Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2018/00051/И |
Дугаар | 00865 |
Огноо | 2018-04-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 00865
2018 оны 04 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2018/00865 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д /РД: /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н /РД:***********/арт холбогдох,
бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагч нарыг албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Д, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Б.Баднайсүрэн, хариуцагч Б.Н, Ч.Н нарын өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Б.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х.Д гуайн охин *********** Япон улсад байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо **** тоот 3 өрөө байрыг Япон улсын иргэн **************д төлбөрийг төлж дуусгасан тул 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Тус байранд Н болон түүний нөхөр Н нар амьдарч байсан бөгөөд сүүлд хүү нь нэмэгдэн хамт амьдарч байгаа. Энэ талаар охин нь Нишинод хэлэхэд энэ хүмүсийг шууд гаргах ёстой гэж хэлсний дагуу тус байранд очоод энэ байрыг худалдан авсанаа хэлээд чөлөөлж өгөхийг хүссэн байдаг. Ингээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн 17041 Туул гол гудамж, **** тоот 3 өрөө орон суунаас хариуцагч нарыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагч Б.Н,Ч.Н нарын шүүхэд ирүүлсэн 2018.01.18-ны өдрийн хариу тайлбарт: “Тус шүүхэд Х.Д нь Н, Н, Г нарт холбогдуулаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж **** тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн ********* сата Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж **** тоот орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг гэрээгээр орон сууц худалдаж авсны урьдчилгаа төлбөрт тухайн өдрөө 14 000 000 төгрөгөөр төлж барагдуулан, үлдэгдэл 56,000,000 төгрөгийг сар бүр 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулан 2014 оны 01 дүгээр сарын 21-нд төлж дуусгахаар харилцан тохиролцсон хэдий ч хугацаанаасаа өмнө бүрэн төлж барагдуулсан. Б.Н, Ч.Н нар нь Япон улсын иргэн **************гийн Голомт банкинд эзэмших ************ тоот дансанд шилжүүлж байсан бөгөөд төлбөр тооцоог бүрэн дууссан хэдий ч ********* янз бүрийн шалтаг хэлж, шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Б.Н, Ч.Н нар нь уг орон сууцыг шударгаар, гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсний үндсэн дээр шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгө юм. Х.Д нь бодит байдал дээр үнэхээр *********гоос худалдаж авсан төлбөрөө төлж барагдуулсан хүн бол өөрт учирсан хохирол болоод үлдсэн төлбөрөө *********гоос нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс *********той байгуулсан гэрээ болон төлбөр төлсөн баримтыг нотлох баримтаар гарган өгөх болно. Иймд Х.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Гийн шүүхэд ирүүлсэн 2018.02.14-ний өдрийн хариу тайлбарт: “Х.Дн нь Б.Н, Ч.Н, Б.Г нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж **** тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн ************** Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж **** тоот орон сууцыг орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатоор гэрчлүүлсэн байдаг. Гэрээний дагуу үндсэн төлбөр болох 70 000 000 төгрөгийг Б.Н, Ч.Н нар нь бүхэлд нь төлж барагдуулсан.Б.Н, Ч.Н нар Б.Гийн төрсөн эцэг, эх юм. Иймээс Дгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Дгийн бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагч Б.Н, Ч.Н, Б.Г нарыг албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...нэр бүхий хариуцагч нарыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот 3 өрөө орон сууцанд хууль бусаар амьдарч буйг дурдаад, уг байрнаас албадан чөлөөлүүлэхийг хүссэн байна.
Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хариуцагч нарын өмгөөлөгч, төлөөлөгч нар хүссэн байна.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд маргаан бүхий Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ү*********** дугаар байрны 27 тоот, Ү-***** дугаар улсын бүртгэлийн дугаартай, 000143271 тоот гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Нгийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Н, Ч.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.10-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр Б.Х-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.06-ны өдрийн 0398 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул 256 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасны дагуу 2016.03.22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот, 74,7 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Х.Д болсон байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог болно.
Дээрх орон сууцанд амьдарч байгаа нэр бүхий хариуцагч нар 2011.10.21-ний өдөр Япон улсын иргэн **************гаас уг байрыг худалдан авсан, байрны үнэд 70,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг боловч энэ талаар нотолсон баримт ирүүлээгүй тул тэдний эзэмшлийг хууль бус гэж үзнэ.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т зааснаар улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй байх бөгөөд хариуцагч нар энэ эрхийг хэрэгжүүлсэн байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.10-ны өдрийн 256 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч нарыг Япон улсын иргэнээс худалдан авсан гэх байрыг өөрийн өмчлөлд бүртгүүлэх талаар урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй, маргаан бүхий байрыг худалдах, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, лавлагаа авах бүрэн эрхийг Л.Алтанзулд олгосон итгэмжлэлийг, мөн Х.Д, Л.Алтанзул нарын байгуулсан 2016.03.22-ны үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууль бус, хүчин төгөлдөр бус гэдэг нь тогтоогдоогүй, орон сууц худалдах, худалдан авахтай холбоотой маргаан нь уг орон сууны өмчлөгчийн эрхийг баталгаажуулсан бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” тус тус гэж дүгнэжээ.
Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот 3 өрөө орон сууцнаас Б.Н, Ч.Н, Б.Г нарыг нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх бөгөөд энэ нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаардаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд дээрх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна.
Л.Алтанзул, Х.Д нарт холбогдуулан тэдний хооронд байгуулсан 2016.03.22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг хариуцагч Б.Н, Ч.Н нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.03.19-нд гаргасан байх бөгөөд 2018.03.26-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.
Б.Н, Ч.Н нарын нэхэмжлэлд үүсгэсэн дээрх хэрэг нь Х.Дгийн нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй, түүнчлэн тухайн орон сууцны өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр Х.Дд шилжсэн, уг хэлцлийг бүртгэлийн газар бүртгүүлсэнээр Х.Д өмчлөгч болсон байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хэлэлцэж эхлэх үед “хүсэлт шийдвэрлээгүй” гэх үндэслэлээр шүүгчээс татгалзаж, уг шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, төлөөлөгч А.Энхтүвшин нар шүүх хуралдааныг орхин шүүх хуралдааны танхимаас гарсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот 3 өрөө орон сууцнаас Б.Н, Ч.Н, Б.Г нарыг албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж Х.Дд олгож, нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д. ЭНХЦЭЦЭГ