Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/00851

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 4 сарын 06 өдөр                           Дугаар 183/ШШ2018/00851                      Улааанбаатар хот

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Жем-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-200/19, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011145111, регистрийн дугаар 2612046/

 

            Хариуцагч: “Эрэл” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө, Ажилчны гудамж, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011115021, регистрийн дугаар 2027194/

    

            Барилга байгууламж хэвийн ашиглахтай холбоотойгоор “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жем-Интернэшнл” ХХК-ийн төлөөлөгч Б.Ойгонгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Г.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жем-Интернэшнл” ХХК нь 2007 онд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1698,4 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, конторын зориулалттай барилга, 4680 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг худалдаж авсан билээ. Дээрх газар болон барилга нь бүхэлдээ “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газраар хүрээлэгдсэн тул бид үйл ажиллагаа явуулахын тулд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газраар дамжин гарахаар хойд болон урд гарцыг ашиглаж байна. Урд гарцыг ажилтан албан хаагч, иргэдийг үйлдвэр, агуулах, оффисын барилга байгууламжид нэвтрүүлэх зориулалтаар, хойд гарцыг түүхий эд, бараа материал, техник тоног төхөөрөмж, машин техникийг нэвтрүүлэх, бэлэн болсон бүтээгдэхүүнийг гадагш тээвэрлэх зэрэг технологийн үйл ажиллагааны зориулалтаар ашиглаж байгаа болно. Гэтэл “Эрэл” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 754 тоот албан бичгээр ирүүлсэн “..үйлдвэрлэлийн зураг төсөл хийгдэж байгаатай холбогдуулан урд гарцыг хаахаар төлөвлөж байгаа... иймд 2016 оноос хойд гарцаа төлөвлөж шийдвэрлэх” тухай мэдэгдлийг ирүүлсэн. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайдын 2008 оны 314 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Үйлдвэрийн барилгын норм (БНбД 31-11-09), Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 156 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн (GMP, GHP) зохистой дадал нэвтрүүлэх зөвлөмжийн хүрээнд үйлдвэрийн барилга байгууламжид тавигдах шаардлага ёсоор ажилчид үйлдвэрт орж, гарч буй хаалгаар түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, автомашин, техникийг нэвтрүүлэхгүй байх шаардлага, Барилгын байгууламжийн галын аюулгүй байдлын норм (“БНбД 21-01-02) болон онцгой байдлын хууль тогтоомжийн хүрээнд үйлдвэрлэлийн барилга байгууламж нь хоёроос доошгүй гарц, хаалгатай байх шаардлагын хүрээнд компанийн урд болон хойд гарцыг хаах боломж байхгүй, одоо ашиглаж байгааг хэвээр байлгах талаар албан бичгүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газраар дамжин гардаг хойд гарцанд хаалт хийн, байнгын харуултай болгож, хэрвээ манай компанийн машин, техник хойд гарцаар орж, гарах тохиолдолд тухайн харуулаас зөвшөөрөл авч, хаалтыг нээлгэн нэвтэрч байгаа нь бидний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлаж, эрхийг зөрчиж байх ба цаашлаад уг гарцыг ашиглах боломжгүй болгох вий гэж үзэхэд хүргэж байна. Манай компани нь өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй барилга, байгууламж, газруудыг харилцан тохиролцож, үнийг төлснөөр “Эрэл” ХХК-иас шилжүүлж авсан. Ийнхүү худалдан авсан барилга байгууламж, газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд буюу түүнд нэвтрэхэд зайлшгүй шаардлагатай гарцууд, автомашины зогсоол зэргийг бүхий л хугацааны туршид ашиглаж байхаар хэлэлцэж тохиролцож ийнхүү барилга байгууламжийг хэвийн ашиглахтай холбоотойгоор хязгаартайгаар эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрт тооцож хэлэлцэж тохиролцсон төлбөр, мөнгийг “Эрэл” ХХК-д бүрэн төлсөөр ирсэн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 150 дугаар зүйл, 151 дүгээр зүйлд зааснаар “Жем-Интернэшнл” ХХК-ийг барилга байгууламжийг хэвийн ашиглахтай холбоотойгоор “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжийг хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг “Эрэл” ХХК-д даалгаж өгнө үү. Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. “Жем-Интернэшнл” ХХК-ийн барилга байгууламжийг хэвийн ашиглах эрхийг ямар нэгэн байдлаар хариуцагч хязгаарласан зүйл байхгүй, өнөөдрийг хүртэл барилга байгууламжаа хэвийн ашигласаар ирсэн байгаа. Харин ч “Жем-Интернэшнл” ХХК-д барилга байгууламжаа хэвийн ашиглах боломж бололцоог өнгөрсөн хугацаанд ямар нэгэн эрх хязгаарлахгүйгээр урд, хойд талын гарцыг үнэ төлбөргүй ашиглуулсаар ирсэн. “Эрэл” ХХК-ийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид тусгайлан олгоогүй. Энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1-т сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчийн газар дээр сервитут бүхий талын эрх ашгийн үүднээс явган болон авто зам тавих нь зөвхөн эрх хязгаарласан өмчлөгч “Эрэл” ХХК-ийн зөвшөөрлөөр сервитут үүснэ. Иргэний хуульд императив байдлаар эрхийг шууд олгосон, нэг талын эрхийг шууд хэрэгжүүлэх зохицуулалт мөн байхгүй. Үүний тулд “Эрэл” ХХК, “Жем-Интернэшнл” ХХК-ийн хооронд хүсэл зориг илэрхийлэгдэж, гэрээний эрх зүйн харилцаанд орж, гэрээ байгуулсан байх шаардлагатай. Мөн сервитут бүхий гэрээ гуравдагч этгээд буюу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Газрын албанд холбогдох сервитутын гэрээ бүртгэгдэж баталгаажсан байхыг шаарддаг. Энэхүү эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх ба ингэснээр тухайн этгээд нь эрх хязгаарласан өмчлөгчийн эсрэг шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Дээрх эрх зүйн үйлдэл талуудын хооронд хийгдээгүй, мөн гэрээ байгуулагдаагүй. Тэрхүү гэрээ нь сервитутыг бүртгэх төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн зүйл байхгүй нь бидний хооронд сервитут үүсээгүй болох нь нотлогддог. “Эрэл” ХХК-иас урд гарцыг хааснаар “Жем-Интернэшнл” ХХК-ийн үйл ажиллагаа алдагдахгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

            Харин  “Жем-Интернэшнл” ХХК-иас 2014 оноос хойш газар ашигласны төлбөрөө “Эрэл” ХХК-д төлөөгүй бөгөөд удаа дараа албан бичиг хүргүүлж, төлбөрөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Мөн “Жем-Интернэшнл” ХХК нь 2016 оны 01 дүгээр сараас “Эрэл” ХХК-ийн газрыг хууль бусаар ашиглаж байгаа бөгөөд газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа тул “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн урд гарц 1991.4 м.кв газар, авто зогсоолын газрын 2087.3 м.кв талбай, үйлдвэрийн бүсийн газрын 4940.4 м.кв талбай, нийт 9019.1 м.кв газрыг “Жем-Интернэшнл” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “Жем-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрэл” ХХК-д холбогдох, барилга байгууламж хэвийн ашиглахтай холбоотойгоор “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “...хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай хариуцагч “Эрэл” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            1. Нэхэмжлэгч “Жем-Интернэшнл” ХХК нь “Эрэл” ХХК-иас “...төслийн хүрээнд хамрагдан, үйлдвэрлэлийн зураг төсөл хийгдэж байгаа тул урд гарцыг хаахаар төлөвлөж байгаа тул хойд гарцаа төлөвлөж шийдвэрлэнэ үү” гэсэн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 754 дүгээр албан бичгийг ирүүлсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 150 дугаар зүйл, 151 дүгээр зүйлд зааснаар урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжийг хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг “Эрэл” ХХК-д даалгаж, барилга байгууламжийг хэвийн ашиглахтай холбоотойгоор “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлажээ.

 

             “Жем-Интернэшнл” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-200/19 тоотод байршилтай, 1698.4 м.кв талбайтай үйлдвэр, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн уг компанийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн нэгж талбарын 8019/0039 дугаар бүхий 4680 м.кв газар нь “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, нэгж талбарын 178019/0026 дугаар бүхий 140869 м.кв үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон газраар хүрээлэгдсэн болон “Жем-Интернэшнл” ХХК нь “Эрэл” ХХК-ийн эзэмшил газраар дамжин уг компанийн урд, хойд гарц, авто зогсоолыг ашигладаг талаар талууд маргаагүй болно.

 

            “Эрэл групп” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 754 дүгээр албан бичгээр “...Байшин үйлдвэрлэх комбинат-1 төслийн хүрээнд хамрагдан үйлдвэрлэлийн зураг төсөл хийгдэж байгаа тул урд гарцыг хаахаар төлөвлөж байгаа” болохыг “Жем-Интернэшнл” ХХК-д мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал “...урд гарцыг хааснаар компанийн ажилтан албан хаагч, иргэд нь үйлдвэр, агуулах, оффисын барилга байгууламжид нэвтрэх боломжгүй болно. Хойд гарцыг түүхий эд, бараа материал, техник тоног төхөөрөмж, бэлэн болсон бүтээгдэхүүнийг гадагш тээвэрлэх зориулалтаар ашигладаг тул манай компанийн эрх ашгийг зөрчинө” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тайлбарладаг хэдий боловч Барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/93 дугаар шинжээчийн “...одоогийн ашиглаж байгаа “Эрэл” ХХК-ийн эзэмшил газраар ертөнцийн зүгээр урд гарцыг хааснаар “Жем-Интернэшнл” ХХК-ийн эрх ашиг дордохгүй бөгөөд…эгц хойшоо болон баруун хойд талаар нэвтрэх анхны төлөвлөлтийн дагуу орц, гарцыг ашиглах боломжтой...” гэсэн дүгнэлтээр “...урд гарцыг хааснаар” нэхэмжлэгч “Жем-Интернэшнл” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөхөөргүй болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар “урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Иймд нэхэмжлэлд дурдсанаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хариуцагч “Эрэл” ХХК нь “Жем-Интернэшнл” ХХК-ийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж үзэхээргүй байна.

 

            Мөн Иргэний хуулийн 150 дугаар зүйл, 151 дүгээр зүйлд зааснаар “Жем-Интернэшнл” ХХК-д хууль буюу гэрээгээр олгосон эрхийг хариуцагч “Эрэл” ХХК нь зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн “...барилга байгууламж хэвийн ашиглахтай холбоотойгоор “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамирын шүүхэд ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай” хүсэлтэд “хариуцагч Эрэл групп ХХК-ийг Эрэл ХХК-иар солих” талаар дурдсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй болохыг дурдав.

 

            2. Хариуцагч “Эрэл” ХХК-ийн “...тус компани нь өөрийн эзэмшлийн газрын урд гарц, авто машины зогсоол, үйлдвэрийн бүсэд ашиглаж байгаа тайлбайн газрыг хоёр байгууллагын найрсаг харилцааг эрхэмлэн “Жем-Интернэшнл” ХХК-д ашиглуулж ирсэн бөгөөд БҮК-1 төслийн хүрээнд урд гарц, авто машины зогсоол, үйлдвэрийн бүсийн талбайн газрыг хаах шаардлага гарсан, энэ талаар “Жем-Интернэшнл” ХХК-д мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд чөлөөлж өгөөгүй тул “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн урд гарц 1991.4 м.кв газар, авто зогсоолын 2087.3 м.кв талбайтай газар, үйлдвэрийн бүсийн 4940.4 м.кв талбайтай газар, нийт 9019.1 м.кв газрыг “Жем-Интернэшнл” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасантай нийцэж байна.

 

Учир нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хариуцагч “Эрэл” ХХК нь зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 150 дугаар зүйл, 151 дүгээр зүйлд заасныг баримтлан “Жем-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрэл” ХХК-д холбогдох, барилга байгууламж хэвийн ашиглахтай холбоотойгоор “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “Эрэл ХХК-ийн эзэмшлийн урд гарц 1991.4 м.кв газар, авто зогсоолын 2087.3 м.кв талбайтай газар, үйлдвэрийн бүсийн 4940.4 м.кв талбайтай газар, нийт 9019.1 м.кв газрыг Жем-Интернэшнл ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 150 дугаар зүйл, 151 дүгээр зүйлд заасныг баримтлан “Жем-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрэл” ХХК-д холбогдох, барилга байгууламж хэвийн ашиглахтай холбоотойгоор “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн урд гарц 1991.4 м.кв газар, авто зогсоолын 2087.3 м.кв талбайтай газар, үйлдвэрийн бүсийн 4940.4 м.кв талбайтай газар, нийт 9019.1 м.кв газрыг “Жем-Интернэшнл” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Жем-Интернэшнл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрэл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 1.008.505 төгрөгөөс шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2016/13520 дугаар захирамжаар 938.305 төгрөгийг буцаан олгосноос үлдэх 70.200 төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.СЭМЖИД