Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2017/03396/И |
Дугаар | 829 |
Огноо | 2018-04-05 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 829
2018 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2018/00829 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Олхонууд овогтой, Энхтогтохын Шинэбаярын нэхэмжлэлтэй,
/Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 4 дүгээр байр, 228 тоотод оршин суух, регистрийн дугаар ХЖ80122491/
Хариуцагч: “ХААН банк” ХХК-д холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1 тоотод байрлах, регистрийн дугаар 2693321, улсын бүртгэлийн дугаар 9016001011/
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ХААН банктай байгуулсан зээлийн гэрээг хэвээр хадгалж үлдээхийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Шинэбаяр, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, М.Энхтүвшин, түүний өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Шинэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ХААН банкны Тусгай активын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд ХААН банкны Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3940 тоот тушаалаар ажлаас халагдсан болно. Э.Шинэбаяр би анх 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ХААН банкны Тусгай активийн газар туршилтаар ажилд орж, улмаар 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ХААН банкны Тусгай активын газрын зээлийн байцаагчаар ажиллах тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Тусгай активын газрын зээлийн ахлах байцаагчаар, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Тусгай активын газрын захирлаар тус тус ажилласан болно. Миний бие ХААН банкинд 14 жил ажиллахдаа жил бүрийн авсан зорилт, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, тус газрын үйл ажиллагааг Монгол Улсын хууль, тогтоомж, Банкны дотоод дүрэм, журмын хүрээнд зөв зохистой удирдан зохион байгуулж, банкны хугацаа хэтэрсэн, муу актив барагдуулах ажлыг сайжруулж, хөгжүүлсээр ирсэн нь тухайн жил бүрийн газрын зорилт, төлөвлөгөө, тайлан тэдгээрийн биелэлтийн тоо баримтаар нотлогдоно. Гэтэл ХААН банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүний хүсэлтийн дагуу Дотоод аудитын газрын Тусгай активын газрын үйл ажиллагаанд ээлжит бус хэсэгчилсэн аудитын шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хийж, тайлан гаргасан бөгөөд уг тайланд намайг банкны дотоод дүрэм, журмыг ноцтой зөрчсөн мэтээр үндэслэлгүйгээр буруутгаж, тухайн үндэслэлийг ишлэн, ХААН банкны Хүний нөөц хариуцсан захирал 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3940 тоот тушаал гаргажээ. Уг тушаалд Э.Шинэбаяр намайг “...ажлын байрны давуу байдлаа ашиглан ТАГ-ийн газрын төлүүлээгүй, барагдуулаагүй 7.738.017.606 төгрөгийн зээлийг муу актив төлөлтийн тайланд тусгаж, бодитой бус тайлан гаргасан, удирдлагыг бодит бус мэдээллээр хангасан, ТАГ-ийн захирал байцаагчид урамшуулал тооцох, олгох журмын 3.1, 4.3.1 дэх заалтыг зөрчиж, нийт 38 690 088 төгрөгийг өөрөө урамшуулал хэлбэрээр авсан, хэвийн төлөгдөж байгаа зээлийг хаагдахад уг зээлийг төлүүлсэн гэж тайлагнаж, үндэслэлгүйгээр өөрөө урамшуулал авсан, удирдлага дахь зээлийн байцаагч нарыг 61.938.865 төгрөгийн илүү урамшуулал авахад хяналт тавьж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийн дагуу удирдлага дахь ажилтнуудыг оновчтой удирдлагаар хангаагүй, хангалттай ажиллаагүй” гэх зэрэг үндэслэлээр буруутгасан байдал нь бодит байдалд нийцэхгүй буруу ташаа үндэслэл гэж үзэж байна. Энэхүү буруу ташаа үндэслэл гарах болсон шалтгаан нь зориуд бэлтгэсэн хууль бус үйлдлийн үр дагавар гэж боддог. Жил бүр аудитын ээлжит шалгалтыг хийдэг бөгөөд 2017 оны ээлжит аудитын шалгалт 4 дүгээр сард хийгдсэн атал яагаад ээлжит бус шалгалт хийх болсон, улмаар зохих ёсоор хийгдсэн ажлыг хулгай, луйвар мэт харагдуулах, хүч оруулсан, баримтгүй зүйлээр ишлэл хийж байгаа нь тус банкны хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханы ёс зүйгүй шаардлагатай холбоотой юм. 2017 оны 10 дугаар сарын эхээр ХААН банкны ТУЗ-ийн гишүүн Ц.Баатарсайхан тус банкны Хууль эрх зүйн газрын захирал Э.Хосбаяр, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга н.Чанцалмаа нар болон намайг өрөөндөө дуудан уулзаж, тухайлсан нэгэн компанийн өр зээлийн төлөгдөлтийн ажиллагааны талаар асуух явцдаа “та нар хангалтгүй ажиллаж байна, ер нь аудитын шалгалт оруулж, ажлыг чинь шалгуулна” гэж бухимдаж, энэ хэлсэн үгэндээ хүрч, удалгүй ээлжит бус аудитын шалгалтыг оруулж, ажлын 8 хоногийн дотор буюу маш богино хугацаанд явуулж, манай газрын ажилтнууд болон надад үндэслэлгүй төлбөр зөрчлийн акт тогтоох, ажил хийгээгүй мэтээр тайлан гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй төдийгүй банкны дотоод журам, дүрмийг зөрчсөн ажиллагаа болсон юм. Э.Шинэбаяр намайг ажлаас халахдаа баримталсан ХААН банкны ТАГ-ын үйл ажиллагааны журам, ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг би зөрчөөгүй. Миний бие Тусгай активын газрын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан шилжиж ирсэн чанаргүй зээл, хүү бусад өр авлага, тэнцлийн гадуурх муу активыг төлүүлэх, банкны зээлийн эрсдлийг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн явцад эрсдэл үүссэн зээлүүдийг төлүүлэхээр салбар нэгжийн ажилтнуудтай хамтарч ажиллах үндсэн чиг үүргээ биелүүлэхдээ ТАГ-ын үйл ажиллагааны журам, /2015 он/, ТАГ-ын захирал, зээлийн байцаагчид урамшуулал тооцох, олгох журам, /2015 он/ болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж урамшуулал авсан болно. Миний мэдэхийн ТАГ-ын захирал, байцаагч нар нь 2004 оноос, улмаар байгуулагдсан үеэс дээрх журмын үндэслэлийн дагуу урамшуулал авч байсан бөгөөд үе, үеийн банкны удирдлагуудын зүгээс тухайн журмыг хэрэгжүүлж, урамшууллыг олгосоор ирсэн болно. Ийнхүү чанаргүй зээл, хүү бусад өр авлага, тэнцлийн гадуурх муу активыг төлүүлэх, банкны зээлийн эрсдлийг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн явцад эрсдэл үүссэн зээлүүдийг төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг Тусгай активын газрыг Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг бүх арилжааны банкууд ажиллуулдаг бөгөөд тэдгээрийн ажиллах, урамшуулал авах журам нь нийтлэг нэг үндэслэлээр зохицуулагддаг болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ. ХААН банкны чанаргүй зээл, хүү бусад өр авлага, тэнцлийн гадуурх муу активын 95 хувийг ТАГ-ын зээлийн байцаагч нар шүүхийн бус замаар барагдуулдаг бөгөөд харин үлдэх 5 хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай хамтран барагдуулах ажиллагаа хийдэг болно. Үүнээс харахад манай газрын ажлын хүчээр банкны хугацаа хэтэрсэн зээл, муу актив, бусад өр авлагыг барагдуулснаар эрсдлийн санг бууруулж, банкны ашигт ажиплагаанд шууд нөлөөлж, эерэг үр дүн үзүүлдэг болно. Иймд ХААН банк нь намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тул дараах шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ХААН банкны Тусгай активын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд үндсэн цалин болох 2.850.000 төгрөгөөр тооцон гаргуулах, ХААН банкны ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ, ХААН банкны ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, ХААН банкны барьцаат зээлийн гэрээг тус тус хэвээр хадгалж, үлдээхийг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбямяба, Н.Ариунтуул нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Шинэбаяр нь ХААН банкины Тусгай активын газарт захирлын ажлын байранд ажиллаж байсан бөгөөд тэрээр Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Иймд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3940 тоот тушаалаар цуцалсан. Э.Шинэбаярын гаргасан зөрчлийг ХААН банкны Дотоод аудитын шалгалтаар тогтоосон бөгөөд энэхүү зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. ХААН банкны ТАГ-ыг Э.Шинэбаяр нь удирдан ажиллаж байх үед ТАГ нь ХААН банкны Аудитын газрын удаа дараагийн шалгалтаар “үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай буюу С үнэлгээ авсан. ТАГ-ын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж дүгнэсээр байхад тус газрын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт сайжрахгүй байгаа буюу ТАГ-ын бүртгэлд байх зээлийн үлдэгдлийн дүнгээр 104 тэрбум төгрөг, зээлийн хүүг оруулан тооцоход 153 гаруй тэрбум төгрөгийн муу зээлд ажиллагаа хийгдэхгүй байгаа тул ХААН банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан нь ТАГ-ын захирал Э.Шинэбаяр, Хууль эрх зүйн газрын захирал Э.Хосбаяр нараас тайлбар авч, улмаар ТАГ-ын хариуцаж буй зээлийг төлүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байсан тул ТАГ-ын үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавьж шалгуулсан.
ХААН банк нь ажилтандаа зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээл олгодог. Энэхүү зээлийн хөнгөлөлтийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд эдлэх эрхтэй байдаг. Хэрэв хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд тухайн үед мөрдөгдөж байгаа харилцагчийн зээлийн хүүд үл маргах журмаар шилжихээр зохицуулагдсан байдаг. Э.Шинэбаяр нь энэхүү зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан ба ажиллаж байх хугацаандаа хөнгөлөлтийг эдэлж байсан. Иймд Э.Шинэбаярт зээлийн гэрээгээр олгосон зээлийн хүүг хэвээр хадгалах үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Шинэбаярын нэхэмжлэлтэй, “ХААН банк” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ХААН банктай байгуулсан зээлийн гэрээг хэвээр хадгалж үлдээхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“ХААН банк” ХХК-ийн захирлын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 03/558 дугаар тушаалаар Э.Шинэбаярыг тус компанийн Тусгай активын газрын захирлын ажилд томилж, талууд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан талаар зохигчид маргаагүй болно.
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 83 дугаар зүйлийн 83.8, “ХААН банк” ХХК-ийн дүрмийн 5.1, 5.2, “ХААН банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр тогтоол, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5 дугаар тогтоол, “ХААН банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01/275 дугаар тушаалаар эрх олгогдсон “ХААН банк” ХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3940 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг үндэслэн “Тусгай активын газрын захирал Э.Шинэбаяртай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэжээ.
Уг тушаалын 1 дэх заалтад “ажилтан Э.Шинэбаяр нь ажлын байрны давуу байдлаа ашиглан Тусгай активын газрын төлүүлээгүй, барагдуулаагүй зээлийг муу актив төлөгдөлтийн тайланд тусгаж, бодиттой бус тайлан гаргасан, удирдлагыг бодит бус мэдээллээр хангасан, ТАГ-ын захирал, байцаагчид урамшуулал тооцох, олгох журмыг зөрчиж, үндэслэлгүйгээр өөрөө урамшуулал авсан, удирдлага дахь зээлийн байцаагч нарыг илүү урамшуулал авахад хяналт тавьж ажиллаагүй, удирдлага дахь ажилтнуудыг оновчтой удирдлагаар хангаагүй, ТАГ-ын баланс дахь зээлүүдийг төлүүлэхээр хангалттай ажиллаагүй” гэсэн нь ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар буюу /хавтаст хэргийн 9-17 дугаар талд авагдсан/ ХААН банкны Тусгай активын газрын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн аудитын тайлангаар нотлогджээ.
ХААН банкны Тусгай активын газрын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн аудитын дүгнэлт, тайлан нь “ХААН банк” ХХК-ийн дүрмийн 6.4, ХААН банкны Дотоод аудитын дүрэм, ХААН банкны компанийн засаглалын кодексын 2 дугаар хэсэг, Шүгэл үлээх бодлого, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д заасантай нийцжээ.
Иймд ажил олгогч “ХААН банк” ХХК-иас ажилтан Э.Шинэбаярыг “Тусгай активын газрын захирал, байцаагчид урамшуулал тооцох, олгох журмын 3.1, 4.3.1, Тусгай активын газрын үйл ажиллагааны журмын 2.3, 4.1, ХААН банкны ёс зүйн дүрмийн 4.1, 5.1, 5.2.1, 5.4.2, Ажлын байрны тодорхойлолтын 2.4, 2.9, 2.10, Хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.18, 5.7.21-д заасныг зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.18, 5.7.21-д тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан” гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар Э.Шинэбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3940 дүгээр тушаал нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Шинэбаярын нэхэмжлэлийн шаардлагын “...Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд дурдсан зөрчлийг гаргаагүй” гэсэн үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдав.
2. Э.Шинэбаяр, “ХААН банк” ХХК-ийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ30/14 дүгээр “Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ”-ээр зээлдэгч Э.Шинэбаяр нь 150.000.000 төгрөгийг жилийн 4.8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлдүүлэгч “ХААН банк” ХХК-иас зээлэх, уг гэрээний 3.1.6-д зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол дараа сарын 05-ны өдрөөс эхлэн Зээлийн хүүг үл маргах журмаар тухайн үед мөрдөж байгаа энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлэн тооцно гэж тохиролцсон, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ31/14 дүгээр “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”-ээр зээлдэгч Э.Шинэбаяр нь 99.920.000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлдүүлэгч “ХААН банк” ХХК-иас зээлэх, уг гэрээний 3.1.5-д зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол дараа сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг үл маргах журмаар тухайн үед мөрдөж байгаа энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлэн тооцно гэж тохиролцсон, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/201642640594 дүгээр “Барьцаат зээлийн гэрээ”-ээр зээлдэгч Э.Шинэбаяр нь 18.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлэгч “ХААН банк” ХХК-иас зээлэх, уг гэрээний 2.1.5.1-д зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол зээлийн хүүг банкны тухайн үед мөрдөж байгаа цалингийн зээлийн хүүнд гэж тохиролцож, гэрээний талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх гэрээнүүдийг хэвээр хадгалж үлдээхийг тогтоох нь гэрээний талуудын чөлөөт байдалд харшлахаар байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Э.Шинэбаярын нэхэмжлэлтэй, “ХААН банк” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан Э.Шинэбаярын нэхэмжлэлтэй, “ХААН банк” ХХК-д холбогдох, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ30/14 дүгээр “Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ”, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ31/14 дүгээр “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/201642640594 дүгээр “Барьцаат зээлийн гэрээ”-г хэвээр хадгалж үлдээхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Шинэбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД