Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0716

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

           Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай

            Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0678 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Д.А, Б.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

            Хэргийн индекс: 128/2023/0407/3

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0678 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1.6, 138.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг тус тус баримтлан “Б” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Шүүх нотлох баримтыг үнэлээгүй тухайд:

Шүүх шийдвэрийнхээ 3-т “... 2011 онд сонгон шалгаруулалт явагдаагүй” гэж хэлсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэсэн нь хууль бус. Нэхэмжлэгч компани татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар авсан болох нь хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй.         

            Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын гаалийн хяналтын бүсийн нүүрс тээврийн гарах урсгалд татваргүй барааны дэлгүүрийн салбарыг ажиллуулах зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад “Б” ХХК болон “ДФ” ХХК-иуд оролцсон. Улмаар 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар татваргүй барааны дэлгүүр ажиллуулах асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар “Б” ХХК болон “ДФ” ХХК-иудад сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Гаалийн ерөнхий газарт хандан “уг газарт 2011 оноос өнөөдрийг хүртэл татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авахаар иргэн, хуулийн этгээдээс танай байгууллагад хандаж байсан эсэхийг лавлахад: Гаалийн ерөнхий газраас “Б” ХХК-иас өөр иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргаж байгаагүй гэх хариуг ирүүлдэг. Гэтэл 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тогтоолоор 2 компани хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтад оролцсон болох нь тогтоогдсон. Үүнээс үзэхэд Гаалийн ерөнхий газрын дарга нь сонгон шалгаруулалт зарласан эсэхийг ч шалгаж тогтоохгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан.

            Мөн нэхэмжлэгчийн зүгээс Гаалийн ерөнхий газарт баримтаа бүрдүүлэн өгч сонгон шалгаруулалтад оролцсон. Харин сонгон шалгаруулалт явуулах, зарлах, дүгнэх эрх, үүрэг, хариуцлага нь хариуцагч захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал. Тухайн захиргааны байгууллагын дотоод асуудал хөндлөнгийн хэн ч оролцох боломжгүй. Захиргааны байгууллагын ажлаа хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн, хийгээгүй гэдгийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй. Гэтэл шүүх хариуцагчийн хийгээгүй үйлдэлд нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль бус болжээ.

            3.2. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

            Гаалийн ерөнхий газрын дарга нь нэхэмжлэгч компанийг хуульд заасан ямар зөрчил алдаа дутагдал гаргаагүй байхад татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгосон.

            Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал нь Гаалийн ерөнхий хуулийн 138 дугаар зүйлийн 138.4 болон Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлээр тус тус зохицуулагддаг бөгөөд манай компанийн хувьд хуулийн дээрх зүйл заалтад заасан үндэслэлүүд болох (гаалийн баталгаат бүсэд тавигдах нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, ийм зөрчил гаргаагүй учир гаалийн удирдах төв байгууллагаас үйл ажиллагааг түдгэлзүүлсэн зүйл байхгүй, гаалийн хууль тогтоомжийг зөрчөөгүй) нөхцөл байдлыг бий болоогүй байтал тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй.

            Гаалийн тухай хуульд болон Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 174 дүгээр тушаалын 7.3-д “Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэсэн байдаг нэхэмжлэгч компани мөн уг зүйлд заасан зөрчлийг гаргаагүй.

            Гэтэл шүүх шийдвэрийнхээ 7-д “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 13 дугаар сарын 04-ний өдрийн А/276 дугаар тушаалаар батлагдсан “Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх” журмын Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох заалт нь хууль ёсны дагуу буюу сонгон шалгаруулалтын үндсэн дээр зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдэд хамааралтай.

            Захиргааны байгууллага өөрийн алдаатай хийсэн үйлдлээ зөвтгөхдөө нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байхаар хуульд заасан байдаг. Захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйлдэл үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээд хохирох ёсгүй. Тухайн үед болон гэж олгочхоод, одоо ч уг тусгай зөвшөөрлийг авахаар хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд байхгүй байхад манай компанийн эрх ашгийг зөрчих ямар ч үндэслэл байхгүй байгаа. Мөн нэхэмжлэгч компанид олгосон тусгай зөвшөөрлийн улмаас аливаа иргэн, хуулийн этгээд болоод хариуцагч захиргааны байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байхад захиргааны байгууллага алдаатай гаргасан тушаалын улмаас нэхэмжлэгч компани хохирох ёсгүй.

            Мөн шүүх шийдвэрийнхээ 10-д “... “Б” ХХК-д тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад нөхөж сунгаж байснаас үзэхэд тусгай зөвшөөрөлгүй үедээ татваргүй барааны дэлгүүр ажиллуулж байсан гэж үзэхээр байна” гэж нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргаагүй асуудалд дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрөл цуцалсан асуудлаар маргаж байгаа. Харин дээрх хугацаанд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгаж байсан нь нэхэмжлэгч компанийг хууль ёсны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан болохыг нотолж байна.

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь сонгон шалгаруулалтад орсон компани болохоос сонгон шалгаруулалт зохион байгуулах этгээд биш. Сонгон шалгаруулалтыг хууль ёсны дагуу ч юм уу, журмын дагуу ч юм уу явуулаагүй асуудал хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал, үүнд нэхэмжлэгч “Б” ХХК хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд захиргааны байгууллага болон шүүх Захиргааны хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлах ёстой байхад шүүх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хариуцагч байгууллагад ашигтайгаар тайлбарлаж хэрэглэсэн. Хууль ёсны итгэлийн хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгодог. Нэхэмжлэгч компани татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг авснаас хойш тухайн газарт томоохон бүтээн байгуулалт хийсэн мөн татваргүй барааны дэлгүүрт худалдаалахаар захиалсан 3 чингэлэг ачаа гаалийн хил дээр хүлээгдэж байгаа зэрэг нэхэмжлэгчид ихээхэн хэмжээний хохирол, алдагдал хүлээх нөхцөл байдал үүссэн байгаа.

            Иймд дээрх байдлуудыг дүгнэвэл анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0678 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ““Б” ХХК-ийн Гашуунсухайт боомт дахь татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” маргаан бүхий А/283 дугаар тушаалаар “... Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3-д Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно гэж заасныг зөрчиж сонгон шалгаруулалтгүй олгосныг Гаалийн тухай хуульд нийцүүлэх зорилгоор ...” гэсэн үндэслэлээр “Б” ХХК-ийн Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн гарах урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            2.1. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Манай компани анх татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа Гаалийн тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу материалаа бүрдүүлэн Гаалийн ерөнхий газарт хандан Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтод татваргүй барааны дэлгүүр нээлгэх тухай хүсэлтийг гаргасан, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар баталсан татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журамд заасан тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус ...” гэж тайлбарлан маргажээ.

            2.2. Гэтэл хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ““Б” ХХК-ийн Гашуунсухайт боомт дахь татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” А/283 дугаар тушаалаар “Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3-д Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно гэж заасныг зөрчиж сонгон шалгаруулалтгүй олгосныг Гаалийн тухай хуульд нийцүүлэх зорилгоор” гэсэн шалтгаан үндэслэлээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн гарах урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлж заасан захиргааны актын “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим болон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл журамд нийцээгүй байна. Тодруулбал,

            2.3. Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 174 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын 5.1-д “Сонгон шалгаруулалтын дүнг МУГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан байна.

            2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тус өдрийн 19 дүгээр хуралдааны тэмдэглэлд “... “Б” ХХК-ийн татваргүй барааны салбар байгуулах зөвшөөрөл хүссэн талаар хэлэлцээд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын гаалийн хяналтын бүсийн нүүрс тээврийн гарах урсгалд тус  компанийн татваргүй барааны дэлгүүрийн салбарыг байгуулахыг зарчмын хувьд зөвшөөрч, уг зөвшөөрлийг барилга байгууламж бэлэн болсон үед олгохоор шийдвэрлэв ...”  гэснээс үзэхэд “Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын 5.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэсэн, улмаар Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/32 дугаар тушаалаар “Б” ХХК-д Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын гаалийн хяналтын бүсийн нүүрс тээврийн гарах урсгалд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгосон болох нь тогтоогдож байх тул дээрх журамд заасан “мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх” гэсэнд нийцсэн гэж үзэхээр байна.

2.5. Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дор дурдсан төрөлтэй байна”, 138.1.6-д “татваргүй барааны дэлгүүр ажиллуулах”, 138.3-д “Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу дуудлага худалдааны үндсэн дээр олгоно” 140 дүгээр зүйлийн 140.1-д “Энэ хуулийн 139.1-д заасан зөвшөөрөл эзэмшигч нь тухайн бүсэд тавигдах нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг нь 3 сар хүртэл хугацаагаар гаалийн удирдах төв байгууллага түдгэлзүүлнэ”, 140.2-т “Энэ хуулийн 139.1-д заасан зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 140.1-д заасан хугацаанд зөрчлийг засаагүй, эсхүл гаалийн хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж тус тус заасан.         

            2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/32 дугаар тушаалаар “Б” ХХК-д Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын гаалийн хяналтын бүсийн нүүрс тээврийн гарах урсгалд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгож, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/79, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/203, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/299 дүгээр “Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” тушаал, захирамжуудаар “Б” ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг удаа дараа буюу нийт 4 удаа сунгаж байснаас үзвэл хариуцагчийг нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгосон өмнөх шийдвэрээ  удаа дараа хүлээн зөвшөөрч ирсэн гэж үзэхээр байна.

2.7. Ийнхүү хэрэгт авагдсан дээр дурдагдсан баримтуудаас үзэхэд Гаалийн ерөнхий газар нь нэхэмжлэгчид анх тусгай зөвшөөрөл олгохдоо мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн, улмаар эрх бүхий албан тушаалтан болох тус газрын даргын тушаалаар татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгож шийдвэрлэснээс үзвэл тухайн үед шийдвэр гаргах үйл ажиллагааг удирдан явуулж буй эрх бүхий төрийн захиргааны байгууллагын хувьд хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд эрх зүйн аливаа зөрчилгүй хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой байсан байх бөгөөд нэгэнт олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдолд хуулиар тогтоосон журмыг мөрдөх үүрэгтэй байна.

2.8. Гэтэл хариуцагч нь “Б” ХХК-д анх тусгай зөвшөөрөл олгосноос хойш удаа дараа тусгай зөвшөөрлийг нь сунгаж ирсэн атлаа анх өөрийн гаргасан шийдвэрийг буруу байсан гэх агуулга бүхий үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцээгүй, мөн Гаалийн тухай хуулиар тогтоосон “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тухайн бүсэд тавигдах нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” журамд нийцээгүй байна.

 

            2.9. Түүнчлэн  хариуцагч нь маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох журамд нийцээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь өмнө нь гаргасан шийдвэрээ хууль бус өөрөө хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах бөгөөд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан. Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус арга хэрэглэснээс бусад тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс нь хойш 5 жилийн хугацаанд хүчингүй болгохоор заасан. Гэтэл 2014 оноос 2023 он хүртэл 9 жилийн дараа анх олгосон тушаалаа хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

            2.10. Захиргааны байгууллага (албан тушаалтан) нь хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлж аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлах учиртай.

            2.11. Захиргааны ерөнхий хуульд хууль бус захиргааны актыг хүчингүй болгоход сөрөг эсхүл эерэг нөлөөлөл үүсгэж буй эсэхээс нь хамааран хугацааг ялгамжтайгаар буюу сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтаар захиргааны байгууллагад хүлээлгэсэн, харин эерэг нөлөөлөлтэй хууль бус захиргааны актыг мөн хуулийн 48.2.1-48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор захиргааны байгууллага хүчингүй болгож болохоор мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалтад тус тус нарийвчлан зохицуулсан.

            2.12. Гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “... “Б” ХХК-ийн Гашуунсухайт боомт дахь татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” А/283 дугаар тушаалаар “Б” ХХК-ийн Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн гарах урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 9 жилийн дараа хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасантай нийцээгүй, хууль бус байна.

           

            Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.3, Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ