| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2019/0109/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 49
Э.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0109/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Г.Яндаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолтой, Э-ын А-т холбогдох, 1818007290018 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.А- болон түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б- овогт Э-ын А-.
Шүүгдэгч Э.А- нь “В-” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын борлуулагчаар 2018 оны 03 дугаар 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглан 11,403,320 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт Э-ын А-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Э.А-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.т зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Э.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 5 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 75 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75.000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт эдлэх ялыг 9.925 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.925.000 /есөн сая есөн зуун хорин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.А- болон түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нар давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04-р сарын 17-ны өдрийн 145-р шийтгэх тогтоолоор /хуулийн зүйл, заалтыг буруу зүйлчилсэн байхад /зөвтгөхгүйгээр/ Э.А-т ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдан дараах гомдлыг гаргаж байна.
“В-” ХХК нь Э.А-т борлуулах бараагаа “Итгэмжлэлээр” өгдөг. Хөдөлмөрийн гэрээний 3.4.17.д бичсэн байхад “албан тушаалаа урвуулсан” гэж яллагдагчаар татсан нь хуулийг буруу тайлбарлаж байгаатай утга нэг байна.
2017.12.07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд албан тушаалын ангилалийн талаар тодорхойлохдоо хувийн аж ахуй нэгжийн албан тушаал зэрэглэлийг заагаагүйгээс гадна үр дүнгийн гэрээгүй хөдөлмөрийн гэрээтэй албан тушаалтан гэж байдаггүй юм байна.
“В-” ХХК нь Э.А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.3.7-р зүйлийн заалт болон энэ эрх зүйн харилцаанаас үүсэлтэйгээр байгуулагдсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ зэрэг нотлох баримтууд нь ажилчин Э.А-ыг Иргэний эрх зүйн харилцаанд оролцсон болохыг нотолж байхад Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулсан нь Монгол Улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглахдаа “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэнтэй зөрчилдөж байна.
Мөн Э.А-аас “В-” ББСБ-тай хийсэн гэрээ, “В-” ХХК-н авсан зээлээс харахад цаг хугацааны хувьд тус компанид учирсан хохирол тогтоогдохгүй байна. Э.А-тай хөдөлмөрийн гэрээ хийж “В-” компани 10.000.000 төгрөгийг урьдчилан авснаар борлуулалт удаантай барааныхаа үнийг бөөнд нь урдчилан авсан мэтээр харагдаж байгаа тул хохиролгүй хохирогчтой эрүүгийн гэмт хэрэг гэж байх боломжгүй. Тэгэх тусмаа нормын ажилчныг албан тушаалтны байр сууринд тавиад албан тушаалтан болгон “хүнд” гэмт хэрэгт холбогдуулж ял шийтгэснийг залруулж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2.т эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй., 2.1 дүгээр зүйлийн 4.т эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалт, зарчмуудыг харгалзан үзсэн ч, Э.А- нь хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байх явцдаа байгууллагад учруулсан хохирлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 135-р зүйлд зааснаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээнийхээ дагуу хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.2.т заасныг баримтлан Э.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.т заасан хэргийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн 145 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Б.Цэрэнбат тайлбартаа:
Давж заалдах гомдлоо дэмжиж байна., Э.А-ын үйлдэлд эрүүгийн хэргийн шинж агуулагдаагүй, иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан юм.
Мөн тэрээр албан тушаалтан биш тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоол хуулийн үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Э.А-ыг 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “В-” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын борлуулагчаар ажиллаж байхдаа 11,403,320 төгрөг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.А-ын үйлдэл нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч Л.Л-, гэрч Н.А-, Л.Ц-, Б.Ш-, Л.О-, С.А-, П.У- нарын мэдүүлэг, “П О А-” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1818000729 дугаар дүгнэлт /х.хийн 50-55 дугаар хуудас/, Э.А-ыг туршилтын 3 сарын хугацаагаар ажилд томилсон тухай “В-” компанийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 02/55 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ /х.хийн 92-99 дугаар хуудас /, болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй., үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн хэрэгт шүүгдэгч Э.А-ыг “В-” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулж борлуулагчаар авч ажиллуулсантай холбогдуулан өөрөөр хэлбэл эд хөрөнгө хариуцуулж байгаа учраас түүнээс 10.0 сая төгрөгийн барьцаа авсан, мөн шүүгдэгч нь барьцааны мөнгийг эд хөрөнгө барьцаалж зээлсэн тухай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ зэрэг /х.хийн 152-165 дугаар хуудас/ нотлох баримт авагдсан байна.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдний эрхийг зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу явагджээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан нь ...шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх, иргэний эрх зүйн харилцаа., мөн шүүгдэгч нь албан тушаалтан биш тул хэргийг хэрэгсэхгүй болгох... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А- болон түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА