Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1371

 

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01371

 

 

“ЖИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг  даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00851 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ЖИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,

 

Барилга байгууламж хэвийн ашиглахтай холбоотойгоор “Э” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоолгож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй,

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Мөнхболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Кадирбек

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Отгонбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖИ” ХХК нь 2007 онд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1698,4 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, конторын зориулалттай барилга, 4680 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг худалдаж авсан. Дээрх газар болон барилга нь бүхэлдээ “Э” ХХК-ийн эзэмшлийн газраар хүрээлэгдсэн тул бид үйл ажиллагаа явуулахын тулд “Э” ХХК-ийн эзэмшлийн газраар дамжин гарахаар хойд болон урд гарцыг ашиглаж байна.  

Урд гарцыг хаах талаар  “Э” ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 754 тоот албан бичгээр мэдэгдсэн.  Улмаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс “Э” ХХК-ийн эзэмшлийн газраар дамжин гардаг хойд гарцанд хаалт хийн, байнгын харуултай болгож,  харуулаас зөвшөөрөл авч  нэвтэрч байна.

Манай компани нь өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй барилга, байгууламж, газруудыг харилцан тохиролцож, үнийг төлснөөр “Э” ХХК-иас шилжүүлж авсан. Ийнхүү худалдан авсан барилга байгууламж, газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд буюу түүнд нэвтрэхэд зайлшгүй шаардлагатай гарцууд, автомашины зогсоол зэргийг бүхий л хугацааны туршид ашиглаж байхаар хэлэлцэж тохиролцож, барилга байгууламжийг хэвийн ашиглахтай холбоотойгоор хязгаартайгаар эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрт тооцож хэлэлцэж тохиролцсон төлбөр, мөнгийг “Э” ХХК-д бүрэн төлсөөр ирсэн.

 Иймд “ЖИ” ХХК-ийг барилга байгууламжийг хэвийн ашиглахтай холбоотойгоор “Э” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжийг хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг “Э” ХХК-д даалгаж өгнө үү.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. “ЖИ” ХХК-ийн барилга байгууламжийг хэвийн ашиглах эрхийг ямар нэгэн байдлаар хариуцагч хязгаарласан зүйл байхгүй, өнөөдрийг хүртэл барилга байгууламжаа хэвийн ашигласаар ирсэн байгаа. Харин ч “ЖИ” ХХК-д барилга байгууламжаа хэвийн ашиглах боломж бололцоог өнгөрсөн хугацаанд ямар нэгэн эрх хязгаарлахгүйгээр урд, хойд талын гарцыг үнэ төлбөргүй ашиглуулсаар ирсэн. “Э” ХХК-ийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид тусгайлан олгоогүй.

Харин “ЖИ” ХХК-иас 2014 оноос хойш газар ашигласны төлбөрөө “Э” ХХК-д төлөөгүй бөгөөд удаа дараа албан бичиг хүргүүлж, төлбөрөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Мөн “ЖИ” ХХК нь 2016 оны 01 дүгээр сараас “Э” ХХК-ийн газрыг хууль бусаар ашиглаж байгаа бөгөөд газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа тул “Э” ХХК-ийн эзэмшлийн урд гарц 1991.4 м.кв газар, авто зогсоолын газрын 2087.3 м.кв талбай, үйлдвэрийн бүсийн газрын 4940.4 м.кв талбай, нийт 9019.1 м.кв газрыг “ЖИ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 150 дугаар зүйл, 151 дүгээр зүйлд заасныг баримтлан “ЖИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох, барилга байгууламж хэвийн ашиглахтай холбоотойгоор “Э” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн эзэмшлийн урд гарц 1991.4 м.кв газар, авто зогсоолын 2087.3 м.кв талбайтай газар, үйлдвэрийн бүсийн 4940.4 м.кв талбайтай газар, нийт 9019.1 м.кв газрыг “ЖИ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ЖИ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 1 008 505 төгрөгөөс шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2016/13520 дугаар захирамжаар 938 305 төгрөгийг буцаан олгосноос үлдэх 70 200 төгрөгийг хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/Ш32017/05185 дугаар захирамжаар шинжээчээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийг томилсон. Гэвч уг шинжээчийн зүгээс "...дүгнэлт гаргуулах тухай асуудал нь төлөвлөлттэй холбоотой байх тул Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандах..." тухай албан бичгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Тухайн үед нэхэмжлэгч тал шинжээчээс ирүүлсэн энэхүү албан бичигтэй танилцсан ба түүнийг нь шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан татгалзал бус шинжээчид тавьсан асуултуудаас "...Нийслэлийн хот байгуулалт, Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлүүлэх" буюу төлөвлөлтөд холбогдолтой асуудлаар нь өөр этгээдээр дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа талаарх л хариу хэмээн ойлгож хүлээн авсан. Тийм ч учраас Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрыг шинжээчээр томилоход татгалзах зүйлгүй талаарх тайлбарыг гаргасан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсноо больж, ингэхдээ шалтгаан үндэслэлийн талаар дурьдсан зүйлгүй байх төдийгүй, хэргийн оролцогчдоос тодруулж санал хүсэлтийг бичгээр гаргуулан авсны үндсэн дээр нэмж шинжээчээр томилно хэмээн ойлгуулсан Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрыг ч томилсонгүй харин өөр этгээдийг томилж. Тус газрыг "...дүгнэлт гаргах эрхгүй" хэмээх тодорхойгүй дүгнэлт дурьдсан байх ба уг дүгнэлтэд хийхэд хүрсэн шалтгаан, үндэслэлийн талаар дурдаагүй орхигдуулсан байна. Улмаар хэргийн оролцогчдын хэн алинд нь мэдэгдэлгүйгээр, шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргах эрх хэмжээ болон чадавхитай этгээд мөн эсэхийг тодруулаагүй буюу энэ талаарх үндэслэл бүхий дүгнэлт хийхэд хүргэсэн шалтгаан үндэслэлийг мөн л дурьдалгүйгээр Барилгын хөгжпийн төв гэх байгууллагыг шинжээчээр томилжээ.

Ийнхүү шинжээч томилсон захирамж гаргасан тэр өдрөө буюу 2017 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр хэргийн материалыг тус шүүхийн 1999 дүгээр албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн байна. Шүүх шинжээч томилсон шүүгчийн захирамжтай танилцах, эс зөвшөөрвөл гомдол гаргах зохигчийн эрхийг хязгаарласан. Энэ тухайд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтдээ болон уг хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэх тухайн үе шатанд нь тодорхой тайлбарласан. Гэтэл шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжтай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр танилцсан баримт хэргийн материалд авагдсан байна гэдэг тайлбар гарган дахин шинжилгээ хийх шинжээч томилуулах нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Энэ үед нь захирамж танилцуулсан гэх баримтыг үзээд огноо нь засвартай байгаа тухай, түүнчлэн шинжээч томилох тухай 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжийг гарсан тэр өдөрт нь шинжээчид хүргүүлсэн тул уг захирамжтай нэхэмжлэгч танилцсан байх үндэслэлгүй тухайд тайлбарласан боловч хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүгчийн шинжээч томилсон дээрх үйл ажиллагаа болон 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дахин шинжээч томилуулах талаар эхний болон хоёрдахь хүсэлт хоёр дахь удаад дахин шинжилгээ бус харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон шинэ нөхцөл байдалтай уялдуулан хариуцагчийн барьж ашиглалтад оруулсан үйлдвэр үйл ажиллагаа явуулаад эхэлсэн нь тодорхой болсон, ийнхүү үйл ажиллагаагаа явуулахад өдгөө нэхэмжпэгчийн ашиглаж байгаа "урд гарц"-ыг хаах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа эсэх болон хууль тогтоомж, норм нормативийн хүрээнд тийм шаардлага тавигдах эсэх асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосноос үүдэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон алдаатай шийдвэр гарах нөхцөл бүрдсэн юм.

Гэвч шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/93 дугаар дүгнэлт нь дээрх асуудлуудад тодорхой дүгнэлт, хариулт өгөөгүй, угаас өгөх боломжгүй этгээдээс гарсан дүгнэлт байх тул шинжээчийг дахин томилж, ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөлттэй холбогдолтой асуудлаар нь Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Барилгын хөгжлийн төвийн оролцоотой хамтарсан шинжээчдийн багийг томилж, хариуцсан чиглэл бүрээр нь маргаж буй асуудлуудад дүгнэлт гаргуулах шинжээчийг томилуулах хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан боловч шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэргийн үйл баримтын талаар огтхон ч дүгнэлт хийлгүй, гагцхүү маргаан бүхий шинжээчийн дүгнэлтийг л үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бодит болон хууль зүйн үндэслэлийн дүгнэлт хийгээгүй.

Урд гарцыг хааснаар уг барилгын дотор явагдаж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэх нөхцөл бодитой байгаа, түүнчлэн ажиллагсдын ажлын байранд ирэх, буцах нөхцөл байдал өнөөгийн нөхцөл байдлаас үлэмж дордож байгаа буюу хамгийн ойрын автобусны зогсоол хүрэхийн тулд 3.7 км харанхуй, гЭтүүлэггүй, мухрын, тусгаарласан явган болон автозамын байгууламжгүй газраар зорчин явах зэргээр нөхцөл байдал үлэмж муудаж байгаа сөрөг үр дагаврууд бодитой эсэх дээр хариуцагч тал маргадаг тул дүгнэлт гаргуулах шинжээчийг томилуулах хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлж байсан. Түүнээс бус гагцхүү шинжээчид тавьсан асуултуудад дурьдагдаж буй нөхцөл байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй билээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хариуцагч "Э" ХХК нь зөрчсөн гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу өөрийн мэдэлд байлгахыг газар эзэмших гэнэ. /Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байна. Гэтэл шүүхийн шийдвэрт "Э" ХХК-ийн газар эзэмших гэрээ, гэрчилгээ, тухайн хэмжээний газрыг ямар зориулалт, нөхцөл байдлын дагуу ашиглаж байгаа, гэрээний хугацаа, газар эзэмших эрхийн талаар дүгнэлт өгөөгүй. Мөн “Жем Интернэшнл” ХХК аль шатны Засаг Даргын шийдвэрээр тус газрыг эзэмшиж буй, газрын зарим хэсгийг шилжүүлэх талаар зөвшөөрөл олгогдсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.6, 48.4 дэх хэсэгт зааснаар "Э" ХХК нь шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй. Түүнчлэн талууд шаардах эрхтэй болон чөлөөлөхийг даалгах тухай дүгнэхийн тулд хариуцагчийн газар эзэмших эрх, гэрээ, гэрчилгээ, хугацаа зэргийг үндэслэнэ. Хэрэв хэрэгт эдгээр нотлох баримт авагдсан бол үндэслэл болгон бичих ёстой. Гэвч эдгээрт тодорхой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, бүдэг бадаг таамаглал төдий үндэслэгээ бүхий шүүхийн шийдвэр гарсан байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. “ЖИ” ХХК-ийн хууль бус эзэмшлийн талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

Иймд "Э" ХХК-ийн эзэмшлийн урд гарц, 1991.4м.кв газар, авто зогсоолын 2087.3 м.кв талбайтай газар, үйлдвэрийн бүсийн 4940.4 м.кв талбайтай газар, нийт 9019.1 м.кв газрыг “ЖИ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай" сөрөг нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэвээр үлдээж, зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Жем интернэшнл” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан барилга байгууламж хэвийн ашиглахтай холбоотойгоор “Э” ХХК-ийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй болохыг тогтоож, урд гарц болон авто зогсоолыг урьдын адил ашиглах боломжтой хэвээр хадгалж, барилгын зураг төслөө төлөвлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 200/19 тоотод байршилтай 1698,4 м.кв талбай бүхий үйлдвэр, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь улсын бүртгэлээс 2007 онд олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээгээр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо нэгж талбарын 8019/0039 дугаар бүхий 4680 м.кв талбай бүхий газрыг 2002 оноос 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болох нь Хан-Уул дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон. Нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө болон эзэмшил газар нь хариуцагчийн эзэмшил газраар хүрээлэгдсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил газрын урд болон хойд гарц, автомашины зогсоолыг тул тус ашигладаг  талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

            Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 200/20 тоотод байршилтай төмөр хийцийн цехийн зориулалттай 1002 м.кв талбай бүхий нэг давхар барилгыг өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй байгааг дурдах нь зүйтэй. /1 хавтас, 7 дах тал/

 

            Хариуцагч талаас үйлдвэрлэлийн барилга барихтай холбоотойгоор нэхэмжлэгчийн ашиглаж байсан урд гарцыг хаах талаарх мэдэгдлийг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр  хүргүүлсэнийг нэхэмжлэгч хүлээн авсан. Хариуцагч тал хойл талын гарц нээлттэй тул урд талын гарцыг хаах нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолыг хөндөхгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэгтэй холбоотойгоор урд гарцыг ашиглах эрхтэй гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон. Энэ тохиолдолд нэхэмжлэгч уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь уг нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх боломжгүй гэж үзэж шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч  2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/Ш32017/05185 дугаар захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийг шинжээчээр томилсон. / 2 хавтас, 30-31,36-37 дах тал/

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь шинжээчид холбогдох асуудал нь хот төлөвлөлттэй холбоотой тул Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт  хандана уу гэсэн хариуг шүүхэд ирүүлснийг дүгнэвэл шинжээчээр ажиллахаас татгалзах агуулгатай гэж тодорхойлохоор байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын тодорхойлсон газрыг шинжээчээр томилох үүрэггүй тул шинжээчийг өөрөө тодорхойлж, Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсныг буруутгах үндэслэлгүй. Шинжээч томилсон захирамж болон уг төвөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцах боломж нэхэмжлэгч талд байтал уг нотлох баримттай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй байдалд шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

 

Харин нэхэмжлэгч нь дахин шинжээч томилуулах эрхийн хүрээнд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлт гаргасныг анхан шатны шүүх захирамжаар шийдвэрлэхдээ хүсэлтийг хүлээж аваагүй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт эргээлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй гэх байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх захирамжаараа нотлох баримтыг эргэлзээгүй, тодорхой, үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн зарчмыг зөрчсөн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлт гаргасныг шинжээч томилуулах тухай шинэ хүсэлт гэж дүгнэх үндэслэлтэй байхаас гадна газар дээр үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан нь маргааны үндэслэл болсон  Байшин үйлдвэрлэх комбинатын барилга байгууламж баригдаж дууссанаар нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөнтэй холбоотой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байхад  анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. /2 хавтас, 111 дэх тал/ Энэ нь хэргийн оролцогчийн нотлох баримт шүүхээр бүрдүүлүүлэх эрхийг зөрчсөн зөрчилд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийн хүчингүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 

 Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн, уг журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчийн үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байгаа 4940,4 м.кв. газар, нэхэмжлэгчийн хууль бусаар ашиглаж байгаа автозогсоолын талбайн 2087.3 м.кв газар, урд гарцын газар, 1991.4 м.кв газар гэж тодорхойлсон нэмэлт тодруулга, тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэгч талд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гардуулан өгчээ. /1 хавтас, 237-238, 247 дах тал/

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд дурдсан газрыг хариуцагчийн эзэмшилд байдаг талаар маргаагүй, харин уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрхтэй гэж маргасан нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасан үндэслэлд хамаарах бөгөөд уг маргааныг шүүх харьяалан шийдвэрлэх юм. 

 

Шүүх хуралдаанаар нотлох баримт бүрэн судлагдаагүй, шүүгчээс зөвхөн онцгойлон судлуулах баримтуудыг сонгож судлуулсан тул сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэж дүгнэх боломжгүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх замаар шийдвэрлэх боломжгүй байна. 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1681.1, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жем интернэшнл” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч “Э” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА