. Ингээд нийт зээлийн төлбөр 81 сая төгрөг болж, цаашид зээлийн хугацааг сунгах боломжгүй болж, байрыг хураах байдалд хүрсэн. Тэгээд тухайн үед Б.Гийн эцэг нь нас барж ажил явдал гарсан. Үүний дараа Б.Г бид хоёр очиж Д.Зтай уулзсан. Бид түүнд зээлийн төлөлтийн талаар санал тавиагүй, харин Б.Гийн эцгийн 49 хоногийг өнгөрөөх хүртэл хугацаа авъя гэж бид хэлж байсан. Гэтэл Д.З нь энэ хугацаанд төлж чадахгүй бол байрыг хурааж авна гэсэн тул Д.Зтай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, байрыг шилжүүлж өгсөн. Мөн 11 дүгээр сард зээлийг төлж барагдуулсна гэсэн тохиролцоо явж байсан. Гэвч энэ хугацаанд зээл төлж чадаагүй тул байр хурааж авах асуудал яригдсан юм. Тухайн үед энэ талаар Б.Гийн гэр бүлийнхэн байрны асуудлын талаар мэдээгүй байсан” гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбараа: “2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.З нь манай ББСБ-аас зээл хүсч, зээлийн гэрээ байгуулж мөнгө авсан байдаг. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр Б.Г нь өөрийн барьцаа хөрөнгөө авчран тус гэрээг байгуулан Б.Зыг хамтран зээлдэгчээр оруулсан. Эдгээр гэрээнүүдийг байгуулахдаа мөнгөө аваагүй байтал авсан гэж гэрээ байгуулсан гэж хэлж болохгүй юм. Манай ББСБ нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон ББСБ-уудын нэг бөгөөд ийм байдлаар гэрээ байгуулдаггүй юм. Мөн барьцааны гэрээний  хувьд тухайн барьцаанууд шинээр улсын бүртгэлд бүртгүүлж, зээлээ төлсөн тохиолдолд мөнгөө хүлээж авч улсын бүртгэлд дахин бүртгүүлэх байдлаар ажиллагаа явагддаг. Гэтэл Б.З, Б.Г нар нь зээлээ төлөхгүй явсаар байсан юм. Үүнтэй холбогдуулан ярихад манай эдийн засагч иргэн Д.Зын зүгээс орон сууц худалдан авах хүсэл сонирхол байсан учраас манай ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа энэ орон сууцны талаар ярьж, талууд өөрсдөө тохиролцон, иргэн Б.Зтай худалдах худалдан авах гэрээ байгуулж, байрыг нь худалдан авч болох юм, үүнийг манай талаас төлбөр барагдуулах гэрээгээр нотолж болох юм гэсэн үндэслэлээр манайх үүргийн гүйцэтгэлээ барагдуулахаар Д.Зад ийм байдлаар шаардах эрхээ шилжүүлэхээр уг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж ойлгож болох юм” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Зд холбогдох 81 448 334 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.Гийн  хариуцагч Д.Зтай байгуулсан 2017.09.04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр 299 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Гийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Зад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Заас 257 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Д.З давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. ...Зээлийн барьцааны зүйлийг худалдан борлуулсан эдийн засагч Д.Зын үйлдэл болон “Ж ББСБ” ХХК-ын зээл олгосон үйл ажиллагааг холбогдох хуулиудын заалтыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай. Учир нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.З нь “Ж ББСБ” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байхад шүүхээс “...зээл олгосон үйл ажиллагаа холбогдох хуулиудыг зөрчсөн...” гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Уг зээлийн гэрээ дуусгавар болоход хариуцагч Б.З нь үндсэн зээл, хүүг огт төлөөгүй бөгөөд зээлийн үлдэгдэл 45 000 000 төгрөг болсон. Тухайн үед барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар мэдэгдэхэд Б.Г гэдэг хүнийг дагуулж ирсэн. Зээлийн болон барьцааны гэрээнд Б.З, Б.Г нар өөрсдийн хүсэл зориг байсан бөгөөд уг гэрээ дуусгавар болоход зээлдэгч нар дахин 70 000 000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй гэж үзэж байна. ...Төлбөр барагдуулах гэрээний талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, мөн 2 өрөө орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлж өгөөгүй байдаг. Хариуцагч Д.З нь гуравдагч этгээдтэй харилцан тохиролцон Б.Зын зээлийн төлбөрийг төлөхөөр болж 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч Б.З нар мэдэж байсан. Хариуцагч Б.З нь өөрийн зээлийн төлбөрт нэхэмжлэгчийн 2 өрөө орон сууцыг шилжүүлж өгч улмаар “Асар өргөө” ХХК-иас 2 өрөө байр авч нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохиролцсон. Энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Ийм анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Д.З, Б.З нарт холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Заас 81 448 334 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг /хх.1-3/ хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б.З нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч “Ж ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан, 30 000 000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн гэрээ хэрэгт авагдсан. /хх.9-12/ Б.З нь тус зээлийн төлбөрийн талаар хариуцагчтай тохиролцон нэхэмжлэгч Б.Гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр, 209 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж 2014 оны 12 дугаар сарын 10-ны 45 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг Б.Гтай хамтран байгуулж, Б.Г нь дангаараа 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дээрх зээлийн гэрээний төлбөрийг 70 000 000 төгрөгөөр тооцож дахин зээлийн гэрээг “Ж ББСБ” ХХК-тай байгуулжээ. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр барьцааны орон сууцыг 70 000 000 төгрөгт тооцон хариуцагч компанид шилжүүлэхээр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулжээ. Дээрх гэрээг үндэслэл болгож барьцааны орон сууцыг 20 000 000 төгрөгөөр худалдахаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Г хариуцагч Д.З нарын хооронд байгуулагдаж /хх.7/, тухайн өдрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч Д.Зт шилжсэн талаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар хэрэгт авагджээ. /хх.40/

            Нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.Зтай байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тодорхойлсон бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа үндэслэлээ нотолсон тохиолдолд шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлийн үр дагаврыг хэрхэн арилгахыг тодорхойлох боломжтой болно. Гэтэл нэхэмжлэгч энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээрээ эрхээ хэрхэн сэргээлгэх талаар нэхэмжлэлдээ заагаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дах заалтаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр, 209 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Гийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Зад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт нийцэхгүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл мөн болно.

            Иймд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан дээрх зөрчлийг арилгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00917 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Заас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ             

                                 ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ