Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 333

 

Ш.О-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж, хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 632 дугаар магадлалтай, 201726010052 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа, шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ш-ийн О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д заасан “Танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д заасан “Танхайн сэдэлтээр хүнийг алахыг завдах”, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...прокуророос Ш.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож Ш.О-ыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан, танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ш.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 16 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 5 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлан хорих ялуудыг нэмж нэгтгэн, багтааж, биечлэн эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх”-ээр шийдвэрлэжээ.    

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Ш.О-ыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн, хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай” гэж, 3 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 11 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.” гэж, 4 дэх заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 11 сарын хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор (240 цаг:8 цаг =1 сар) тооцож, 1 сарын хорих ялыг тус тус нэмж биечлэн эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж, 5 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.О-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа гаргасан гомдолдоо: “...2017 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө хүү А.А маань Ш.О гэгчид ар нуруунаасаа зүрхэн тус газар хутгалуулж харамсалтайгаар амь насаа алдсан. Миний хүү хэр баргийн хүнтэй муудалцаад байдаггүй, зан ааш нь маш зөөлөн, намайг тэжээж асардаг ганц хүү минь байсан. Хүү маань миний эм тариа болон гэрийнхээ хоол хүнс, түлээ мод зэрэг бүхий л зүйлийг ойртуулж өгдөг байсан. Хүү маань өнгөрснөөс хойш намайг харж хандах хүнгүй, орлогогүй улмаас амьдрал маш хүнд байна. Талийгаачийн буяны ажилд зориулан 2 удаа 2,000,000 төгрөгийн группийн зээл авч хэрэглэсэн. Миний хүүгийн амь насыг бүрэлгэсэн Ш.О нь надтай уулзаж нэг ч удаа уучлал гуйж гуйгаагүй бөгөөд хийсэн хэргээ хүлээхгүй байгаад нь гомдолтой байна. Ш.О-ын ах дүүгээс 8 сар гаруй хугацаанд оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн боловч одоог хүртэл өгөөгүйд маш их гомдолтой байна. Хүү маань амьд сэрүүн байхдаа Ханын материал-Шар хадны чиглэлд микро автобусны кондуктороор ажиллаж өдрийн 25,000-30,000 төгрөгийн орлого олж, уг мөнгөөрөө намайг тэжээдэг байсан. Энэ хэргийн улмаас миний даралт ихсэж, 2-3 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд одоо санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байна. Одоо намайг асрах хүн байхгүй тул дүүгийн маань 6 дугаар ангид сурдаг хүүхэд нь асарч байгаа болно. Иймд миний амьдралыг харгалзан Ш.О-аас оршуулгын зардалд 2,000,000 төгрөг, мөн амь нас, сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.О гаргасан гомдолдоо “...Шүүхээс намайг бусдыг алсан, мөн алахыг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс гадна бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгасанд гомдолтой байна. Дээрх гэмт хэргүүдэд холбогдолгүй болохыг гэрч С.М, Ш.А, Г.С, Б.А, Ш.А нарын мэдүүлэг, хохирогч Г.С-ын тайлбар, шинжээчийн 959 тоот дүгнэлтээр тогтоогддог. Үүнээс гадна гэрч Г.С, Г.Д, Б.С, хохирогч Г.С нар намайг тухайн үед Ханын материалаар явсан, 48 дугаар гудамжинд орсон гэж гэрчлээгүй, нотлох баримтгүй байхад тулгаж ялласан. Хэрэг гарсан өдөр Г.С, амь хохирогч А.А нар нэг газар хутгалуулсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд Г.С нь хутгалуулсан үедээ амь хохирогчийн хамт цагдаад дуудлага өгөөгүй шалтгаан нь тодорхойгүй. Мөн тухайн үед надтай цуг байсан н.Ш, н.Ү нараас мэдүүлэг аваагүйгээс гадна талийгаачийн дэргэд цасан дээр үлдсэн арзгар гутлын мөрийг шинжлэн үзээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр баривчлан авчирч, эрүүгийн төлөөлөгч мэдүүлэг авахдаа тулгаж байцаасан бөгөөд хуулийн мэдлэггүй, урьд нь хэрэгт холбогдож байгаагүй болохоор тухайн үед хэргийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Дараа нь хэргийн материалтай танилцахад хэрэгт авагдсан камерийн бичлэг устсан гэж мөрдөн байцаагч хэлсэн. Камерийн бичлэгийн талаар гэрч С.М “...хэрэг гарах шөнө 3 цагт цагдаа нар камерийн бичлэгийг шалгахад би хамт байсан. Цагдаа нар камерийн бичлэгийг хуулна гэж авч яваад авчирч өгөхөд бичлэг устаж, диск нь гацаад байсан” гэж мэдүүлсэн. Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагаас хойшхи бичлэгийг нэг бүрчлэн үзэхэд зодоон болон байгаа бүх зүйл байхгүй болсон байсан. Харин миний Ш-тай хамт 19 цагийн үед дэлгүүрээс 0.33 грамм “Хараа” нэртэй архи аваад гарсан, мөн 23 цаг 48 минутын үед дэлгүүрээр ороод гарсан нотолгоо байгаа нь камерийн бичлэгийг санаатай устгаж, үгсэн хуйвалдаж намайг эзэнгүй хэрэгт холбогдуулсан тул маш их эргэлзээ төрүүлж байна. Анх цагдаа нар энэ хэргийг үйлдсэн хүнийг “ногоон цамцтай, тарган шар хүн” гэж хайж байсныг гэрчүүд бас нотолдог юм. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 22 цаг 30 минутын үед автобусны буудал дээр хоёр хүний хамт надтай тааралдсан бөгөөд юүдэнтэй ноосон цамцтай, ажлын хувцастай байсан. Би Г.С гэх хүнийг танихгүй, мөн хутгалаагүй болно. Мөрдөн шалгах явцад хэргийн талаар үнэн зөвийг олоогүй, хийгээгүй хэргийг тулгаж, хэт нэг талыг барин хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Ш-ийг зодож байсан цагаан куртиктэй намхан залууг айлгах зорилгоор хутга барин очсон бөгөөд хүнийг санаатай алах, бусдад өс хонзон санасан зүйл огт байгаагүй. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой хяналгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин магадлал гаргасан. Ш.О амь хохирогч А.А-г алаагүй, харин “Бебош" хүнсний дэлгүүрийн гадаа архи хамт уусан Ш-ийг өмөөрч, түүнийг зодож танхайрсан хүнийг хутгалсан гэж мэдүүлдэг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр Ш-ийг асуусан боловч түүнээс Ш.О өөрийг нь өмөөрч хэнтэй муудалцсан, түүнийг хутгалсан эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй. Мөн хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор Ш, Ш.О нартай хамт архи уусан Ү-г гэрчээр асууж, болсон нөхцөл байдлыг тогтоож нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийг хэн үйлдсэн”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нөхцөлүүдийг бүрэн тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. Ш.О нь  амь хохирогч А.А-г санаатай алаагүй талаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Магадлалын хянавал хэсэгт Ш.О амь хохирогч А.А-г санаатай алсан болох нь хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэсэн. Мөрдөгч гэрэл зургаар бэхжүүлсэн цацраг мэт дүрс хээтэй гутлын мөрийг Ш.О-ын өмсөж явсан хар өнгийн гутлын мөртөй харьцуулан, тохирч байгааг шалгах тодорхой ажиллагаа явуулаагүй. Хэрэг учрал болох үед шинжээчийн “...сэжигтэн Ш.О-ын өмсөж явсан хар өнгийн куртик, хар өнгийн цамц, саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн хагас түрийтэй гутал дээр илэрсэн цус ДНХ тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ тогтцоороо талийгаачийн гэх цусны ДНХ тогтоцтой хүний микросателлитын 15 локусын аллелиар тохирохгүй байна” гэсэн дүгнэлт нотлох баримтаар авагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр Ш.О-ын өмсөж явсан хувцсанд илэрсэн цус, хохирогч Г.С, шүүгдэгч Ш.О нарын хэнийх нь цус болохыг тогтоох ажиллагаа хийгдээгүй, илэрсэн цусны бүлэг, амь хохирогчийн цусны бүлэгтэй тохироогүй эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсэн. Ш.О-ыг амь хохирогч А.А-г алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон “Өгөөмөр”, “Хансүмбэр” хүнсний дэлгүүрийн камерийн бичлэгт хийсэн үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлд заасныг зөрчин цуглуулж бэхжүүлсэн байхад нотлох баримтаар үнэлж Ш.О-ыг бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчиж магадлал гаргасан.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.О-ын хохирогч Г.С-г алахыг завдсан үйлдлийг нотолсон баримт, гэм буруутайд тооцсон үндэслэлийг заалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг зөрчсөн. Шүүгдэгч Ш.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Ш.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болголгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж түүний эрх зүйн байдлыг дордуулсан тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч Ш.О нь иргэн А.А-ий цээжин тус газар хутгалж, санаатай алсан, иргэн Г.С-ын хэвлийн тус газар хутгалж, санаатай алахыг завдсан, мөн иргэн Н.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх шүүгдэгч Ш.О-ыг хүнийг алсан, хүнийг алахыг завдсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 632 дугаартай магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа, шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан гомдлыг үндэслэн Ш.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ш.О нь 2017 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цаг 40 минутаас 01 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн А.Амартүвшинг цээжин тус газар нь хутгалж санаатай алсан, мөн тус гудамжны үзүүрт иргэн Г.С-ын хэвлийн тус газарт хутгалж санаатай алахыг завдсан,

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс, 6 дугаар байрны гадаа иргэн Н.Б-ийг гэртээ харих замд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.О-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан, танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Ш.О-д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2  дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа, шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 632 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа, шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН