Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 820

 

МАГАДЛАЛ

 

2017.03.29                                                     Дугаар 820                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Т.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00464 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Батнасан, Д.Баянхүү, Б.Дөлгөөнзул нарт холбогдох,

60 000 000 төгрөгийг гаргуулах, барьцаалсан хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ш.Батнасангийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Зоригоо,

Хариуцагч: Ш.Батнасан,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Наранбулаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Ш.Батнасан, Д.Баянхүү, Б.Дөлгөөнзул нар нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод байрлах, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох 30 м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 40 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Зээл авснаас хойш зээлдэгч нар нь зээлийн хүүг төлж байсан бөгөөд 2015 оны 03 сараас эхлэн төлөлт хийгдээгүй. Иймд зээл, алдангид нийт 60 000 000 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч нарын барьцаа хөрөнгө болох орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Т.Бямбасүрэнгээс 40 000 000 төгрөгийг богино хугацаанд төлөхөөр зээлсэн боловч хүү тохироогүй. Зээлийн төлөлтөнд 20 000 000 төгрөгийг төлсөн. Тус зээлийг би өөрийн найздаа авч өгч, зээлдээ өөрийн орон сууцыг барьцаалуулсан. Зээл авсан найз маань Т.Бямбасүрэнтэй уулзаж, зээлд 20 000 000 төгрөгийг төлж байсан тул нэхэмжлэгч өдий хугацаа хүртэл хүлээсэн юм. Иймд зээлсэн 40 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангид нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. 40 000 000 төгрөгийг барьцаа хөрөнгөөс бус, мөнгөөр төлөх болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч Ш.Батнасан, Д.Баянхүү, Б.Дөлгөөнзул нараас 39 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 21 000 000 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх төлбөрийг хариуцагч нар сайн дураар эс төлбөл Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205010404 дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, төлбөрийг гаргуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.3 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс нэмж     70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод, хариуцагчаас 423 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд: 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааанд шүүгч надад та өмгөөлөгч авах эрхтэй гэж тайлбарласан атал намайг өмгөөлөгч авах хүсэлт гаргахад хүсэлтийг хангахгүй гэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Хариуцагч Ш.Батнасан би өмнө ямар ч шүүх хуралд орж шүүхэд дуудагдаж үзээгүй. Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн бол 40 000 000 төгрөгийг Г.Наранхүүд зээлж зээлийн төлбөрийг мөн Г.Наранхүүд өгсөн. Миний хувьд бол энэ зээлийн төлбөрт өөрийн байрыг барьцаалсан. Тийм учраас зээлийн төлбөрийг би төлнө, харин алдангийг би зөвшөөрөхгүй тул өмгөөлөгч авах хүсэлтэй байсан. Мөн шүүхийн шийдвэрт Д.Баянхүү, Б.Дөлгөөнзул нарт шүүх хурлыг мэдэгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн нь хариуцагч Ш.Батнасан, Д.Баянхүү, Б.Дөлгөөнзул нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөгийг гаргуулах, барьцаалсан хөрөнгөөр үүргийг хангуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь 40 000 000 төгрөгийг төлөх, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 40 000 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн хүүг сар бүр төлөх, зээлийн эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхийг хариуцагч нар зөвшөөрч гэрээг бичгээр байгуулсан, хариуцагч нарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 012 дугаар байрны 30 тоотод хаягтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлд барьцаалан гэрээ байгуулсан, зээл 40 000 000 төгрөгийг хариуцагч Ш.Батнасан хүлээн авсан, гэрээний хугацаанд хариуцагч нь 6 000 000 төгрөг, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 14 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэжээ.

Шүүх хариуцагч Ш.Батнасан, Д.Баянхүү, Б.Дөлгөөнзул нараас 39 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг худалдаж төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтанд үндэслэгдсэн байна.

Хариуцагч Ш.Батнасангийн “...өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, Д.Баянхүү, Б.Дөлгөөнзул нарт шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийг дахин шийдвэрлүүлэх...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Ш.Батнасан нь өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, зээл 40 000 000 төгрөгийг Ш.Батнасан хүлээн авсан, Д.Баянхүү, Б.Дөлгөөнзул нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй талаар Ш.Батнасангаас тодруулахад “Би оролцож байгаа учраас тэр 2 оролцох шаардлагагүй” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас гадна Д.Баянхүү, Б.Дөлгөөнзул нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлд гаргасан тайлбарт бичсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 26 000 000 төгрөгөөс гэрээгээр тохиролцсон алдангийг шүүх тооцож төлбөрийн үүргийн хэмжээг тогтоосон байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 427 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

   ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                  М.НАРАНЦЭЦЭГ